Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Г.М

Өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б-т холбогдох эрүүгийн 1720001520076 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт оршин суух, Б овогийн Ц.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэргээр зорчих үедээ өөрийн өмсөж явсан гутлын өсгийн хэсгийг доош ухаж 129.893.306,4 төгрөгийн үнэ бүхий 1.359.30 гр алтыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: 2016 оны 08 сард БНХАУ-руу галт тэргээр явсан. Тухайн үед зах дээр зарах бараагаа авахаар явж байсан. Тэгээд вагонд хамт явсан ах нар Монголоос алт гаргаад БНХАУ-руу гаргаад зарахаар 2 дахин өндөр үнээр зардаг юм билээ гэж ярьж байсныг сонссон. Тэгээд урд очоод бараагаа явчихаад буцаж Монголд ирээд вагонд ярьж байсан ах нарын яриаг бодоод алт ургашаа гаргаж зарж ашиг олох санаа төрсөн. Тэгээд 2017 оны 08 сарын 1-2-ны өдрийн хооронд БНХАУ-ын Эрээн хот руу дахин бараандаа яваад Эрээнд очоод алт, мөнгөний дарханы газруудаар орсон. Тэгээд алт хэдээр авдаг юм бэ гэж асуусан чинь Монголд зардаг үнээс чинь 70-80 хувиар илүү авна гэж хэлсэн. Тэгээд буцаж Монголд ирээд алт авахаар хайж эхэлсэн. Тэгээд 2017 оны 09 сарын сүүлээр Ховд аймгийн төв рүү явж алтны ченж гэх хүнээс бохир жингээр 1кг 400 гр алтыг 100 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед алт нь бохироор буюу чулуулаг, үртэс хэлбэртэй байхаар нь хайлуулаад өгчих гэсэн. Тэгээд хайлуулж , хэвэнд цутгуулсан алтаа аваад хот руу буцаж явсан. Ховдод 2 хоносон. Тэгээд 2017 оны 10 сарын 15-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүд рүү вагоноор явсан. Тухайн үед алтаа авч яваагүй. Тэгээд 2017 оны 10 сарын 16-ны өдөр Замын-Үүдэд ирээд УАЗ-469 машинд суугаад хил дээр очоод бичиг баримтаа шалгуулсан чинь таны гадаад паспорт зөрчилтэй, хуучирсан байна. Энэ гадаад паспортаар хил нэвтрэх боломжгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь эхнэр  рүүгээ залгаад энэ паспорт урагшаа гарч болохгүй гэнээ буцахаар болчихлоо миний иргэний үнэмлэх, цээж зургийг аваад улсын бүртгэл дээр очоод бичиг баримтаа хаячихсан гээд яаралтайгаар гадаад паспорт захиалчих гэж хэлээд би тэр даруйдаа хот руу машинд суугаад явсан. Тэгээд очсон чинь эхнэр гадаад паспортыг чинь захиалчихсан гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 10 сарын 19-ний өдөр Оюуны, өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэ гадаад паспортаа авсан. Тэр өдрөө өөрийн лангуун дээр зардаг гутлыг аваад гэртээ харьсан. Гэртээ очоод авчирсан гуталынхаа улны өсгийн хэсгийг зүсэж аваад хэвэнд оруулсан 2 ширхэг алтаа хийсэн. Хоёр гутландаа хоёуланд нь нэг нэгээр нь хийсэн. Тэгээд 2017 оны 10 сарын 20-ны өдөр Улаанбаатараас Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэгний тасалбар худалдан аваад вагондоо суугаад 2017 оны 10 сарын 21-ний өдөр Замын-Үүдэд өглөөний 9 цагт ирсэн. Тэгээд вагоны үйлчлэгч ирээд купенээсээ гарч болохгүй шүү гэж хэлээд деклараци өгөөд явсны дараа гаалийн байцаагч орж ирээд деклараци аваад явсан. Тэгээд хилийн цэргийн албан хаагч орж ирээд паспортууд хурааж аваад явцгаасан. Төд удалгүй хүмүүс орж ирээд үзлэг шалгалт хийж эхэлсэн. Тэгээд миний авч явсан ачаанд үзлэг хийгээд, биед үзлэг хийгээд гутландаа хийсэн байсан 2 ширхэг алтыг маань олсон. Тэгээд намайг саатуулсан гэв.       

-Иргэний нэхэмжлэгч М.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Иргэн Ц.Б-т холбогдох 129.893.306 төгрөгийн үнэлгээтэй 1.359,3 гр жинтэй алтыг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт Монгол банкыг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. 2001 онд Улсын Их хурлаас баталсан 85 дугаар тогтоолоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсан байдаг. Үүний хүрээнд Монгол улсын Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай тушаалаар алт олборлогч байгууллага иргэдийн үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн журам, тушаал батлагдсан байсан. Тухайн тушаалын 3.а-д зааснаар алт олборлодог иргэд аж ахуй нэгж байгууллагууд алтыг бие даан  экспортлоход нь улсын сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгож, татварын албатай нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийгдсэн нөхцөлд, гаалийн  бүрдүүлэлт хийж байх гэсэн журам тогтоон мөрдүүлэх гэсэн заалт байдаг. Иргэн, аж ахуй нэгж  байгууллагууд алтныхаа сорьцыг тогтоолгож, татвараа төлж гаалийн бүрдүүлэлт хийсний үндсэн дээр алтыг экспортлож болно. Зохих журмын дагуу сорьц тогтоолгоогүй, татвар төлөөгүй, гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр улсын хил нэвтрүүлэх нь хууль бус үйлдэл юм. Учир нь алт улсын нөөц юм гэжээ.  /хх-ийн 65-66/    

-Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Замын-Үүд төмөр замын шалган нэвтрүүлэх боомт дээр хуваарийн дагуу гаалийн улсын байцаагчийн үүргийг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр би гарах чиглэлийн Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний 6,7 дугаар вагонд гаалийн үзлэг шалгалтыг хийсэн намайг гаалийн үзлэг шалгалтыг 6,7 дугаар вагонд хийж байхад ямар нэгэн зөрчил илрээгүй. Харин гаалийн үзлэг шалгалт хийгдэж дууссаны дараа 7 дугаар вагоны 11 дүгээр суудалд явсан залуугаас алт илэрсэн гэж сонссон. Тэр залуу хар саравчтай малгай өмсчихсөн залуу байсан. Намайг гаалийн мэдүүлгийн хуудсыг тарааж байхад купенийхээ зүүн талын суудалд дээр хаалган талдаа сууж байсан. Би тэр залуугаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон ачаа бараа байгаа юу гэж асуусан тэгээд авч яваа ачаа тээшээ шалгаж үзүүл гэхэд нэг цүнх үзүүлсэн. Би гаалийн мэдүүлгийн хуудсыг хурааж авахад тэр залуу зөвхөн өөрийн овог нэрээ бичсэн байсан. Тэгэхээр би тэр залууд мэдүүлгийн хуудсыг буцаан өгч биедээ авч яваа валют болон мөнгө, үнэт зүйл авч яваа бол тэрийгээ бич гээд буцаан өгсөн. Тэгээд тэр залуу өөрт авч яваа юань аа бичээд надад буцаагаад өгсөн гэжээ. /хх-ийн 76-77/

-Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би энэ хүний баримт бичгийг шалгах дарааллын дагуу баримт бичгийн зургийг өөртэй нь тулгасан. Тэгээд шинэ гадаад паспорт байсан болохоор Улсын бүртгэлийн сан дахь зурагтай тулгасан бас саатуулах нэрсийн жагсаалтанд  байгаа эсэхийг нь шалгасан ямар нэгэн зөрчил байгаагүй. Тиймээс өөрийн Замын-Үүд 139 дугаартай цохиул хэвийг дарж улсын хилээр нэвтрүүлсэн гэж бүртгэсэн. Дараа нь  энэ хүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс авч явсан байна гэж боомтын орлогч О хүчингүй дардас дарсан. Би улсын хилээр нэвтэрсэн жагсаалтаас хассан гэжээ. /хх-ийн 78-79/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 3/

-Галт тэргэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-10/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-32/

-Улсын хил нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 35/

-Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-ийн 39/ 

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73/

-Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 74/

-Шинжилгээ хийх зорилгоор дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 93-101/

-Шинжээчийн 0004638 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-103/

-Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 105, 111/

-Монгол банкинд алтан гулдмай хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 106-108/

-Алтан гулдмай хүлээн авсан акт, Монгол банкны Эрдэнэсийн санд Тагнуулын Е/газар-н тушаасан 22500314 дахь Алтны тооцоо /хх-ийн 109, 112, 114/

-Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 123, 125/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 134-135/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэргээр зорчих үедээ өөрийн өмсөж явсан гутлын өсгийн хэсгийг доош ухаж хязгаарласан бараа болох 129.893.306,4 төгрөгийн үнэ бүхий 1.359.30 гр алтыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, галт тэргэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-32/, шинжээчийн 0004638 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-103/, үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 105, 111/ зэрэг баримтуулаар тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч М.Т “..Монгол улсын Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай тушаалаар алт олборлогч байгууллага иргэдийн үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн журам, тушаал батлагдсан байсан. Тухайн тушаалын 3.а-д зааснаар алт олборлодог иргэд аж ахуй нэгж байгууллагууд алтыг бие даан экспортлоход нь улсын сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгож, татварын албатай нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийгдсэн нөхцөлд, гаалийн бүрдүүлэлт хийж байх гэсэн журам тогтоон мөрдүүлэх гэсэн заалт байдаг. Иргэн, аж ахуй нэгж  байгууллагууд алтныхаа сорьцыг тогтоолгож, татвараа төлж гаалийн бүрдүүлэлт хийсний үндсэн дээр алтыг экспортлож болно.” гэжээ. Шүүгдэгч Ц.Б нь алтныхаа сорьцыг тогтоолгож, татвараа төлж гаалийн бүрдүүлэлт хийгээгүй харин ч алтыг өөрийн өмсөж явсан гутландаа нууж улсын хилээр нэвтэрч байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан хос гутал, Е-2000804 тоот энгийн гадаад паспортыг шүүгдэгч Ц.Б-т, бичлэгтэй DVD 1ш, 2017 оны 10 21-ны өдрийн гаалийн мэдүүлэх хуудас, 034 галт тэрэгний тасалбар 1 ш зэргийг хэргийн хамт хадгалах, 129.893.306,4 төгрөгний үнэ бүхий 1.359.30 гр алтыг улсын орлого болгох нь зүйтэй юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогийн Ц.Б-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адидас хос гутал 1 ш, Е-2000804 дугаартай энгийн гадаад паспортыг эзэмшигч Ц.Б-т, бичлэгтэй DVD 1ш, 2017 оны 10 21-ны өдрийн гаалийн мэдүүлэх хуудас, 034 галт тэрэгний тасалбар 1 ш зэргийг хэргийн хамт хадгалах, 129.893.306,4 төгрөгний үнэ бүхий 1.359.30 гр алтыг улсын орлого болгосугай. 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.Б