Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

                                                                                2023/ДШМ/16

 

 

 

          О.Б холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           А.Амарсанаа

                        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч              П.Мөнхбат, Т.Гэрэлмаа

                        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

                                                      нарын өмгөөлөгч               Ц.Бат-Эрдэнэ, М.Бямбаахүү

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Г.Энхбаяр

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Б-д холбогдох 2212002020339 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. дугаар багийн …… тоотод оршин суух,  овогт О.Б /РД:

 

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ...-ийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын хот хоорондын засмал зам дээр 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Тоyotа Рrius-30 маркийн ...-... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бусад бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 8 настай эрэгтэй М.Т-ийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас О.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Халх овогт О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэл санааны болон бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.13-ны өдрийн 67 тоот тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 38 дугаар байрны 28 тоотод оршин суух .... овогт О.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч О.Б-д оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж өмгөөлөгч Г.Э миний бие гомдол гаргаж байна.

Учир нь О.Б-ийн үйлдсэн хэрэгт ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлж үзэх хэд хэдэн заалт байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хохирогчийн үг үйлдэлд хэт автаж, хэргийн бодит нөхцөлд зөв дүгнэлт хийж чадсангүй. О.Б-д улсын яллагчийн оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан саналаас хүндрүүлж оногдуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг

хөнгөрүүлж оногдуулах хэд хэдэн нөхцөл заасан байдгаас 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Хэдийгээр хохирогч нар нь О.Б-ийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа хэдий ч О.Б нь хохирогч хүүтэй болон хүүгийн аав ээжтэй нь ямар нэгэн танилын холбоо, таарамжгүй харьцаа, өс хонзонгийн сэдэл байхгүй, урьдчилж бэлтгэсэн төлөвлөсөн зүйлгүй, хэргийн нөхцөлөөс харахад болгоомжгүй үйлдсэн гэдэг нь тодорхой байдаг. Иймээс хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд үүнтэй Б-ийн зүгээс маргаан байдаггүй. Анх удаа тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас болгоомжгүй төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг үндэслэл болдог.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар

учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Шүүх хурлаас өмнө сайн дураараа 12.000.000 төгрөг төлсөн бөгөөд шүүх хурал дээр гаргаж өгсөн нотлох баримттай ямар ч маргаангүйгээр завсарлага авч 28.847.969 төгрөгийг төлж нийт 40.847.969 төгрөг бүрэн төлж барагдуулсан.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1.9 энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэжээ. Үүнээс харахад О.Б нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь ял шийтгэл хөнгөрүүлэх бас нэг үндэслэл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан байдаг бөгөөд түүнд нийцсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Үүнтэй холбоотой хохирол гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь шүүх орхигдуулаагүй.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын буруутай үйл ажиллагаа хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх талтай. Энэ нь талийгаач хүү 8 настай байсан бөгөөд хүүгийн эцэг эх асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.3 дахь хэсэгт заасан унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр явахаар зохицуулагдсан байгаа бөгөөд энд хүүгийн эцэг эх үүргээ биелүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг. Энэ нь ч мөн ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулах нэг үндэслэл болно гэж үзэж байна.

Харин О.Б-ийн үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймээс О.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулахад хуульд харшлах зүйл байхгүй байна.

Иймд О.Б нь анхнаасаа гэм буруугаа ямар ч маргаангүйгээр хүлээж мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа  гэмшиж, учруулсан бодит хохирлыг төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тус тус багасгаж өгнө үү” гэжээ.  

 

Шүүгдэгч О.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: О.Б миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. дугаар баг, .... дугаар байрны .... тоотод оршин суух ...... овогт О.Б намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож надад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие нь анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэгт холбогдсон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохироосон явдалдаа  маш их харамсаж гэмшиж байдаг. Энэ хэрэг явдал болсноос хойш бүрэн нойртой хонож, баяр ёслол тэмдэглэсэн удаа огт байхгүй. Хохирогч нарт юугаар ч нөхөшгүй хохирол учруулснаа бүрэн ойлгож явдаг. Хохирогч талын нэхэмжилсэн хариуцлагатай холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хэргийн нөхцөлтэй эхнээсээ огт маргаагүй. Би үйлдсэн хэрэгтээ өөрийгөө зөвтгөж огт маргахгүй байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн байдал зэрэг болон хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс гуйж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-г оролцуулах хүсэлттэй байна” гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг тохирсон гэж үзэн эсэргүүцэл бичээгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Онцгой байдлын албан хаагч болох төрд тангараг өргөсөн н.Б архи ууж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад сургууль орчмын бүсэд миний хүүг замаар гарч явж байхад нь дайрч алсан. Доороосоо эргээд ирэхэд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээнүүдийг өнгөрөөд, 2 хурд сааруулагч байсныг тоохгүйгээр хурдтай явж гараад миний хүүг дайрсан. Онцгой байдлыг алба хаагч нар өдөр болгон тэр замаар явж байгаа учраас бүр сайн мэддэг байх ёстой. Өмнөх шүүх хурал дээр н.Б гэмээ ухаарч байна гэж хэлэхээр нь үнэхээр гэмшиж байгаа юм байна гэж ойлгож байсан. Үнэхээр ухаарч байгаа юм бол яагаад ялаа багасгаж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаад байгаа юм. Анхан шатны шүүгч 2-8 жилийн хугацаагаар ял оногдуулна гэсний дагуу 6 жилийн хорих ял оногдуулсан. Бидний зүгээс үнэхээр 6 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдийнхээ амь насны хохирол төлбөрийг гаргуулъя гэхэд гаргаж шийдвэрлээгүй. Шүүгч хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх. Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гээд сууж байгаадаа ичих хэрэгтэй. Бидний гомдол хэзээ ч тайлагдахгүй. Хийсэн хэргийнхээ ялыг үүрэх л хэрэгтэй. Тийм учраас хохирогч миний зүгээс н.Б-д оногдуулах ялыг хүндрүүлж өгөхийг хүсэж байна. Бид нарыг бүгдээрээ очиж н.Бямбадоржийг зодсон гэж байна. Үрээ алдсан эх хүний хувьд очиж хэд цохисон юм. Тухайн үед цагдаа нар очсон байсан бөгөөд цагдаа нар энэ талаар мэдэж байгаа. Өнөөдөр яагаад үрээ алдсан хүн хүүхдийг нь алсан хүнийг цохих эрх байдаггүй юм...” гэв.

 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргах хүмүүс нь бид нар шүү дээ. Шүүгдэгчид оногдуулсан 6 жил ихдээд, миний зовлон багадаад байгаа юм уу. Г.Э өмгөөлөгч түүхэндээ байхгүй ял авсан гэж байна. Практикт хүний амийг шүүх үнэлж ял оноодог юм байна. Шүүх хуульд байгаа ялыг өгсөн. Энэ хүнд ухаарах боломж олгож өгнө үү гэснийг Г.Э өмгөөлөгч сонсож байсан. Хохирол төлбөр төлсөн гэж байна. Тэр мөнгө чинь миний хүүг шороонд булсан төлбөр байх. Хүний эрх байж болно, мөн хүнийг өмгөөлөөд мөнгө авсан байж болно, эмэгтэй хүн байж яаж өөдөөс хараад сууж байгаа юм бэ. Миний хүүгийн амьд явах эрх яасан юм бэ. Та нар миний хүүгийн амьд явах эрхийг нь тасалсан шүү дээ...Б-д 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг хүсэж байна. Энэ жишгийг тогтооё, яагаад байж болохгүй гэж. Бусад хүмүүст хүртэл сургамж болох хэрэгтэй шүү дээ. Би ялыг нь нэмүүлмээр байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “О.Б-д оногдуулсан ялыг хүндэдсэн гэж давж заалдах гомдол гаргаж байгаад тайлбар хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байгаа. Тэгэхээр О.Б-д оногдуулсан ял хүнд ял биш, харин Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг оногдуулсан. Үүнтэй холбоотой хохирлыг бас нэхэмжилнэ. Хохирогч миний хүү 8 настай, шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэлт тавьж байсан. О.Б хэлэхдээ би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлж байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, надад 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж байсан. Энэ нь хийсэн хэрэгтээ гэмшиж байсан үйлдэл юм уу, эсхүл тухайн үед тактикийг өөрийнхөө талд эргүүлэх үү гэсэн арга заль байсан юм уу гэж харж байсан. Өнөөдөр бас шүүх хуралдаанд оролцохгүй, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж бас нэг тактик хэрэглэж байна. Ийм учраас шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад н.Б нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогддог. Мөн гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар ял хүндэдсэн гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс н.Б-д ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл юунаас болж гарсан, осол гарсан газар ямар тэмдэг, тэмдэглэгээ бүхий газар байсан, ямар бүсэд хамаарах зам байсан, амь хохирогч хүүхэд хэдэн настай хүүхэд байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол ямар байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ял шийтгэлийг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байсан. Монгол Улсын Эрүүгийн хуульд жишиг шийтгэл оногдуулахаар заагаагүй. Өөрөөр хэлбэл өмнө нь энэ хэргийг шийдвэрлээд ийм ял оногдуулж байсан гэдэг нь утгагүй юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Гэм буруугаа хүлээсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг зааж өгсөн байгаа. Хавтаст хэрэгт н.Б-д оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулах талаарх нотлох баримт байхгүй. О.Б энэ хэргийн зүйлчлэл дээр эхнээсээ маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа. Байнгын дуудсан цагт нь биечлэн ирж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцож байсан. Аль болох энэ хэргийг хурдан шийдвэрлүүлж, хохирогч нарын сэтгэл, санааг нэг ч гэсэн хоногийн өмнө амгалан болгох санаа зорилготой байсан. Энэ шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар ч арга заль гаргаагүй бөгөөд хэргээ анхан шатны журмаар шийдвэрлүүлсэн. н.Б нь гэм буруугаа хүлээсэн, үйлдсэн хэргийнхээ хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэг нь болгоомжгүй төрлийн гэмт хэрэг байхад 6 жилийн хорих ял оногдуулж, 8 жилийн хугацаагаар эрх хасах ял оногдуулсан нь үйлдсэн хэргээс нь арай л хүндэдсэн ял оногдуулсан. Практикаас харахад энэ төрлийн гэмт хэрэгт 6 жилийн хорих ял оногдуулж, 8 жилийн хугацаагаар эрх хасах ял оногдуулсан хэрэг байхгүй байна. Хохирогч талын хохирсон байгааг бид бүгдээрээ ойлгож байгаа. Гэхдээ гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлсөн байгаа тохиолдолд хуульд ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэхээр заасан байхад энэ заалт н.Б-д хамаарахгүй байгаа нь учир дутагдалтай байна. Улсын яллагч 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүхээс 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гомдолтой санагдаад оногдуулсан ялыг багасгахаар давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан байна. Тэгэхээр өмгөөлөгч миний зүгээс н.Б-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Хэрвээ 8 жилийн хорих ял оногдуулъя гэхэд доош нь татаад 4 жилийн хорих ял оногдуулах боломжтой байна. Тэгэхээр өмгөөлөгч миний зүгээс улсын яллагчийн зүгээс санал болгосон 4 жилийн хугацаагаар хорих ял нь үйлдсэн хэрэг, хохирол төлбөр төлсөн байдалтай таарсан гэж үзэж байна. Хор уршгийг арилгах асуудлыг шүүхийн зүгээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь тусгаж өгсөн байгаа. Улсын яллагчийн оногдуулсан ялаас дээш нь татаж ял оногдуулж байгаад гомдолтой байгаа учраас ялыг багасгаж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Хүнийг гэм буруугаа хүлээгээд, хохирол төлбөрөө төлөөд, гэмшээд байхад илүү хүнд ял оногдуулах нь зохимжгүй байна. Тийм учраас ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлж үзэхэд хуульд харшлах зүйлгүй. н.Б өөрөө хүний амь насыг авардаг хүн, тэр өдөр тохиолдлын шинж чанартай болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа. н.Б хэзээ ч надад хамгийн бага ялыг авъя гэж хэлж байгаагүйгээс харахад үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа нь харагдаж байна. Хохирогч талд маш их хүлээцтэй хандсан. Яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр хохирогч нар н.Б-ийн гэрт нь очиж гэр бүлийнх нь бүх хүмүүсийг зодсон. н.Б-ийн өөрийнх нь бие хүртэл гэмтсэн байсан. Би цагдаагийн байгууллага дээр очиход н.Б надад хэлэхдээ би хохирогч нарыг ойлгож байна, та энэ зүйл дээр битгий асуудал гаргаарай гэж байсан. Энэ нь н.Б өөрийнхөө гэмшлийг л харуулж байгаа шүү дээ. Та бүхэн үүнийг ойлгож үзээрэй. н.Б-д оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. Харин эрх хасах ял дээр тайлбар хэлэхгүй. Иймд эдлэх ялаас багасгаж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр .....-ийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын хот хоорондын засмал зам дээр 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Тоyotа Рrius-30 маркийн ...-... АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, зам тээврийн хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бусад бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 8 настай эрэгтэй М.Т-ийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, Т.Г, гэрч Л.Б, Б.О, шүүгдэгч О.Б нарын мэдүүлэг, О.Б-ийн согтолтын зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт,  талийгаач М.Т-ий үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дүгээр шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг,2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/12 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11-09 дүгээр шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,  эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжтой гэж тус тус дүгнэн, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

 

            Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М, Т.Г нарын нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 40.847.969 төгрөгийг шүүгдэгч О.Б төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар сэтгэл санааны болон бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Э, шүүгдэгч  О.Б нар анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэлээр тус тус давж заалдах гомдол гаргасан байна.

 

            Анхан шатны шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжтой гэж дүгнэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзсэн гэж үзнэ.

 

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь насанд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно гэж заасан тул шүүгдэгч 40.847.969 төгрөгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал биш, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох оршуулгын зардлыг л нөхөн төлсөн бөгөөд хор уршиг ч бүрэн арилаагүй байна.

 

             Шүүгдэгч О.Б-д оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршиг,  шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон, анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг зөв дүгнэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч О.Б-ийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023

оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б,  шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Н.ЭНХМАА