Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Г.М

Хохирогч Ж.Э

Гэрч Д.А

Шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б.Т, Д овогт Ч.Б нарт холбогдох эрүүгийн 1720001950087 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, элчит тэрэгний туслах машинист мэргэжилтэй, Замын-Үүд эргэх Депод ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Ч овогт Б.Т,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуриараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, Аав, ээж, ах, ахын эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Д овогт Ч.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч  Б.Т, Ч.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза баарны гадна Ж.Э-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: “....2017 оны 12-р сарын 08-ны өдөр орой 20 цагт ажилаасаа тараад гэртээ байж байхад манай найз Б миний гар утас руу залгаад Д-нд байна, хүрээд ир ганц нэг пиво уухуу гэхээр нь гэрээсээ 21 цагийн үед гараад Д-нд очоод бид гурав нэг хүн нь 3 ширхэг лаазтай пиво ууж дуусаад Д-н гэрээс 23 цаг өнгөрч байхад найз Ч.Б-н хамт Замын-Үүд сумын 1-р баг “Булган” Плаза бааранд ороод нэг нэг лаазтай пиво авч ууж байгаад Б найзын хамт бие засах гээд нойлд ороход манай найз А-н найз гээд байгаа Э гэх хүнтэй яг ямар шалгаанаар муудсаныг мэдэхгүй байна, тэр хоёр хоорондоо муудахаар нь би найзынхаа хамт баарнаас гарахад бид хоёрын араас А, Э нар гарч ирээд манай найз Б-тэй Э гэх залуу муудаж маргалдаад баарны үүдэнд хоорондоо зууралдаад зогсож байсан ба би тэр хоёрыг салгахад Э гэх залуу надруу уурандаа дайраад бид хоёр хоорондоо барьцалдах үед миний хүзүүны зүүн тал, эрүүны доод хэсэг, хацарны зүүн талын хэсгийг хумсаараа ураад цохих гээд дайрахаар нь би Э-н нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн ба тухайн үед Э газар дээшээ харан унасан. Тэгээд Э босч ирээд хэрүүл хийгээд байж байтал удалгүй цагдаагийн алба хаагч ирээд Б, Э бид гурвыг цагдаагийн хэлтэс рүү авч ирээд Б бид хоёрыг эрүүлжүүлэхэд оруулсан. Тухайн үед найз Б бид хоёр баарны нойлд ороход хоёр тасалгаатай нойлны цаад талаас А гэх залуу нь гарч ирэхэд зөрөөд Э гэх залуу нь нойлд ороод манай найз Б наад талын хаалгатай нойл руу ороод Э манай найз Б хоёр нойлоос зэрэг гарч ирээд хоорондоо муудалцаад маргалдаад байсан. Тухайн үед би гаднаас орж ирдэг нойлын хаалганы тэнд зогсож байсан учир яг юунаас болж хоорондоо маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд Б-г аваад гараад явсан. Тухайн үед танидаггүй байсан. Тухайн үед надаас 0.70 %-тай гарч байсан. Би Э-н толгойн хэсэг рүү нэг удаа мөргөхөд газар унаад өгсөн. Тухайн залууг гараараа цохиж зодсон асуудал байхгүй. Э-д гар утас байсан талаар мэдэхгүй байна. Гар утсыг харсан үзсэн зүйл байхгүй. Б, Э хоёрын дундуур орж салгаад Б-г “Булган” плаза баaрны үүдэнд үлдээгээд би Э-тай зууралцаад явж цаашаа явж байхад Э миний хүзүүны зүүн тал, эрүүны доод хэсэг, хацарны зүүн талын хэсгийг хумсаараа ураад цохих гээд дайрахаар нь би Э-н нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн ба тухайн үед Э газар дээшээ харан унасан гэжээ. /хх-ийн 46-47/       

-Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 12 сарын 08-ны орой найз Т-н гэрт хүний 3, 3 пиво уусан ба тэдний гэрээс 23 цаг өнгөрөөгөөл гарч Замын-Үүд сумын 1-р баг Булган плаза баар орсон. Тэгээд бид 2 тэндээ нэг нэг пиво захиалж уугаад сууж байснаа бид хоёр цуг 00-ын өрөөнд ороход дотор нь 2 залуу байсан ба би 00-ын шээлтүүрлүү орох гээд явахдаа Э гээд залуутай хальт шүргэлцсэн ба тухайн үед бид 2 хоорондоо хэл амаараа маргалдсан. Тэгээд бид хоёр баарнаас гараад үүдэнд нь зогсож байхад 00-д байсан 2 залуу араас гарч ирсэн ба гарч ирэхээр нь би түүнрүү “чи 00-д яаж байгаа юм гээд” хоорондоо дахиад маргалдаж хоорондоо барьцалдаж авсан ба тухайн үедээ бид 2 хоорондоо ганц нэг цохилцсон. Тэгээд байж байхад манай найз Т бид хоёрыг салгасан ба тухайн үед манай найзруу Э хэл ам хийгээд дайраад байхаар нь Т түүнийг нүүрлүү нь мөргөхөд нөгөө залуу газар дээшээ харж унасан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа ирээд хэлтэс дээр авч ирж Т бид хоёрыг доошоо эрүүлжүүлэхэд хийсэн гэжээ. /хх-ийн 21-22 /    

- Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 12-р сарын 08-ны орой 23 цаг 40 минутын орчимд Замын-Үүд сумын 1-р баг Булган плаза бааранд ороод 1 лааз пиво захиалаад уугаад сууж байхад 10 минутын дараа А найзтайгаа тааралдсан. Тэгээд А-тай хамт 00-ын өрөөнд ороод бие засаад зогсож байхад үл таних 2 залуу орж ирээд жижиг биетэй залуу нь холд би бие засмаар байна гэж хэлэхээр нь би бие засаж байна гэж хэлэхэд бид хоёр хоорондоо тэрнээс болж маргалдахад жижиг биетэй залуу нь гараад ир алнаа гээд бааранд үсчээд дайраад байхаар нь хэл амаа олчих байх гэж бодоод баарнаас араас нь гараад ирэхэд” жижиг биетэй залуу нь над руу дайрхаар нь манай найз А бид хоёрыг салгаж байхад том биетэй залуу намайг урдаас толгойгоороо миний хамар дээр мөргөөд нэг гар орж ирээд миний хамарлуу дахин цохиход би хойшоо газар саваад унаад босоод ирэхэд жижиг биетэй залуу нь миний хамарлуу толгойн хэсэг газарлуу 3-4 удаа цохисон. Тэгээд найз А тэр хоёрыг болиулах гэж нийлээд үзэхэд тэр хоёр алнаа гээд дайраад байж байхад цагдаа нар ирэх үед жижиг биетэй залуу дахин дайраад алнаа гээд байсан. Тэгээд би гуравыг цагдаагийн машинд суулгаад цагдаа руу явж байхад машин дотор жижиг биетэй залуу нь дахин цохиод байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд тэр хоёрыг эрүүлжүүлэх байранд оруулсан миний нүүр хэсэг цус болсон байсан учир би эмнэлэг орж биеэ үзүүлээд буцаад цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгчихөөд гэртээ харьсан. Намайг 00-д бие засаж байхад жижиг залуу нь би бие засмаар нь гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр залуу ална гараад ир гээд бааранд томроод байсан. Тэр хоёр залууг танихгүй, ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй. Миний бодлоор тэр хоёр залуу нилээд халамцуу байсан. Тэр хоёр залуугийн өндөр залууг нь Т, намхан залууг нь Б гэсэн нэртэй юм байналээ. Би тухайн үед бааранд орж ирээд 1 лаазтай пиво захиалаад уугаад сууж байсан. Бааранд орж ирэхээс өмнө ямар нэг газар архи согтууруулах ундаа уугаагүй байсан. Цагдаа дээр ирээд Драйгер багаж үлээхэд 0.76% гарсан. Тухайн үед миний толгой тархи өвдөөд, хамарны цус тогтохгүй цус гоожоод амьсгалаж болохгүй, толгойгоороо савж унасан болохоор хамаг би хөндүүр байсан. Тэгээд би маргааш нь Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт рентгенд харуулхад хамар чинь хоёр хугарсан байна чи хот явсан дээр гэхээр нь маргааш нь өөрийн эзэмшилийн 37-15 УБ3 улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот явж ГСҮТөвд үзүүлэхэд чиний хамар хугарсан хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлж байсан. Одоо орой болгон хамар битүүрээд унтаж болохгүй, толгой өвдөөд байдаг болсон. Тухайн үед баарны гадаа гарч ирэхэд миний өмдны кармен дотор гар утас байсан. Тэгээд цагдаа дээр ирэхэд миний гар утас алга болсон талаар мэдсэн. Би тэр өдөр хамгийн сүүлд дугаарлуу залгасан гэж бодож байна. Самсунг Ж-7 маркийн 2 сим уншдаг цагаан өнгийн гэртэй гар утас байсан. Би гар утсаа 2016 онд Мобикомоос лизэнгээр 400.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 400.000 мянган төгрөгөөр үнэлэж байна. Санал гомдолтой байна. Би эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хоёр хугарсан байна гэсэн хагалгаанд орох шаардлагатай байна. Жижиг биетэй залууд бас гомдолтой байна. Хамгийн түрүүнд жижиг залуу нь хэрүүл ам хийсэн мөн хамар дээр нэмж цохиосон. Улаанбаатар хот явсан замын зардал 386.000 мянган төгрөг, гар утас 400.000 мянган төгрөг хамаранд яг хэдэн төгрөгний хагалгааны зардал гарах талд дээр мэдэхгүй байна энэ зардлаа гаргуулж авна гэжээ. /хх-ийн 9-10/

-Хохирогч Ж.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэргийн улмаас миний хамрын яс 2 газраа хугарсан байна гэсэн. Цаашид хагалгаанд орох шаардлагатай байгаа. Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 386.000 төгрөг, зодоон болох үед гар утас алга болсон гар утасыг би 400.000 төгрөг үнэлсэн, хэрэгт 350.000 төгрөгөөр үнэлсэн байсан эдгээрийг нэхэмжилнэ гэв.

-Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 12-р сарын 08-ны 00 цаг орчимд “Булган” плаза бааранд ороход найз Э-тай тааралдаaд xамт нойл орчихоод гэр лүү нь хүргэж өгөх зорилготой “Булган” плаза баaрны нойлд ороход хоёр өрөө бүхий хоёр тасалгаатай нойл байсан. Тэгээд ертөнцийн зүгээр баруун талын хаалгатай нойл руу Э ороод би нойл дотор гараа угаагаад байж байхад гаднаас намхан биетэй, өндөр биетэй хоёр залуу орж ирээд Э-н орсон нойл руу намхан биетэй залуу нь би бие засмаар байна чи наанаасаа гар гэхэд Э би бие засч байна шүү дээ гэхэд та хоёр яах гээд байна гараад ирье учраа олье гээд баарны нойлоос тэр хоёр гараад явах дээр нь бид хоёр араас нь баарнаас гараад ирэхэд Э намхан биетэй залуутай муудалцаад байхаар нь өндөр биетэй залуу бид хоёр дундуур нь ороод та хоёр яах гээд байгаа юм бэ гээд салгаад байж байхад өндөр биетэй залуу нь Э-г цааш нь авч яваад толгойгоороо хамар луу нь мөргөөд гараараа савхад газар унанаад өгсөн. Тэгээд Э-г босоод ирэхэд дээр нь би өндөр биетэй залууг холдуулж байхад намхан биетэй залуу нь Э-н хамар тус газар 3-4 удаа цохиж байхаар нь би салгаж дийлэхгүй байхаар нь Замын-Үүд сумын байгаа БНХАУ-ын консулын харуулд очиж хэлсэн. Тухайн үед цагдаагаар гарч байсан А, З хоёр байхаар нь гадаа хүмүүс зодолдоод би салгаж дийлэхгүй байна гээд тэр хоёрыг аваад гараад очиход намхан биетэй залуу нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага биелүүлэхгүй дайраад байсан. Тэгээд салгаад байж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд тэр гурвыг аваад цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Намайг өндөр залууг нь холдуулаад байж байхад Э-н хамарны хэсэгт 3-4 удаа гараараа цохиж байсан. Яг аль гараа аль хэсэгт нь цохиж байсан талаар мэдэхгүй. Тэгээд Э-н хамарнаас цус гараад нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Тухайн үед Э гар утастай байсан. Тэгээд баарнаас гараад тэр хоёртой муудалцаад Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд гар утас алга болсон байна гэж ярьж байсан. Нэрийг тухайн үед мэдэхгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд өндөр биетэй залуу нь Т намхан биетэй залуу нь Б гэж мэдсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд Драйгер үлээдлгэхэд Т 0,80%, 0,70% тай гарч байсан болохоор нилээд согтууруулах ундаа хэргэлсэн байсан гэжээ. /хх-ийн 11-13/

-Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 11-р сарын 15-ны өдрөөс нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Булган” нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүр урсгал засвар хийж байгаа учир тухайн байгууллагын гадна талын 3 ширхэг хяналтын камер түр хугацаагаар ажиллахгүй байгаа. Би энэ талаар 2017 оны 12-р сарын 09-ны шөнө 02 цагийн үед манай байгууллагын ажилчид тухайн өдрийн орлого манай гэрт авчирч өгөх үед гадна талд зодоон болсон талаар хэлсэн. Ямар хүмүүс зодолдсон талаар мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 23-24/

- Гэрч Р.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 12-р сарын 08-ны өдөр Замын-Үүд сумын БНХАУ-ын консулын газар харуулын цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад шөнө 01 цаг орчимд ажил дээр байж байхад Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.А нь “Булган” плаза баарны гадаа үүдэнд хүмүүс хоорондоо зодолдоод байна гэж дуудлага өгөх үед “Булган” плаза баарны гадаа очиход 3 залуу хоорондоо маргалдаж зодолдсон байдалтай байсан ба Э гэх залуугийн хамарнаас нь цус гарсан байдалтай нүүр хэсэг нь цус болсон байхаар нь Э-с юу болсон бэ гэж асуухад Т намайг хамар луу цохихоод хамарнаас цус гарсан талаар ярьсан. Тэгээд тэр хооронд Э гэх залуу руу Б гэх залуу дайраад байхаар нь та нар больцгоо гэхэд тэд нар цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага биелүүлж байсан. Тэгээд би цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгч Эргүүлийн цагдаа дэд ахлагч Д, ахлагч Б.Ү нар хөдөлгөөнт эргүүлийн машинтэй ирэхэд Т, Б, Э нарыг дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгч явуулсан. Тухайн үед “Булган” плаза баарны гадаа дуудлагын дагуу очиход Э гэх залуу руу Т, Б нар хэрүүл ам хийгээд дайрч байхаар нь тэд нарыг салгаж тэрнээс хойш хоорондоо маргалдаж зодолдсон асуудал гараагүй Э гэх залууг эмнэлэгт үзүүлэх талаар ярьж, цагдаагийн алба хаагч нарыг ирэхэд хүлээлгэн өгсөн. Дуудлагаар очиход яг юунаас болж маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Маргалдаад зодолдоод дууссан байсан. Э-г хамар луу хэн нь хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна. Э-с асуухад Т миний хамар луу цохьсон талаар тухайн үед ярьж байсан. Тэр гурав архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан. Дунд зэргийн согтолтой байсан гэжээ. /хх-ийн 25-26/

- Шинжээч П.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Иргэн Ж.Э-н биед хамар ясны хугарал, зүүн шанаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон. Хамар ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, энэ гэмтэл нь хатуу мохоос зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба хатуу мохоо зүйл нь хүний гар хөл, гарт барьсан эд зүйл, мод чулуу зэргийг хамааруулан авч үзэж болно Энэ хоёр үйлдлийн аль алинд нь үүсэх боломжтой. Тухайн үйлдэл нэг цаг хугацаанд буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн учир ялгах боломжгүй. Ж.Э-н хамар өмнө нь хуучин хугарал тогтоодоогүй. Т-н нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 41/

- Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04/003 дугаартай дүгнэлт: 1.Ж.Э-н биед хамар ясны хугарал, зүүн шанаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн шанаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болно. 4.Ж.Э-н хамарт хуучин хугарал тогтоогдсонгүй. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 36/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-4/

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 6/

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах тухай /хх-ийн 7/

- Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15/

- Шинжээчийн 04/002 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/

- Шинжээчийн 127 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/

-Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 50-55/

- Зургаар таньж олуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 58-59/

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 60-61/

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авч хавтаст хэрэгт тусгах тухай /хх-ийн 64-67/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 72-74/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч  Б.Т, Ч.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза баарны гадна хохирогч Ж.Э-г цохиж хамар ясны хугарал, зүүн шанаа орчимд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Э-н “...А-тай хамт 00-ын өрөөнд ороод бие засаад зогсож байхад үл таних 2 залуу орж ирээд жижиг биетэй залуу нь холд би бие засмаар байна гэж хэлэхээр нь би бие засаж байна гэж хэлэхэд бид хоёр хоорондоо тэрнээс болж маргалдахад жижиг биетэй залуу нь гараад ир алнаа гээд бааранд үсчээд дайраад байхаар нь хэл амаа олчих байх гэж бодоод баарнаас араас нь гараад ирэхэд” жижиг биетэй залуу нь над руу дайрхаар нь манай найз А бид хоёрыг салгаж байхад том биетэй залуу намайг урдаас толгойгоороо миний хамар дээр мөргөөд нэг гар орж ирээд миний хамарлуу дахин цохиход би хойшоо газар саваад унаад босоод ирэхэд жижиг биетэй залуу нь миний хамарлуу толгойн хэсэг газарлуу 3-4 удаа цохисон.” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “...бид хоёр араас нь баарнаас гараад ирэхэд Э намхан биетэй залуутай муудалцаад байхаар нь өндөр биетэй залуу бид хоёр дундуур нь ороод та хоёр яах гээд байгаа юм бэ гээд салгаад байж байхад өндөр биетэй залуу нь Э-г цааш нь авч яваад толгойгоороо хамар луу нь мөргөөд гараараа савхад газар унанаад өгсөн. Тэгээд Э-г босоод ирэхэд дээр нь би өндөр биетэй залууг холдуулж байхад намхан биетэй залуу нь Э-н хамар тус газар 3-4 удаа цохиж байхаар нь би салгаж дийлэхгүй байхаар нь Замын-Үүд сумын байгаа БНХАУ-ын консулын харуулд очиж хэлсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 04/003 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Д.А-н мэдүүлэг, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 60-61/ зэрэг нотох баримтуудаар тогтоогдож байна.

Шүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзлээ.

Хохирлын хувьд: Хохирогч Ж.Э нь Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэхэд зарцуулсан 386.493 төгрөг, гар утасны 400.000 төгрөг, цаашид хагалгаанд орох эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэдэг. Хавтаст хэргийн 65 дугаар хуудсан дахь баримтуудаар 364.999 төгрөгийн 2017 оны 12 сарын 9-12-ны хооронд авсан бензиний зардлын баримтыг үнэлж үүнийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Харин 21.494 төгрөгийн Туул ресторанаас авсан хоолны зардлыг шүүгдэгч нар нь хариуцан төлөх үндэслэлгүй, тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Түүнчлэн хохирогч Ж.Э нь өөрийн Самсунг НӨТЕ-4 маркийн гар утсыг зодуулах үедээ гээсэн гэх мэдүүлгийг өгдөг, шүүгдэгч нар нь гар утасны төлбөрийг төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн зэргийг үндэслэн шинжээчийн 127 дугаартай дүгнэлтээр үнэлэгдсэн 350.000 төгрөгийг, нийт /364.999+350.000/ 714.999 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  Хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Б.Т, Д овогт Ч.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг  2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Б нараас 714.999 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ж.Э-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21.494 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Э.Б