| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00701/И |
| Дугаар | 318/ШШ2025/00027 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00027
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 318/ШШ2025/00027 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ....... сумын ..... дүгээр баг, .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, регистрийн дугаар ......., Т ургийн овогт Бын Жгийн,
Б.Этай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 19... онд төрсөн. Би 2002 оноос Улаанбаатар хотод МУБИС-д суралцаж байх хугацаандаа 2005 онд Б.Этай гэр бүл болж 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Г, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Б нарыг төрүүлсэн. Бид 15 жил хамтран амьдрахдаа Улаанбаатар хот болон Булган аймгийн .... сум, Увс аймгийн ... сумын ..... дүгээр багийн ..... тоотод тус тус оршин сууж амьдарч байсан. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Учир нь Б.Э өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй. Улмаар нөхөр маань 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан ба насанд хүрээгүй хүү Э.Бд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч гэрлэлтийн баталгаагүй, Б.Этай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд нөхөр Б.Этай 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, охин Э.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Э.Бгийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 12 багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 403 дугаар тодорхойлолт, гэрч Н.Тийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Тийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Жгийн Б.Этай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Жгийн хамтран амьдарч байсан Б.Эр нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан тул хүү Э.Бд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй учир хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Жгийн Б.Этай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаанд: Бын Жгийн гэрлэлт бүртгэгдээгүй гэжээ.
2.2. Охин Э.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Э.Бгийн төрсний гэрчилгээний хуулбарт эцэг Бын Э, эх Бын Ж гэж бичигджээ.
2.3. Б.Эын нас барсны гэрчилгээний хуулбарт: 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нас барсан талаар бүртгэгдсэн байна.
2.4. Увс аймгийн ..... сумын 12 багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 403 дугаар тодорхойлолтод: Тус багийн иргэн Бын Ж ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг нь үнэн болно гэжээ.
2.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Тийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Т Б.Ж, Б.Э нар 2005 онд гэр бүл болсон. Тухайн үед би Б.Жгийн дүү Б.Атай үерхэж байсан. 2005 оны 4 дүгээр сард (өдрийг сайн санахгүй байна) тэдний хуриманд очсон (ах дүүгээ уриад цай өгсөн). 2006 онд том охин Э.Г, 2013 онд бага хүү Э.Б нар мэндэлсэн. Б.Ж, Б.Э нар хотод амьдарч байгаад 2010 онд Булган аймгийн Хялганат суманд ажиллаж амьдрахаар явсан. Тухайн үед хөрөө рам дээр ажиллаж байсан. Б.Ж, Б.Э нар 2014 онд байх (оныг тодорхой санахгүй байна) Булган аймгийн Хялганат сумаас хот руу шилжиж ирсэн. Б.Ж, Б.Э нар тогтвор суурьшилтай нэг газар ажиллаж амьдарч байгаагүй гэж мэдүүлсэн байна.
3. Б.Ж, Б.Э нар гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар тогтоогдож байна.
Улмаар Б.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нас баржээ.
Б.Ж, Б.Э нар 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан ба 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Г, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Б нарыг төрүүлж өсгөсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Э.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Бгийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Н.Тийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар Б.Ж, Б.Э нарыг 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч регистрийн дугаар ....., Т ургийн овогт Бын Ж, регистрийн дугаар ........, Х ургийн овогт Баын Э нарыг 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ