| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0161/З |
| Дугаар | 128/ШШ2024/0800 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0800
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* албан бичгээр шүүхэд өгсөн хүсэлтдээ: Манай компаниас “Хот байгуулалт хөгжлийн газар”-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ...захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хот байгуулалт, Хотын стандартын газраас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдан гарсан учир шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй болсон учир энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “2023 оны 11 сарын 10-ны өдрийн “Хот байгуулалт хөгжлийн газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар
-ШУТИС-ын БАС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны "*******” төвийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Барилгад оношлогоо экспертизийн тайлан дүгнэлт,
-Нийслэлийн замын хөгжлийн газартай зөвшилцсөн “******* замтай холбох зам гүүрийн зураг төлөвлөлтийн 2015 онд төлөвлөгдсөн замын трасст оруулж, 2022 оны 08 сард батлагдсан өөрчлөлт болон мэдээллийн санд орж зөвшилцсөн байдал,
-Зүүн бүсийн борооны усны магистрал шугамын зураг төсөлд өөрчлөлт оруулахтай холбогдох зөвшилцлийн үр дүн болох зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн Зөвлөх инженерийн “*******” болон “*******” ХХК-иуд холбогдох мэдээллийг солилцон зөвшилцөж, борооны ус зайлуулах шугамын төлөвлөлтийг шилжүүлэхээр төлөвлөж, өөрчлөлтийн зураг төслийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хот байгуулалтын мэдээллийн санд оруулсан нөхцөл байдлуудыг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хүсэлтийн дагуу бүрдсэн Барилгад оношлогоо экспертизийн тайлан дүгнэлт, Нийслэлийн замын хөгжлийн газартай зөвшилцсөн байдал, өөрчлөлтийг хот байгуулалтын мэдээллийн санд оруулж баталгаажуулсан нөхцөл байдлуудыг хянан үзэж шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн болон гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох “2023 оны 11 сарын 10-ны өдрийн “Хот байгуулалт хөгжлийн газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар
-ШУТИС-ын БАС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны "*******” төвийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Барилгад оношлогоо экспертизийн тайлан дүгнэлт,
-Нийслэлийн замын хөгжлийн газартай зөвшилцсөн “******* замтай холбох зам гүүрийн зураг төлөвлөлтийн 2015 онд төлөвлөгдсөн замын трасст оруулж, 2022 оны 08 сард батлагдсан өөрчлөлт болон мэдээллийн санд орж зөвшилцсөн байдал,
-Зүүн бүсийн борооны усны магистрал шугамын зураг төсөлд өөрчлөлт оруулахтай холбогдох зөвшилцлийн үр дүн болох зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн Зөвлөх инженерийн “*******” болон “*******” ХХК-иуд холбогдох мэдээллийг солилцон зөвшилцөж, борооны ус зайлуулах шугамын төлөвлөлтийг шилжүүлэхээр төлөвлөж, өөрчлөлтийн зураг төслийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хот байгуулалтын мэдээллийн санд оруулсан нөхцөл байдлуудыг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хүсэлтийн дагуу бүрдсэн Барилгад оношлогоо экспертизийн тайлан дүгнэлт, Нийслэлийн замын хөгжлийн газартай зөвшилцсөн байдал, өөрчлөлтийг хот байгуулалтын мэдээллийн санд оруулж баталгаажуулсан нөхцөл байдлуудыг хянан үзэж шийдвэрлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР