Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00046

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00046

Увс аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Д би,

Нэхэмжлэгч: Увс аймгийн ..... сумын .. дугаар баг, Билиг худалдааны төвийн .... давхарт оршин суух, 5......8 регистрийн дугаартай С ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн ...... сумын ...... дүгээр баг, ........ гудамж, ....... тоотод оршин суух, регистрийн дугаар ..........., С ургийн овогт Цгийн Хд холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,137,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Х нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/150.....47 тоот зээлийн гэрээ байгуулан 3,900,000 төгрөгийн зээл авсан. Зээл болон хүүгийн төлбөрт 4 удаагийн төлөлтөөр 2,690,000 төгрөгийн төлөлт хийсэн. /зээлийн дансны хуулга хавсаргав/ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөлтөө хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 99......87 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд хариуцагч Ц.Хтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,901,485.51 (нэг сая есөн зуун нэгэн мянга дөрвөн зуун наян таван төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг, хүүгийн төлбөр 213,755.49 (хоёр зуун арван гурван мянга долоон зуун тавин таван төгрөг дөчин есөн мөнгө) нэмэгдүүлэн хүүгийн төлбөр 10,134 (арван мянга нэг зуун гучин дөрөв) төгрөг нотариатын хураамж 12,500 (арван хоёр мянга таван зуу) төгрөг, нийт 2,137,875 (хоёр сая нэг зуун гучин долоо мянга найман зуун далан таван) төгрөгийг хариуцагчаас гаргуулж С... ББСБ хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2,137,875 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.. ББСБ ХХК нь хариуцагч Ц.Х холбогдуулан худалдах- зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,137,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С... ББСБ ХХК зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,137,875 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахыг хариуцагч Ц.Х хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна..

Хариуцагч Ц.Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,156 төгрөгийн тал хувь болох 24,578 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,578 төгрөг, хариуцагч Ц.Хаас 24,578 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,137,875 төгрөгийг хариуцагч Ц.Х 2025 оны 6 дугаар сард төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,578 төгрөг, хариуцагч Ц.Хаас 24,578 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С..... ББСБ ХХК-д олгож, 24,578 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ