| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2025/00026/И |
| Дугаар | 318/ШШ2025/00028 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ...... сумын ..... дугаар баг, ....... гудамжны ...... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Х ургийн овогт Цгийн Цийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1970 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн. Би 1989 онд Говь-Алтай аймгийн Ангаах ухааны дунд сургуулийг төгсөж ирээд Увс аймгийн Түргэн сумын Дэлгэрмөрөн бригадад хүний бага эмчээр 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс томилогдон 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Түргэн сумын Хүн эмнэлэгт биеийн тамир, чийрэгжүүлэлт хариуцсан бага эмч, сувилагч зэрэг ажлуудыг хийж байгаад 1997 оны 2 дугаар сараас одоог хүртэл статистикч бага эмчээр ажиллаж байгаа. Увс аймгийн Архивын тасгаас 1989 оноос 1995 оны тушаал шүүлгэхэд ажилд орсон тушаал гарсан боловч ажлаас чөлөөлсөн, ажил хооронд шилжсэн тушаал олдохгүй байна. Цалингийн баримт бас гарахгүй байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд дээрх онуудын бичиг баримт, тушаал байхгүй учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт бригадын бага эмч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 451 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Түргэн сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд батлах тухай” тушаал, 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тушаал, хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 1993 онд авахуулж байсан гэх фото зураг, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, гэрч Н.Д, М.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Н.Д, М.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ц.Цийн ХААТР-1 маягт зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Цийн 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Цийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэрт бичсэн тушаал балласан тодорхой бус, архивын орсон, гарсан тушаал байхгүй тул 1989-1994 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 451 дүгээр тодорхойлолтод: Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлгийн 1989-1994 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Цгийн Цд холбогдох баримтыг гаргах боломжгүй болно гэжээ.
3.3. Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц.Цд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь усанд норж, зарим онуудын бичилт арилсан байна.
3.4. Увс аймгийн Түргэн сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд батлах тухай” тушаалаар Ц.Цийг дүн бүртгэгч байга эмчээр 8 дугаар сарын 08-ны өдрөөс авч ажиллуулсан, 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тушаал, хавсралтаар Ц.Цийг 50 төгрөгөөр шагнасан, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалаар Ц.Цд 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө олгосон байна.
3.5. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд: Ц.Цийн 1995 оны 01 дүгээр сараас 1999 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлжээ.
3.6. Ц.Цийн ХААТР-1 маягтад “Овог, нэр – Цгийн Ц, 1985 онд Анагаах ухааны дунд сургуульд орсон, 3 дугаар курсын оюутан” гэж бүртгэсэн байна.
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Д, М.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Д “Миний бие 1973 оноос 2010 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт эмийн санчаар ажиллаж байгаад 2010 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Намайг Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт эмийн санчаар ажиллаж байх үед буюу 1989 оноос 1992 он хүртэл Ц.Ц нь тус сумын Хүн эмнэлэгт 1 дүгээр бригад буюу Дэлгэрмөрөн бригадын бага эмчээр ажиллах болсон. Ц.Ц нь бригадын эмчээр 1-3 жил гаруй хугацаанд ажиллаад сумын төвийн Хүн эмнэлэгт бага эмч, сувилагчаар ажилласан. Дараа нь Ц.Ц оныг нь сайн санахгүй байна статистикч эмчээр ажиллаж байсан ба одоог хүртэл тус сумын эмнэлэгт статистикч эмчээр ажиллаж байгаа” гэж, гэрч М.О “Миний бие 1976 оноос 2013 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байгаад 2013 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Миний бие Намайг Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байх үед буюу 1989 оноос байхаа /оныг сайн санахгүй байна/ Ц.Ц нь Говь-Алтайн анагаах ухааны дунд сургуулийг төгсөж ирээд тус сумын Хүн эмнэлэгт 1 дүгээр бригад буюу Дэлгэрмөрөн бригадын бага эмчээр ажиллах болсон. Ц.Ц нь бригадын эмчээр 1-2 жил гаруй хугацаанд ажиллаад сумын төвийн Хүн эмнэлэгт бага эмч, сувилагчаар ажилласан. Дараа нь Ц.Ц дүн бүртгэгчээр ажиллаж байсан ба одоог хүртэл тус сумын эмнэлэгт дүн бүртгэгчээр ажиллаж байгаа. Миний бие нь Ц.Цтэй Түргэн сумын Хүн эмнэлэгт олон жил хамт ажиллаж байсан тул түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Түргэн сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд батлах тухай” тушаал, 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тушаал, хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.
4. Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц.Цд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь усанд норж, зарим онуудын бичилт арилсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Ц.Цийн ХААТР-1 маягтад Анагаах ухааны дунд сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул тухайн баримтыг 1989-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлд хамааралгүй гэж үзлээ.
Ц.Ц нь 1993 онд авахуулж байсан гэх фото зургийг зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул фото зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохоор баярын бичиг, сайшаалын үнэмлэхийг ирүүлсэн байна. Тухайн баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр Түргэн сумын Хүн эмнэлгийн хамт олныг шагнасан байх ба баримтад Ц.Цийн нэр бичигдээгүй байх тул шагналын баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч Ц.Ц “Увс аймгийн Түргэн сумын Дэлгэрмөрөн бригадад хүний бага эмчээр 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс томилогдон 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Түргэн сумын Хүн эмнэлэгт биеийн тамир, чийрэгжүүлэлт хариуцсан бага эмч, сувилагч зэрэг ажлуудыг хийж байгаад 1997 оны 2 дугаар сараас одоог хүртэл статистикч бага эмчээр ажиллаж байгаа” гэх тайлбар нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Ц.Ц 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Түргэн сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд батлах тухай” тушаал, 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тушаал, хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал, гэрч Н.Д, М.О нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хар сарлагт ургийн овогт Цэндсүрэнгийн Ц.Цийн 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х ургийн овогт Цгийн Цийн 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Хүн эмнэлэгт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ