Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

О.О холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

      Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

           Прокурор Т.Түмэнжаргал,

           Яллагдагч О.О өмгөөлөгч Г.Энхжаргал,

           Хохирогч Г.Б өмгөөлөгч Л.Батаа,

       шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан,

         Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/41 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын гомдлыг үндэслэн яллагдагч О.О холбогдох 2117000220104 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

       Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, Дээд мэргэжилтэй, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг,  байр  орц тоотод оршин суух, А овогт О О Д: /,

     Яллагдагч О.О нь аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байх явцдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кесар хагалгаагаар төрсөн иргэн Г.Б эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу эмнэлэгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй грамм эсрэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Г.Б бие ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурлагдсан байхад зохих тусламж үзүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг албан ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Г.Б биед кесар мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээт гялтантаас, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд доод хэсгийн хийт үжил, булчингийн хальст үхжилт үрэвслийн улмаас умай үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдаж, эрүүл мэндэд нь амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: О.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт О О холбогдох 2117000220104 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол О.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдаж, хавтаст хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

       Хохирогчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/41 дугаартай захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд

         Шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6 дахь хэсэгт заасан нянгийн халдварыг хаанаас, хэзээ авсан талаар мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон дүгнэлт гаргуулах талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна гэжээ. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Б биед кесар мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээт гялтганас, хэвлийн өмнөд хана хажуу хана, цээжний урд хэсгийн хийн үхжил, булчингийн хальсны үхжилт үрэвслийн улмаас умайн үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагджээ. Уг өвчин нь грамм эерэг нянгийн халдварын улмаас мэс заслын дараа үүсчээ гэж тодорхойлсон байдаг. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч мэдүүлэгтээ Г.Б хувьд хагалгаа хийлгэснээс хойш 4 дэх хоног дээрээ шархны халдварын зовиур, шинж тэмдэгүүд илэрсэн мөн олон антибиотикт тэсвэртэй байсан учир үүнийг эмнэлэгийн орчинд хвсан нянгийн халдвар гэж үзэх боломжтой гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь хаанаас халдвар авсан талаар тодорхой мэдүүлсэн ба эмнэл зүйн шинж чанар, илрэх зовиурлах хугацааг нарийвчилсан байдлаар мэдүүлсэн байдаг. Нөгөө талаар яллагдагчийн зүгээс хохирогчид боолт хийлгүүлэн зохих шинжилгээ, үзлэгийг зохих стандарт хэм хэмжээний үүргээ гүйцэтгээгүй эмнэлэгээс гарах зөвлөгөө өгсөн халдвар авах урьдчилсан үндсэн шалтгаан болсон гэдэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогддог болно. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 1,6 заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолсон гэж үзнэ. О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан ба уг тогтоолд хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Г.Б бие ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурлагдсан байхад зохих тусламж үзүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг зохих ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан үйлдэлд нь эмнэлгийн стандарт хэм хэмжээ, нөхцлийг хангаж ажиллаагүй үндэслэлээр буруутгасан. Эрүүл мэндийн сайдын заавруудад заасан нөхцлийг хэрэг үйлдэгдэх үед хангаж ажиллсан талаарх дүгнэлтийг хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд Халдвар судлалын үндэсний төвөөс шинжээч томилон дүгнэлт гаргуулах шаардлаггүй ба ач холбогдолгүй гэж үзэж байна. О.О нь гэрчээр мэдүүлэхдээ Г.Б кесар хагалгаа хийгддэг өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тухайн мэс заслын өрөө болон мэс заслын багаж хэрэгслээс бактериологийн шинжилгээ аваагүй байсан. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдлийн шинжтэй байгаа учир Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн аль зүйл хэсэгт заасан заалтыг зөрчсөн талаар шалгаж тогтоох шаардлаггүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон тул хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/41 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

       Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр улсын яллагч миний үйлчлүүлэгч О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн  15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд О.О буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй. О.О гэх эмчээс болж энэ хүний биед гэмтэл учирсан байна гэх нотлох баримт байхгүй. Б биеэс илэрсэн нян эмнэлгийн нөхцөлд үүссэн нян мөн. Гэхдээ энэ нян эмнэлгийн үйл ажиллагаанаас үүссэн нян гэж үзэхгүй. Яагаад гэвэл хагалгаанд орсон хоёр хүнээс нэгнээс нь нян илрээгүй учраас эмнэлгээс үүссэн нян гэж үзэх үндэслэлгүй. Энэ нян эхэлж хаанаас үүсэн бэ? гэдгийг тогтоож чадаагүй. Шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр эмнэлгийн нөхцөлд үүссэн нян гэж үзэх үндэслэлгүй гэж тогтоосон. Ахуйн нөхцөлөөс шалтгаалж үүссэн үү? тухайн хүний эрүүл мэндийн байдлаас болж үүссэн үү? гэдгийг тогтоогоогүй. Хаанаас болж үүссэн нь нотлогдохгүй байгаа учраас шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэг халдварыг хаанаас авсан бэ? гэдгийг тогтоох шаардлагатай байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагаа зохих ёсоор биелүүлээгүй гээд байна. Шинжээчийн дүгнэлтэд эмнэлгийн ажилтны үйлчилгээ зохих журмын дагуу хийгдсэн эсэх гэж асуухад эмчийн тавьсан онош, төрхийн хүндэрсэн байдал, мэс заслын дараа хийгдсэн эмчилгээ зэрэг нь зохих журмын дагуу хийгджээ гэснээр нотлогддог. Жаргалтогтох шинжээчээр мэдүүлэг өгөхдөө эмнэлгийн буруу гэж хэлсэн байсан. Үүнийг мэдүүлэг өгөхдөө үгүйсгээд нян хаанаас үүссэн гэдгийг тогтоогоогүй байна гэж хэлсэн. Эмнэлгийн орчинд үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа боловч эмнэлгийн ажилтны үйл ажиллагаатай холбоогүй байна гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Энэ халдвар яг хаанаас гарсан гэдгийг тогтоогоогүй учраас О.О буруутай гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хийсвэр хагалгаанд ганц О.О ороогүй. Тухайн үед зовиуртай байсан гэж мэдүүлсэн, тухайн үед ямар ч зовиургүй байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна гэв.

   Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс хохирогчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Прокурорын зүгээс хохирогч өөрөө хагалгааны хоёр дахь өдрөөс эхлээд ядарсан, сульдсан, халуурсан тухайгаа эмч, сувилагч нарт цаг тухай бүрт нь хэлсэн. Янгуучилсан баашилсан гээд эмнэлгийн тусламж оношлогоог зохих ёсоор хийхгүй орхигдуулсан асуудал байдаг. Эмнэлгээс гарах үед зохих ёсоор үзэж, боолтыг хийгээгүй. Үүнээс шалтгаалж үзлэг оношлогоо хийгдээгүй явснаас болж үрэвсэл цочмог явагдаж биед хүнд хохирол учруулсан нөхцөл байдал бий болсон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдэд нянгийн халдвараас болж үүссэн талаар ярьдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор халдвар үүсэж болзошгүй бөгөөд эрүүл мэндийн ажилчид гараа угаагаагүйгээс халвар дамжих боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр эмч зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй. Тухайн гарах өдөр нь боолт хийх байсан. Боолтыг хийгээгүй эмнэлгээс гаргасан нь өөрөө энэ хор уршигт хүргэжээ гэсэн дүгнэлтийг хэлж байна. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийг мэтгэлцээний үндсэн дээр шийдэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

      Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчдийн гомдлоор хэргийг хянан  шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  эсэргүүцлийн агуулгаар  хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

      Яллагдагч О.О нь аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байх явцдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кесар хагалгаагаар төрсөн иргэн Г.Б эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу эмнэлэгийн нөхцөлд үүссэн хоруу чанар өндөртэй грамм эсрэг нянгийн улмаас хагалгааны 2 дахь өдрөөс эхлэн Г.Б бие ядрах, халуурах, сульдах зэргээр зовиурлагдсан байхад зохих тусламж үзүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс гарах үед үзлэгийг албан ёсоор хийгээгүй, хагалгааны шархыг үзэж боолт хийгээгүй эмнэлгээс гаргасан зэргээс шалтгаалан иргэн Г.Б биед кесар мэс заслын дараах умайн салстын идээт үрэвсэл, хэвлийн цочмог идээт гялтантаас, хэвлийн өмнөд хана, хажуу хана, цээжний урд доод хэсгийн хийт үжил, булчингийн хальст үхжилт үрэвслийн улмаас умай үрийн хоолойн хамт мэс заслаар тайрагдаж, эрүүл мэндэд нь амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      Анхан шатны шүүхээс хэргийг  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй болсон байна.

     Харин нэмж доорх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Үүнд:

      1. ХӨСҮТ-ийн бактерлогийн эмчийг шинжээчээр томилж грам эерэг /enterococeus faecalis/ бактери нь тухайн үед эмнэлгийн орчиноос халдварласан уу, ахуйн орчиноос халдварлаж уу гэдгийг тогтоолгох. /Анхаарах нь: ЭХЭМҮТ-ийн лабораторийн эмч Б.Мөнхзул нь дээрх бактерийг эмнэлгийн дотоод халдвар үүсгэгч олон төрлийн бактерийн нэг нь юм. Б 2021 оны 01 дүгээр сарын 29-нд хийсэн баруун ташааны толгойн сөрөг зүсэлт, баруун суганы доор сөрөг зүсэлт, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2ш сөрөг зүсэлт, ар ханын зүсэлт зэргээс грам эерэг бактери ургасан. Харин Б шээсэнд тухайн бактери илрээгүй. Мөн хохирогч Б нь 2021 оны 01 дүгээр сарын 22-нд хийсвэр хагалгаанд орж төрсөн бөгөөд 23-нд нэг удаа боолт хийлгээд 24, 25-нд боолт хийлгүүлж чадаагүй. Эмнэлгээс 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд гарсан бөгөөд маш их зовиуртай, тамир тэнхээгүй, өөрөө ч явахад бэрхшээлтэй байсан. Ингээд 15-16 цагийн үед хэвлийн урд хэсэг, хөхний доод хэсгээр цэлцэгнэсэн хөөсөрсөн зүйл үүссэн байсан. Түүнийг дарж үзэхэд шажигнасан чимээтэй байсан бөгөөд тэр зүйл нь ийш тийшээ арьсны дотор гүйгээд байсан. Тэгээд маргааш нь буюу 26-ны өдөрт эмнэлэгт хүргэгдэж шарх нь болохоо больсон байсан тул хагалгаанд орсон. Эрүүл мэндийн сайдын А/538 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Олон эмэнд тэсвэржсэн зарим бичил биетний тандалт, халдвараас сэргийлэх, хянах заавар 3 дугаар хавсралт Ванкомицинд тэсвэржсэн энтерококсийн тандалт, халдвараас сэргийлэх заавар”-ын 2.12, 3.1, 3.2.1, 3.2.5, 3.3, 3.4.4, Эмнэлзүйн шинж тэмдэг нь тухайн үйлчлүүлэгчийн биеийн байдлаас хамаарна. Эрүүл хэвийн дархлаатай хүн бол халдварын эрсдэл бага./  

       2. Хохирогчийн төрөхийн өмнөх болон төрөх үеийн түүх хэрэгт байхгүй байх тул хэрэгт авч хийх. /өвчтөний түүхээс хохирогчийн биеийн байдал болон тэр үед хийгдэж байсан шинжилгээнүүдийн үзэх шаардлагатай, мөн хохирогч төрөхөөс өмнө 10-д хоног эмнэлэгт хэвтэж зүү тавиулаад нэлээд ядарсан байсан гэж мэдүүлдэг тул дархлаа унасан байх магадлалтай/

        3. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн үед тус эмнэлэг дээр үзлэг шалгалт хийсэн байж болзошгүй байх тул  дүгнэлтийг авч хэрэгт хавсаргах.

     4. Хийсвэр хагалгаа хийгддэг өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тухайн мэс заслын өрөө болон мэс заслын багаж хэрэгслээс бактерилогийн шинжилгээ аваагүй, мөн халдвар илэрсэн тохиолдолд яагаад эмнэлгийн орчны бактерилогийн шинжилгээг авч яаралтай арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүл мэндийн сайдын А/536, А/537, А/538 дугаар тушаалын дагуу ямар албан тушаалтан хяналт тавьж, хэн хариуцах ёстой байсныг тогтоож, хариуцлага тооцох.

        5. Хохирогчийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр О.О эмч эхо-нд хараад, шархыг нь үзээд эмнэлгээс гаргасан байх тул тус эхо-ны зураг болон бичлэгийг хэрэгт авч хавсаргах.

       6. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэг удаа боолт хийсэн гэж сувилагч мэдүүлсэн байх тул шархыг үзээд бичсэн тэмдэглэгээг хэрэгт авч хийх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэх.

      Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчдийн гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/41 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           

       

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ТЭГШСУУРЬ

           ШҮҮГЧ                                                         Х.БАЙГАЛМАА

           ШҮҮГЧ                                                         О.ОДНЯМАА