Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

 

 

 

 

   2023       03         09                                        2023/ДШМ/07

 

  Л.Гд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Уламбаярын гаргасан эсэргүүцлээр Л.Гд холбогдох 2238000000657 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хул азаргат овогт Лийн Г, 20… оны .... дугаар сарын …..-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн .................сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

 Л.Г нь 2022 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн О сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Бы эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Лийн Гд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Хул азаргат овогт Лийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 2238000000657 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Уламбаяр эсэргүүцэлдээ: ... Шийтгэх тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгчид  холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Хэргийн үйл баримтад: Хохирогч Д.Бы унагатай гүү нь 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө алга болсон талаар мэдүүлдэг ба мөн гэрч А.Наранбаатар нь мэдүүлэгтээ: “2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Г нь над руу залгаад ... унагатай гүү, охин даага байна. Та ирж авах уу? гэж ярьсан” талаар шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн. Дээрхээс үзэхэд алдагдсан гэх унагатай гүүг цаг хугацааны хувьд эзэн нь хариуцлагагүйгээр тодорхой хугацаанд орхиогүй байхад Л.Г нь нууц далд аргаар хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн улмаар бусдад зарж ашиг олон санаа сэдэл төрж хулгайлах үйлдлээ хийсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Хохирогч Д.Бы эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай гүү нь өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон Л.Ггийн адуунд шилжсэн байна...” гэх хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй дүгнэлтийг хийжээ.

Мөн ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг адууг Л.Г нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Л.Г нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн малыг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй адууг (1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн) өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсан нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог болно.

Гэтэл анхан шатны шүүх “хохирогч Д.Бы эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай гүү нь өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон Л.Ггийн адуунд шилжсэн байна” гэж дүгнэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэрэг хэзээ, хаана гарсан байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу 2022 оны 6 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хохирогч Д.Б унагатай гүүгээ алдсан талаар тогтвортой мэдүүлж байгаа мэдүүлгийг гэрч А.Наранбаатарын “... 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Г залгаад унагатай гүү, охин даага байна та ирж авах уу гэхээр нь О сумын 2 дугаар баг Навчилтайд байх хаваржааны хашаан дээр  нь очиж саарал зүсмийн хул унагатай шүдлэн байдас авсан гэх мэдүүлгээр давхар нотлогдож байгааг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн болон Иргэний хуулиудад “Алдуул мал” гэсэн нэр томьёо байдаг бөгөөд үүнд хүний ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг хамааруулан үздэг ба энэ нь эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2007 оны 140/80 дугаар тушаалын хавсралтаар баталсан Алдуул малыг бүртгэх, мэдээлэх журам”-ын 1.2-д зааснаар “Алдуул мал” гэж ямар нэг хариулгагүй, эзэн тодорхой бус байдлаар өөр аймаг, сумын нутагт бэлчээрээр яваа малыг хэлнэ” гэжээ.

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай адуунууд Хөвсгөл аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээр явж байдаг. Ижил сүргээсээ салах тохиолдол бий. Адуу алдагдсан гэх газрын ойр орчмоор хайж асууж сураглаж байсан...” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Л.Г болон хохирогч Д.Б нарын мал нь Хөвсгөл аймаг, О сумын нутаг дэвсгэрт нэг бэлчээрт идээшдэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог.

2.Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Шүүгдэгч Л.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүх бүрэлдэхүүн: ...шүүгдэгч Л.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би айлын адуу хулгайлаагүй. Адуунд ирж нийлсэн 10 гаран хоносон. Эзэнгүй юм байна гэж бодоод 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ченж А.Наранбаатар гэх хүнд зарсан... хажуу талынхаа айлын ахад хэлэхэд мэдэхгүй гэсэн ...Манай нутгийн азаргатай хамт яваад тэр азаргатай манай нутгийн айлын гүү нийлсэн байсан. ... Манай азарга нялх унагатай гүүг хураасан байсан... Манай адуунд 13, 14 хоносон... эзэнгүй байсан тул зарсан... гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч Л.Ггийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул ....” гэж дүгнэсэн нь зөвхөн яллагдагчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм  буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг болоод бусад асуудлуудыг тусгахаар хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх улсын яллагчийн шүүгдэгч Л.Гг яллаж буй зүйл хэсэг болох Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон тооны мал хулгайлж үйлдсэн гэх хэргийн шинжийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлүүдээ заагаагүй байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Л.Гг 2022 оны 06 дугаар сарын 28-29-ний хооронд Хөвсгөл аймгийн О сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Бы эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүхээс түүнийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

3. 2022 оны 06 дугаар сарын 28-29-ний хооронд Хөвсгөл аймгийн О сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Бы эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт алга болсон талаар:

- Хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...О сумын 6-р багт өөрийн бор саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай, хар азарган үрээтэй хамт байсан. ...Манай адуунууд Хөвсгөл аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээр явж байдаг. Ижил сүргээсээ салах тохиолдол бий. ...2022 оны 6 дугаар сарын 20-нд гарсан үед Хасан Банзаа гэх хүний хар үрээтэй нийлсэн байсан. Нэгэнт азарганаасаа салсан нялх унагатай тул би энд байгаа юм чинь хараад эргэж тойроод явж байя гэж бодсон. Унага нь хөрөвжиг тэгэхээр нь адуутайгаа нийлүүлнэ гэж бодож байсан. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би Агтын ам, Алаг мод хавиар явсан. Тэгэхэд хар үрээ ганцаараа явж байсан. Миний гүү байхгүй болчихсон байсан. Сүүлд нь сурахад шүүгдэгчийн адуунд нийлсэн байсан. ...Санаатай биш санамсаргүй үйлдэл болсон юм байна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг,

-Гэрч А.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Г нь над руу залгаад унагатай гүү, охин даага надад байна. Та ирж авах уу? гэж над руу ярихаар нь би О сумын 2-р багийн нутаг Навчилтайд байдаг өөрийнх нь хаваржааны хашаан дээр нь очиж саарал зүсмийн хул унагатай шүдлэн байдас авсан... гэх мэдүүлэг,

-Гэрч И.Сосорбарамын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн үед хүү Г нь манай адуунд саарал зүсмийн гүү, унагатайгаа ирээд нийлчихжээ гэж ярьж байсан. Ингээд арваад хоногийн дараа байх хүү Г ээжээ нөгөө адуунд нийлсэн гүүг нь зарчих уу, эзэнгүй юм шиг байна гэхээр нь би загнаад эзэн нь ирж авах байлгүй, дэмий юм яриад байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

-Гэрч Л.Тэнгисийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэзээ нийлсэн эсэхийг мэдэхгүй. 2022 оны 07 дугаар сарын 10-ны орчим байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Гтай уулзахад Гүү зарна гэж байсан. Өөр юм хэлээгүй...” гэх  мэдүүлэг,

-Шүүгдэгч Л.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би айлын адуу хулгайлаагүй. Адуунд ирж нийлсэн 10 гаран хоносон. Эзэнгүй юм байна гэж бодоод 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ченж А.Наранбатар гэх хүнд зарсан...хажуу талынхаа айлын ахад хэлэхэд мэдэхгүй гэсэн. ...Манай нутгийн азаргатай хамт яваад тэр азаргатай манай нутгийн айлын гүү нийлсэн байсан. ...Манай азарга нялх унагатай гүүг хураасан байсан. ...Манай адуунд 13, 14 хоносон. ...Эзэнгүй байсан тул зарсан гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.  

4. Дээрх хохирогч болон гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд: хохирогч Д.Б нь саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт хаанаас, ямар байдлаар, хэрхэн алдсан талаар, тухайлбал малын хотноосоо, эсхүл бэлчээрээс хулгайд алдсан уу, эсхүл бэлчээрлэж байхдаа ижил сүргээсээ тасарч үлдсэн үү, бусдын малд нийлсэн байсан эсэх талаар ямар нэг мэдээлэлгүй байжээ.

5. Хэрэгт шүүгдэгч Л.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би айлын адуу хулгайлаагүй. Адуунд ирж нийлсэн 10 гаран хоносон. Эзэнгүй юм байна гэж бодоод 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ченж А.Наранбатар гэх хүнд зарсан. ...хажуу талынхаа айлын ахад хэлэхэд мэдэхгүй гэсэн. ...Манай нутгийн азаргатай хамт яваад тэр азаргатай манай нутгийн айлын гүү нийлсэн байсан. ...Манай азарга нялх унагатай гүүг хураасан байсан. ...Манай адуунд 13, 14 хоносон. ...Эзэнгүй байсан тул зарсан” гэх мэдүүлгээс өөрөөр түүнийг саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт хулгайлсан гэх үндэслэл бүхий нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

6. Хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар үйлдэгддэг бол гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд тухайн хөрөнгийг завших сэдэлт төрж, захиран зарцуулдгаараа ялгагдана.

7. Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Мал хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгө / мал/-ийн шилжилт хийгддэг бол мал өөрийн хөлөөр, эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсний дараа захиран зарцуулсан бол алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан  гэж үзнэ.

8. Шүүгдэгч Л.Г нь Д.Бы эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагыг нууцаар, хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд оруулахаар идэвхитэй үйлдэл хийсэн гэх хангалттай үндэслэл, нотолгоо хэрэгт тогтоогдоогүй, харин тэрээр дээрх 2 тооны адууг бэлчээрээс тасарч, өөрийнх нь малд нийлсэн байсныг мэдсэн даруйдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй, түүнийг завших, худалдан борлуулж, ашиг олох сэдэл төрж тухайн 2 тооны адууг А.Наранбаатарт худалдсан үйл баримт тогтоогдож байна.

9. Иймд анхан шатны шүүхээс хэрэгт тогтоогдсон үйл баримтад үндэслэн прокуророос шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж үзнэ.  

10. Шүүгдэгч Л.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн малд нийлсэн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагыг бусдад худалдан борлуулсан талаараа мэдүүлж, алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

11. Шүүгдэгч Л.Гг алдуул малыг  бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн, хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, ялын хэмжээг нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон байна.

12. Иймд анхан шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хяналтын прокурор Э.Уламбаярын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 2023/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                  ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

                                                                               Н.БАЯРХҮҮ