Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 158/2018/0005/З |
Дугаар | 44 |
Огноо | 2019-02-18 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 44
Я.Сийн нэхэмжлэлтэй, Б аймгийн Б сумын ЗД-д
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ
Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Бугат сумын “Цохионы өвөр”-т байрлах 2.5 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Я.Сийн нэр дээр шилжүүлэхийг Бугат сумын Засаг даргад даалгах, Бугат сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамж, уг захирамжид үндэслэн олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0621 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гуравдагч этгээд: Ж.И, өмгөөлөгч Т.С нар,
Нэхэмжлэгч Я.Сийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус баримтлан иргэн Я.Сээс Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Булган аймгийн Бугат сумын “Цохионы өвөр”-т байрлах 2.5 га газрын газар эзэмших эрхийг Я.Сийн нэр дээр шилжүүлэхийг Бугат сумын Засаг даргад даалгах, Бугат сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамжид үндэслэн олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0621 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл” гэснийг хасч, өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0621 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Бугат сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамж, уг захирамжид үндэслэн олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлэхдээ 2018 оны 9 дүгээр сарын 04, 09-ний өдрүүдэд “Бугат сумын Баянтөгөл багийн нутаг дэвсгэр “Цохионы өвөр”-т байрлах өөрийн эзэмшлийн 5 га газрыг хариуцагч Я.Сийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх” шаардлага бүхий Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түдгэлзсэн хэргээс тухайн захиргааны хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13/08 тоот Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, хавсралт болон Бугат сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/160 дугаар захирамж, хавсралтын хамт нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтүүдийг хангаагүй.
5. Дээрх үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гуравдагч этгээдтэй уг газрыг шилжүүлэхдээ харилцан тохиролцсон гэх нотлох баримт байхгүй гэж дурдсан. Энэ талаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Булган аймгийн Цагдаагийн газарт мэдүүлсэн “2.5 га газрыг Я.Сд эзэмшүүлж, гэрчилгээтэй болгохыг хүлээн зөвшөөрсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг, мөн Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...уг чацарганы талбайг хамтран ашиглах талаар бид амаар тохиролцон ажиллаж байсан...” гэх тайлбар зэрэг баримтуудаар өөрийн эзэмшлийн 5 га газраас холбогдох хэсгийг нэхэмжлэгч Я.С надад шилжүүлж өгнө гэж байсан болох нь нотлогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.
7. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь маргаан бүхий 2.5 га газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар хариуцагч захиргааны байгууллагад хандаж хүсэлт гаргаж байгаагүй...” гэж дурдсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас захиргааны байгууллагад хандаж, хүсэлт гаргаж байсан эсэх талаарх лавлагаа, үзлэг зэрэг ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Мөн магадлалд “шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ: “...дээрх захиргааны актууд нь нэхэмжлэгч Я.Сийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, түүнд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэжээ. Гэтэл миний бие гуравдагч этгээд Ж.Итай 5 жилийн хугацаанд сэлбэг болон мод тарих, байгууламж барих явцад байнга өөрийн эрх, ашиг хэтийн шуналаа эрхэм болгож Я.С намайг ашиглаж ирсэн бөгөөд хамтран ажиллах хугацааны явцад 3 шатны шүүх хурлаар миний эд хөрөнгө, эд материалыг аман гэрээгээр залилан газар эзэмшигч гэдгээр хаацайлан, бүх талаар эрх ашгийг минь зөрчсөөр ирсэн байдаг. Тухайлбал, шүүхээр шийдүүлсэн асуудлаа шийдвэр гэж үзэхгүй Я.С намайг миний нэр хүнд, бие сэтгэл, санаа, эдийн засгаар ажиллах орчныг хаан түгжиж, хашаа барих, газар дээр минь /өгнө гэсэн/ хүч түрэн мод, төмс тарьж, өвс буулгаж, амбаар, сав суурилуулах, миний төрсөн ах Я.Шийн газар руу хашаагаа тэлж 150 м.кв хашаалж авсан, орц хаалга хааж, хууль бусаар авсан хашаандаа Булган аймгийн Бугат сумын иргэн бус айлуудад байшин, өвөлжөө барьж, мод бут, жимсний үйл ажиллагаанд зориулсан эд хөрөнгө, мотор, өвс хадагч, тэргэнцэр, усалгааны бусад эд материал хөрөнгө /дундын эзэмшил/ зэргийг өөрийн төмөр амбаарт цоожлоод 2 жил ашиглуулахгүй байгаа.
8.1. Миний бие Ж.Итай мод тарих, хамтран ажиллах, хашаа барих, худаг гаргах, мод тарих, цахилгааны байгууламж барих дундын хэрэглээний багаж, тоног төхөөрөмж авсан зэрэгт 20 орчим сая төгрөг зарцуулж, 5 жилийн хугацааны ажлын хөлс, татвар, түрээс, манаачийн цалин зэрэгт 37 сая төгрөг зарцуулсан зэргийг Ж.И нь албан ёсны гэрээ байгуулаагүй, аман гэрээ хүчингүй гэдгээр намайг хохироож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж ирсэн. Эцэст нь намайг хуурч мэхэлсэн тул Булган аймгийн Цагдаагийн газарт хандаж Ж.И надад 2.5 га газар өгч, эзэмшүүлнэ гэж хэлсэн нь үнэн гэсэн тайлбар өгсөн байдаг. Мөн намайг өмнө 3 шатны шүүхээр оруулж хамтран ажилласан хугацааны бүтээн байгуулсан байгууламжууд дундын өмч гэдгийг шүүх тогтоож зарим байгууламжийг Ж.Ид шилжүүлэн өгч Я.С миний бие 50 хувийн мөнгийг авсан байдаг. Ж.И нь анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснийг өөрийн хүсэл зорилгод хүрээгүй гэж намайг маш олон талаар хохироож, гомдоож, дарамталж, гүтгэж, миний нэр хүнд эрх ашгийг зөрчиж байгаа тул Ж.Игаас надад өгнө гэсэн 2.5 га газрыг эзэмших гэрчилгээ хүсээд байгаа юм. Намайг ашиглаж 5 жил модны тариалалтад анхнаасаа газар өгөх хүсэл зориг байгаагүй гэсэн нь мөн л залилан ирсэн нь тодорхой юм. Гуравдагч этгээд нь удаа дараагийн шүүх хурлаар өмгөөлөгч Т.Сгийн хамт намайг гүтгэж, дарамталж байсан нь шүүх хуралдааны бичлэгээс харагдана. Гэтэл давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байгаад гомдолтой байна.
9. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0621 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулсан, хэргийн үйл баримтыг зөв дүгнэн Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт, шийдлийг хэвээр үлдээж, гагцхүү хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зүйтэй байна.
12. Нэхэмжлэгч Я.С нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа “Бугат сумын “Цохионы өвөр”-т байрлах 2.5 га газрын газар эзэмших эрхийг Я.Сийн нэр дээр шилжүүлэхийг сумын Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон бөгөөд үүнээсээ үүдэн мөн сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар захирамж /гуравдагч этгээд Ж.Ид газар эзэмших эрх олгосон/, уг захирамжид үндэслэн олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
13. Иймээс энэхүү маргааныг шийдвэрлэхийн тулд шүүх эхэлж хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль ёсны эсэх буюу нэхэмжлэгчийн даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй эсэхийг шалгах ба энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв юм.
14. Тодруулбал, газар эзэмших эрх шилжүүлэх харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан, гэтэл уг хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болоогүй буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр хуульд заасан журмын дагуу хүсэлт, холбогдох бусад баримтыг хариуцагчид гаргаж өгөөгүй байхад “эрх шилжүүлсэн захиргааны актыг гаргаагүй” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
15. Анхан шатны шүүх Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түдгэлзсэн хэргээс энэхүү захиргааны хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13/08 тоот Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, хавсралт болон Бугат сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/160 дугаар захирамж, хавсралтын хамт нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтүүдийг хангаагүй нь /Тодорхойлох хэсгийн 4/, мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байсан эсэх талаарх лавлагаа, үзлэг зэрэг ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгатай /Тодорхойлох хэсгийн 7/ нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол огт үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 49 дүгээр захирамжаар эдгээр нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг баримтууд нь хэрэгт авагдсан, үзлэг хийгдсэн байна.
16. Мөн тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан “мэдүүлэг”, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт байгаа “тайлбар” гэх баримт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрх шилжүүлэхэд шаардагдах хууль ёсны бичиг баримт биш, иймээс эдгээрийг үндэслэн нэхэмжлэгчийн шаардаж буй актыг гаргаагүй нь хариуцагчийн буруу биш тул энэхүү гомдлыг хангах үндэслэлгүй.
17. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын бусад үндэслэл нь /Тодорхойлох хэсгийн 8/ хэргийн үйл баримттай холбоотой байх тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0621 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ