| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00686/И |
| Дугаар | 318/ШШ2025/00032 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00032
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 318/ШШ2025/00032 |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Увс аймаг, ............ сум, ..... дүгээр баг, .........дугаар гудамж, ............тоотод оршин суух, .......... онд төрсөн, эмэгтэй, Б овогт М-ийн О-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ......... онд төрсөн, ......... настай. Би 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн .......... сумын Цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажилд орж 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажлаас халагдсан. Улмаар 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөн .............сумын Цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орж одоог хүртэл тасралтгүй 29 жил ажиллаж байна. Миний бие 2024 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох цалингийн лавлагаа хэд хэдэн сар дутуу гарсан мөн ажилд орсон, гарсан тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр дээр засвар орсон зөрчилтэй байгаа учраас шүүхэд хандаж байна. Миний бие Увс аймгийн ...........сумын Цэцэрлэгт 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Н.Ц, М.Г нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, М.О-ын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Ц.О-ын ......... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 390 дугаартай тодорхойлолт, тус архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 451 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Ясли, цэцэрлэгийн эрхлэгчийн комбинатын эрхлэгчийн 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаалын хуулбар, Н.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Ц-ийн нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, М.Г-ийн нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлэг, түүний ......... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, М.О-ын ........ дугаартай хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.Ц, М.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.О-ын ХААТР-1 маягт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас Увс аймгийн ................ сумын ............... нэгдлийн 1988-1995 оны баримтаас М.О-д холбогдох тушаалын болон цалингийн баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч М.О-ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Хүсэлт гаргагч М.О нь шүүхэд хандаж 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн ...........сумын хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан М.О-ын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч М.О нь 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн ............. сумын хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Миний бие 1985 онд 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн .......... сумын хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажилд орж, 1994 оныг дуустал хугацаанд ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаартай зөвлөмжийн хуудсаар 1988-1995 оны хооронд ажиллаж байх үеийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй учраас дээрх хугацааг ажилласан жил дээр нэмж тооцохгүй гэсэн. Иймд шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан М.О-ын ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад түүнийг 1985 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 1987 онд сүү хүлээн авагч мэргэжил эзэмшсэн, 1987 оноос Увс аймгийн ......... сумын Энххөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.
Хүсэлт гаргагч М.О-ын .......... дугаартай хөдөлмөрийн дэвтрийг 1987 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон байх бөгөөд уг техник мэргэжлийн сургуулийн тамга дарж баталгаажуулсан байна.
Тус хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 01 дугаартай, 1985.09.02-Увс дахь ХАА-н Т.М.С-ийн сүү хүлээн авагч, боловсруулагчийн ангид элсүүлэв, 02 дугаартай, 1987.03.30- Увс дахь ХАА-н Т.М.С-ийн сүү хүлээн авагч, боловсруулагчийн мэргэжлээр төгсөв гэх бичилтүүд хийгджээ.
Улмаар тус хөдөлмөрийн дэвтрийн 03 дугаарт 1987.07.03-............ нэгдлийн туслах үйлдвэрлэлийн барилгын салбарт авч ажиллуулав гэх бичилт хийж, тус нэгдлийн тамга дарж баталгаажуулжээ.
М.О-ын хөдөлмөрийн дэвтрийн дээрх бичилтүүд нь засваргүй, холбогдох байгууллагуудын тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан М.О-ын ХААТР-1 маягтаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иймд М.О-ын ХААТР-1 маягт болон хөдөлмөрийн дэвтрийн бичилтэд үндэслэн хүсэлт гаргагч М.О-ыг 1985 оны 6 дугаар сард бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 1987 онд Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг сүү хүлээн авагч мэргэжлээр төгсөөд, 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс Увс аймгийн ........... сумын ............ нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж эхэлсэн ба 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан гэж дүгнэлээ.
4.2. Хүсэлт гаргагч М.О тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 451 дугаартай цалингийн тодорхойлолтыг хавсралтын хамт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Тус цалингийн баримтаас үзвэл М.О-д холбогдох, Увс аймгийн ............ сумын ясли, цэцэрлэгийн комбинатын 1988 оны 01 дүгээр сарын цалингийн баримтад М.О-12 сард Ц орол.... гэх тэмдэглэл хийжээ.
Хүсэлт гаргагч М.О шүүхийн хэлэлцүүлэгт ...миний ээж Ц тус цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан... гэх тайлбар гаргасан.
Увс аймгийн Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа ..............сумын ясли, цэцэрлэгийн комбинатын цэцэрлэгийн 1988 оны цалингийн баримтаас М.О-д холбогдох бусад сарын цалингийн баримт гараагүй бөгөөд түүний ХААТР-1 маягтад 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ....... сумын ............ нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажилладаг гэж тэмдэглэсэн байх тул хүсэлт гаргагч М.О-ыг нь 1988 оны 01 дүгээр сард ........ сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй, харин эх Ц-ий оронд түр ажилласэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Мөн түүнчлэн, тус цалингийн тодорхойлолтоор М.О-д холбогдох Увс аймгийн .......... сумын ясли, цэцэрлэгийн комбинатын 1989 оны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн байх боловч тус баримтад үндэслэн М.О-ыг 1989 оны 01-12 дугаар сарын хугацаанд тасралтгүй Увс аймгийн ........ сумын ясли, цэцэрлэгийн комбинатад цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, асрагч Ц, 1989 он гэх цалингийн баримтад тухайн оны 01-12 дугаар сарын үндсэн хөлс, нэмэгдэл хөлсийг бүртгэсэн байх бөгөөд зөвхөн 3-р сарын үндсэн хөлс, нэмэгдэл хөлс гэх баганын ард хэсэгт О гэж бичжээ.
Иймд дээрх баримтын хүрээнд М.О-ыг 1989 оны 3 дугаар сард Увс аймгийн ........... сумын ясли, цэцэрлэгийн комбинатад ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй боловч 1989 оны 01-12 дугаар сарыг дуустал хугацаанд тасралтгүй ажилласан гэж дүгнэх үндэслэлгүй.
4.3. Харин шүүхээс хүсэлт гаргагч М.О нь Увс аймгийн .......... сумын ......... нэгдэлд ямар хугацаанд ажиллаж байсныг тодруулах зорилгоор Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас ...... нэгдлийн 1988-1995 оны тушаалын болон цалингийн баримтаас М.О-д холбогдох баримтыг шүүлгэхэд тус архивын тасгаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай цалингийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн.
Дээрх цалингийн тодорхойлолтоор хүсэлт гаргагч М.О нь 1988 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын хугацаанд Увс аймгийн .......... сумын ......... нэгдэлд ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагч М.О-ын ХААТР-1 маягтаар мөн давхар нотлогдож байна.
4.3.Хүсэлт гаргагчаас шүүхэд Увс аймгийн ...............сумын Ясли, цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус тушаалын хуулбарыг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулжээ.
Иймд дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх бөгөөд тус баримтаар М.О нь 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн .... сумын ясли, цэцэрлэгийн комбинатад цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна.
4.4. Улмаар хүсэлт гаргагч М.О нь 1989 оны 12 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн ........... сумын ясли, цэцэрлэгийн комбинатад ажиллаж байсан болох нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 451 дугаартай цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
4.5. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрч Н.Ц-ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас үзвэл гэрч Н.Ц нь 1982-1988 оны хооронд Увс аймгийн ............ сумын ясли, цэцэрлэгийн комбинатад ажиллаж байжээ.
Гэрч Н.Ц нь ...М.О-ын ээж Н.Ц тус хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байгаад 1987 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарч, охин М.О нь ээжийнхээ ажлыг авч байсан... гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагч М.О-ын хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн ........... сумын ясли, цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн гэрч Н.Ц нь 1982-1988 оны хооронд Увс аймгийн .......... сумын ясли, цэцэрлэгийн комбинатад ажилласан байх тул түүний мэдүүлэг нь хүсэлт гаргагч М.О-ын 1989-1994 оны хооронд Увс аймгийн ........ сумын ясли, цэцэрлэгийн комбинатад ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолгүй байна.
Харин гэрч М.Г нь 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн .............. сумын ясли, цэцэрлэгийн комбинатад багшаар ажилласан болох нь түүний 275204 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч М.Г-ийн ...М.О бид хоёр 1989-1994 он хүртэл хамт ажиллаж байсан... гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Ийнхүү хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч М.О нь 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн .............сумын ясли, цэцэрлэгийн комбинатад цагаан хэрэглэлийн угаагчаар бус Увс аймгийн ......... сумын ............. нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх тул түүний хүсэлтээс дээрх хугацаанд Увс аймгийн ....... сумын ясли, цэцэрлэгийн комбинатад цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин Увс аймгийн .......... сумын ............. нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Харин хүсэлт гаргагч М.О-ын хүсэлтээс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн ........... сумын ясли, цэцэрлэгийн комбинатад цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагч М.О-ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Б овогт М-ийн О-ын 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн ........... сумын ........... нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн ................... сумын ясли, цэцэрлэгийн комбинатад цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА