Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0009

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                          Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                             Л.Атарцэцэг,

                                            Х.Батсүрэн,

                                            Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0583 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:       

Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Б, М.А. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар.

Хариуцагч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай  хуулийн 6 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчдын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ц.Бийн тэтгэврийг 1997 оны 03, 04, 05 дугаар сарын дундаж цалин хөлснөөс тооцож өөрчлөн тогтоож, олгохыг хариуцагчдад даалгаж, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийг олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэсэн.          

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0583 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Б-ийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч Ц.Б-д олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.   

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/ дугаартай шүүхийн магадлалтай танилцлаа.

4. Иргэн Ц.Б-ийн шүүхэд гаргасан “Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын даргад даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчдын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ц.Бийн тэтгэврийг 1997 оны 03, 04, 05 дугаар сарын дундаж цалин хөлснөөс тооцож өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасан шийдвэр гаргасан.

5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дараах өөрчлөлтийг оруулсан байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Бийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч Ц.Б-д олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нийгмийн даатгалын байгууллага нь иргэн Ц.Б-ийн тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасны дагуу МИАТ ХК-аас тодорхойлсон 1992 оны 6 дугаар сараас 1997 оны 5 дугаар сарын цалинг үндэслэн “сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг” тодорхойлж, хөдөлмөрийн чадвараа алдсан 100 хувиар нь тогтоон олгосон нь монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/ дугаартай шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байгаа тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.

8. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/дугаартай шүүхийн магадлалтай танилцлаад дараах гомдлыг хүргүүлж байна.

9. Ц.Б нь 1997 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын №00081 тоот “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт”-аар хөдөлмөрийн чадвараа 100 хувиар алдсанаа тогтоолгон тус хэлтэст хандан тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл, холбогдох баримт бичгээ ирүүлсэний дагуу МИАТ ХК-ний бүрдүүлж ирүүлсэн 1992-1997 оны 5 жилийн цалингийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн ослын акт бусад баримтыг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5, 6, 20 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тахир дутуугийн тэтгэврийг тогтоолгосон байна.

10. Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж хуульчилсан бөгөөд түүний тахир дутуугийн тэтгэврийн тогтоох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцохдоо үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг баримтлан 1992-1997 оны дараалсан 5 жилийн цалингийн нийлбэрийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу мөн хугацааны шимтгэл төлсөн нийт сарын тоонд буюу 60 сард хувааж тодорхойлсон.

11. Мөн 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тухайн үед мөрдөж байсан Засгийн газрын 1997 оны 73 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр өсгөж, уг өсгөсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тахир дутуугийн тэтгэврийг хуулийн дагуу тогтоон олгосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтлан Монгол улсад өнөөдөр бүх төрлийн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж тэтгэврийг тогтоон олгож байна.

12. Иргэн Ц.Б-д 1997 оны 9 дүгээр сард тэтгэвэр тогтоон олгосноос хойш Засгийн газрын тогтоолуудаар 15 удаа тэтгэвэр нь нэмэгдэж, тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрээр сарын дундаж цалинг 5 удаа өөрчлөн тогтоож тэтгэвэр нь өнөөдрийн байдлаар 850636 төгрөг болсон байгаа нь хуулийн дагуу зөв тогтоогдсон гэж үзэж байна.

13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/ дугаартай шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

15. Нэхэмжлэгч Ц.Б нь МИАТ ХК-д Ю-12 онгоцны даргаар ажиллаж байсан бөгөөд 1997 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Дундговь-Улаанбаатарын  чиглэлд ажил үүргээ гүйцэтгэх явцад онгоц сүйрэлд орж, тэрээр нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан байна. Уг ослыг 1997 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Үйлдвэрлэлд гарсан ослын акт”-аар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон бөгөөд хариуцагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг үндэслэн МИАТ ХК-иас тодорхойлж ирүүлсэн 5 жилийн дунджаас тооцож түүнд тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

16. Харин, нэхэмжлэгч “...1997 онд миний тэтгэврийг тогтоохдоо буруу хууль хэрэглэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн тэтгэврийг тогтоосон. ...Үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох тахир дутуугийн тэтгэврийн харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, уг хуулиар иргэн надад тэтгэвэр тогтоогдох ёстой...” гэж марган, “Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

17. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тухайн харилцаанд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн нь зөв, түүнд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

18. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилтыг “...тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон. Харин, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж дээрх хуулиудын зорилтыг тодорхойлсоноос үзэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчдад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар тусгайлан хуульчилж зохицуулжээ.

19. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар бүлэг нь уг хуулийн 7 дугаар зүйлд зааснаар даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар ...алдаж тахир дутуу болсон тохиолдолд хэрэглэгдэхээр заасан учир тухайн маргаанд хэрэглэгдэхгүй гэдэг нь тодорхой байна.

20. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "Хөдөлмөрийн хөлс" гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж зааснаар үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн авч байсан сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тооцож тахир дутуугийн тэтгэврийг тогтоохоор хуульчилсан.

21. Нэхэмжлэгч Ц.Б нь 1997 онд  үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан нь тогтоогдсон тул түүнд тахир дутуугийн тэтгэврийг тогтоохдоо хуулийн энэхүү зүйл, заалтыг баримтлан тухайн осолд орох үед эрхэлж байсан албан тушаалын сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс тооцож тэтгэврийг тогтоох үндэслэлтэй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Ц.Б-ийн тахир дутуугийн тэтгэврийг буруу тогтоосон болохыг тогтоож, тэтгэврийг өөрчлөн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна. 

22. Харин, тахир дутуугийн тэтгэвэр тогтооход баримтлах даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг хэрхэн тодорхойлж тогтоох талаар аливаа нэгэн зохицуулалт байхгүй учир шүүхүүд нэхэмжлэгчийн тахир дутуугийн тэтгэврийг тогтооход баримтлах сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг өөр өөрөөр тодорхойлсон, тухайлбал, анхан шатны шүүхээс цаг хугацааны хувьд сүүлд батлагдаж, мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” /2005 онд батлагдсан/-ыг буцаан хэрэглэж нэхэмжлэгчийн авч байсан 1997 оны 03, 04, 05 дугаар саруудын хөдөлмөрийн хөлсний дундажаас тогтоосон, давж заалдах шатны шүүх нь 1997 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлснөөс тооцно гэж дүгнэсэн атлаа хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

23. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд үйлдвэрлэлийн осол нь ажилтны ажилласан цаг хугацаанаас хамаарахгүй, өөрөөр хэлбэл хэдийд ч тохиолдож болох тул шүүхүүдийн тайлбарласнаар хуулийг хэрэглэх нь уг нөхцөл байдалд орсон иргэдийн хувьд эрх зүйн байдал нь дордох нөхцөл үүсэх боломжтой, ийм тохиолдолд нэхэмжлэгчийн осол гаргахын өмнө авч байсан сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоох учиртай.

24. Гэвч нэхэмжлэгч болон хариуцагчаас сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг хэрхэн тооцох талаар маргаж гомдол гаргаагүй, хяналтын шатны шүүх гомдол гаргаагүй асуудлаар шийдвэр, магадлалд өөрчлөлт хийх эрхгүй юм. Нөгөө талаас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй тохиолдолд “иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх” нийтлэг эрх зүйн зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн авч байсан дундаж хөдөлмөрийн хөлснөөс тооцсон шүүхүүдийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

25. Иймд хариуцагч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Ц.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоож, тэтгэврийн хохирлыг гаргуулахдаа МИАТ ХК-иас ирүүлсэн, түүний авч байсан 1997 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож гаргуулахыг тэмдэглэж байна.

26. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0583 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   М.БАТСУУРЬ

                                  ШҮҮГЧ                                                             Б.МӨНХТУЯА