Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Э.Б,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-т холбогдох эрүүгийн 1820000060006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн шүүхийн 2003 оны 03 сарын 13-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Б-н ЕО966896 дугаартай гадаад паспортыг ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өөрийн гадаад паспортаа гээгдүүлсэн байна. Хаана гээгдүүлснээ санахгүй байна. Хэдэн гадаад паспорт авч байснаа мөн санахгүй байна. Шинэ жилийн өмнө хүүхдүүддээ бэлэг сэлт авах, мөн бас бус бараа авах зорилгоор БНХАУ-руу Л.Б-н Е0966896 дугаартай гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хил нэвтэрсэн. 2017 оны 9 дүгээр сард гэрт маань Л.Б ирээд найз нь хүний төрсөн өдөрт явах гэж байгаа юм бичиг баримтаа хаячихаж магадгүй гээд манайд өөрийнхөө гадаад паспортыг үлдээгээд явсан. Тэрнээс хойш Б гадаад паспортаа ирж аваагүй, би ч мартчихсан байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цэвэрлэж байгаад Б-н гадаад паспортыг шүүгээнээсээ олсон. Тэгээд гадаад паспортыг нь үзсэн чинь надтай төстэй харагдаад байхаар нь урагшаа гарчихаад ирьe гэж бодсон юм. Өмнө нь Л.Б-н гадаад паспортыг ашиглаж байгаагүй. Саяхан саатуулагдаад, Улаанбаатар хотод очоод Л.Б-д юу болсон талаар хэлсэн. Л.Б-н гадаад паспортын зургийг үзээд төстэй харагдаад байхаар нь БНХАУ-руу явчихаад ирье л гэж бодсон. Л.Б-тай төстэй царайтай болохоор гайгүй байх гэж бодсон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу, дахин ийм зүйл хийхгүй. Миний буруугаас болж хил дээр ажилладаг тэр эмэгтэй ажлаасаа халагдсан байх вий гэж санаа зовж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105/,

- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2005 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146 дугаар ангид баримт бичгийн шалгагчаар, 2006-2010 он хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хилийн 0131 дүгээр ангид баримт бичгийн шалгагчаар, 2010 оны 10 дугаар сараас 2014 оны 5 сар хүртэл Хилийн 0146 дугаар ангид баримт бичгийн шалгагчаар, 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс Хилийн 0108 дугаар ангид оператор хянагчаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс баримт бичгийн шалгагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлийн баримт бичгийн шалгагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр ямар нэгэн зөрчил гараагүй. Ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийсэн. Миний штампны дугаар 169. Тиймээ миний шалгаж улсын хилээр нэвтрүүлсэн иргэний гадаад паспорт болон миний дарсан штампны дугаар мөн байна. Би энэ хүмүүсийг танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Би улсын хилээр нэвтрэх иргэний гадаад паспортыг аваад тухайн хүнийг паспорт дээрх зурагтай тулгаж хардаг. Бүртгэлийн сандаа бүртгэж аваад бүртгэлээ дуусгаад улсын хилээр нэвтрэх эрх олгож штамп дардаг. Би ажлын харицлага алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/,

- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Эрээн шалган нэвтрүүлэх ангитай Хилийн төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалтыг өглөөний 11 цагт хийсэн. Уг уулзалтанд хилийн тагнуулын ажилтан хошууч А орчуулагч, дэслэгч Н бид 3 оролцсон. Уг уулзалтаар БНХАУ-ын талаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын нэг иргэн бусдын баримт бичиг ашиглан хил зөрчөөд Хятадын талд саатуулагдсан талаар манайд мэдэгдсэн. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус иргэнийг хүлээж авахаар Хятадын талтай тохиролцсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх бүрэлдэхүүнээр Хятадын Эрээн шалган нэвтрүүлэх ангитай Хилийн төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалт хийхэд Монгол Улсын иргэн Б.Б гэх эрэгтэйг гадаад паспорт болон эд зүйлийн хамт манай талд хүлээлгэн өгч акт үйлдсэн. Б.Б-г хүлээж авахад биеийн байдал болон сэтгэл санааны хувьд хэвийн, айж эмээсэн зүйл байгаагүй. Б.Б-с ямар шалтгаанаар хил зөрчсөнийг асуухад ойр зуурын он цуглуулах, хүүхдүүддээ бэлэг сэлт авах санаатай найзынхаа гадаад паспортыг нь авсан гэж ярьж байсан. БНХАУ-ын талаас Б.Б-г 2013 онд хятад улсад хулгай хийгээд баригдаад албадан буцаагдсан хүн байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80/,

-Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Л.Б гэдэг. Би 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрхөд төрсөн. Би 1992-2002 онд Нийслэлийн 111 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Тэгээд би 2003-2005 онд Холбооны бүгд найрамдах Кибр улсруу явж ажиллаж амьдарч байсан. Тэгээд 2005 онд Монголд ирээд Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэн хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Би 2008-2009 онд Казакстан улсад ажиллахаар яваад удаагүй ирж байсан. Тэгээд 2010 оноос хойш одоог хүртэл Нарантуул худалдааны Төв дээр хөшигний худалдаа эрхэлж байна. Би хөшиг зарахын хажуугаар ойр зуурын ажлаар гадагшаа дотогшоо явдаг. Хамгийн сүүлд 2016 онд Солонгос улс руу явж 14 хоночихоод ирсэн тэрнээс хойш би гадагш яваагүй. Би Б-г багаас нь мэднэ. Манай гэр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо тоотод байдаг. Б-н гэр нь манай хажуу талын 14 дүгээр байранд байдаг байсан. Тэгээд 7 дугаар ангид Б манай ангид шилжин ирж байсан. Тэгээд Б-тай найзлах болсон. Бид 2 найзлаад 20 гаруй жил болж байна. Би 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нарантуул худалдааны Төв дээр лангуун дээрээ зогсож худалдаагаа хийж, орой нь захиалга авсан хүмүүсдээ худалдан авсан хөшгийг нь хүргэж өгсөн. Тэгээд орой гэртээ 21-22 цагийн үед гэртээ харьсан байх. Би 2-3 удаа гадаад паспорт гаргуулан авч байсан. Хамгийн сүүлд 2011 онд гадаад паспорт авч байсан байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би өөрийн хамгийн сүүлд авсан гадаад паспортоо 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байхаа Нарантуул худалдааны төвд лангуу ажиллуулдаг нэг хүний төрсөн өдөр болсон юм. Тэр өдөр би Б-н гэрт очиж уулзсан. Тэгээд орой нь төрсөн өдөрт явах байсан болохоор Б-т “ найз нь хүний төрсөн өдөрт явлаа хаячихаж магадгүй хадгалж бай” гэж хэлээд гадаад паспортоо өгсөн. Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Замын-Үүд рүү яваагүй. Би зах дээр наймаагаа хийж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-83/,

-Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 8/,

-Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21/,

-Б.Б, Л.Б нарын 2017 оны 12 дугаар сард галт тэргээр зорчсон лавлагаа /хх-ийн 33/,

-Б.Б, Л.Б нарын 2017 онд Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 52/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 53-54/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 89/,

-Б.Б-г 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын Шалган нэвтрүүлэх албанаас шилжүүлэн авсан тухай мэдэгдэл /хх-ийн 67/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Регистрийн дугаартай Л.Б-н Е0966896 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ байна.

2. Регистрийн дугаартай Л.Б-н Е0966896 дугаартай үндэсний энгийн гадаад паспортанд ямар нэгэн засвар, өөрчлөлт хийсэн шинж тэмдэг илрэхгүй байна.

3. Регистрийн дугаартай Л.Б-н Е0966896 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загвараар хүргүүлсэн Л.Б-н цээж зурагтай тохирч байна гэсэн дүгнэлт /хх-ийн 92/,

-Шүүгдэгч Б.Б нь урд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Шүүгдэгч Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Л.Б-н гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Б-н ЕО966896 дугаартай гадаад паспортыг ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан шинжийг агуулсан байна.

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч М.Б-н “...Б.Б-с ямар шалтгаанаар хил зөрчсөнийг асуухад ойр зуурын он цуглуулах, хүүхдүүддээ бэлэг сэлт авах санаатай найзынхаа гадаад паспортыг нь явсан гэж ярьж байсан...” гэсэн, гэрч Л.Б-н “...Би Б-н гэрт очиж уулзсан. Тэгээд орой нь төрсөн өдөрт явах байсан болохоор Б-т найз нь хүний төрсөн өдөрт явлаа хаячихаж магадгүй хадгалж бай” гэж хэлээд гадаад паспортоо өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, Б.Б, Л.Б нарын Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа, Б.Б, Л.Б нарын 2017 оны 12 дугаар сард галт тэргээр зорчсон лавлагаа болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е0966896 дугаартай 1 ширхэг энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, Л.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, DVD 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Б-г нэг мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е0966896 дугаартай 1 ширхэг энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, Л.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, DVD бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н