| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2218003070008 |
| Дугаар | 2023/ДШМ/18 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/18
Г.Батбилэгт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Мядагбадам
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болдбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, Ж.Туяа
Нарийн бичгийн дарга Б.Мандуул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Батбилэгийн өмгөөлөгч Ж.Туяа, П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Батбилэгт холбогдох 2218003070008 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Г.Батбилэг нь Монгол улсын их сургуулийн 1297 бүртгэлийн дугаартай, 9800825 серитэй дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерээр 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр томилогдож, улмаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл уг дипломыг ашиглаж 89.655.951 төгрөгийн хууль бус орлого олсон гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос Г.Батбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбилэгийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Батбилэгт оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Шүүгдэгч Г.Батбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Монгол улсын иргэн Гантөмөрийн Батбилэг нь 1994 оноос 1998 онд Монгол улсын их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж төгссөн тул бакалавр зэрэг олгов” гэсэн бичиглэлтэй Монгол Улсын Их сургуулийн 1297 бүртгэлийн дугаартай, Р9800825 дугаартай улаан өнгийн дипломыг хэрэгт хавсаргаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбилэгээс 89.655.951 /наян есөн сая зургаан зуун тавин таван мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Шүүгдэгч Г.Батбилэгийг хуурамч диплом ашигласан үйлдэл нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн сургалтын менежерээр ажилд томилогдсоноор эхэлж 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөр таслан зогсоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэл таслан зогсоогдлоо...” гэж үндэслэлгүй дүгнэжээ.
Г.Батбилэг нь хуучин хууль хэрэгжиж байх үед буюу 2013 онд ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд ажилд томилогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйл хуурамч бичиг баримт бичиг үйлдэж, ашиглах заалт хуучин хуульд байгаагүй. Г.Батбилэг нь түүхч, түүхийн багшийн дипломоор 2000 онд Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газарт мэргэжилтнээр ажилд орсноос хойш хэргийн хугацааг яаж тооцсон нь тодорхойгүй, зөвхөн 15 дугаар сургуульд ажилласнаас хөөн хэлэлцэх хугацааг тооцсон байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд Г.Батбилэг сургалтын менежерээр ажилд томилогдохдоо түүхч, түүхийн багшийн дипломоос гадна “Мандах” дээд сургуулийн хүчинтэй дипломтой байсан.
Г.Батбилэг 2016 оны онд Төрийн Захиргааны Удирдлагын академид суралцаж төгссөн бөгөөд удааширсан үйлдлийн хувьд боловсролын салбарт ажиллах, удирдах эрхтэй болсноор хөөн хэлэлцэх хугацаа таслан зогсоогдож хуурамч диплом хэрэглэх, ашиглах шаардлагагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:
Шүүгдэгч Г.Батбилэг нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15-р сургуулийн сургалтын менежер албан тушаалд томилогдохдоо төрийн албан хаагчийн анкетын 2-т боловсролын талаарх мэдээлэл хэсэгт МУИС болон Мандах бүртгэл дээд сургуулийг ня-бо, бизнес удирдлага мэргэжлээр төгссөн гэж бичсэн байдаг ба Ерөнхий боловсролын сургуулийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтын Тавигдах шаардлага хэсэгт Боловсрол: Бакалавраас доошгүй зэрэгтэй гэжээ.
Улмаар аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын даргын 2018.07.09-ний өдрийн А/25 тушаалаар 5194501027300217 дугаартай “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхийг шалгалт өгч авсан байна.
2020.05.25-ын өдөр Хүмүүнлэгийн Их сургуулийн захирлын А/30 тушаалаар Хүмүүнлэгийн ухааны магистраар төгссөн байна.
Дээрх нотлох баримтаас харахад Г.Батбилэг нь ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд сургалтын менежерээр ажилд орохдоо МУИС-ын хуурамч диплом ашигласан боловч Мандах бүртгэл сургуулийн хүчинтэй дипломыг мөн л ашиглаж сургалтын менежерийн албан тушаалд томилогдсон байх ба ийнхүү томилогдсоноос хойш нэг удирдах ажил хийсэн байна.
Өөрөөр хэлбэл түүхийн мэргэжилтэй холбоогүй ажил, албан тушаал эрхэлж байсан буюу бизнес удирдлага мэргэжлээрээ дагнан ажилласан байна. Эндээс түүний хуурамч диплом ашигласан үйлдэл нь сургуульд орсноор төгссөн, эсвэл 2018.07.09-ний өдөр “Тэргүүлэх багш” мэргэжлийн үнэмлэх авснаар төгссөн үү гэсэн гэмт хэргийн үргэлжлэх хугацааг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн.
Ялангуяа 2018.07.09-ний өдөр “Тэргүүлэх багш” мэргэжлийн үнэмлэх авснаар бакалавраас доошгүй зэрэгтэй байх, багш мэргэжилтэй байх ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байхад түүнийг хуурамч баримт ашиглах үйлдлийг ажилд томилогдсоноор эхэлж, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр уг ажлаас чөлөөлөгдсөнөөр таслан зогсоогдсон гэж дүгнэсэн шүүгчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.
Иймд гэмт хэрэг үргэлжилсэн цаг хугацааны хувьд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Г.Батбилэгийн хуурамч диплом ашигласан үйлдэл нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилогдсоноор эхэлж, 2018.07.09-ний өдөр “Тэргүүлэх багш” мэргэжлийн үнэмлэх авснаар төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Батбилэгийн хуурамч диплом ашигласан үйлдэл нь 2013 оноос 2022 он хүртэл үргэлжилсэн гэж анхан шатын шүүх дүгнэсэн.
Гэтэл Улсын Их хурлаас 2002 оны Эрүүгийн хуулийг 2015 онд шинэчлэн найруулж баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон ба уг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн 1 дэх хэсэгт ” ...боловсролын үнэмлэх, диплом ” гэсэн заалт шинээр орж ирсэн.
2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт “ ...боловсролын үнэмлэх, диплом” гэсэн заалт байгаагүй тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл. эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар шүүгдэгч Г.Батбилэгийн 2017 оны 07 сарын 1-ний өдрөөс өмнөх “хуурамч диплом ашигласан” үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй “, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус зааснаар 2017 оны хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцсэн боловч энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
Анхан шатны шүүх “... сургалтын менежерээр ажиллаж 89.655.951 төгрөгийн цалин хөлс авсан болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл хуурамч баримт бичиг ашиглан 89.655,951 төгрөгийн хууль бус орлого олсон гэж үзэх үндэслэлтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт цалин хөлс авах иргэний эрхийг баталгаажуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах;” эрхтэй гэж заасан.
Шүүгдэгч Г.Батбилэг нь хуурамч баримт бичиг ашиглаж, зүгээр сууж байгаад тэтгэвэр тэтгэмж авсан бол маргах юм байхгүй. Гэтэл шүүгдэгч нь дээрх 89.655.951 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор сургалтын менежерийн албан үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцүүлэн биечлэн гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлсөнд авсан тул уг цалинг бүхэлд нь хууль бус орлого олсон гэж бүдүүн баргаар дүгнэх боломжгүй.
Шүүгдэгч ажиллаж байх хугацаандаа сургуулийн ажлыг унагаж байгаагүй. алдаа дутагдал гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан зан байдлын тодорхойлолт, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймд түүний хууль бусаар олсон орлогоос ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож цалин хөлсийг хасаж тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг ... албадан гаргуулна” гэж зааснаас харахад гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой уялдуулж хуульчилсан байна.
Гэтэл энэ хэрэгт бусдад учруулсан хохирол тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ мөн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг авсан цалингийн хэмжээгээр тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн.
Иймд 1. Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэсэн нь үндэслэлгүй байх тул гэмт хэрэг эхэлсэн хугацааг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцох
2. Г.Батбилэгийн хуурамч диплом ашиглах гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ төгссөн буюу гэмт хэргийн үргэлжилсэн хугацааг зөв тогтоолгох,
3. Гэмт хэргийн үргэлжилсэн хугацааг үндэслэн гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг зөвтгөж тогтоох, ийнхүү тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хасах саналтай... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:
Г.Батбилэг нь гэм буруугийн талаар маргаагүй. Миний зүгээс хөөн хэлэлцэх хугацааг үндэслэж гомдол гаргасан. Анхан шатны шүүх Г.Батбилэгийг анх ажилд орсноос хойших хугацаагаар дүгнэж гэм бурууг тооцсон нь үндэслэлгүй. 2017 оноос хойш 4 жилийг илүү бодсон гэж үзэж байна. Г.Батбилэг нь 2016 онд удирдлагын академи төгссөн. Мөн Мандах бүртгэл дээд сургуулийг 2012 онд суралцаж төгссөн. 2020 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Солонгос хэлний ангиар төгссөн. Анхан шатны шүүх Г.Батбилэгийг анх ажилд орсноос энэ бүх хугацаанд үргэлжлээд байна гэж дүгнэсэн. Прокурор Т.Дэлгэрсайхан ажлаас халагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэлт гаргаж байсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэн 4 жилийн хугацааг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:
Анхан шатны шүүх үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дууссан талаар бодит дүгнэлт хийж чадаагүй. МУИС-ын дипломыг хуулбарласан үйлдэл дээр маргаагүй. Мөн Мандах бүртгэл дээд сургуулийн бакалаврын дипломтой болсон байсан. Ажил олгогчийн ажилтныг авах гол шалгуур нь бакалаврын диплом байсан. Тэгэхээр Г.Батбилэг нь МУИС-ын диплом хамаарахгүйгээр Мандах бүртгэл дээд сургуулийн дипломыг үндэслэж ажлаа хийж байсан гэж үзнэ. МУИС-ын бакалаврын зэрэг нь түүхийн ухааны чиглэлээр байсан. Өөрөөр хэлбэл Г.Батбилэг нь түүхийн багшаар ажиллаж байгаагүй. Үүнээс гадна Г.Батбилэг нь маш олон мэргэжлийн сертификаттай байсан. Үүнээс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэргүүлэх зэргийн багшийн үнэмлэх авсан байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Гэтэл анхан шатны шүүх хуурамч диплом ашигласан байдал нь цаг хугацааны хувьд үргэлжлээд байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв хуурамч диплом ашигласан гэж үзэхээр бол Мандах бүртгэлийн дипломтой Г.Батбилэгийг 2018.07.06-нд мэргэжлийн багшийн тэргүүлэх зэрэг авсан өдрөөр гэмт хэрэг төгссөн гэж үзэж болно. Мөн Г.Батбилэгийн зан байдлын тодорхойлолтыг үйлдвэрчний эвлэлээс гаргаж өгсөн. Үүнийг мөн анхаарч үзэх байсан юм.
Ж.Туяа өмгөөлөгчийн гаргасан тайлбар болох хоёр хуулийг дамнуулан хэрэглэсэн учраас Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ёстой гэдэг тайлбар үндэслэлтэй. Анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. 2002 оны хуульд тамга, тэмдэг, хэвлэмэл маягт гэдэг үг байдгаас диплом гэдэг үг байдаггүй. 2015 оны хуульд ч энэ хэвээр байсан. Тэгэхээр 2002 онд үүнийг гэмт хэрэгт тооцохгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Мөн анхан шатны шүүх цалинг бүхэлд нь гаргуулж байгаа нь шударга бус юм. Г.Батбилэг нь зүгээр суугаад мөнгө аваагүй. Ажил хийгээд хөдөлмөрлөсний үндсэн дээр цалин авсан. Өөртөө тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж үзэж байна. Гэтэл шүүх бүгдийг нь хохирол гэж үзээд гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирол гэж үздэг. Гэтэл энэ хэрэгт хохирогч хохироогүй. Хохиролгүй гэж тайлбартаа хэлдэг. Иймд цалинг гаргуулж байгаа нь үндэслэлгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болдбаатар тайлбартаа:
Би 15-р сургуулийн нийгмийн ажилтнаар ажилладаг. Сургалтын менежер хүн гэдэг бол багшийн багш байх ёстой. Багш нарыг хариуцаж шаардлага тавьж ажилладаг хүн юм. Сургуулийн сургалтын менежерийн ажлын болзол шалгуур нь дээд боловсролтойгоос гадна өөрөө багш хүн байх ёстой. Боловсролын байгууллагад 10-с багагүй жил ажилласан байх ёстой. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсан зан байдлын тодорхойлолтыг сургуулийн захиргаанаас гаргаж өгөөгүй. Боловсролын байгууллагын үйлдвэрчний эвлэлээс гаргаж өгөөгүй. Байгууллагын аравхан хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрчний эвлэлээс гаргаж өгсөн байдаг. Хохирлын хувьд яагаад нэхэмжлээгүй вэ гэвэл бодит хохирлыг тогтоог хор хохирлыг бодитоор тооцож чадахгүй. Тийм боломж ч байхгүй гэж үзэж байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:
Г.Батбилэг нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9-р сургуульд сургалтын менежерийн ажилд орсон. Энэ хугацаанаас яллах дүгнэлт үйлдсэн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож байгаа. Энэ дунд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцэн гарсан. Хууль буруу хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Г.Батбилэгийн өмгөөлөгч Ж.Туяа, П.Батжаргал нарын гомдлоор шүүгдэгч Г.Батбилэгт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Г.Батбилэгийг Монгол Улсын их сургуулийн 1297 бүртгэлийн дугаартай, 9800825 серитэй дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерээр 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр томилогдож, улмаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл уг дипломыг ашиглаж 89.655.951 төгрөгийн хууль бус орлого олсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.д заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Монгол улсын иргэн Гантөмөрийн Батбилэг нь 1994 оноос 1998 онд Монгол Улсын их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж төгссөн тул бакалавр зэрэг олгов” гэсэн бичиглэлтэй Монгол Улсын их сургуулийн 1297 бүртгэлийн дугаартай, Р9800825 дугаартай улаан өнгийн дипломыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Батбилэгээс 89.655.951 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч Г.Батбилэгийнх гэх Монгол Улсын их сургуулийн 1297 бүртгэлийн дугаартай, 9800825 серитэй диплом нь Монгол Улсын их сургуулийг 1998 онд түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн Маёорын Ганбаатарт олгогдсон 1297 бүртгэлийн дугаартай, МУИС-ийг 1998 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн Н.Баярмөнхөд олгогдсон 09800825 дугаар бүхий диплом байх ба Монгол Улсын их сургуульд суралцаагүй атлаа суралцаж төгссөн мэт өөрт нь олгогдоогүй дипломыг хэвлэх төхөөрөмж ашиглан өөрийн нэртэй болгуулж уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерээр тасралтгүй 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд уг дипломыг ашиглан ажиллаж, 89.655.951 төгрөгийн хууль бус орлого олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батбилэгийн өгсөн: “Би тухайн үед Хөдөө аж ахуйн сургуулийн 2 дугаар курсийн оюутан, 24 настай байсан. 1999 онд эгчдээ “багшийн сургууль руу шилжмээр байна” гэж хэлсэн. Эгч “ийм боломж байна” гэхээр нь материалаа өгсөн. “Болно” гэж бодоод авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл болно гэж үнэндээ мэдээгүй. Би 2000 онд Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газарт мэргэжилтнээр ажилд ороод гурван жил орчим ажилласан. 2005 онд Солонгос улс руу гэрээт ажилтнаар яваад 2008 онд ирсэн. 2012 онд Мандах их сургуулийг, 2016 онд удирдлагын академийг, 2020 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд магистраар, 2022 онд Солонгос хэлний багш мэргэжлээр тус тус төгссөн” гэх мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болдбаатарын өгсөн: “2022 оны 02 дугаар улиралд Боловсрол шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн бүх багш, ажилтнуудын бичиг баримтыг шалгах үүрэг өгсөн. Багш, ажилтнуудынхаа бичиг баримтыг сканердаад явуулсан. Сургуулийн бичиг хэргийн ажилтан шүүгдэгч Батбилэгийн дипломын эх хувийг шаардсан боловч “алга болгосон, гээсэн” гэсэн байсан. Ихэнх багш нарын бичиг баримтыг ажлын комисс руу явуулсан. Үлдсэн хүмүүсийн бичиг баримтыг яаралтай шаардсан боловч Батбилэг гаргаж өгөөгүй. Захирал ч мөн Батбилэгээс шаардсан. Хувийн хэрэгт Батбилэгийн дипломын хуулбар хувь байсан. Монгол Улсын их сургуулийн түүхийн анги төгссөн гэсэн байсан. Шаардсан бичиг баримт гаргаж өгөөгүй хүмүүсийн мэдээллийг мэдээллийн санд шалгахад байхгүй байсан учир “энэ хүмүүстээ арга хэмжээ ав” гэсэн. 5 дугаар сард Авлигатай тэмцэх газрын байцаагч надаас гэрчийн мэдүүлэг авсан. Батбилэг 1998 онд Монгол улсын их сургуулийг төгссөн байна. Та ийм төгсөгч таних уу? гэсэн. Би 1998 онд энэ хүнийг Монгол улсын их сургууль төгссөн гэдгийг мэдэхгүй гэдгээ хэлсэн. Би өөрийнхөө үеийн төгсөлтийн болон дээд, доод курсийн төгсөгчдөө мэднэ. Батбилэгийн улаан хавтастай диплом нь Монгол улсын их сургуулийн дипломтой адилхан байсан. Би энэ хүнийг 2000 оноос мэргэжилтэн байхаас нь мэднэ. Монгол улсын их сургууль төгссөн бол дотно, сайн мэдэх ёстой байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас үлдсэн хүнийхээ бичиг баримтыг яаралтай ирүүл гэсэн албан тоот ирсэн. Батбилэг бичиг баримтаа гаргаж өгөхгүй болохоор сургуулийн захиргаанаас Монгол улсын их сургууль руу лавлагаа авахаар албан тоот явуулсан. Албан тоотын хариу нь 1998 онд Батбилэг гэж хүн төгсөөгүй, дипломын дугаар, сери нь өөр хүн дээр олгогдсон гэж ирсэн. Сургуулийн амралтын дараа 08 дугаар сарын сүүлээр сургуулийн захиргаанаас ажлаас халсан тушаалыг нь гаргасан. Сургуулийн зүгээс энэ хүнээс албан ёсоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
-2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Г.Батбилэгээс хураан авсан 1297 дугаартай дипломыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх- ийн 9/,
-гэрч Л.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр Г.Батбилэг нь зан байдлын хувьд даруу төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, аливаа ажлыг нямбай, чанартай сайн хийж гүйцэтгэдэг, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Би өөрийн нөхөр Г.Батбилэгээс Их сургуульд сурч байсан талаар нь ерөөсөө асууж байгаагүй. Энэ онд “цагдаад шалгагдаж байгаа” гэж хэлэхээр нь тодруулаад асуутал Г.Батбилэг нь надад “би Монгол Улсын их сургуульд суралцаагүй байж хуурамч диплом авчихсан” гэж хэлэхээр нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
-гэрч Д.Чинбатын: ...Г.Батбилэг нь манай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуульд сургалтын менежер албан тушаалын ажилд 2013 оны 09 дүгээр сард орсон. Ингээд Г.Батбилэг ажиллах хугацаандаа 2013 онд 2.070.635 төгрөг гар дээрээ бэлэн авсан. 2014 онд нийт 12 сар ажиллаад 7.002.089 төгрөг, 2015 онд нийт 12 сар ажиллаад 8.002.089 төгрөг, 2016 онд нийт 12 сар ажиллаад 8.779.752 төгрөг, 2017 онд нийт 12 сар ажиллаад 8.236.079 төгрөг, 2018 онд нийт 12 сар ажиллаад 8.729.79 төгрөг, 2019 онд нийт 12 сар ажиллаад 10.922.671 төгрөг, 2020 онд нийт 12 сар ажиллаад 12.761.116 төгрөг, 2021 онд нийт 12 сар ажиллаад 12.761.116 төгрөг, 2021 онд нийт 12 сар ажиллаад 13.168.530 төгрөг, 2022 онд нийт 8 сар ажиллаад 9.978.715 төгрөг авсан бөгөөд нийт Улсын төсвөөс 89.655.951 төгрөгийн цалин гар дээрээ авсан. Би Г.Батбилэгийг хуурамч диплом ашигладаг байсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
-Г.Батбилэгийн 2013 оноос 2022 оны хооронд цалингийн картаас гарт олгосон цалингийн хуудас, ажлын байрны тодорхойлолт зэргийг хүлээн авсан тэмдэглэл, баримтууд /хх-ийн 28-43/,
-2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Chrome апп ашиглан интернэтэд нэвтэрч Google хайлтын программаас “Монгол Улсын их сургууль” гэсэн хайлтаар Num.edu.mn сайтад нэвтэрч “Төгсөгчид” цэсийг сонгоход Төгсөгчдийн мэдээлэл гэсэн гарчиг доор он, оны төгсөгчдийн мэдээлэл байна. Үүнээс 1998 оныг сонгоход 1998 РDF файл гарч ирснийг татан авч хэвлэв. Уг PDF файлыг хэвлэхэд 21 хуудас болж байх ба хуудас бүрийн доод буланд хар өнгийн балаар дугаарлан 7 гэж дугаарласан хуудаст байх Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Түүхч, түүхийн багшийн бакалавраар 30 төгсөгчдийн нэрсээс Г.Батбилэгийн нэр байхгүй байсныг тэмдэглэлд тусгав. 1297 бүртгэлийн дугаараар 21 хуудас мэдээллээс шүүхэд 7 гэж дугаарласан Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Түүхч, түүхийн багшийн бакалавраар 30 төгсөгчдийн 20 дугаар хүснэгтэд Маёорын Ганбаатарын дипломын бүртгэлийн дугаар 1297 байсныг тэмдэглэлд тусгав. 9800825 сери дугаараар дээрх 21 хуудас бүхий мэдээллээс шүүхэд И1 гэж дугаарласан хуудсанд оройн ангийн Эрх зүйч бакалаврын 33 төгсөгчдийн 6 дугаар хүснэгтэд Нацагдоржийн Баярмөнхийн дипломын сери дугаар 9800825 байсныг тэмдэглэлд тусгав” гэх баримтууд /хх-ийн 44-69/,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн... “Шинжлэгдэж байгаа 09800825 дугаартай диплом дээр дарагдсан тэмдэг нь хэвлэх төхөөрөмж ашиглаж хэвлэгдсэн байна. Дипломын хавсралт дээр дарагдсан 2 ширхэг тэмдэг нь хэвлэх төхөөрөмж ашиглаж хэвлэгдсэн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-81/,
-гэрч Ц.Цэцэгмаагийн ... Миний нөхөр М.Ганбаатар нь Монгол Улсын их сургуулийн түүх нийгмийн ухааны ангид суралцаж түүхч мэргэжлээр төгссөн. М.Ганбаатар нь нас барсан... гэх мэдүүлэг,
-Монгол Улсын их сургуулийн цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл,
-Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай Г.Батбилэгийг тус сургуулийн сургалтын менежерийн ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 136/,
-Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/26 дугаартай Г.Батбилэгийг тус сургуулийн сургалтын менежерийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-ийн 85/,
-Монгол Улсын их сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2/1199 дугаартай ...”Г.Батбилэг нь Монгол Улсын их сургуульд элсэн суралцаагүй байна. Г.Батбилэгийн гэх 09800825 дугаар бүхий диплом нь МУИС-ийг 1998 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн Н.Баярмөнхөд олгогдсон байна. 1297 бүртгэлийн дугаар нь Монгол Улсын их сургуулийг 1998 онд түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн Маёорын Ганбаатарт олгогдсон байна” гэх тодорхойлолт /хх-ийн 103-108/,
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 078 дугаартай "Г.Батбилэг нь тус сургуулийн боловсрол судлалын магистрантурт 2018 онд МУИС-ийн түүхч, түүхийн багш мэргэжлийн 09800825 дугаартай диплом, Мандах бүртгэл сургуулийн нягтлан бодох бүртгэл мэргэжлийн Р201207828 дугаартай дипломыг үндэслэн суралцсан болно” гэх тодорхойлолт/хх-ийн 120-122/,
-Мандах их сургууль БСБ Дархан-Уул аймаг дахь салбарын... "Г.Батбилэгийн суралцаж төгссөн тухай" албан тоот/хх-ийн 123/,
-09800825 дугаартай бакалаврын дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкет, Г.Батбилэгийн 15 дугаар сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн ‘38-140, 142-143/,
-Г.Батбилэгийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн магистрын дипломын хуулбар, Мандах бүртгэл дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар, Удирдлагын академийн дипломын хуулбар /хх-ийн 147-152/,
-Г.Батбилэгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанууд хх-ийн 153-158, 163-169/,
-2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Г.Батбилэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 170-172/,
-Г.Батбилэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлын талаарх судалгаа /хх-ийн 173-180/,
-Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн Г.Батбилэгийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 183/ Г.Батбилэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 193-227/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хангалттай, эргэлзээгүй нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Батбилэг нь 2012 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн хэдий боловч Монгол Улсын их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх хуурамч дипломыг ашиглан Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод заасан “багш мэргэжилтэй” байх ерөнхий шаардлагыг хангасан гэх нөхцөл байдлыг бий болгож Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуульд сургалтын менежерээр ажилд орсон нь тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Батбилэгийн хуурамч диплом ашигласан үйлдэл нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерийн ажилд томилогдсоноор эхэлж, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр уг ажлаас чөлөөлөгдсөнөөр таслан зогсоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт үйлдэл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаа гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй
Шүүгдэгч Г.Батбилэгийн хуурамч диплом ашиглах үйлдэл нь санамсаргүй байдлаар хийгдээгүй, МУИС-ийг багш мэргэжлээр төгсөөгүйгээ мэдэж байж өөрийн хийж буй үйлдлийн мөн чанарыг ойлгох ухамсартай, хууль бус гэдгийг ухамсарлаж ойлгож мэдсээр байгаад зориуд санаатайгаар дээрх үйлдлийг хийсэн гэж үзэхээр байна.
Иймд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн шинж бүрэн агуулагдсан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, үйлдэлд тохирсон байна.
Шүүгдэгч Г.Батбилэг нь шударгаар, хууль ёсны дагуу хөдөлмөрлөснийхөө төлөө цалин хөлс авах эрхтэй, гэтэл хуурамч диплом ашиглах гэмт хэрэг үйлдэж Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуулийн сургалтын менежерээр 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж 89.655.951 төгрөгийн цалин хөлс авсныг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор анхан шатны шүүх шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Батбилэгийн өмгөөлөгч Ж.Туяа, П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Ц.АМАРЖАРГАЛ