Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 303/ШШ2025/00057

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:******* овогт *******ын *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч О.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1968 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 56 нас хүрч өндөр настны тэтгэвэрт малчнаар орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Би 1985 оны 6 сарын 30-нд Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар орж ажиллаад 1987 оны 4 сарын 20-нд чөлөөлөгдсөн. 1987 оны 5 сарын 09-нд Барилга цахилгаан сантехник засварын ангид шавар будагчнаар орж 1994 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан.

Энэ хугацаанд тус байгууллага нь 1991 оны 7 сарын 16-ны өдрөөс Барилга сантехник засварын контор болж өргөтгөсөн. 1991 оны 12 сарын 05-ны өдрөөс брилга засвар үйлчилгээний Тулга компани болон өөрчлөгдсөн тул тус компанид үргэлжлүүлэн шавар будагчнаар ажилласан.

Иймд 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Барилга цахилгаан Сантехникийн ангид нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн ниймгийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хөдөлмөрийн 135945 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1148 дугаар лавлагаа, Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1987 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай тушаал, 1987 онд авсан Баярын бичгүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13/36 тоот албан бичиг, хүсэлт гаргагч О.*******гийн ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч *******, ******* нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч О.*******гийн 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга, цахилгаан-сантехник засварын ангид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дархан хотын Техник туслалцааны барилга трестэд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Тулга ХК-д тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: О.******* нь 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга, цахилгаан-сантехник засварын ангид нормчноор ажиллаж байсан болох нь түүнийг тухайн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 135945 дугаартай дэвтрийн хуулбар, баримт шүүсэн талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1148 дугаар лавлагаа, О.*******г ажилд авах тухай Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1987 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай тушаал, шагнаж урамшуулсан тухай 1987 оны Баярын бичгүүд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч О.*******д 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 32 дугаар бүртгэлд: овог, нэр- ******* овогтой *******, ажилладаг байгууллага- нийтийн аж ахуй үйлчилгээ, эрхэлдэг ажил-шавар будаг, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баянхонгор гэж тэмдэглэжээ.

5. Харин хүсэлт гаргагч О.*******гийн 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дархан хотын Техник туслалцааны барилга трестэд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Тулга ХК-д тус тус ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч О.*******гийн 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга, цахилгаан-сантехник засварын ангид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дархан хотын Техник туслалцааны барилга трестэд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Тулга ХК-д тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******гийн 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга, цахилгаан-сантехник засварын ангид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дархан хотын Техник туслалцааны барилга трестэд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Тулга ХК-д тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА