| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00683/И |
| Дугаар | 318/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00026
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 318/ШШ2025/00026 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ...... сумын ...... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ......, Б ургийн овогт Бын Нын,
Г.Нийг нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Б.Н 2008 оны ... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсай гэх газар автомашины осолд орж нас барсан. Тухайн үед бид уй гашуутай байсан тул охиноо нас барсан талаар бүртгүүлж бичиг баримт аваагүй. Энэ талаар Улсын бүртгэлийн хэлтсээс шүүлгэхэд мөн гараагүй. Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч охин Б.Нийн нас барсны бүртгэл шаардлагатай гэсэн. Иймд миний охин Б.Ннийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсай гэх газар нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, охин Б.Нийн төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 288 дугаар тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Нын охин Г.Нийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсай гэх газар нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Нын охин Г.Нийг нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Г.Нийн төрсний бүртгэлийн лавлагаанд: 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд Бийн Г, Бын Н нарын гэр бүлд төрснөөр бүртгэгджээ.
2.2. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт: Шүүгдэгч А.Б нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт Арсай гэх газар байрлах хадлангийн талбай дээр автомашин жолоодож өвс ачих явцдаа хайхрамжгүй хандсаны улмаас 7 настай охин Г.Нийг автомашины чиргүүлээр дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь ... нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн байна.
2.3. Нэхэмжлэгч нь охин Г.Нийн нас барсны бүртгэлийг Увс аймгийн Улаангом сумын нас барсны бүртгэлээс шүүлгэсэн боловч гараагүй гэх хариуг өгсөн байна.
3. Б.Г, Б.Н нарын охин Г.Н 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн ба 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт Арсай гэх газар нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
4. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар З ургийн овогт Гын Нийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт Арсай гэх газар нас барсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар З ургийн овогт Гын Нийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт Арсай гэх газар нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ