Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар  2023/ДШМ/490

 

           

 

 

  2023            5             09                                         2023/ДШМ/490

Д.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогч Э.Б нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Мд холбогдох 2209000002412 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.М, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Рашааны 00-000 тоотод түр оршин суух, /РД: **00000000/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 17-765 тоотод хохирогч Э.Быг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас Э.Бын толгой хэсэгт сүхээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Мыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай, 17x13 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн ар тал нь 6 см хэмжээтэй төмөр сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Б давж заалдах гомдолдоо: “...Тухайн хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хариуцлагыг Д.Мд хүндрүүлж шийдвэрлэгдсэн байна. Дээрх гэмт хэрэг нь миний буруутай үйлдлээс болсон бөгөөд Д.М нь санаатайгаар миний биед халдаагүй.

Иймд Д.Мд хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, ... нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн нь болсон үйл явдал хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж миний үйлчлүүлэгч Д.Мд ял шийтгэл оногдуулсан, эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Хэргийн бодит үйл явдал хохирогчийн буруутай үйлдлээс Д.Мы биед халдсан, энэ үед сэтгэл санааны хувьд өөрчлөлтөд орж биеэ хянах чадваргүй үедээ хохирогч Э.Бын биед сүх хэрэглэн толгойн тус газар цохиж хүнд гэмтэл учруулсан байдаг. Гэтэл бодит байдлыг дүгнэж үзвэл, Д.М нь Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн их эмчийн хяналтанд байдаг, шинжээчийн дүгнэлтээр F23 сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй болох нь тогтоогдсон.

Энэ нь миний үйлчлүүлэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарагдахгүй болно.

Учир нь, хэргийн үйл явдал нь Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн энэ байдал Д.Мы сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй, сэтгэл зүйн хувьд биеэ хянах, тухайн үйлдлийг санаатайгаар хийх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шудрага ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн хуулийн зүйл, заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Тийм учраас дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэх талаар шүүхэд саналаа гаргаж байсан болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/208 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулан миний үйлчлүүлэгч Д.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчийн гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд “Хэлэх зүйлгүй” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд түүний хийсэн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлах чадвартай” байсан эсэх талаар шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Тухайн шинжээчийн дүгнэлтэд “шүүгдэгч нь хэрэг гарах үед өөрийн үйлдлээ ухамсарлах бүрэн боломжтой, хэрэг хариуцах чадвартай” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, хохирогчийн буруутай үйлдэл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлэн ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 17-765 тоотод хохирогч Э.Быг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас Э.Бын толгой хэсэгт сүхээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Бын “...Миний биед толгойн зүүн дээд хэсгээрээ 2 газар хагарсан, хүзүүний зөөлөн эд гэмтсэн. Миний биед хэн гэмтэл учруулсныг би санахгүй байна. Манай эхнэр Ундармаа, төрсөн дүү Содтуяа хоёр хэлэхдээ хашаанд хамт амьдардаг ээж Энхцэцэгийн төрсөн дүү Д.М нь намайг хашааны гадаа үүдэнд хүнтэй муудалцаад байхаар намайг болиулсан гэж хэлсэн. Тэгээд үгэнд орохгүй болохоор нь цохьсон гэж хэлсэн. Юугаар цохьсоныг санахгүй байна. ...” /хх 19/,

насанд хүрээгүй гэрч Э.Сийн “...Д.М ах гарч ирээд Э.Б ахыг оруулах гэхэд Э.Б ах Д.М ахтай маргалдаж эхлээд орохгүй байсан. ... Д.М ахтай Э.Б ах маргалдаад заамдалцаж авцгаагаад байсан. Тэгээд Д.М ах гэр рүүгээ ороод сүх барьж гарч ирээд Э.Бын толгой дээр нь сүхний ар талаар нэг удаа, зүүн талын хүзүү орчим 1 удаа сүхээр цохьсон. Тэгээд газар унасны дараа ард нурууны орчим 1 удаа сүхээр цохьсон. Тэгээд эгч Ундармаа нь тэр хоёрыг салгасан. Тэгтэл Э.Б ахын толгойноос цус гараад эгч Ундармаа 103 дуудаад, Д.М ах цагдаа дуудсан. ...” /хх 26/,  

гэрч Г.Уийн “...Д.М ах гэр рүүгээ ороод сүх барьж гарч ирээд манай нөхөр Э.Бын толгой дээр нь сүхний ар талаар 1 удаа, зүүн талын хүзүү орчим 1 удаа сүхээр цохьсон. Тэгээд газар унасны дараа нуруу орчим 1 удаа сүхээр цохьсон. Тэгээд дүү Содтуяа бид хоёр очиж салгацгаасан. Тэгтэл манай нөхөр Э.Бын толгойноос цус гараад би 103 дуудаад, Д.М ах цагдаа дуудсан. ...” /хх 28/

шүүгдэгч Д.Мы өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нагац дүү Э.Б нь хашааны гадаа агсам согтуу тавиад байсан. Тэгэхээр нь би гэрт нь оруулах гээд Э.Бтой маргалдаад бухимдсанаасаа болоод би төмөр сүхээр толгой руу нь 1 удаа, нуруунд нь 1 удаа, гуянд нь 1 удаа тус тус сүхээр цохисон. Сүхээр цохисноос болж Э.Бын толгойноос цус гараад би цагдаа дуудсан. ...” /хх 8/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15677 дугаар “...Э.Бын биед гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох, зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох, зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 32/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “...Д.М нь сэтгэцийн хувьд F70 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно. ... сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ... өөрийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. ... харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд, группэд байдаг тухай эмнэлгийн бичиг баримттай байна. ... эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” /хх 53/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-15/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Э.Б “... нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол ... ял шийтгэнэ” гэж заажээ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг (уур хилэн, гоморхол, айдас зэрэг нь сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг боловч хүн өөрийн зан үйлийг ухамсарлах ба түүнд хяналт тавих, түүнийгээ хариуцах боломж нь алдагдаагүй) тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй, харин санаатай үйлдсэн гэмт хэргээс эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлсэн шинжтэйгээр хуульчлагдсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын эрүүл мэндийг хохирооход шууд чиглэсэн, хохирогчид хохирол учруулахыг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах зэрэг үг хэллэг, үйлдлээр гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тэрээр хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж хохирол учруулсан байдгаараа ялгагдана.

Шүүгдэгч Д.Мд холбогдох хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, тэрээр хохирогч Э.Быг сайн таньж мэдэх, садан төрлийн холбоотой бөгөөд тэдний хооронд урьдын өш хонзон, таарамжгүй харилцаа байгаагүйгээс гадна тухайн өдөр Э.Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, маргаан болсон талаар гэрч, хохирогч, шүүгдэгч нар харилцан зөрүүгүй мэдүүлжээ.

Шүүгдэгч Д.Мы дээрх үйлдэлд “өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Мы хувийн таарамжгүй харьцааны улмаас үеэл дүү Э.Бын толгойг сүхээр цохьсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд түүнийг анхан шатны шүүхээс “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.

Давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгөх, эсхүл арилгах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүхэд олгосон байдаг.

          Анхан шатны шүүх “онц харгис хэрцгийгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж зөв дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь “хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Мы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Тайжууд овогт Дарамсэдийн Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Э.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР