Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ш.А-д холбогдох эрүүгийн 1720.00076.0080 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, А овогийн Ш.А,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 08 сарын 11-ний өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох түүх соёлын дурсгалт зүйл буюу 3 ширхэг гуулин хувинг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 -Шүүгдэгч Ш.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад манай амбаарт байсан гуулин хувинг ногоон өнгийн үүргэвчтэй цүнхэнд хийгээд Хилийн шалган нэвтрүүлэх 3-р хаалтанд очоод машинд суугаад Замын-Үүд сумын хилийн боомтоор  БНХАУ-ын Эрээн хот руу гарах гээд ногоон өнгийн үүргэвчтэй цүнхтэй 3 ширхэг гуулин хувинг рентген аппаратан дээр тавьж шалгуулахад гаалийн хяналтын байцаагч Г.У намайг дуудаад манай цүнхийг  онгойлгож  үзээд шалгуулж байгаад болно гээд өөрийнхөө өрөө лүү миний үүргэвчтэй цүнхийг аваад орсон. Тэгээд У намайг маргааш дуудсан цагт ирээрэй гээд явуулсан.  ...Манайд байсан гуулин хувин нь манай эмээ 1978 оны үед намайг бага байхад Дорноговь аймгийн Хөвсгөл суманд хөдөө амьдарч байхдаа малын цагаан идээ хийдэг байсан. Эмээ нас бараад манай ээжийнд хэргэлдэг байсан. Манай ээж Д.О 2017 оны 07 сард БНХАУ-ын Эрээн хотоос урагшаа айлд мал маллахаар явж байсан. Би БНХАУ-ын Эрээн хотод хаяа орохдоо хуучин зээл захын урд үзүүрт байдаг хүнсний дэлгүүрт ороход худалдагч Д “чамайг нэг хүн асуугаад байна” гэхээр нь “яасан бэ”  гэхэд манай ээжээр мал маллуулдаг эзэн надтай Өвөрмонголоор яриад “танай ээж чинь цагаан идээ хийж байсан гурван сав байгаа дөхүүлээд өгчих гэж хэдүүлсэн “гэж хэлэхээр нь би “за энэ дэлгүүрт Монголоос авч ирээд энэ дэлгүүрт тавьчихнаа” гэж хэлсэн. Тухайн үед дэлгүүрийн худалдагч Д надад ярихдаа “танай ээжийн мал маллуулдаг эзэн А гэдэг хүн орж ирдэг үү гэж өмнө нь асууж байсан би ирдэг гэж хэлж байсан” гэсэн. Уг 3 хувинг ээждээ дөхүүлж өгөх гэж л байсан, ашиг сонирхолын зүйл байхгүй гэв.       

-Иргэний нэхэмжлэгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Соёл урлагийн газар нь 2016 онд байгуулагдсан ба анх байгуулагдах үеэс нь хойш би музейн үл хөдлөх дурсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл уг албан тушаал дээрээ ажиллаж байна. Уг 3 ширхэг хуулин хувинг иргэн Ш.А-н өмчлөлийх гэдгийг баталж, Ш.А нь өөрөө уг 3 ширхэг гуулин хувинг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй байсан. Энэ нь соёлын өвийн тухай хуулийн 33.2-р зүйлийн 2 дахь хэсгээр зохицуулагддаг. Одоо тогтоогдож байгаагаар Ш.А нь уг 3 ширхэг гуулин хувингийн хууль ёсны өмчлөгч биш бөгөөд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хил давуулах гэж байсан байна. Хэрэв уг 3 ширхэг гуулин хувингийн хууль ёсны өмчлөгч нь Ш.А байсан бол Соёлын өвийн тухай хуулийн 52.3 дугаар зүйлд заасны дагуу Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргаж, эргүүлэн авчирах нөхцөлтэйгээр тусгай зөвшөөрөл авах ёстой байсан. Иймд Ш.А нь уг 3 ширхэг гуулин хувингийн хууль ёсны өмчлөгч биш бөгөөд тусгай зөвшөөрөл авах эрхгүй байсан байна. Иймд уг хэргийг шийдвэрлэж дуусахад дээрх 3 ширхэг гуулин хувинг Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж өгөхийг нэхэмжлэж байна гэжээ. /хх-ийн 66-69/   

-Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Дорноговь аймгийн  Замын-Үүд сум 1-р баг АЗШНЦ1-ийн гарах чиглэлд зорчигчийн ачаа тээш шалгах рентген аппаратаар үүргэвчтэй 3 ширхэг гуулин хувин 1 ширхэг нь тагтай байсан эд зүйл иргэн Ш.А нь авч явсныг саатуулан хойшлуулашгүй ажиллагаа хийж материалжуулан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ш.А нь “манай ээж БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны нутаг дэвсгэрт айлд мал малладаг, тухайн айлдаа өгөх гэсэн юм гэж захисан учир авч явсан юм” гэсэн тайлбар өгсөн. БСШУСЯ-наас улсын хилээр нэвтрүүлэн гадаад улсад эд зүйл авч явахад түүх соёлын хосгүй үнэт, үнэт зүйл болон соёлын өвд хамаарахгүй гэсэн тодорхойлолт хийж өгдөг, тэр тодорхойлолтын хамт хилээр нэвтэрч болно Тухайн тодорхойлолт байхгүй бол мэдүүлэх журам зөрчсөн гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гэж үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авдаг гэжээ. /хх-ийн 29/

-Шинжээчийн 15/3 дугаартай дүгнэлт:

Нэг.Шинжилгээнд ирсэн 3 ширхэг металл хувинг Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалын 9705.00.00 кодтой бараанд хамааруулан үзэж болно.

Хоёр.Шинжилгээнд ирсэн 3 ширхэг металл хувингийн материал, арга ажиллагаа болон эдэлгээнд орсон байдал, улсын музейд байгаа ижил төстэй үзмэртэй харьцуулан үзээд түүх, соёлын ердийн дурсгалд хамаарна хэмээн үзлээ.

Гурав.Дээрх металл хувинг XIX зууны сүүл үед айл өрх, сүм хийдүүдэд ахуйн хэрэглээний зориулалтаар ус, цай, сүү сайл хийхэд ашиглаж ирсэн байдаг.

Дөрөв.Энэхүү эд зүйлийн үнэлгээг манай шинжээчид гаргах эрхгүй бөгөөд эрх бүхий газраар үнэлгээг хийлгүүлнэ үү гэжээ. /хх-ийн 36/

-Эрүүгийн хэрэг үүсгэх Прокурорын 5 дугаартай тогтоол /хх-ийн 1-2/

-Хойшлуулашгүй ажиллагааны материал /хх-ийн 10-24/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26/

-Шинжээчийн 9 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42/

-Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх, Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт, Е серийн 1448329 дугаартай энгийн гадаад паспорт, шүүгдэгчийн урьд яд шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-51/

-Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын 8 дугаартай тэмдэглэл /хх-ийн 53-57/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 73/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 08 сарын 11-ний өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор түүх соёлын дурсгалт зүйл буюу 3 ширхэг гуулин хувинг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Н-н “...Иймд Ш.А нь уг 3 ширхэг гуулин хувингийн хууль ёсны өмчлөгч биш бөгөөд тусгай зөвшөөрөл авах эрхгүй байсан байна. Иймд уг хэргийг шийдвэрлэж дуусахад дээрх 3 ширхэг гуулин хувинг Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, гэрч Г.У-н “...зорчигчийн ачаа тээш шалгах рентген аппаратаар үүргэвчтэй 3 ширхэг гуулин хувин 1 ширхэг нь тагтай байсан эд зүйл иргэн Ш.А нь авч явсныг саатуулан хойшлуулашгүй ажиллагаа хийж материалжуулан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 15/3 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, хойшлуулашгүй ажиллагааны материал /хх-ийн 10-24/, шинжээчийн 9 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42/, түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын 8 дугаартай тэмдэглэл /хх-ийн 53-57/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ш.А-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан нийт 1.280.000 төгрөний үнэ бүхий 3 ширхэг гуулин хувинг тогтоол хүчин төгөлдөр болмогц Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогийн Ш.А-г соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд сард 555.555,56 /таван зуун тавин таван мянга таван зуун тавин таван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.280.000 төгрөний үнэ бүхий 3 ширхэг гуулин хувинг тогтоол хүчин төгөлдөр болмогц Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд шилжүүлсүгэй. 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Э.Б