Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00011

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2020        03             27                                             11

 

                                                                             

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Б, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б-д холбогдох зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 1,033,400 /нэг сая гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мотоциклийн араар сундалж явахдаа зам тээврийн осолд орж биедээ хүндэвтэр гэмтэл буюу нурууны нугалам яс хугарч улмаар эмчлүүлж байгаа билээ. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт нуруундаа мэс ажилбар хийлгэж, 6 хадаасаар нуруугаа боолгосон, одоогоор босож, суух, явахад хүндрэлтэй байгаа ба ямар нэг зүйл өргөж чадахааргүй байна. Түүнчлэн эмчлүүлэх явцад шинээр тархинд доргилт авснаас хоёр чихэндээ гэмтэл авсан нь илэрсэн болно. Уг хэрэг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхээр шийдвэрлэгдсэн ба гэмтлийн улмаас цаашид гаргах эмчилгээний зардал бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой гэсэн. Иймд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан үеийн цалин хөлсний нөхөн олговорт нэг сарын цалин хөлсийг 320,000 төгрөгөөр тооцож 960,000 төгрөг, Улаанбаатар хотоос Мөрөн суманд ирсэн өөрийн болон өөрөө бие даан ирж чадахгүй учир ээжийн хамт ирсэн зардалд нэг хүний 36,700 төгрөг, 2 хүний 73,400 төгрөг, нийт 1,033,400 төгрөгийг С.Б-с гаргуулж өгнө үү.

...Ирж очсон замын зардал нэхэмжлэхээ болъё. Нэхэмжлэлийн шаардлагаа 73,400 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би осол гаргаж гэмтэл учруулсан нь үнэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал, замын зардлыг эрүүгийн хэргийн хамт 2,312,600 төгрөг төлсөн. Цалин болон ээжийнхээ замын зардал гэж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын дэвтэр бол үндсэн баримт. Үндсэн баримтыг шүүгээд үзэхээр байгууллага нь цалин өгсөн гэж үзэж болохоор байна. Харин баталгаажаагүй бичиг баримт харагдаж байна. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин олгох ямар ч боломжгүй. Группийн хуралд орсон хүн байна. Группийн хурлаар хөдөлмөрийн чадвар алдаагүй, эмчийн хяналтанд байна. Ажилгүй байсан хугацаагаа нотолж ирэх үүрэгтэй. Гэвч нотолгоо хангалтгүй байна гэж үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хариуцагч С.Б-эс 640,000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 320,000/ гурван зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Б-ээс 19,850 /арван есөн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр хариуцагч С.Б-ээс 640,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 1,033,400 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч тал зөвшөөрөхгүй гэсэн. Гэтэл шүүгч нар нэхэмжлэгч Г.Б-г нэхэмжлэлийн шаардлага чинь хангалтгүй байна, нэхэмжлэлээ багасгаад зөвхөн цалин хөлс болох 3 сарын мөнгөө нэхэхийг санал болгоход нэхэмжлэгч зөвшөөрч тэр хэмжээгээр буюу 960,000 төгрөгийг нэхэмжилж, шүүх багасгасан болгож 640,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

2. Шүүх хуралд оролцсон оролцогчид адил тэгш эрх, үүрэгтэй оролцдог гэсэн атлаа хариуцагч миний эрх ашгийг зөрчиж нэхэмжлэгч талд тусалж үндэслэлгүйгээр 640,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар алдсан талаар ямар ч шийдвэр /эмнэлэг магадлах комиссын шийдвэр/ гараагүй байхад түүний амаар хөдөлмөрийн чадвар алдсан байна гэж буруу дүгнэлт зориуд хийсэнд гомдолтой байна.

4. Г.Б нь нийгмийн даатгалын дэвтэртээ сүүлийн 3 сар буюу 10, 11, 12 дугаар сарын бичилтийг хийлгэсэн байхад ажил хийгээгүй байна, цалин хөлсгүй байсан байна гэж шүүхээс үзсэн нь шийдвэр үндэслэлгүй гарах нөхцөл боллоо. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 1,033,400 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 960,000 төгрөг болгосон байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч С.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас  зам тээврийн осолд орж, биед нь хүндэвтэр хохирол учирсан нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  нотлогдон тогтоогдсон байна.  

Нэхэмжлэгч Г.Б нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн осолд орж, сээрний 12 дугаар нугламын их биеийн шахагдсан хугарал бүхий “хүндэвтэр” гэмтлийн улмаас нуруундаа мэс ажилбар, эмчилгээ хийлгэж, тодорхой хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, амбулаториор эмчлүүлэгсдийн картаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс  шаардах эрхтэй.

Гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  “...уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” бөгөөд мөн хуулийн  505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “...хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” учир хариуцагчаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд цалингийн хэмжээг “туршилтын хугацаанд 3 сар /800,000 төгрөг/” гэж тохиролцсон байх боловч нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээр сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тооцож  байсан нь тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг 320,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчид 2019 оны 09 сараас 11 дүгээр сард цалин хөлс олгосноор нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэсэн байх боловч энэ хугацаанд нэхэмжлэгч нурууны мэс ажилбарын улмаас хөдөлмөрлөх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтийг эрх бүхий албан тушаалтан баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Нэхэмжлэгч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”  бөгөөд  нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад энэ эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Шүүх бүрэлдэхүүн  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг шийдвэрлэхийн тулд зохигчид асуулт тавих, асуудлыг  тодруулах эрхтэй бөгөөд ийнхүү тодруулсныг хэргийн оролцогчийн талд орсон гэж дүгнэх боломжгүй.

2.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн байх ба  хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-д зааснаар “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” , 2.3.2-т зааснаар “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэмтлийг “хүндэвтэр” гэмтэл гэж үзэх  бөгөөд нэхэмжлэгчийн биед “хүндэвтэр” гэмтэл учирсныг  шинжээч тогтоожээ.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоолгох эсэх асуудлыг өвчтөн тодорхой хугацаанд эмчийн хяналтад эмчлэгдэж, өвчний онош, явц, хүндрэл,  өвчтөний биеийн байдлаас хамаарч шийдвэрлүүлдэг  журамтайн дээр  нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр  гараагүй байгаа нь түүний эмчилгээ хийлгэснийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

4.Шүүх хэрэгт авагдсан  баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг шийдвэрлэснийг  буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,850 /арван есөн мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

                                 ШҮҮГЧИД                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                      Б.СОСОРБАРАМ