Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 43

 

Б.Л-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2020/00942 дугаар шийдвэртэй

Б.Л-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Б.Л-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтэд: “Миний бие Б.Л 1970 онд төрсөн бөгөөд одоо 50 настай. Малчнаар тэтгэвэрт орох гэтэл ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр олдохгүй болсон. Надад түрээсийн мал маллахаас өмнө бас нэг дэвтэр байсан. Тэр нь надад буцаж ирээгүйгээс би ажилласан байдлаа тогтоолгохоор заавал шүүхээр орох болоод байна. Би 3 дугаар ангиасаа сургуулиас гарч, хөдөө аав, ээжтэйгээ мал маллаж амьдарч байгаад хүнтэй суугаад тусдаа гарч мөн л мал маллаж амьдарч байсан. Би 1985.07.01-1991.12.31-ний өдрийг хүртэл нэгдэлд ажилласан. Нэгдэл хувьчлалд ороод компани болоход би Булган сумын Баян-Өндөр компанийн малчнаар хуваарилагдсан. Ингээд 1992.01.01-1994.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин байсан. Иймд 1985.07.01-1991.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд малчнаар, 1992.01.01-1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын Баян-Өндөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2020/00942 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харьд овогт Б.Л-ийн Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, Архангай аймгийн Булган сумын Баян-Өндөр компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Б.Л-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Б.Л миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 942 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1985.07.01-1991.10.20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би Булган сумын Пионерийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл татан буугдаж компани болох үед тус сумын Баян-Өндөр ХК-д ажиллаж байсан. Миний нэгдэлд ажиллаж байсан байдлыг нотолсон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй байхад гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй хууль буруу хэрэглэж миний ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж миний ажилласан байдлыг зөв тогтоож өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Л ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Анхан шатны шүүх хүсэлтийн шаардлагаас 1991.10.20-1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд 1991.10.20-1994.12.31 хүртэл ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд 1985.07.01-1991.10.30 хүртэл ажиллаж байснаа хангалттай нотолж чадаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлжээ.

Хүсэлт гаргагч Б.Л-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон                                                                    

 

                                                                    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2020/00942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

                ШҮҮГЧИД                                      Д.Б

                                                                      В.Ц