Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 317/ШШ2025/00092

 

 

 

2025 01 20 317/ШШ2025/00092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т аймаг, У сум,  дугаар баг,  дугаар гудамж,  тоотод оршин суух, регистрийн дугаар  , Б овогт П Э,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Э нь Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Би Д.Г 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр том охин Э.О , 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дунд охин Э.О, 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бага охин Э.О нарыг төрүүлсэн. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Д хашаанд гэр барьж амьдарч байгаад 2018 оноос тусдаа хашаа авч амьдарч байна. Бид хоёр нөхрийн ажлын нөхцөл байдлаас болж тухайн үедээ гэрлэлтээ батлуулаагүй, хүүхдүүдээ өөрөөрөө овоглосон. Биднийг 2013 оны 9 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, төрөл садангийн лавлагаа, охин Э.О , охин Э.О нарын сургуулийн тодорхойлолт, охин Э.О цэцэрлэгийн тодорхойлолт, Т аймгийн Ж сумын багийн Засаг даргын тодорхойлолт, Д.Г нийгмийн даатгалын лавлагаа, Д.Г нас барсны бүртгэлийн хуулбар, Т аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, П.Э иргэний үнэмлэхийн хуулбар, охин Э.О, Э.О, Э.О нарын төрсний гэрчилгээний хуулбар, иргэн Д.Т шүүхэд гаргасан тодорхойлолт зэргийг ирүүлсэн.

3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  дугаартай лавлагаа, Архивын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай албан бичиг, Архивын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай лавлагаа, хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын асуулгын хуулбар, Таймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн   тоот албан бичиг, биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэлийн хуулбар, П.Э иргэний үнэмлэхийн сунгалт хийлгэх өргөдлийн хуулбар, П.Э иргэний үнэмлэх шинээр авах өргөдлийн хуулбар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүн амын регистрийн  дугаартай картын хуулбар, Д.Г иргэний үнэмлэхийн сунгалт хийлгэх өргөдөл, Д.Г иргэний үнэмлэх солих өргөдлийн хуулбар, Д.Г шинээр паспорт авах өргөдлийн хуулбар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүн амын регистрийн  дугаартай картын хуулбар, Д.Г нас барсны бүртгэлийн лавлагаа, Э.О, Э.О, Э.Онарын төрсний бүртгэлийн хуулбар, гэрч Т.С, Д.Т нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, гэр бүлийн хоёр ширхэг гэрэл зураг зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан дараах баримтуудаар нэхэмжлэгч П.Э нь Д.Г гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 2013 оны 9 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан нь тэдний гэр бүлийн фото зураг, гэрч Т.С, Д.Тнарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна..

Гэрч Т.Сшүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хоёр суугаад 13 жил амьдарч байсан бөгөөд 3 охинтой болсон. Манайх Т аймгийн Ж сумын Б , харин охиных Т гэх газарт байдаг. Энэ газар хоорондоо ойрхон байдаг учир байнга бид уулзалддаг юм гэж,

Гэрч Д.Т шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Миний дүү манай ээж, аавтай амьдарч байгаад 2013 оны 9 дүгээр сард өрх тусгаарласан. Бид нар тэдний хурим найрыг хийж, шинэ гэр авч өгөөд ёс гүйцэтгэсэн байдаг. Тэдний дундаас гурван охин төрсөн. Охидууд ээжээрээ овоглож байгаа болоод ингээд явж байна. Төрөхөд нь аав нь өдөр шөнөгүй хувийн аж ахуйн нэгжид ажилладаг, завгүй байсан тул хүүхдүүдээ өөрөөрөө овоглож чадаагүй байх. Маш шаргуу ажилладаг байсан гэж тус тус мэдүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт П.Э /регистрийн дугаар  /, Б овогт Д.Г /регистрийн дугаар  / нарыг 2013 оны 9 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Бовогт П.Э /регистрийн дугаар  /, Б овогт Д.Г /регистрийн дугаар  / нарыг 2013 оны 9 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА