Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Г.М

Улсын яллагч  Э.Б

Өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 1720000390019 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 2 хүүхэд, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух,  Б овогт Л.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт төрсөн дүү Л.Б-тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би найз Б-н хамт гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ иртэл эгч Г сая Б согтуу нэг хүн дагуулж ирсэн. Тэр хүн нь миний утасны дугаарыг асуугаад танилцъя гээд байхаар нь хөөгөөд явуулчихлаа гэхээр нь гэрээсээ гараад дүү Б-г хайтал дэлгүүрээс гараад ирсэн. Тэгэхээр нь би Б-д хандан чи эгчийгээ юу гэж бодоод элдэв хүнд утасны дугаарыг нь өгдөг юм гээд загнаад бид хоорондоо маргалдсан. Тэгээд дүүдээ гар хүрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

-Хохирогч Л.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр У гэх залуутай 14 цагийн орчим гэртээ очсон би очихдоо архи уучихсан халамцуу байсан гэрт миний төрсөн эгч Г ганцаараа байсан У надаас чи эгчийнхээ утасны дугаарыг аваад өгчих гэсэн би түүнээс яах гэж байгаа юм бэ гэхэд бид хоёр нэг анги байсан юмаа гэхээр нь би гэрлүү ороод эгчийн утасны дугаарыг асуучихаад гэрээс гарч У-д утасны дугаарыг нь өгсөн хашааны урдаас У-тай салж гудамжны үзүүрт байх дэлгүүрлүү орчихоод гараад иртэл ах Б найз Б-н хамт хүрч ирээд Б ах намайг чи яагаад Б-н нүдний шилийг зүүгээд явчихсан юм бэ, чи эгчийгээ юу гэж бодоод дугаарыг хүн амьтанд өгөөд байгаа юм бэ гээд миний гэдэс рүү гараараа хэд хэдэн удаа цохисон би өөдөөс нь хэл амаар түүнийг доромжилход Б ах миний нүүрлүү цохисон намайг газар унахад Б ах газраас тоосго аваад миний толгой руу нэг цохисон толгой руу цохисоноос болж толгойноос цус гарч би цагдаад дуудлага өгсөн...” гэжээ /хx-ийн 8/

-Гэрч У.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...Б машинаас буугаад түүнтэй уулзаж миний шилийг аваад гэр оронд  янз бүрийн хүн дагуулж ирлээ гээд цээж рүү цохичихсон чинь Б, Б-н өөдөөс давраад байгаарай гэж хэлсэн тэгэхэд Б, Б-г дахиад цээж рүү цохичихсон чинь газар уначихсан Б газраас тал тоосго аваад түүний толгой руу нь цохичихсон чинь цус гарсан тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэжээ  /хх-ийн 11/

-Гэрч Л.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би том эрэгтэй дүү Б-тай нэг хашаанд амьдардаг юм мөн миний дунд эрэгтэй дүү Б нь хулгайн хэрэгт хоригдож шалгагдаж байгаад 2017 оны 07 сарын сүүлээр батлан даалтанд гарч ирсэн тэр гарч ирсэнээсээ хойш байнга л архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, гадуур дэмий тэнээд яваад байгаа юм. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б прокурор луу очиж цагаа бүртгүүлэх ёстой гээд 10 цагийн орчим явсан Б мөн гэрээсээ гараад явчихсан байсан 15 цагийн орчим санагдаж байна Б гаднаас халамцуу орж ирсэн тэр мөн нэг танихгүй залуу дагуулчихсан байсан гэрт орж ирчихээд гарч явахдаа Б миний утасны дугаарыг асуухаар нь чи миний дугаараар яах гэж байгаа юм бэ наад залуудаа өгөх гээд байгаа юм уу гэхэд Б би найзынхаа төрсөн өдөрт очих гэж байна тэгээд тань руу залгаж магадгүй гэхээр нь би Б-д өөрийнхөө дугаарын сүүлийн орныг нь худлаа хэлчихсэн тэгэхэд Б миний дугаарыг гаран дээрээ балаар бичээд гарч яваад тэр залуудаа миний дугаарыг өгөөд байх шиг байсан удалгүй Б-тэй цуг явж байсан залуу буцаж орж ирээд утасныхаа дугаарыг өгчих, завтай бол юм яръя, дуртай юмыг чинь аваад өгье гээд байхаар нь би түүнд манай нөхөр ирж байгаа чи яв гээд гэрээсээ хөөгөөд гаргачихсан удалгүй Б найзынхаа хамт гэрт орж ирэхээр нь би болсон явдлын талаар хэлэхэд Б ямар даварчихсан байнаа гээд гараад явчихсан хэсэг хугацааны дараа Б толгойгоо хагалуулчихсан орж ирээд цагдаад дуудлага өгөөд байсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр их согтолттой бол байгаагүй, халамцуул байсан. Б цохиулж зодуулсан үйлдэл нь түүний өөрийн буруутай үйлдлээс болж Б-д цохиулж зодуулсан гэжээ. /хх-ийн 12/

-2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 238 дугаартай дүгнэлтэнд: 1.Л.Б-н биед духны зүүн талд, зүүн бугуйны ар хэсэгт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үеийн дотор талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14/

-Хохирогч Л.Б-н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 26/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-28/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт төрсөн дүү Л.Б-тэй маргалдаж улмаар түүнийг зодож духны зүүн талд, зүүн бугуйны ар хэсэгт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үеийн дотор талд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Л.Б-н “...ах Б найз Б-н хамт хүрч ирээд Б ах намайг чи яагаад Б-н нүдний шилийг зүүгээд явчихсан юм бэ, чи эгчийгээ юу гэж бодоод дугаарыг хүн амьтанд өгөөд байгаа юм бэ гээд миний гэдэс рүү гараараа хэд хэдэн удаа цохисон би өөдөөс нь хэл амаар түүнийг доромжилход Б ах миний нүүрлүү цохисон намайг газар унахад Б ах газраас тоосго аваад миний толгой руу нэг цохисон” гэх мэдүүлэг, гэрч У.Б-н “...гэр оронд  янз бүрийн хүн дагуулж ирлээ гээд цээж рүү цохичихсон чинь Б, Б-н өөдөөс давраад байгаарай гэж хэлсэн тэгэхэд Б, Б-г дахиад цээж рүү цохичихсон чинь газар уначихсан Б газраас тал тоосго аваад түүний толгой руу нь цохичихсон” гэх мэдүүлэг, гэрч Л.Г-н “...Б найзынхаа хамт гэрт орж ирэхээр нь би болсон явдлын талаар хэлэхэд Б ямар даварчихсан байнаа гээд гараад явчихсан хэсэг хугацааны дараа Б толгойгоо хагалуулчихсан орж ирээд цагдаад дуудлага өгөөд байсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэгүүд, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 238 дугаартай дүгнэлтэнд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна гэж шүүх дүгнэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно.

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.Б