| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00560/И |
| Дугаар | 318/ШШ2025/00016 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 318/ШШ2025/00016
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 318/ШШ2025/00016 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ....дугаар хороолол, ... дугаар байрны .... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Т ургийн овогт Цийн Тгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Т нь 1969 оны ... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Аав Ч.Ц, ээж Т.Ж нар нь бүх насаараа Увс аймгийн Улаангом суманд ажиллаж, амьдарч байсан. Бага насаа аав, ээжийн гар дээр өсөж 3-7 насандаа цэцэрлэгт хүмүүжиж, 8-18 насандаа Улаангом сумын Ерөнхий боловсролын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд сурч 1988 онд 10 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшиж тухайн жилийн элсэлтийн шалгалтад орсон боловч хүсэж, бэлдэж байсан хуваариа авч чадаагүй. Улмаар 1988 онд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн конторт түр ажилтнаар ажилд орж хөдөлмөр эрхэлж байгаад тухайн үеийн 2 жил ажиллаад конкурст ордог шаардлагыг хангаж 1990 онд дахин элсэлтийн ерөнхий шалгалт өгч Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн байгалийн ухааны тэнхимийн математикийн багшийн ангид элсэн орсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн конторт түр ажилтнаар ажилд орж зарлага, конторын туслах, тоо бүртгэгч зэрэг ажил, хөдөлмөр эрхэлж байсан үеийн баримт болох тушаал, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Мөн аймгийн архиваас холбогдох лавлагаа гараагүй, архив шатсан. Иймд Ц.Тгийн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд түр ажилтнаар ажилд орж зарлага, конторын туслах, тоо бүртгэгч зэрэг хөдөлмөр эрхэлж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, 16372 дугаартай дипломын хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 315 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 091/04 дүгээр тодорхойлолт, гэрч С.Б, Ж.Б нарын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр, ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс С.Б, Ж.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ц.Тийн ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Тийн 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд зарлага, конторын туслах, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Тгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 315 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн 1988-1990 оны тушаалын баримтыг судалж үзэхэд Цийн Тд холбогдох баримт гараагүй болно гэжээ.
3.2. Увс аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 091/04 дүгээр тодорхойлолтод: 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Авто зам ХК-ийн вагончигт гал түймэр гарсан бөгөөд тус гал түймэрт вагончиг дотор байсан техник, механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээнүүд болон байгууллагын бичиг баримтуудын хамт шатсан нь үнэн болно гэжээ.
3.3. Ц.Тгийн ХААТР-1 маягтад Овог, нэр Цийн Т, 1977 онд 10 жилийн 1 дүгээр сургуульд орсон, 10 дугаар ангийн сурагч гэж бүртгэсэн байна.
3.4. Ц.Тгийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэхэд Ажилладаг байгууллага 10 жилийн 1 дүгээр сургууль, эрхэлдэг ажил багш гэж бүртгэгджээ.
3.5. Ц.Тгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод: 1995-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон, 2006-2024 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлснийг тодорхойлсон байна.
3.6. Ц.Тгийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарт: Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төгссөн, мөн 16372 дугаартай дипломын хуулбарт 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын багшийн их сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн талаар бичигджээ.
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Б, Ж.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Б Миний бие 1986 оноос 2004 он хүртэл Увс аймгийн Зам барилгын контор, Зам барилга ашиглалтын трест, Авто зам ХК, Мөнхжим ХХК-д нормчин, жолоочоор тус тус ажиллаж байсан. Увс аймгийн Зам барилгын контор нь 1987 оноос Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест гэх нэршилтэй болсон. Ц.Т нь 1988 оноос 1990 онд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд зарлага, туслах ажилтан, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. 1990 онд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест тарсан гэж, гэрч Ж.Б Миний бие 1983 оноос одоог хүртэл Увс аймгийн Зам барилгын контор, Зам барилга ашиглалтын трест, Авто зам ХК, Мөнхжим ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байна. Ц.Т нь 1988 оноос 1990 оны 7 дугаар сар хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд зарлага, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Ц.Т нь 1990 оноос Ховд их сургуулийн багшийн сургуульд элсэн суралцахаар болсон тул ажлаасаа гарсан гэж тус тус мэдүүлсэн байна.
4. Нэхэмжлэгчийн 1988-1990 онд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд ажиллаж байсан байдалтай холбоотой баримтыг Увс аймгийн Архивын тасгаас шүүлгэсэн боловч гараагүй байна.
Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Авто зам ХК болсон байх ба 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус компанийн бичиг баримтууд шатсан тул нэхэмжлэгч Ц.Т нь ажиллаж байсан байгууллагадаа хандан, тухайн нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүлгэх боломжгүй болжээ.
Ц.Тгийн 1995-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон, 2006-2024 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлснийг тодорхойлсон тодорхойлолт нь нэхэмжлэгчийн 1988-1990 онд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хамааралгүй байна. Мөн Ц.Тгийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын багшийн их сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн дипломын хуулбарыг энэхүү иргэний хэрэгт ач холбогдолгүй байна.
Ц.Тгийн ХААТР-1 маягтад нэхэмжлэгчийн 10 жилийн 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангид суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байна. Мөн Ц.Тгийн гэрлэснийг бүртгэх анкет 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн байх ба анкетад 10 жилийн 1 дүгээр сургуульд багшилж байх үеийн мэдээлэл бичигдсэн байх тул эдгээр баримтуудыг 1988-1990 онд ажиллж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлд хамааралгүй гэж үзлээ.
Гэрч С.Б, Ж.Б нарын Ц.Т 1988 оноос 1990 оны 7 дугаар сар хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд туслах ажилтан, тоо бүртгэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
5. Ийнхүү хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Т нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд зарлага, конторын туслах, тоо бүртгэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тайжиуд ургийн овогт Цийн Тгийн 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд зарлага, конторын туслах, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ