| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0014/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 18
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.М-г бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, А овогт Э.Э-г бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, М овгийн Э.О-г бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.М, Э.О, өсвөр насны шүүгдэгч Э.Э нарыг тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.М, Э.О, Э.Э нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.М, Э.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 400000 төгрөгний үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн ХАОУЖИ маркийн, улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Б.М, Э.О, Э.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон шүүгдэгч нараас битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тустус дурдсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.М, Э.О нарт оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацагаар хянан харгалзан, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э-т 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд нь дөхөм үзүүлэхийг үүргийг эцэг Э.Э-т даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 400000 төгрөгний үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн ХАОУЖИ маркийн, улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Э.О, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц