| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01075/И |
| Дугаар | 303/ШШ2025/00055 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 303/ШШ2025/00055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1964 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт малчнаар орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд хадлан тэжээлийн бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1147 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 32 болон 1982 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тушаалууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08/2936 дугаар лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Ц.*******ын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жинст сумын Дөл нэгдлийн хадлан тэжээлийн байнгын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Ц.******* нь 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жинст сумын Дөл нэгдлийн хадлан тэжээлийн байнгын бригадад ажилчнаар ажиллаж байсан болох нь түүнийг нэгдлийн хадлан тэжээлийн байнгын бригадын ажилчнаар томилсон болон 1982 онд ээлжийн амралт олгосон тухай Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 32, 1982 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тушаалууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Харин хүсэлт гаргагч Ц.*******ын 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иймд хүсэлт гаргагч Ц.*******ын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жинст сумын Дөл нэгдлийн хадлан тэжээлийн байнгын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жинст сумын Дөл нэгдлийн хадлан тэжээлийн байнгын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА