Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 1720000510018 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ах, эгч, дүүгийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р багт оршин суух, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 74 тоот магадлалаар /2002/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жилийн хорих, /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудыг нэмж нэгтэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийг 1 хоногийн хорих ялд тооцож 2 сар 28 хоногийн хорих ялыг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 28-хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Л.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 08 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 84 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Н.Э-н эзэмшлийн “С” ХХК-ны “О” хүнсний дэлгүүрийн бичиг хэрэг, тоглоомын тасгийн гаднах вакум цонхоор буюу орон байранд нэвтрэн 40.000 төгрөгийг хулгайлсан,

2017 оны 08 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Г.Д-н эзэмшлийн “Т” фарм эмийн сангийн цонхоор буюу орон байранд нэвтэрч касснаас 200.000 төгрөг хулгайлсан,

2017 оны 08 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Ц.Б-н эзэмшлийн “Д” нэртэй ногооны дэлгүүрийн цонхоор нэвтэрч 6 кг бууз, бэлэн мөнгө 340.000 төгрөг, 400 юань зэргийг хулгайлж нийт 252.184 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 08 сарын 31-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух иргэн Ц.А-н гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч нокио 1100 маркийн гар утас, эссэ тамхи 1 хайрцаг, бэлнээр 80.000 төгрөг хулгайлж нийт 267.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 -Шүүгдэгч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: 2017 оны 08 сарын 03-ны шөнө 23 цагийн үед М дэлгүүрийн гадаа Б-тай таараад мөнгөө нийлүүлээд улаан бөглөөт 1 шилийг авч хувааж уугаад тэднийхрүү ороод ууж байгаад согтуу гараад 03-04-нд шилжих шөнө Замын-Үүд сумын төвд “О” дэлгүүрийн тоглоомын тасагт ганцаараа 01 цагийн үед вакум цонхийг нь түлхэж ороод дотороос нь 40.000 төгрөг авч гарсан. Гарахдаа бор өнгийн 42 размерийн сандаалаа харанхуйд цонхоор гарахдаа үлдээсэн байсан. Овоотын хойно гэр нь байдаг Б-хрүү хөл нөцгөн явж ороход Б надад пүүзээ өгсөн. Б-д 20.000 төгрөг өгч явуулаад архи захиж авчруулж уучихаад унтаад өглөө 05-06 цагийн үед эрт тэднийхээс гараад явсан. /хх-ийн 51/

-2017 оны 08 сарын 04-05-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим найз М-тэй Замын-Үүд сумын 1-р сургуулийн сааданд 1 том 2 литрийн Боргио пиво хувааж ууж байгаад нөгөөх нь дуусах дөхөөд ирэхээр нь тамхинд яваад ирье гээд М-д хэлээд ойр орчмын тамхины дэлгүүр олдохгүй болохоор нь “Х” зочид буудлын замын эсрэг талын эмийн сангийн урд талын цонхоор  ганцаараа авирч орж кассанд байсан 200.000 төгрөг бэлнээр, шүүгээнээс үампанск, 1,5 л цаастай жүүс аваад цонхоор нт гарахдаа жүүсээ унагаагаад хагалсан. Шампанск болон мөнгөө аваад М дээр саад руу эргэж очиход ямар их уддаг юм бэ хаашаа явчихаад ирэв гэхээр нь таньдаг хүн таараад шампанск өглөө нэмж хэдэн төгрөг зээллээ хоёулаа нэмж архи, пиво аваад уухуу гээд Уужим шөнийн дэлгүүрээс 2 том пиво, 1 шил архи аваад Б-нд очиж уусан. Тэндээ хоночихоод өглөө нь гараад явсан. /хх-ийн 53/

-2017 оны 08 сарын 31-ний орой гэр хороололд ганцаараа согтуу явж байхдаа Нефтийн гудамжинд явж байхдаа гадуураа хашаагүй гэрэл нь асаалттай, хаалга нь цоожтой монгол гэр  байхаар нь гэрийх нь хажууд нь байсан том хэмжээтэй цементээр цоожийг нь эхлээд гараараа татахад цоож онгойгоогүй, хаалганы мод нь салаад унахаар нь нөгөө чулуугаараа цоожийг нь цохиход цоож нь цүүтэйгээ газар унаж хаалга онгойсон. Гэрт нь орж орон дээр байсан бор цүнхийг ухаж үзэхэд дотор нь байсан түрийвчнээс нь 80.000 орчим төгрөг, дээрээс нь 2,3 ширхийг авсан эссэ тамхи, цүхэнд байсан хар өнгийн гар утсыг авч явсан. /хх-ийн 60-61/

-2017 оны 08 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Д эмийн сангаас 200.000 төгрөг 1 шампанск, 1 жүүстэй авчихаад шампанска уучихаад үүрийн 3-5 цагийн хооронд Хаан банкны хойд талд байдаг ногооны дэлгүүр лүү урд талын цонхоор нь орж кассны ширээний хэсгийн шургуулганаас нь хар өнгийн түрийвчтэй 300 гаруй юмнь, 300.0 гаруй мянган төгрөг, киллограмын бууз авсан. Буузаа хаана аваачиж хаясанаа санахгүй байна. Би архины мөнгө олох зорилготой тэр дэлгүүр лүү орсон юм гэжээ. /хх-ийн 63/               

-Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Манай дэлгүүр орой 21 цагт хааж, өглөө 08 цаг 30 минутанд нээдэг. 2017 оны 08 сарын 03-ны орой 21 цагт дэлгүүрээ хаасан. Маргааш өглөө нь  буюу 04-ний өдөр худалдагч Г ирээд “дэлгүүрт хулгай орсон байна” гэхээр нь очтол манай дэлгүүрийн бичиг хэрэг, тогтоомын тасгийн вакум цонхыг түлхэж ороод, дотроос нь 40.000 төгрөг бэлнээр нь авсан байсан. Ингэхэдээ дэлгүүрийн барааг нурааж эмх замбараагүй болгосон байсан. Би дэлгүүрээс хулгайчийн өмсөж явсан байж болзошгүй бло шар өнгийн сандаал байсныг авч цагдаагийн ажилтанд өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 39-40/

-Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 сарын 04-ний өглөө 07 цагийн орчимд манай дүү Ө гэрийн гадаа ирж дуудаад “та дэлгүүрийхээ цонхыг онгорхой орхисон юм, хулгай орчихсон юм биш үү” гэхээр нь би охин М-н хамт дэлгүүр дээрээ очиход цонх онгойсон байсан ба түүгээр хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд дулгүүртээ ороод 340.000 төгрөг мөн 400 юань, 6 кг хонины махтай бууз алдагдсаныг мэдсэн.Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 42-43/

-Хохирогч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 сарын 31-ний орой намайг гэртээ очиход хүү маань байсан ба бид хоёр хоолоо хийж идчихээд гадагш гарсан. Тухайн үед гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Тэгээд өөрийн танил Ө-н гэрт очоод, Ө-н эхнэрийн хамт гадуур дэлгүүрээр явж байгаад буцаж гэрт нь ирсэн. Тэнд хэсэг байж байгаа 21 цагийн орчимд хүүгийнхээ хамт гэрлүүгээ харьсан. Ингээд гэртээ ойртоод иртэл гэрийн хаалга онгорхой, хаалга нь эвдэрсэн байсан. Би гэрээсээ гарахдаа өөрийн гар цүнхээ баруун талын орон дээр тавиад гарсан байсан юм. Гэртээ ороод цүнхээ хартал цүнхийг маань орны хөл хэсэгт хаячихсан байсан. Аваад дотор нь байсан эд зүйлээ бүртгэхэд бэлнээр 80.000 төгрөг, нокиа маркийн гар утас, мөн нэг хайрцаг эссэ тамхи алдагдсан байсан. Би учирсан хохирлоо төлүүлмээр байна. Монгол гэрийн хаалга, нокиа маркийн гар утас, 80.000төгрөг зэрэг эд зүйлээ төлүүлнэ. /хх-ийн 45-46/

-Хохирогч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 сарын 05-ны өдөр С миний утас руу залгаад “эмийн сангийн цонхоор хулгай орсон байна. Цагдаад мэдэгдчихлээ” гэж хэлсэн. Би түүнээс юу юу алдагдсан талаар асуухад “кассанд байсан 200.000 төгрөг алдагдсан байна” гэж хэлсэн байсан. Манай эмийн сан худалдан авагч нарын мөнгөний хариултанд өгөхөөр бэлэн 200.000 төгрөгийг байнга кассанд байлгадаг. Эн мөнгийг өглөө бүр ээлж хүлээлцэхдээ хүлээлцдэг. Тухайн өдөр С ажилтай байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 48-49/

- Гэрч У.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 сарын 03-04-нд шилжих шөнө 01 цаг болж байхад манай гэрээс гараад явсан. 02 цагийн орчим удалгүй өмсөж явсан бор өнгийн сандалаа алга болгосон гээд орж ирсэн. Тэгэхээр нь наад сандаалаа яасан, яагаад хөл нүцгэн орж ирж байгаа юм бэ гэж асуухад Б 2 бацаантай зодолдоод тавчикаа машинд явуулчихлаа гэхээр нь би 40 размерийн Merecci нэртэй пүүзээ Б-д өмсүүлсэн. Б кармаанаасаа1 ширхэг 20.000 төгрөг баахан базсан 1000 болон 500 төгрөгнүүд дундаас 20.000 төгрөгийг нь суглаж авч өгөөд чи дэлгүүр яваад пиво, тамхи аваад ир гэхээр нь би гэрийнхээ тавчик өмсөөд Я-тай хамт дэлгүүрлүү явж 1 пиво 1 парламент тамхи хайрцгийг худалдаж авсан. Буцаж орж ирээд бид 4 пивоо ууж байгаад унтсан. Б 05 цаг өнгөрч байхад намайг сэрээгээд мань чинь одоо удахгүй Эрээн гарна гэж хэлэхээр нь би Б-г гаргаж өгчихөөд буцаж орж ирээд унтсан гэжээ. /хх-ийн 52/

-2017 оны 08 сарын 06-нд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед Б, М гэх залуутай манайд орж ирсэн. Б-н хар өнгийн шортны баруун тал нь урагдсан, дотортой шоон хээтэй өвлийн сорочктой орж ирэхээр нь би нэг жинсэн өмдөн шорт, тэлээ, цагаан фудболка зэрэг хувцаснуудаа өмсүүлсэн. Тэр үед Б нэг шил 0,5 л Улаанбаатар архи, 1 шил шампанк авч орж ирээд архи, пиво задлаад ууж байгаад тэр 2 тамхинд явчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Б,  М хоёр манайхаас гарч яваад 2 цаг 45 минутын үед буцаад орж ирэхдээ 1 пиво, алфенголд шоколад, Sckorise-ны шоколад, резинэн чихэр бас урт ууттай зөөлөн чихэр авч орж ирсэн. Манай хүүхдэд чихэр, шоколадаа өгөөд 5000 төгрөг хүүхдийн гарт бариулсан. Архи, пивнуудаа ууж дууссан бүгд манайд унтаж амарсан. Өглөө 2017 оны 08 сарын 05-ны 09 цагт М бид 2-ийг Б пивонд яваад ир гэж хэлээд явуулаад бид 2 1 шил лаазтэй пиво, 1 шил 0,5 л экс архи авч уугаад явж байгаад цагдаад баригдсан гэжээ. /хх-ийн 56/ 

-Гэрч О.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 сарын 04-ний өдөр би ажилтай байж байгаад оройны 23 цагт эмийн сангаа хаасан. Манай эмийн сан 2 давхар хаалгатай ба би түүнийг давхараар нь түгжиж явсан. Өнөөдөр өглөө 08 цаг 40 минутын орчимд ажил дээрээ ирээд эмийн сангаа нээтэл цонхон дээр байсан 2-3 хайрцагтай барагшуун газарт уначихсан байсан. Тэгээд би дотогш ороод лангуун доор байрлах шүүгээний нүдэнд байсан хариулт мөнгөө үзэхэд байхгүй байсан. Тэгээд эмийн санд хулгай орсон талаар цагдаад дуудлага өгчихөөд, дараа нь захирал Д-д мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 54-55/

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1-4/

-  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10,16, 21, 27 /

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15, 17-21, 24-26, 29-30 /

-А ХХК-ны хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 71/

- Шинжээчийн 93 тоот дүгнэлт /хх-ийн 80/

- Ирнэий үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105, 107/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 108-119/

-Хохирлын тооцоо /хх-ийн 134/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 135-139/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 08 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 84 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Н.Э-н эзэмшлийн “С” ХХК-ны “О” хүнсний дэлгүүрийн бичиг хэрэг, тоглоомын тасгийн гаднах вакум цонхоор буюу орон байранд нэвтрэн 40.000 төгрөгийг хулгайлсан,

2017 оны 08 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Г.Д-н эзэмшлийн “Т” фарм эмийн сангийн цонхоор буюу орон байранд нэвтэрч касснаас 200.000 төгрөг хулгайлсан,

2017 оны 08 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Ц.Б-н эзэмшлийн “Д” нэртэй ногооны дэлгүүрийн цонхоор нэвтэрч 6 кг бууз, бэлэн мөнгө 340.000 төгрөг, 400 юань зэргийг хулгайлж нийт 252.184 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 08 сарын 31-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух иргэн Ц.А-н гэрийн хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч нокио 1100 маркийн гар утас, эссэ тамхи 1 хайрцаг, бэлнээр 80.000 төгрөг хулгайлж нийт 267.970 төгрөгийн хохирол    учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Э, Г.Д, Ц.Б, Ц.А, гэрч У.Б-н “...2017 оны 08 сарын 03-04-нд шилжих шөнө 01 цаг болж байхад манай гэрээс гараад явсан. 02 цагийн орчим удалгүй өмсөж явсан бор өнгийн сандалаа алга болгосон гээд орж ирсэн. ...Б кармаанаасаа 1 ширхэг 20.000 төгрөг баахан базсан 1000 болон 500 төгрөгнүүд дундаас 20.000 төгрөгийг нь суглаж авч өгөөд чи дэлгүүр яваад пиво, тамхи аваад ир гэхээр нь би гэрийнхээ тавчик өмсөөд Я-тай хамт дэлгүүрлүү явж 1 пиво 1 парламент тамхи хайрцгийг худалдаж авсан. Буцаж орж ирээд бид 4 пивоо ууж байгаад унтсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 52/, мөн 2017 оны 08 сарын 06-нд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед Б, М гэх залуутай манайд орж ирсэн. Б-н хар өнгийн шортны баруун тал нь урагдсан, дотортой шоон хээтэй өвлийн сорочктой орж ирсэн. Тэр үед Б нэг шил 0,5 л Улаанбаатар архи, 1 шил шампанск авч орж ирээд архи, пиво задлаад ууж байгаад тэр 2 тамхинд явчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Б, М хоёр манайхаас гарч яваад 2 цаг 45 минутын үед буцаад орж ирэхдээ 1 пиво, алфенголд шоколад, Sckorise-ны шоколад, резинэн чихэр бас урт ууттай зөөлөн чихэр авч орж ирсэн. Манай хүүхдэд чимэр, шоколадаа өгөөд 5000 төгрөг хүүхдийн гарт бариулсан.” гэх мэдүүлэг, гэрч О.С-н “...өглөө 08 цаг 40 минутын орчимд ажил дээрээ ирээд эмийн сангаа нээтэл цонхон дээр байсан 2-3 хайрцагтай барагшуун газарт уначихсан байсан. Тэгээд би дотогш ороод лангуун доор байрлах шүүгээний нүдэнд байсан хариулт мөнгөө үзэхэд байхгүй байсан.” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзлээ.

Хохирогч Г.Д нь өөрт учирсан 200.000 төгрөгийн, хохирогч Н.Э нь өөрт учирсан 40.000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Б-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг, 2017 оны 11 сарын 13-ны 74 тоот магадлалаар оногдуулсан 2 жил 2 сар 28 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 07 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 /дөрөв / жил 07 /долоо/ сар 02 /хоёр/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 4 жил 07 сар 02 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-н цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн.510.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-с 267.970 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-т, 525.184 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 1 ширхэг өрөөсөн сандаалыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлжсүгэй.

8. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.Б