Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 36

 

         С.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, шүүгч Л.Н, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2020/00808 дугаар шийдвэртэй

С.Бийн нэхэмжлэлтэй

Н.Год холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 238 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Н.Гын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, хариуцагч Н.Г, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Миний бие иргэн Н.Гтой блок нийлүүлэх аман гэрээ 2015.08 дугаар сард байгуулсан. Бидний харилцан тохиролцсоноор Хоргын хүрмэн 2 000 ширхэг блокийг тус бүр нь 1 500 төгрөг, нийт 3 000 000 төгрөг, Архангай аймгийн Тариат сумын төвөөс Өндөр-Улаан сумын Хануй баг буюу түүний барьж буй бага сургуулийн дотуур байрны барилга дээр буулгаж тээврийн зардал 350 000 төгрөг, нийт 3 350 000 төгрөгийг авах байсан. Ингээд нутгийн жолооч С-ыг /утас: 98109811/ 350 000 төгрөгөөр хөлсөлж түүний 82-62 АРА улсын дугаартай Cold маркийн чиргүүлтэй машинаар 2 000  ширхэг блокийг 2015.08.11-нд Өндөр-Улаан сумын Хануй багийн бага сургуулийн дотуур байрны барилгын ажлын талбай дээр буулгасан. Ийнхүү буулгах үед Н.Г өөрөө байгаагүй ба сургуулийн захирал М-д тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн бөгөөд харилцан тохирсон 3 350 000 төгрөгөө аваагүй буцсан. Үүний дараа Н.Г 2015.08.17-нд 1 270 000 төгрөгийг өөрийн данснаас надад төлсөн. Мөн 230 000 төгрөгийг миний хамаатны ах Н.М-аар дамжуулан надад өгсөн. Ийнхүү тухайн төлбөрөөс нийт 1 500 000 төгрөг төлсөн. Гэвч үлдэгдэл 1 850 000 төгрөгийг одоо болтол огт төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл 5 жилийн нүүр үзлээ. Энэ мөнгөө төлөхийг би түүнээс утсаар болон амаар удаа дараа байнга нэхдэг боловч өгнө, өгнө гэсээр өнөөдрийг хүргэсэн тул арга буюу хуулийн байгууллагаар шийдүүлэхэд хүрлээ. Тухайн үедээ би тэр мөнгөө аваад хэрэглэсэн бол 5 жилийн хугацаанд банкны хадгаламжийн хүүгээр дундажлахад жилийн 13.5 хувь, 5 жилийн 67.5 хувь буюу хүүгээс хүү тооцоогүй дүнгээр 1 248 750 төгрөгөөр өсгөх боломжтой байсан хэдий ч хүү тооцоогүй тул энэ хохирлыг нэхэх боломжгүй болсноо ойлгож байгаа. Гэвч надад учирч байгаа бодит хохирол нь үлдэгдэл төлбөрөөс гадна жил бүрийн инфляцийн үнийн өсөлт яалт ч үгүй мөн юм. Яагаад гэвэл 2015 оны 1 850 000 төгрөгөөр авч болох байсан бараа бүтээгдэхүүн 5 жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар тухайн бараа бүтээгдэхүүний 80 хувийг авч хүрэхгүй байдлаар Монгол улсын инфляци өөрчлөгдөж өссөн болохыг хүн бүхэн харж мэдэж байгаа. Тэгвэл миний хар таамгаар бус тухайн инфляци албан ёсоор жил бүр хэрхэн өссөнийг шүүж 2019 оны байдлаар нийт 21 хувийн өсөлттэй байгааг үзлээ. Иймд би тухайн үнийн өсөлт, төгрөгийн үнэгүйдлийг өөрт учирсан бодит хохирол хэмээн үзэж үндсэн төлбөр дээр өөрт учирсан бодит хохирол 21 хувийн үнийн өсөлт 388 500 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа болно. Иймд надад төлөх ёстой байсан 2015 оны үлдэгдэл төлбөр 1 850 000 төгрөгийг 2016 оны инфляцийн өөрчлөлт 1.3 хувь, 2017 оны инфляцийн өөрчлөлт 6.4 хувь, 2018 оны инфляцийн өөрчлөлт 8.1 хувь, 2019 оны инфляцийн өөрчлөлт 5.2 хувь, нийт 21 хувийн өсөлтийн хамт тооцон нийт төлбөл зохих 2 238 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үндсэн төлбөр 1 850 000 төгрөг, 2016-2019 онуудын инфляцийн өсөлт 21 хувь нь 388 500 төгрөг, нийт төлбөл зохих 2 238 500 төгрөг болсон. Иймд миний гомдлыг барагдуулж хохирлыг арилган хариуцагчаас надад төлөх үндсэн төлбөр болон учирсан бодит хохирлыг ханган шийдэж өгнө үү.” гэжээ. 

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2020/00808 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Г-оос нийт 2 238 500 /хоёр сая хоёр зуун гучин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 800 /тавин мянга найман зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гоос улсын тэмдэгтийн хураамж 50 800 /тавин мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Гын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Иргэн Н.Г би тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ/2020/00808 дугаартай шийдвэрийг 2020.08.27-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож болсон асуудлын талаар болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлттэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч С.Б нь Н.Год холбогдуулан 2 238 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч үйл баримтыг зөв тодорхойлоогүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Бидний харилцан тохиролцсоноор Хоргын хүрмэн 2 000 ширхэг блокийг тус бүр нь 1 500 төгрөг, нийт 3 000 000 төгрөг, Архангай аймгийн Тариат сумын төвөөс Өндөр-Улаан сумын Хануй баг буюу түүний барьж буй бага сургуулийн дотуур байрны барилга дээр буулгаж тээврийн зардал 350 000 төгрөг, нийт 3 350 000 төгрөгийг авах байсан... Үүний дараа Н.Г 2015.08.17-нд 1 270 000 төгрөгийг өөрийн данснаас надад төлсөн. Мөн 230 000 төгрөгийг миний хамаатны ах Н.М-аар дамжуулан надад өгсөн. Ийнхүү тухайн төлбөрөөс нийт 1 500 000 төгрөг төлсөн. Гэвч үлдэгдэл 1 850 000 төгрөгийг одоо болтол огт төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл 5 жилийн нүүр үзлээ... Иймд би тухайн үнийн өсөлт, төгрөгийн үнэгүйдлийг өөрт учирсан бодит хохирол хэмээн үзэж үндсэн төлбөр дээр өөрт учирсан бодит хохирол 21 хувийн үнийн өсөлт 388 500 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа болно.” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Н.Г нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон 2 000 ширхэг блокийг тус бүрийг нь 1 500 төгрөгөөр, нийт 3 000 000 төгрөгөөр худалдахаар, тээвэрлэх зардалд 350 000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон, хариуцагч нэхэмжлэгчид 1 500 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 1 850 000 төгрөгийг төлөөгүй байна.

Хариуцагч Н.Г нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул   тээвэрлэх зардалд 350 000 төгрөг төлөхөөр тохиролцоогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.  

С.Б нь тээвэрлэх зардалд 350 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж, Н.Г нь тээвэрлэх зардалд 350 000 төгрөг төлөхөөр тохиролцоогүй, блокны үнэнд тээвэрлэх зардал нь шингэсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцжээ.

Хариуцагч Н.Г нь тээвэрлэх зардалд 350 000 төгрөг төлөхөөр тохиролцоогүй, блокны үнэ 3 000 000 төгрөгт тээвэрлэх зардал нь багтсан гэх тайлбар, үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар Н.Гыг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэл, татгалзлыг баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Харин С.Бийн “2 000 ширхэг блокийг тус бүр нь 1 500 төгрөг, нийт 3 000 000 төгрөгөөр худалдсан... Ийнхүү тухайн төлбөрөөс нийт 1 500 000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд С.Б, Н.Г нарын хооронд блок худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн, худалдан авагч Н.Г нь уг блокны үнийг худалдагч С.Бд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Н.Г нь худалдан авсан 2 000 ширхэг блокны үнэ 3 000 000 төгрөг, 245 дугаар зүйлийн 245.1-д зааснаар тээвэрлэх зардал 350 000 төгрөг, нийт 3 350 000 төгрөг төлөхөөс 1 500 000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул хариуцагчаас 1 850 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Блок тээвэрлэх зардал нь худалдах-худалдан авах гэрээний хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардал бөгөөд энэ нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг тул анхан шатны шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй инфляцийн өөрчлөлт гэх 388 500 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын 1 850 000 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2020/00808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “380 дугаар зүйлийн 380.1” гэснийг хасч, “2 238 500 /хоёр сая хоёр зуун гучин найман мянга таван зуу/” гэснийг “1 850 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож,” гэж тус тус өөрчилж, “олгож” гэсний дараа “388 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтын “50 800 /тавин мянга найман зуу/” гэснийг “44 550” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Н.Гын гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 800 төгрөгөөс 44 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

                  ШҮҮГЧИД                                    Л.Н    

                                                                       Г.У