Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 39

 

                                       Л.Б-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00936 дугаар шийдвэртэй

Л.Бы хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлт болон хүсэлт гаргагчийн тайлбарт: “Л.Б нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд илгээлтээр гарч ажиллаж байгаад Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Төв аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 265 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар халагдсан. Цэргээс халагдаж нутагтаа ирээд Хөдөлмөрч нэгдэлд 1987.07.01-ний өдрөөс нэгдэл тартал тасралтгүй тракторын жолоочоор ажилласан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Одоо Л.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд ажиллаж байсантай холбоотой баримт дутуугаас шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд түүнийг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1981.07.01-1984.06.07-ны өдөр хүртэл малчнаар, 1987.07.01-1990.01.01-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00936 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Б-ы Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00936 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь хүсэлт гаргагч Л.Б нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч 1984.06.07-ны өдөр хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Энэ хугацаан дахь нотлох баримт дутуу, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас шүүхэд хандаж байхад шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүй хүсэлт гаргагчийн эрх ашгийг хохироож, түүний ажилласан байдлын зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна. Гэрч Я.Б, Т.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй Л.Бы илгээлтээр гарч мал маллаж байсныг үгүйсгэж байгаа нь хүсэлт гаргагчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул 1981.07.01-1984.07.01-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Анхан шатны шүүх хүсэлтээс 1987.07.01-1990.01.01-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981.07.01-1984.06.07-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хүсэлтээс 1981.07.01-1984.06.07-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... дээрх хугацаанд ажиллаж байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Харин шүүх 1987.07.01-1990.01.01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг зөв тогтоосон боловч хүсэлт гаргагчийн эрхэлж байсан ажлыг буруу тогтоосон алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Давж заалдах журмаар гаргасан хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хүсэлт гаргагч 1981.07.01-1984.06.07-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй тул “шийдвэрт өөрчлөлт оруулах” тухай хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрт хүсэлт гаргагчийн эрхэлж байсан ажлыг зөвтгөн өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ажилчнаар” гэснийг “тракторчнаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хүсэлт гаргагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

                ШҮҮГЧИД                                      Д.Б

                                                                       В.Ц