Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Э.Т, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Т-д холбогдох эрүүгийн 1720001290081 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Уул уурхайн электро баазын машинист мэргэжилтэй, хувиараа Замын-Үүд сумаас Эрээн хотын чиглэлд хүн, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох дэргэвэр жиргэрүү нэртэй ховор ургамлыг өөрийн биедээ болон 76-89 ДГО улсын дугаартай Тианма маркийн автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дорнговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот хооронд автомашинаар хүн ачаа тээвэр хийдэг. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой 19 цаг болж байхад БНХАУ-аас А гэх айлын хашаанд очоод А-д ачааг нь хүлээлгэж өгөөд дууссаны дараа А гэх залуу Т ах надаа 10 ууттай эмийн ургамал байна ургашаа Эрээн хот руу гаргах гэсэн юмаа та гаргаад өгөх үү 1 уут ургамал 10 юань өгнө гэхээр нь за тэгье гээд А-с 10 уут ургамлыг нэгийг нь 10 юаниар бодож 100 юань бэлнээр авсан. Тэгээд би тэр орой гэртээ харьж амарчихаад маргааш өглөө 76-89 ДГО улсын дугаартай ДЕМО маркийн машины карданы голын хайрцаганд 2 ширхэг, баруун талын суудлын гишгүүр доор 2 ширхэг, бусад 6 ширхэг ургамлыг биедээ нуугаад машинуудын оочиронд явж байгаа Гаалийн машин шалгадаг яаман дээр зогсоод шалгалт хийлгэхэд Гаалийн улсын байцаагч У шалгаад миний машины карданы голын хайрцаганд 2 ширхэг, баруун талын суудлын гишгүүр доор 2 ширхэг, нийт 4 ширхэг ургамал гаргаж ирээд У таньд өөр нуусан газар байгаа юу гэж асуухаар нь миний биед 6 ширхэг байгаа гэж хэлээд биедээ байсан 6 ширхэг ургамал гаргаж өгөөд нийт 10 ууттай ургамал хураалгасан. Замын-Үүдэд ирээд удаагүй болохоор ийм хэрэгт холбогддог гэдгийг мэдэхгүйгээсээ ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Нүүрс модны үндэс хоёрыг аваад нүүрс нь 4 кг-аас асгараад 2 кг үлдсэн гэрт байгаа. Модны үндэс гэх 5 орчим кг ургамлыг би авсан. Надтай утсаар ярьж жуучилсан Өвөрмонгол хүнийг би танихгүй. Миний дугаарыг хаанаас авсныг нь мэдэхгүй. 2017.09.28-нд Б.Т ах БНХАУлсын Эрээн хотоос 69-нд ачаа ачиж манай хашаанд орж ирээд ачаагаа надад буулгаж үлдээгээд каргонд энэ ачааг өгөөрэй эх нь урагшаа дахиад нэг гарчихаад ирье гэхээр нь 5 кг модны үндэсийг урагшаа хятад руу гаргаж өгч туслаач гээд 100 юань өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

-Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн экспорт гаргах талд 11 цагийн үед Замын-Үүд сумын иргэн Б.Т-н 76-89 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн урд талын суудлын дунд хайрцагны доод хөндийгөөс 2 ширхэг, баруун талын урд талын суудлын шалавчан доороос 1 ширхэг тухайн жолоочийн биенээс 6 ширхэг нийт 10 ширхэг боодолтой 4.8кг дэргэвэр жиргэрүү гэх ургамлын үндэс гарч ирсэн. Тэгээд би хойшлуулашгүй ажиллагаа явуулаад прокурорын байгууллагад эд мөрийн баримт, материалын хамт шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн зөв талын хойд хаалгыг онгойлгож шалгалт хийхэд гарч ирсэн. 1995.04.11-ний өдрийн Улсын Их хурлаас батлагдсан Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйл, 1995 оны Засгийн газрын 153 дугаар тогтоолоор иргэн хүн экспортлохыг хориглодог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, 

- Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтэнд:

1. Гадаргуу нь хүрэн бор, махлаг эд цайвар шаргал өнгөтэй ургамлын үндэс нь хатаасан дэрэвгэр жиргэрүү мөн болно.

2. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын Ховор ургамлын жагсаалтад багтдаг ургамал юм. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэргэвэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/ ургамлыг уламжлалт эмийн түүхий эд болгон ашигладаг гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/,

 - Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тухай, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, Фото зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20, 23-24/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 25/,

- Вендо ХХК-ийн 76-89 ДГО улсын дугаартай Тианма /Tianma/ маркийн автомашиныг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-40/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ  болон хуулбар  /хх-ийн 50-51, 109/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох дэргэвэр жиргэрүү нэртэй 4,8 кг ховор ургамлыг өөрийн биедээ болон 76-89 ДГО улсын дугаартай Тианма /Tianma/ маркийн автомашины урд талын суудлын дунд хайрцаг, баруун талын урд талын суудлын шалавчинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г  2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох дэргэвэр жиргэрүү нэртэй ховор ургамлыг өөрийн биедээ болон 76-89 ДГО улсын дугаартай Тианма /Tianma/ маркийн автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр хязгаарласан бараа болох дэргэвэр жиргэрүү нэртэй ховор ургамлыг өөрийн биедээ болон 76-89 ДГО улсын дугаартай Тианма /Tianma/ маркийн автомашинд нууж хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.У, Б.А нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.8 кг дэргэвэр жиргэрүү нэртэй ховор ургамлыг нотлох баримтаар шинжлэн судлахад үс ургаж, хөгзөрч муудсан байдалтай байх тул устгахаар шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 76-89 ДГО улсын дугаартай Тианма /Tianma/ маркийн тээврийн хэрэгслийг Вендо ХХК нь үнэлэхдээ 7,200,000 төгрөг гэж өндөр өртөгөөр үнэлсэн байх ба дээрх тээврийн хэрэгсэл нь 74-96 ХЭА дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгийн өмчлөлийнх байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 38 дугаар тогтоолоор 1,000,000 төгрөгөөр акталж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дуудлага худалдаагаар 1,200,000 төгрөгөөр худалдан авч, одоо 76-89 ДГО улсын дугаартай шүүгдэгч Б.Т-н өмчлөлийнх болсон болох нь хэрэгт авагдсан 110-123-р хуудсан дахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайн үед тээврийн хэрэгсэл нь 74-96 ХЭА дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгийн өмчлөлийнх байсан ба одоо шүүгдэгч Б.Т-н өмчлөлийн 76-89 ДГО улсын дугаартай болсон болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 50/, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ /хх-ийн 109 / дээр бичигдсэн арлын дугаараар тогтоогдож байна.

Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор 76-89 ДГО улсын дугаартай Тианма /Tianma/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүгдэгч Б.Т-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байх ба шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул битүүмжлэлийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Т-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.8 кг дэргэвэр жиргэрүү нэртэй ховор ургамлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 1,200,000 төгрөгний үнэ бүхий 76-89 ДГО улсын дугаартай Тианма /Tianma/ маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.Н