Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2020/00662/И |
Дугаар | 38 |
Огноо | 2020-10-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 38
З.П-ын хүсэлттэй иргэний хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, шүүгч Л.Н, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00910 дугаар шийдвэртэй
З.П-ын хүсэлттэй
ажиллаж байсан байдал болон хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг
хүсэлт гаргагч З.П, түүний өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн хүсэлтэд: “Миний бие П нь 1986 онд 10 дугаар ангиа төгсөөд 1987.04.12-ны өдөр Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд нормчноор ажилд орж 1992.03.24-ний өдрийг хүртэл нормчноор тасралтгүй ажилласан. Сангийн аж ахуй нь бүтцийн өөрчлөлтөд ороод Мандах, Багахангай гэж 2 хуваагдсан. Би Багахангай ХК-д 1992.03.25-1994.12.31-ний өдрийг хүртэл нормчноор ажилласан. Би сангийн аж ахуйд ч, Багахангай ХК-д ч нормчин хийж байхдаа үтрэм дээр будаа ачиж буулгах, зэрлэг зулгаах, үтрэмийн талбайн шороо цэвэрлэх ажлуудыг хийж байсан. Би 1986-2009 оныг хүртэл Мандахын Баасанбаттай хамт амьдарч байсан ба бид тухайн үед гэрлэлтээ батлуулж байгаагүй. Бидний дундаас 5 хүүхэд төрсөн. Малчнаар тэтгэвэрт орох гэтэл малын А данс нөхөр М.Б-ын нэр дээр гарч байгаа тул хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1987.04.12-1992.03.24-ний өдрийг хүртэл, Багахангай ХК-д 1992.03.25-1994.12.31-ний өдрийг хүртэл тус тус нормчноор ажиллаж байсан байдлыг болон Мандахын Баасанбаттай 1986.08 дугаар сараас 2009 оныг хүртэл хамтын амьдралтай байсныг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00910 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан З.П-ын Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1987 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан З.П-ыг М.Б-тай 1986 оны 08 дугаар сараас 2009 оныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч З.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч З.П, түүний өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 910 тоот шийдвэрээр З.П-ын шүүхэд хандаж гаргасан тус аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1987.04.12-1992.03.25-ны өдрийг хүртэл, Багахангай ХК-д 1992.03.25-1994.12.31-ний өдрийг хүртэл тус тус нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргээс 1992.03.25-1994.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд Багахангай ХК-д нормчноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь хамт ажиллаж байсан гэрч Ц, Б нараас хууль сануулж мэдүүлэг авсан ба хамт ажиллаж байснаа мэдүүлээд байхад тэдний мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Үйл явдлыг лавтай сайн мэдэж буй гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна. Иймээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 910 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан З.Пын хүсэлтийг бүрэн хангаж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхбаяр заавал оролцох хүсэлттэй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.П ажиллаж байсан байдал болон хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Анхан шатны шүүх хүсэлтийн шаардлагаас хамтын амьдралтай байсныг болон 1987.04.12-1992.03.24-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт байгаа баримтын хүрээнд 1987.04.12-1992.03.24 хүртэл ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд 1992.03.25-1994.12.31 хүртэл ажиллаж байснаа хангалттай нотолж чадаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлжээ.
Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч Г.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00910 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Б
ШҮҮГЧИД Л.Н
Г.У