Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга                        Б.М

Улсын яллагч                                      Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                      С.Э

Хохирогч                                               Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Н-д холбогдох эрүүгийн 1720001900001 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,  хилийн цэргийн холбоочин мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Х овогт Б.Н,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 23 цагийн орчим  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Я караокены үүдэнд архидан согтуурсан үедээ иргэн Г.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэвлийн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х овогт Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.Ц-н биед хөнгөн гэмтэл учруулсан нь миний буруу. Энэ талаараа урьд нь мэдүүлэг өгсөн байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотруу явж хувийн эмнэлэгт эход харуулсан. Хүүхэд цочролд орсны улмаас зулбах магадлалтай, тонус ихтэй байна гэж эмч хэлсэн.  Сэтгэл санаа хэцүү л байна. Тонус өгч хатуураад буухгүй байгаа. Байнга эм ууж, лаа хийж байгаа. Дахин давтан шинжилгээ өг гэсэн. Төртлөө биеийн байдлаа харна, гомдолтой байна гэв.

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны оройн 22 цаг нилээн өнгөрч байх үед Л, Ц 2-ын хамт “Я” нийтийн караокед ороход манай эхнэр Ц эхнэрийн төрсөн дүү болох Б нарын хамт сууж байсан. Бид 2 хажуугийн ширээн дээр нь суугаад дуу захиалаад 1 шил 0.75 Улаанбаатар архи аваад хувааж уусан. Н-той караокед тааралдаад Н надад та 2 хүүхнээс болж урд Эрээнд муудалцсан юм уу? гэж асуусан тэгэхээр нь гарч уулзъя гээд эхнэр бид хоёрыг Н дагуулж гарсан. Тэгээд гадаа гараад би Н-той ямар учиртай Эрээнд юу болсон талаар ярилцаж байхад хажуугаас Ц гараараа нэг удаа самардаад авсан. Яаж байнаа гээд Ц-г зуураад авахад эмэгтэй хүн яагаад бариад байгаа юм гээд Э хажуугаас орж ирээд нүүрлүү гараагаа 4 удаа цохиж авсан. Хажууд манай эхнэр Ц-г Н үсдэхэд эхнэр тонгойход хөлөөрөө гэдэс орчимд нь 1 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь эхнэр жирэмсэн шүү дээ болиочээ гэхэд яадгийн пиздаа гээд дахиад өшиглөх болсон. Би 2 дахь удаа өшиглөснийг нь Э-тэй зодолдож байсан учир хараагүй. Манай эхнэрийг 2 талаас нь Н, Ц-н хамт татаж барьсан байсан учир манай эхнэр хөдөлж чадахгүй байгаа харагдсан…” гэжээ. /хх-ийн 24-25 хуудас/

Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “.....2017 оны 11 дүгээр сарын 15-ны оройн 22 цагийн үед Н, Б, Ш нарын хамт дөрвүүлээ “Я” нийтийн караокед дуулахаар орсон. Ц нь У нөхрийн хамт явж байсан, Н надад манай нөхрийн эрүүг хугалсан залуу эхнэртэйгээ явж байна гэж хэлсэн. Н тэдний ширээнд очиж хамт юм яриад байгаа бололтой сууж байгаа харагдсан, нэг харахад нөхөртэй нь караокегоос гарч байгаа харагдсан, би араас нь дагаж гараад “Я” караокены гадна нөгөө У, Н-н хүзүүгээр нь гараа тавиад зогсож байхаар нь муудалцаж байгаа юм байх гэж бодоод очоод У-г алгадаад авсан юм. Яагаад алгадчихваа гэхэд Э гэж найз гарч ирээд чи эмэгтэй хүн рүү яахаараа дайраад байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд Э-г У цохиод авсан, Э зөрүүлж нүүр лүү нь цохиж аваад хоорондоо зодолдсон. Н бид 2 тухайн зодооныг салгасан юм. Тэр бужигнаанд нөхөр У нь наадах чинь жирэмсэн шүү дээ гэж орилж байхыг нь би сонссон. Н эхнэр Ц-г үсдэж байхыг нь би харсан...” гэжээ. /хх-ийн 28 хуудас/

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Я ” караокед 22 цагийн үед хуурай дүү Б-тай хамт нийтийн караокед орж хоёулаа 2 цаг орчим гаруй сууж байгаад тамхи татахаар ганцаараа гарахад Н, Ц гэсэн миний таньдаг эмэгтэйтэй үл таних том биетэй хөдөөний байрын залуу муудалцаж зууралдаад “Я”-ны үүдэнд зогсож байсан. Ц-г 2 гарнаас нь бариад сэгсэрч байхыг хараад би салгахаар яваад очсон, юу болоод байгаа юм гээд үл таних залуугаас асуухад тэр залуу намайг үгийн зөрүүгүй заамдаад зуурч авсан. Тухайн залуу нилээн согтуу байх шиг байсан, намайг нүүрлүү гараараа 2-3 удаа цохиход, дундуур орж ойр орчим байсан хүмүүс ирж салгасан. Би салаад байж байхад удалгүй уруулны дотор талаас цус гараад ам дагаад урсахаар нь уурандаа тэр залууг 2-3 удаа гараараа цохисон. Тэр даруй ойр орчим байсан хүмүүс бид хоёрыг дахиж салгахад Б нь гарч ирээд машинд суугаад хүлээж байхыг хараад машиндаа шууд суугаад гэрлүүгээ явсан....” гэжээ. /хх-ийн 29 хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 349 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:

1.Г.Ц-н биед баруун гарын 2-р хурууны шивнүүрийн толгой хэсгийн ташуу, бүрэн бус хугарал, 1-р хурууны проксимал хэсгийн цууралт, умайн булчингийн чангарал баруун гарын 2-р хурууны 3-р үений ар талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1-р хуруу 3-р шивнүүрийн хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4.Дээрх гэмтлүүдийн баруун гарын 2-р хурууны шивнүүрийн толгой хэсгийн ташуу бүрэн бус хугарал, 1-р хурууны проксимал хэсгийн цууралт, умайн булчингийн чангарал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун гарын 2-р хурууны 3-р үений ар талд зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1-р хуруу 3-р шивнүүрийн хэсгээр зөөлөн эдийн няцрал нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 39 хуудас/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/

Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт /хх-ийн 52-53-р хуудас/

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/

Хохирогч Г.Ц-н хохирлын төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 59-62-р хуудас/

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 349 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Г.Ц-н толгойн хэсэгт буюу толгойн орой хэсэгт үсний халцралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэлд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
  4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 76-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х овогт Б.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 23 цагийн орчим  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Я караокены үүдэнд архидан согтуурсан үедээ иргэн Г.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэвлийн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ц-н мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч Г.У, Г.Ц, Э.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 349 дугаартай дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.  

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Н нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Г.Ц нь хавтаст хэрэгт 263200 төгрөгний эмчилгээний баримт цуглуулсан боловч нотлох баримтын шаардлага хангасан 182100 төгрөгний эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Н нь шүүхийн шатанд төлсөн ба нотлох баримтын шаардлага хангаагүй Хас, Голомт,Улаанбаатар зэрэг банкны пост машинд уншуулсан баримт, мөн У гэх хүний мөнгө тушаасан баримт зэрэг 81100 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө  болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг болох шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хавсаргагдсан  болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Н нь улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр  торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж торгуулийн ялыг 4 сарын дотор хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шүүгдэгч Б.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 4 сарын дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Г.Ц-н нэхэмжилсэн 263200 төгрөгнөөс шүүгдэгч Б.Н нь нотлох баримтын шаарлага хангасан 182100 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй  81100 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Д.Ц