Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.А

Улсын яллагч  Г.М

Шүүгдэгч М.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт М.Р-д холбогдох эрүүгийн 1820000140011 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух,  Ш овогт М.Р,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.Р нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Замын-Үүд сум 1 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширээн дээр байсан эд зүйлийг гараараа түлхэхэд виноны хундага хагарч улмаар өөрийн төрсөн хүү болох 1 настай Р.Т-н толгой тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч М.Р мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шинэ байрны цайллага хийсэн. Үдийн хойно 15 цагийн орчим манай найз А найз охин З-тай хамт манай гэрт ирсэн. Хоол идсэний дараа нь би 0,75 л “Болор” архи 1 шил, 0,5 л виног 1 /ямар нэртэй эсэхийг мэдэхгүй байна/ гаргаж А болон найз охин З-тай хамт бид гурав архиа хувааж уусан ба вино жаахан үлдсэн байсан. Манай найз А надаас 2018 оны 1 сард хувийн хэрэгцээ гараад байна гэж хэлээд надаас 300,000 төгрөг зээлж аваад удахгүй өгнө гэж хэлээд өгөөгүй байсан ба тухайн үед би зээлүүлсэн мөнгөө халамцуу үедээ Амартүвшингээс нэхсэн чинь боломжгүй байгаад өгч чадсангүй гэхээр нь би жаахан уурласан чинь найз охин З нь А надтай муудах гэж бодоод манай гэрээс 20 цагийн орчим манай гэрээс тэр хоёр гараад явсан. Тэр үед би архи уусан нилээн согтчихсон байсан учир том өрөөндөө ширээний зүүн талд буйдан дээр сууж байсан ба манай эхнэр Б миний өөдөөс ширээний урд талд хүү Т-г тэврээд сандал дээр сууж байхад би бухимдаад ширээний дээр байсан зүйлийг гараараа түлхэхэд тэр үед Виноны хундага шидэгдэж Т-н зүүн талын духанд онож виноны хундага газар унаж хагарсан. Түүнээс биш би виноны хундагыг барьж байгаад хүүхэд рүүгээ шидээгүй. Ширээн дээр байсан зүйлийг нэг гараараа хамаад түлхэхэд л ийм л санамсаргүй зүйл болсонд харамсаж байна. Тухайн үед эхнэр Б хүү Т бид гурваас өөр хүн гэрт байгаагүй. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Манай эхнэр Б дуудлага өгч түргэн дуудаж эмч ирээд хүү Т-г аваад явсан. Ийм л асуудал болсон гэжээ. /хх-ийн 34-35/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр 07-ний өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ байранд нүүж орсон юмаа. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шинэ байранд орсны цайллага хийсэн. Манай нөхөр Р найз А эхнэртэй хамт ирсэн /Би нэрийг нь мэдэхгүй байна/ урьсан чинь 15 цагийн орчим ирсэн. Р, А хоёр 0,75 л “Болор” архи 1 шил, 0,5л виноо хувааж ууж байхдаа тэр хоёр мөнгөний асуудал яриад хоорондоо маргалдаад байхаар нь А-г би гэрээс гаргаад явуулчихсан. Би Р.Т-г ширээний урд талд тэврээд сууж байхад Р миний өөдөөс хараад ганцаараа ширээний ард сууж байхад нь би чи найз А-тэй яагаад маргалдсан юм бэ гэхэд тухайн үед Р-н урд виноны хундага байсан ба ширээн дээр байсан зүйлийг гараараа түлхэхэд урд байсан виноны хундага нь шидэгдэж Т-н зүүн талын духны орчим цохигдон онож духнаас нь цус гарсан. Би түргэн дуудсан чинь удалгүй эмч ирээд манай хүүг аваад яваад эмнэлэг дээр аваачиж оёдол тавиулсан. Манай нөхөр Р виноны хундагаар хүүхдээ цохиогүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна дээр ярьсан зүйлүүд тухайн үед болсон. Ийм л асуудал болсон. А, Р тухайн үед хоёулаа нилээн согтолттой байсан. Р урьд өмнө Амартүвшинтэй маргалдаж байгаагүй багийн найзууд байгаа юмаа. Р-н гэр орондоо хэрүүл маргаан хийдэггүй тэр архи уугаад байдаггүй шинэ байранд орсон гэж архи уусан. Зан байдлын хувьд даруухан үг дуу цөөтэй, тамхи татдаггүй, архийг баяр ёслолоор тохируулж хэрэглэдэг гэжээ. /хх-ийн 16-17/

-Гэрч У.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2018 оны 11-р сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байхад найз Р-той мөнгөний асуудлаас болж муудалцаад, эхнэр А тэдний гэрээс намайг аваад гарсан. Тэнд Р-той муудаад гарсаны дараа уурандаа ширээн дээрхи юмнуудаа авч чулуудахад нь хүүхдийнхээ духыг санаандгүй юмаар зүсчихлээ гэж найз Р-н эхнэр Б-с сонссон. Би найзын байрны найранд байхдаа 13 цагаас хойш 2 шил архи уусан 20 цагийн үед харин сүүлд ирсэн 2 архинаас 2 удаа 50 гр-тай рүнкээр уугаад их согтсон учир эхнэр маань Р-той маргалдаад асуудал болно гээд аваад явсан. Би Р-с 2017 оны 08-р сард 300,000 төгрөг зээлээд одоог хүртэл өгөөгүй байгаа. Р надад мөнгөний хэрэгцээ байхад өгөхгүй байна, чи новширчих юмаа гээд агсараад бид 2 бага зэрэг хэрэлдсэн асуудал болсон. Архинаас л болж найзтайгаа муудалцсан бид 2 өмнө нь муудалцаж байгаагүй. Гэр бүлийн маргаан байдаггүй. Хоорондоо их эвтэй байдаг. Хүүхэд нь санаандгүй байдлаас болж л гэмтсэн байх гэж бодож байна гэжээ. /хх-ийн 10-11/

-Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 1-р сарын 11-ний оройн 21:05 минутанд өөрийн дугаарын утсаар манай байрны тоотын хөрш айлд хүүхэд уйлаад байх чимээ сонсогдож байсан ба согтуу хүн орилоод агсам тавиад байх шиг байхаар нь дуудлага өгсөн юм. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн, өөр ямар асуудал болсоныг нь бол би мэдээгүй. Саяханаас нүүж ирсэн байх хэзээнээс ирсэнийг нь мэдээгүй, өмнөх хөрш Д руу залгаж ямар хүмүүс танай байранд байгаа юм бэ? гэж асуухаар залгахад утас нь холбогдоогүй гэжээ. /хх-ийн 12-13/

-2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/025 дугаартай дүгнэлтэнд: 1. Р.Т-н биед духны зүүн хэсэгт зүсэгдэж салбарсан шарх, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдийн дууны зүүн хэсэгт зүсэгдэж салсарсан шарх нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тархи доргилт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-4/

-Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41/

-Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 42-46/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 48-49/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч М.Р нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Замын-Үүд сум 1 дүгээр баг тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширээн дээр байсан эд зүйлийг гараараа түлхэхэд виноны хундага хагарч улмаар өөрийн төрсөн хүү болох 1 настай Р.Т-н толгой тус газар нь онож духны зүүн хэсэгт зүсэгдэж салбарсан шарх, тархи доргилт бүхий гэмтлүүд учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н “...Р, А хоёр 0,75 л “Болор” архи 1 шил, 0,5л виноо хувааж ууж байхдаа тэр хоёр мөнгөний асуудал яриад хоорондоо маргалдаад байхаар нь А-г би гэрээс гаргаад явуулчихсан. Би Р.Т-г ширээний урд талд тэврээд сууж байхад Р миний өөдөөс хараад ганцаараа ширээний ард сууж байхад нь би чи найз А-тэй яагаад маргалдсан юм бэ гэхэд тухайн үед Р-н урд виноны хундага байсан ба ширээн дээр байсан зүйлийг гараараа түлхэхэд урд байсан виноны хундага нь шидэгдэж Т-н зүүн талын духны орчим цохигдон онож духнаас нь цус гарсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “2018 оны 1-р сарын 11-ний оройн 21:05 минутанд өөрийн дугаарын утсаар манай байрны хөрш айлд хүүхэд уйлаад байх чимээ сонсогдож байсан ба согтуу хүн орилоод агсам тавиад байх шиг байхаар нь дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/025 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч М.Р-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно.

Шүүгдэгч М.Р нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт М.Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Р-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Р нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.Б