Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1803000010007 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их Сургуулийн статистик бүртгэлийн ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл-3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Х овогт Б.Г,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэргээр зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарлалт тогтоосон үхрийн 127 килограмм махыг тус галт тэрэгний 1 дүгээр вагоны 7 дугаар купейны агааржуулалтын хоолойд нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х овогт Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 4 дэх өдөр явах Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн гарт тэргээр явах байсан. У эгч намайг өглөө эрт Нарантуул захын үүднээс мах очоод авчих гэж хэлсэн. Мах өгөх хүнд миний гар утасны дугаар байсан. Тэгээд очтол махлагдуу залуу байсан. Тэр хүнээс махаа аваад Замын-Үүдийн төмөр замын боомтоор хил гаргах гэж яваад баригдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч А овогт П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын хилээр үхрийн мах, адууны махыг Хүнс хөдөө аж ахуй яамнаас тусгай зөвшөөрөл авч улсын хилээр нэвтүүлдэг. Үхрийн мах нь хүнсний тухай хуулийн 3.1.6-д заасны дагуу стратегийн хүнсэнд хамаардаг. Стратегийн хүнсний экспорт, импортын тоо хэмжээг Хүнсний тухай хууль, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан түр журам, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлвэрийн яамнаас тогтоож Монгол улсын хилээр гаргах болон оруулахад зөвшөөрөл олгодог. Иймд үхрийн махыг улсын хилээр нэвтрүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрөлийг аж ахуй нэгж авч улсын хилээр гаргана. Харин иргэн тусгай зөвшөөрөл авч улсын хилээр үхрийн махыг нэвтрүүлэхгүй хориглосон байдаг. Хэрэв зөвшөөрөл авсан аж ахуй нэгж байгуулага нь тухайн экспортонд гаргах гэж аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээнд заасны дагуу тухайн махны үнэлгээг тогтоож өгдөг. Харин ямар нэгэн зөвшөөрөл аваагүй хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан махыг Монгол улсын зах зээлийн тухайн үнээр  үнэлнэ. Улсын хилээр махыг нэвтрүүлэх зөвшөөрөл нь 1 жилийн дотор байх бөгөөд махны нэр төрөл болон тоо хэмжээнд зөвшөөрлийг олгодог гэжээ. /хх-ийн 39-40/

Гэрч С овогт У.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тус өдөр Замын-Үүд сум төмөр замын боомтод тээврийн хэрэгслийн шалгагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24 дүгээр галт тэрэгний 1 дүгээр вагоны 7 дугаар купейны таазны хэсгийн агааржуулагчинд хайрцагтай эд зүйлүүд байхыг хяналт шалгалт хийх явцдаа 9 дүгээр купейны таазны агааржуулагчаар харахад 7 дугаар купейны чиглэл дагуу хайрцагтай эд зүйлсийг нуусан байдалтай байсан. Тэгэхээр нь боомтын дарга, ахмад М.Э-т мэдэгдэж хамтран тэр зорчигч Б.Г-г шалгахад 8 хэсэг 127 кг малын махыг агааржуулалтын хоолойд нуусан байсныг илрүүлсэн юм. Зорчигч Б.Г нь миний ачаа тээш юм, би Улаанбаатар хотоос суусан. Хятад руу орохоос өмнө купейнд байсан хайрцагтай махнуудаа агааржуулалтын хоолойнд хийж нуусан юм. Малын махыг ямар зорилгоор авч явсан талаар  бол асуугаагүй, М.Э дарга асуусан эсэхийг мэдэхгүй байна. Бидний ажлын чиглэлд хил зөрчигч нуугдаж болзошгүй цэгүүдийг шалгах үүрэг байдаг, үүний хажуугаар гарал үүсэл тодорхойгүй эд ангид нуусан байсан тухайн махыг хилээр гаргахыг хориглодог учир даргадаа мэдэгдэж саатуулсан юм. Ямар хуулиар хориглосон байдгийг нь мэдэхгүй. Гэхдээ түүхий мах ийм хэмжээгээр хилээр нэвтрүүлж болохгүй гэдгийг бол мэднэ гэжээ. /хх-ийн 47 хуудас/

Гэрч Д овогт М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Төмөр замын боомтын 1 дүгээр тавцан дээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 цаг 10-15 минутын орчимд Улаанбаатараас-Бээжин орох Олон улсын зорчигчийн 24 дүгээр галт тэрэгний 1 дүгээр вагоны 7 дугаар купейны таазан хэсгийн дулаалгын хоолойнд 8 хэсэг цаасан хайрцагтай 127 кг малын махыг зорчигч Б.Г нь нууж далдалсан байдалтай авч явсаныг тээврийн хэрэгслийн шалгагч а/а У.Л-н хамт илрүүлсэн. Тус өдөр би төмөр замын боомт дээр ажлын хуваарийн дагуу ажиллаж байсан…... Ганцаараа зорчиж байсан ба шалгуулах үедээ ээжийн бие муу байгаа учир мөнгө хэрэгтэй байна. Урагшаа Эрээн гарч зарахаар авч явж байгаа юм гэсэн хариулт өгч байсан....Түүхий махыг улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан байдаг ба тусгай зөвшөөрөлтэйгөөр аж ахуй нэгжүүд улсын хилээр нэвтрүүлдэг юм. Тиймээс хувь хүн түүхий махыг зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлэх нь хориотой байдаг гэжээ. /хх-ийн 48/

 Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүгнэлтийн хуудасанд: Дээж нь төрөлдөө тохирсон улаан хүрэн өнгөтэй, төрөлдөө тохирсон үнэр, амттай нягт уян хатан гадаргуу нь цэвэр гадны бохирдолгүй, Пероксидазын урвал- хөх ногоон бор хүрэн, зэсийн цэнхэрийн урвал тунгалаг, pH-6,0, чанах сорил тавихад –Төрөлдөө тохирсон үхрийн махны амт үнэртэй, шөл нь үхрийн махны шөлний амт үнэртэй, шөл нь тунгалаг гадны элдэв үнэргүй гэжээ. /хх-ийн 20/

Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжээчийн дүгнэлтэнд: “Манай лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу мэдрэхүйн эрхтэний шинжилгээ, Чанах сорилоор шинжилгээ хийхэд мах нь үхрийнх болохыг тодорхойллоо. Хураагдаж ирсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрхи дээжинд МЭАЦMШ, Нян судлалын шинжилгээг MNS1161:2002, 4373:1996, MNS ISO 2917:2000 Hян судлалын шинжилгээг MNS ISO 6579:99, MNS ISO 7251:1995, 13720:09, 7932: 99 MNS 4833:1995, 4835:1999, стандартаар шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангаж байна…” гэжээ. /хх-ийн 21/

 Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Хилийн 0108 дугаар ангиас хойшлуулашгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 5-15/

Мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас /хх-ийн 19/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-30/

Хүчит шонхор захын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичигт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үхрийн мах 1 килограмм нь 4000 төгрөгийн үнэлгээтэй байсан болно гэжээ. /хх-ийн 33/

Эд зүйлийн үнэлгээнд 1 кг үхрийн махыг 4000 төгрөг гэжээ. /хх-ийн 34/

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71/

 Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын Төмөр замын цагдаагийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/

 Шүүгдэгч Б.Г-н гадаад паспортын хуулбар /хх-ийн 88-93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х овогт Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэргээр зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарлалт тогтоосон үхрийн 127 килограмм махыг тус галт тэрэгний 1 дүгээр вагоны 7 дугаар купейны агааржуулалтын хоолойд нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, М.Э-н “...Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Төмөр замын боомтын 1 дүгээр тавцан дээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 цаг 10-15 минутын орчимд Улаанбаатараас-Бээжин орох Олон улсын зорчигчийн 24 дүгээр галт тэрэгний 1 дүгээр вагоны 7 дугаар купейны таазан хэсгийн дулаалгын хоолойнд 8 хэсэг цаасан хайрцагтай 127 кг малын махыг зорчигч Б.Г нь нууж далдалсан байдалтай авч явсаныг тээврийн хэрэгслийн шалгагч а/а У.Л-н хамт илрүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,  хойшлуулашгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 3-23/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Г нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгслийн хөндий зайд нуух аргаар үйлдэж бусдад 508000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд нэг кг үхрийн махыг 4000 төгрөгөөр үнэлжээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн 127 килограмм мах нь Төмөр зам дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжээчийн дүгнэлтэнд: “Манай лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу мэдрэхүйн эрхтэний шинжилгээ, Чанах сорилоор шинжилгээ хийхэд мах нь үхрийн болохыг тодорхойллоо. Хураагдаж ирсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрхи дээжинд МЭАЦMШ, Нян судлалын шинжилгээг MNS1161:2002, 4373:1996, MNS ISO 2917:2000 Hян судлалын шинжилгээг MNS ISO 6579:99, MNS ISO 7251:1995, 13720:09, 7932: 99 MNS 4833:1995, 4835:1999, стандартаар шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангаж байна” гэсэн дүгнэлт гарсан тул хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн баримт бичиг болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдав.

 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг бага, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Г-г хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.Г-н орлого олох боломжийг харгалзан  500000 төгрөгийн торгуулийн ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д  зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 127 кг үхрийн махыг хурааж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ       Д.Ц