Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

    Д.Г-д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Турдыбек, шүүгдэгч Д.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Бунжаа, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2335000000013 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Д-гийн Г, регистрийн дугаар:.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.Г нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс  17-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт байрлах гэртээ зэвсэг хэрэглэж, хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г-ийнүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Х овогт Д-гийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Д.Г-д таван жил хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-д оногдуулсан таван жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн хор уршигт 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.С нь 6.200.000 төгрөгөөс давсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

-шүүгдэгч Д.Гээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 26 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дээл 1 ширхэг, хөх өнгийн майк 1 ширхэг, малгайтай ногоон өнгийн цамц 1 ширхэг, пудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Сд буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар тус тус шийдвэрлэжээ. 

  4. Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

4.1. Хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч Б.С нь насанд хүрсэн хэдий ч одоо болтол гэр бүлгүй залуу бөгөөд Б.Гансүхтэй ойр дотно биш, урьд өмнө гэр орноор нь ирж байгаагүй, зүс таних төдий хүн бөгөөд тухайн орой архи ууж байхдаа шүүгдэгчийн 12 настай охиныг хараад “ танай охин хөөрхөн охин болсон байна, ахынхаа утасны дугаарыг авах уу, фесбүүк хаяг чинь юу бэ” гэх зэргээр шууд өдөн хоргоосон бэлгийн шинжтэй асуултуудыг 2-3 удаа асуусан байх бөгөөд аав Гансүх нь согтоогүй байсан тул болсон явдлыг ойлгож шууд эхний үгийн дараа “чи юу яриад байна, бага насны хүүхдэд ийм зүйл ярьж болохгүй,  чи манайхаас гарч зайл” гэж хэлээд түүнийг хөөж, зодох гэхэд хамт байсан Д.Б нь хориглож,  зодоон болгоогүй.

 Үүний дараа хохирогч дахин энэ үгээ давтан хэлээд, дахин маргаан үүссэн. Энэ бүх явдал болоод байхад хохирогч нь гэрээс гарч яваагүй ба шүүгдэгч Д.Г  “энэ залуу намайг согтоогоод, дараа нь яах гээд байна, эхнэр гэрт байхгүй байдаг гэсэн юм бодоод сууж байсан гэдэг. Гэтэл 1 харахад цаашаа хараад хэвтэж байгаа охины араас хараад үг хэлээд сууж байсан, тэгээд юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд “та хүн хутгалчихлаа” гэж хэлэхэд  миний гарт хутга байсан” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг гэрч Д.Б нотолдог. Анхан шатны шүүх Б.Гансүхийн тухайн үед санаа сэтгэл цочрон давчидсан гэх талаар гэрч Д.Б-ийн мэдүүлгээс өөр баримт алга гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Яагаад гэвэл тухайн гэрт байсан 4 хүнээс Ч.А нь “би тасраад унтаж байсан, юу болсныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн, хохирогч мэдүүлэгтээ “ өөрийг нь гэнэт хутгалсан” талаар мэдүүлсэн, харин үлдэх 2 хүн болох гэрч Д.Б, шүүгдэгч Б.Гансүх нарын мэдүүлэг ижил байна. Мөн анхан шатны шүүх гэрч Д.Б-ийн мэдүүлгийг үгүйсгэх ямар баримт хэрэгт байгааг дурьдаагүй болно. Өөрөөр хэлбэл, санаа сэтгэл цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэл зүйн нарийн үйлдэл бөгөөд тухайн үед хамт байсан хүн ажиглан тогтоож болох ч түүнийг илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвар олон хүнд байхгүй юм.

Тийм байхад анхан шатны шүүх хэрэг гарах үед хохирогч Б.С нь шүүгдэгчийн бага насны охинд хандаж, зүй бус асуулт асуусан нь тогтоогдсон байх боловч түүний үр дагавар нь шүүгдэгчийн сэтгэхүйд хортойгоор нөлөөлсний улмаас шүүгдэгч санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, хохирогч Б.С-ыг хутгалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

4.2. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа өмгөөлөгч миний бие гаргасан саналдаа: “Д.Г нь үйл баримтаа буюу хүн хутгалсан үйлдлээ анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.4-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй, шүүх уг саналыг хүлээж аваагүй үндэслэлээ “шүүгдэгч Б.Гансүх болон түүний өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлээ өөрчлүүлэхээр маргасан тул хөнгөрүүлэхгүй” гэж дүгнэжээ.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...шударга шүүхээр шүүлгэх...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байдаг.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-т шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан. Яллах дүгнэлтэд дурьдсан зүйл, хэсгийг шууд хүлээн зөвшөөрөх нь шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх, мэтгэлцэх зарчмыг ашиглах боломжгүй болгож байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэм буруутайд тооцож байгаатай ижил утгатай болно.

 Энэ нь хэргээ хүлээж хуульд заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд хүлээн зөвшөөрөхгүй байсан ч зүйлчлэл дээр маргах боломжгүй болгож шударга шүүхээр шийдүүлэх эрхээ алдахад хүрч байна. Шүүгдэгч нь хэргээ анхнаас нь хүлээн зөвшөөрөх гэдгийг үйл баримтаа хүлээн зөвшөөрөх гэж ойлгох нь зүйтэй. Гэтэл анхан шатны шүүх үйл баримтаа хүлээн зөвшөөрсөн боловч хэргийн зүйлчлэлийг  хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээс татгалзаж байгаа нь хууль буруу хэрэглсэн гэж үзэхээр байна. Иймд гомдлыг хүлээн авч хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

  5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцээгүй гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс үзэж, дараах 2 үндэслэлээр гомдол гаргасан.

 5.1. Д.Г нь зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл зүйл хэрэглэж бусдын бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулсан гэх шүүхийн дүгнэлт буруу байна. Өөрөөр хэлбэл санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх ижил төстэй гэмт хэргээс ялган зүйлчилж чадаагүй. Тийм учраас хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой гэж маргасан.

Анхан шатны шүүх дүгнэлтдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.С нь шүүгдэгчийн бага насны охин руу чиглэсэн зүй бус харьцаанд шүүгдэгч нь уурлаж, хохирогчтой маргалдах үед гэрч Д.Б түүнийг болиулсан. Гэтэл Д.Г нь хэсэг хугацааны дараа Б.С руу очиж тавагтай махан дээр байсан хутга авч түүнийг хутгалсан үйл явдал нь эргэлзээгүй тогтоогдсон бөгөөд гэрч Д.Б-ийн мэдүүлэгт “та хүн хутгалчихлаа гэж хэлэхэд би хүн хутгалсан юм уу гэж хэлсэн” гэх мэдүүлгээс өөрөөр хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүд гэмт хэрэг үйлдэх үед Д.Г-ийнсэтгэл санаа хүчтэй цочирдон давчдаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нөхцөл байдал тусгагдаагүй байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтээр Б.С нь Д.Г-ийнохинтой зүй бус харьцсан, үүний улмаас Д.Г уурлаж Б.Стай маргалдсан гэдгийг дүгнэсэн байна.

Мөн хэсэг хугацааны дараа Б.С руу очиж махан дээр байсан хутга авсан гэж үзсэн хэсэг нь эргэлзээтэй байна. Нэг гэрчийн мэдүүлгийг мэдүүлэг биш гэж үзэхгүй. Гэрч Д.Б-ийн мэдүүлэгт маргаан дууссаны дараа 10-15 минутын дараа Д.Г зогсож байгаад хутгалсан гэж хэлсэн. Харин шүүхээс Д.Гийг тайвширсныхаа дараа 10-15 минутын дараа хохирогчийг хутгалсан гэж үзсэн.

Анхан шатны шүүх нь 3 дахь үйл баримтыг тооцохгүй байна. Д.Г нь урьд нь 2 удаа ийм асуудал болсонд уурлаад дотроо бодоод сууж байсан. Энэ хүмүүс яах гээд байна, надад архи өгч согтоочхоод бага насны хүүхдийг яах гэж байна. Ядаж ээж нь байхгүй байна гэж бодоод сууж байсан гэдэг. Ийм байдалтай сууж байхад Б.С-ыг охинтойгоо хардах дараагийн үйлдэл гараад ирсэн учраас хоромхон зуур уурлаж хутгалсан. Үүнээс өмнө нь 2 удаа маргалдаж байхад Д.Г нь урд байсан тавагтай махан дээр байсан хутга авч айлгаж сүрдүүлсэн, далайсан гэх зүйл хавтаст хэрэгт байдаггүй. Тухайн үед шүүгдэгч нь Б.С-ыг гэмтээж, биед нь халдая гэсэн санаа зорилготой байгаагүй. Д.Г-ийнсэтгэл санаа хэвийн бус байсан. 3 дахь үйлдлийн дараа шүүгдэгчийн сэтгэцийн байдал алдагдсан учраас урьд нь хийсэн үйлдлээсээ өөр үйлдэл хийсэн.

Ийм учраас сэтгэцийн байдал нь хоромхон зуур алдагдсан гэж дүгнэх боломжтой. Мөрдөн байцаагч нь ойролцоо адил төрлийн хэргээс ялган зүйлчлэхийн тулд энэ ялгааг нарийн тодорхой гаргаж байцаагаагүй. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд дутуу хийгдсэн ажиллагаагаар Д.Г-ийнэрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Анхан шатны шүүх нь зөвхөн Д.Б-ийн мэдүүлгээс өөр сэтгэл санаа нь цочирдон давчидсан гэдгийг нотолж байгаа баримт байхгүй байна гэж дүгнэсэн. Ингэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа нөхцөл байдлаа дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг удирдлага болгож саналаа гаргасан. Шүүгдэгч болон  өмгөөлөгч миний бие эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасан боловч шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлээ өөрчлүүлэхээр маргаж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзсэн.

Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан. Яагаад гэвэл хүн бүр хуульч биш учраас ямар хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэхийг мэдэхгүй. Тийм учраас өмгөөлөгчөөс тусламж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан.

Нотлох баримтыг үнэн зөв эсэхийг шүүх тогтооно гэж Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан. Гэтэл прокурор, мөрдөн байцаагч нь урьдчилан нотлох баримтыг үнэн, зөв гэж үнэлсэн. Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргах нь зүй ёсны хэрэг. Д.Г нь анхнаасаа гэртээ болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь гэм буруугаа хүлээж байгаа хэлбэр. Прокурорын үйлдсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч шүүхэд орж ирвэл шударга шүүхээр шүүлгэх эрхээ алдана. Хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн боловч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна гэж дүгнээд 100 хувь бүгдийн хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзсэн. Тиймээс дээрхи 2 үндэслэлээр давж заалдсан гомдол гаргаснаа дэмжиж байна” гэв.

6. Шүүгдэгч Д.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.С-ыг гэмтээж хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр Д.Б, Б.С хоёр манайд ирж нэг шил архи уусан нь үнэн. Тухайн өдөр ямар нэгэн маргаан гаргахгүй байх боломж байсан. Б.С, Д.Б хоёр манайхаас явах гэж байтал Алтансүх хашаа давж орж ирэхдээ тал шил архитай ирсэн. Би түүнд “ манайх гэртээ архи уудаггүй, тэгээд ч чи бүтэн жил уулзаагүй найздаа тал шил архитай ирж байхаар гэртээ хариад наад архиа уучих гэж хэлэхэд тэр “чи энэ хүмүүсийн архийг уучхаад, миний авч ирсэн архийг яагаад уудаггүй юм бэ”  гэж хэлээд үгэнд ороогүй.

Б.С тэр тал шил архийг тойруулж тэд нар ууцгаасан. Тэр архийг надад өгөх гээд шахахад би “тал шил архи уудаггүй, манай эхнэр ирэх гэж байгаа. Та нар гэртээ хариад ууцгаачих” гэж хэлээд гуйсан. Тэр үед Б.С архиндаа их халсан байсан. Би өөрөө сүүлийн тэр архинаас сэжиглээд уугаагүй. Тэр архи нь дуусах дөхчихсөн, манай охин орны хажууд утсаараа оролдоод зогсож байтал Б.С “ахынхаа дугаар авах уу” гэж хэлэхэд нь би “ одоо явах гэж байгаа юм чинь”  гэж бодоод  үг хэлээгүй.

Дахиад байж байгаад С “ ахынхаа дугаар авах уу, танай охин хөөрхөн болсон байна” гэж хэлэхээр нь дургүй хүрээд “ миний 12 настай охин чиний нүдэнд яаж харагдаад байна” гэж хэлээд би уурласан. Манай гэрт С нь орж ирж байгаагүй учраас манай хүүхдүүд танихгүй. Үүнээс болоод  би “та нар явцгаа, одоо би архи уухгүй” гэснээс маргалдсан. Намайг уурлаад ч явахгүй болохоор нь зодоод явуулъя гэж бодсон. Тэр үед Б бид хоёрыг хоёр удаа салгасан. Үүний дараа би тайвшраад Б бид хоёр юм яриад сууж байсан. Манай охин дүү нараа унтуулчхаад орон дээрээ хэвтэж байтал С манай охин руу хараад “фейсбүүк хаягтай л байгаа” гэж хэлэх шиг болсон, тэгээд миний уур гэнэт хүрээд тэр хооронд яаснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Б миний араас татаад “та хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Нэг харахад миний гарт хутга байснаа мэдээд доошоо тавьсан. Тэгээд эмнэлэг энэ тэр болсон. Би энэ хүнийг гэмтээсэндээ харамсаж байна” гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Турдыбек гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Б, С нартай хамт архидан согтуурч, Стай маргалдаж байгаад түүний ар нуруу хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүхийн хувилбар, хохирогч С, гэрч Б нарын мэдүүлэг, гэрч Алтансүх, насанд хүрээгүй гэрч Хулан, гэрч Сэр-Од нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 562 дугаар дүгнэлт, нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч нарын 2023 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 173 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсаны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатнаас шүүхээс үүнд бодитой дүгнэлт хийгээгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл явдалд хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч нь шүүгдэгч Д.Гийг уурлуулах үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Хохирогчийн хэлсэн үгэнд Д.Г уурласан. Үүнийг санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсан гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдаж хүний халдашгүй байдалд халдах явдал нь гэнэт хоромхон зуур төрсөн байх ёстой. Энэ үед сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байх нөхцөл байдал байдаг. Д.Г-ийн12 настай охинтой нь хохирогч янз бүрийн юм ярихад уурласан. Энэ уурлаж байгаа байдлыг санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байдалд нөлөөлсөн байх ёстой. Энэ үед санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсаны улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэ талаар хууль зүйн дүгнэлт хийсэн. Шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль үндэслэлтэй ба хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэм буруугийн талаар маргаантай байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй талаар дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8. Хохирогч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Надад учруулсан хохирол, эмчилгээний зардлыг Гансүх нь төлж өгсөн учраас гомдол байхгүй. Миний бие нь эдгэрч урьдын адил хэвийн байдалдаа орсон тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

9. Хохирогчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шүүгдэгч нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн. Хохирогч С нь Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад ирсэн. Хохирогчийн ар гэрийнхэн шүүгдэгчийн зүгээс өгсөн хохирол, эмчилгээний зардлыг хүлээн авч эмчилгээ хийлгүүлсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 6.200.000 төгрөгийн хохирлыг төлж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Үүний дараа 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Хэргийн хохирогч, шүүгдэгч нар хоорондоо нэгнийгээ гэмтээснээ бүрэн хүлээж, хохирол төлбөрөө төлсөн. Хохирол төлбөрт өгсөн мөнгөөр Улаанбаатар хот болон Баян-өлгий аймаг руу явж эмчлүүлж хохирогчийн бие нь сайжирсан.

Шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйсан, тийм учраас шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нь надад гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан учраас хөл дээрээ боссон, эмчилгээгээ бүрэн хийлгэж хэвийн байдалд орсон гэж хэллээ.

Тийм учраас шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэж байна. Хохирогч болон түүний ар гэрийн зүгээс биеийн эрүүл мэндийн байдал нь сайжирсан гэдгийг дамжуулж хэлж өгөхийг хүссэн. Хохирогчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан таван жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ Тухайн хэрэг гардаг өдөр 4 хүн байсан. Үүний нэг нь хохирогч, нөгөө хүн нь тасраад уначихсан байсан гэрчээр үлдсэн хүн болох Бат-Эрдэнийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Г-ийнмэдүүлэг адилхан байдаг. Д.Г-ийнэхнэр гэртээ ирээд ярилцахад “Би хүн хутгалчихлаа гэж хэлээгүй, харин би хүн хутгалчихсан гэж байна” гэж эхнэртээ хэлсэн. Ийм баримтууд байдаг. Өөр төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд мөрдөгч сайн ажиллах ч ёстой байсан.

Гэрч Бат-Эрдэнийг үнэн, худлаа хэлж байгааг үгүйсгэсэн баримт байхгүй. Ийм учраас эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Эргэлзээ бүхий байдал үүсвэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Бат-Эрдэнийн мэдүүлгийг тогтоогдсон гэж үзэж байна. Тийм учраас зүйлчлэлийг өөрчлөх бүрэн боломжтой. Хохирогчийн хохирол, төлбөрт нийт 7.700.000 төгрөг төлсөн. Хохирогч нь 5.629.670 төгрөгийн хохирлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс 2.900.000 төгрөгийн хохирол нэхэмжлэх боломжтой гэж үзсэн. Хохирогчийн нэхэмжилснээс бага тогтоосон тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийг цаашид эмчлүүлэх шаардлагатай гэдгээ ойлгож байгаа учраас эмчилгээний зардлыг нь төлж байгаа. Д.Г нь 13 наснаас доош насны 4 хүүхэдтэй. Том охин нь бөөрний дутагдалтай, эхнэр нь зүрхний өвчтэй, аав нь нас барчихсан, ээж нь тэтгэвэртээ гарсан зэрэг амьдрал ахуй нь хүнд нөхцөл байдалтай байна.

Ийм учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Д.Г нь урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хохирогчийн гаргасан хүсэлт, хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүдэн гэмт хэрэг гарсан зэргийг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-д  холбогдох, 233000000013 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.  Шүүгдэгч Д.Г нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнө  Увс аймгийн Бөхмөрөн сумын  3 дугаар багт байрлах  гэртээ хохирогч Б.С-ыг  өөрийн 12 настай охин Г.Хд хандан “ямар хөөрхөн охин болоо вэ, ахынхаа утасны дугаарыг авах уу” гэж удаа дараа хэлсэнд дургүйцэн түүнтэй маргалдаж, улмаар тавагтай махан дээр байсан хутгыг авч, түүний нурууны ар хэсэгт хутгалж, нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь :

- хохирогч Б.С-ын  “ 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед найз Б утсаар залгаад “гараад ирээч, танай гэрийн гадна байна” гэхээр нь гэрээсээ гараад очсон чинь  би “ 1 шил архи авчихлаа, Д.Г ахын гэрт  очиж уух уу” гэхээр нь зөвшөөрч хамт явж байтал Д.Г  бид хоёрын араас морьтой ирээд бид хамт Д.Г-ийнгэрт очсон. Тэдний гэрт Д.Г-ийнэхнэр Лхамхүү, хүүхдүүд нь байсан. Б авч очсон архиа задлаад уугаад дуусаж байтал Д.Г-ийнэхнэр Лхамхүү шинэ жилийн арга хэмжээнд явсан. Бид мах идэх зуураа хурдан морины тухай  ярилцаад сууж байтал  Алтнаа гэх ах нилээд согтуу, 05 граммын “Ерөөл “  нэртэй тал шил архи авч ирснийг ууж байхад Алтнаа ах Д.Гийг  тал шил архи авч ирлээ гэж голоод байгаа юм уу гээд түүнтэй маргалдаж байсан, би нилээн согтсон байсан.

Тэр үед Д.Г-ийн охин Г.Х утсаараа юм үзэж байх шиг болохоор нь би Г.Х гэх охиныг “ ахынхаа дугаар авах юм уу, ахынхаа утасны дугаарыг авбал аваарай” гээд тоглоод хэлсэн чинь Д.Г  нь “Чиний дугаараар миний охин яах ёстой юм бэ, чи миний охиныг битгий доромжлоод байгаарай” гээд надад уурлаад намайг цохих гээд ойртоод ирэхэд нь Д.Б бид хоёрыг болиулсан. Энэ үйл явдал 2 удаа болсон бөгөөд 2 дахь удаад нь Д.Б надаас Д.Г-ийг холдуулчаад бид хоёрын голд сууж байхад миний урд Д.Г тулж ирээд гараа далайж байх шиг байсан. Тэр үед би юм бодолгүй доошоо хараад сууж байтал миний зүүн дал руу маш хүчтэй цохих шиг болохоор нь уурлаад ямар чанга цохиж байнаа гээд босоод ирэхэд Б “Гансүх чамайг хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 69-70 дугаар тал/,

- гэрч Д.Б-ийн  “...Д.Г ахын гэр лүү явж байгаад би нэг ангийн найз Б.Сүхтулгын гэрийн гадна ирээд түүнийг “ гараад ир” гэж дуудаад нэг шил архи байна, Д.Г ахын гэрт очиж ууя” гэж хэлэхэд зөвшөөрч, бид хоёр Гансүх ахын гэр лүү явж байтал Гансүх ах араас ирээд бид хамт тэдний гэрт очсон. Тэдний гэрт очиход эхнэр болон хүүхдүүд нь байсан. Эхнэр Лхамхүү бид нарт сээр, хавирга  чанаж өгөөд шинэ жилийн арга хэмжээнд явсан. Бид нар хоол идээд сууж байтал гаднаас Ч.А 0,5 литрийн хэмжээтэй, дээрээс нь бага зэрэг уусан архи авч орж ирж тойруулсан бөгөөд би бага зэрэг уусан, харин Ч.А, Б.С  хоёр тэр архийг бүгдийг уусан. Тэр хугацаанд Б.С нь Д.Г ахын охин Г.Х-г “чи хөөрхөн охин болсон байна ш дээ, ахынхаа дугаар авах юм уу, дугаар авбал аваарай” гээд хэд хэдэн удаа хэлсэн чинь Д.Г ах “миний охин дөнгөж 12 нас хүрч байгаа, яагаад миний охиныг болон намайг доромжлоод байна, манайхаас гарч зайл” гээд хоорондоо маргалдаад тэр хоёр хоорондоо зодолдох гээд босоод ирэхээр нь би 2 удаа болиулсан. Тэр үед гэрийн баруун талд байсан ширээний хажууд Б.С нь доошоо хараад сууж байтал Д.Г ах махан дээр байсан хутгыг аваад урд талд нь зогсож байгаад гараа далайж ирээд нуруу руу нь цохих шиг болсон бөгөөд арай хутгалчихаагүй байлгүй гэж бодоод Б.Сас “ зүгээр үү, юу болсон бэ” гээд асуухад Б.С нь миний цээж хөндүүрлээд зүүн хөл даагдахгүй, сонин болчихлоо” гэж хэлэхээр нь дээлнийх нь бүсийг тайлаад хувцсыг үзсэн чинь дээлийг нь зүсчихсэн, өмсөж байсан цамцных нь цаанаас цус гарч байсан. Би Д.Г ахад “та хүн хутгалчихлаа” гэж хэлсэн чинь “би нээрээ хүн хутгалчихсан юм уу” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн  74-76, 106-107 дахь тал/,

- гэрч Ч.А-ийн "... би нэлээн согтсон байсан тул унтаад сэрээд ирсэн чинь Б.Сүхтулгын дээл цамцыг Д.Б тайлж байсан бөгөөд юу болсон талаар асуухад Д.Г ах Б.С-ыг нуруу хэсэгт нь хутгалчихлаа гэж  хэлсэн...Б.С-ын зүүн дал хэсэгт хутга орсон бололтой сорви, мөн хувцас нь цус болсон байсан" гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн  77-79 дэх тал/,

- гэрч С.Лхагвасайхангийн "...Б.С “би хүнд хутгалуулчихлаа” гэж хэлсэн бөгөөд тухайн үед Б.С нь гишгэж чадахгүй байсан ...үзлэгийн өрөө рүү ороод хувцсыг нь тайлсан чинь өмсөж байсан дээл болон цамц, цэнхэр майк, саарал пудболк нь нэлэнхүйдээ цус болчихсон, зүүн далны доод хэсэгт хутгалсан сорвины ул мөр байсан тул ариутгал хийгээд 3-4 см орчим газар 3 удаа оёдол хийсэн..." гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн  80-82 дахь тал/,

- насанд хүрээгүй гэрч Г.Х-гийн "...2022 оны 12 дугаар сарын 16-ны орой аавтай хамт ирсэн улбар шар дээлтэй ах (Б.С) надыг “ахынхаа дугаар авах юмуу” гээд асуухаар нь би сонсоогүй юм шиг орон дээр сууж байсан чинь дахин надаас асуугаад байсан. Тэгээд манай аав Д.Г сонсчихоод “чи одоо яагаад миний охиноор оролдоод байгаа юм, жаахан охинд ийм юм хэлж болдог юм уу” гэж хэлээд маргалдсан бөгөөд тэр үед би дүү нараа аваад орон дээр цаашаа хараад хэвтэж байсан чинь аавтай хамт ирсэн танихгүй ах (Д.Б) “Д.Г ахаа,  та Б.С-ыг хутгалчихлаа ш дээ,  яаж байгаа юм бэ” гэж  хэлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн  83-85/,

- гэрч Л.С-ын "...Б нь Д.Г ах Б.С-ыг хутгалчихлаа, гялс яаралтай эмнэлэгт хүргээд өгөөч гэхээр нь очиход ...Б.С хөлөөрөө гишгэж чадахгүй байсан, бид нар түүнийг миний машинд суулгаад сумын Эрүүл мэндийн төвийн гадна хүргээд Энхбаяр эмнэлэг рүү үүрч оруулж өгсөн" гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн 86-87 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн кримналистикийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1дэх хх-ийн 122-126 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 562 дугаартай “Б.С-ын биед ар нуруунд сээрний 7,8 дугаар нугалмын арын сэртэнгийн зүүн хажуу хэсгээр зүүн неврал арк, фасет үе, гар холбоос, нугасны сувгийн зүсэгдэл, урагдал, нугасны эдийн няцрал, зүүн хөлийн саажилт бүхий хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /1 дэх хх-ийн  114-116 дахь тал/,

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 173 дугаартай “...Иргэн Б.Сүхтулгын биед сээр нурууны 7, 8 дугаар нугалмын арын сэртэнгийн зүүн хажуу хэсгээр нугасны хөндий рүү нэвтэрч нугас гэмтээсэн шарх, сээрний 8-р нугалмын зүүн фасет үений дээд сэртэнгийн ил хугарал, нугалам хоорондын шар холбоос, нугасны хатуу хальсны зүсэгдсэн шарх, нугасны эдийн няцрал, хаван, нурууны булчин хоорондын цус хуралт, зүүн хөлийн саажилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь Б.С-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн сээр нурууны МР1 шинжилгээний хариугаар тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ байна. Иргэн Б.-ын биед учирсан дээрх нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дэх хх-ийн 145-150 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.    

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч Б.Сүхтулгын биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Г-ийнүйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.   

6. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс  шүүгдэгч Д.Гийг гэм буруугүй талаар гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Шүүгдэгч Д.Г  болон түүний өмгөөлөгч  Д.Дамдинсүрэн нарын давж заалдах журмаар гаргасан: “ Шүүгдэгч Д.Г нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн байхад шүүх зүйлчлэлийг өөрчлөөгүй, гэрч Д.Б-ийн мэдүүлгийг үгүйсгэх ямар  нотлох баримт байгаа талаар шүүх дүгнээгүй, анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд  үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Мөн  шүүгдэгч Д.Г нь үйл баримтаа буюу хүн хутгалсан үйлдлээ  анхнаасаа  хүлээн зөвшөөрсөн байхад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвгөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч, ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг  хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

7.1. Шүүгдэгч Д.Г-ийнгэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн эрх зүйн онолоор санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Г нь түүний бага насны охин Г.Х-д хандсан хохирогчийн зүй бус хандлага, харилцаанд дургүйцэн уурлаж, хохирогчтой маргалдах үед тэдэнтэй хамт байсан Д.Б тэднийг 2 удаа болиулсан, хэсэг хугацааны дараа шүүгдэгч Д.Г тавагтай махан дээр байсан хутгыг авч, хохирогчийн ар нуруу хэсэгт хутгалсан үйл баримт  хэрэгт тогтоогдсон байна.

Энэ гэмт хэрэг гарахад хохирогч Б.Сүхтулгын зүй бус харьцаа, хандлага  нөлөөлсөн байх боловч шүүгдэгчийн сэтгэл санааг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт, нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдлаа алдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул түүний үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж  зүйлчлэх үндэслэлгүй байна.

7.2. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах зохицуулалтын суурь үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх урьтач нөхцөл бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлага нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх үед болон түүний өмнөх шатанд хэрэгжсэн байхыг ойлгоно. 

Түүнчлэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх гэдэгт: 1. Гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн байх, 2.хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, 3. гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг хамааруулж үздэг.  

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.С-ыг хутгалсан  үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байх боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн шүүх  хуралдаанд: “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйл болгож хөнгөрүүлэн өөрчлүүлэх” санал, дүгнэлт гаргаж, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх дээрхи шаардлагад нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс  үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

8. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх болон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доош хорих ял оногдуулах нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.             

7. Шүүгдэгч Д.Г-ийнанхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 03 дугаар сарын 15-ны  өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 54 /тавин дөрөв / хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гансүх, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Гансүхийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 54 /тавин дөрөв /  хоногийг   эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйгтус тус тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

            ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН