Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0719

 

 

    2024         09           19                                     128/ШШ2024/0719

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э*******, Ч*******, *******, ******* тоот,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Ж*******,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л, Б.Г,

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.П******* нарын хоорондын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э*******,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00120 дугаар шийдвэрээр ““У*******” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай” гэж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 484 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

1.2. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э*******оос Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргад 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот албан бичгээр шүүхийн журмаар татан буугдаж буй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргаж, хавсралтаар нэрсийг хүргүүлсэн байх ба шүүхээс албадан татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийн жагсаалтын 16-д “У*******” ХХК багтсан байна.

1.3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 тоот албан бичгээр “... татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд харьяа татварын албанд хандаж татвар төлөх үүргийг нь дуусгавар болгож хасуулан хуульд заасан баримт бичийг бүрдүүлэн хандах нь зүйтэй байна” гэсэн хариу хүргүүлсэн.

1.4. А.Э*******оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах” гэж тодруулсан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч А.Э******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““У*******” /РД:5*******/ ХХК-ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00120 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 484 дугаар магадлалаар тус тус дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэж, “У*******” ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э*******од даалгаж шийдвэрлэсэн байна.

Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагын хууль хэрэглээ, эс үйлдэхүйн улмаас шүүхийн шийдвэр хэрэгжихгүй, биелэгдэхгүй байх нөхцөл байдал бий болоод байна. Тухайлбал, шүүхээс дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдэд улсын бүртгэгч нар татварын байгууллагаас улсын бүртгэлд хориг тавигдсан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь хэсэгт заасан татвар төлөгчөөс хасуулах шалтгаанаар хүлээн авахгүй байх шаардлагын улмаас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, татан буулгасан тухай Шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ”, 23.1-д “Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд ажлын 15 өдрийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргана” гэж тус тус заажээ.

Гэтэл улсын бүртгэлийн байгууллага болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хуулийг хэрэглэхгүй, Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахгүй байгаагаас шалтгаалан дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э******* миний бие шүүхийн шийдвэрээр даалгасан үүргийг биелүүлж чадахгүй байдалд хүрч байгаа ба энэ байдлаас шалтгаалан нь шүүгч нараас надад шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагыг удаа дараа тавих зэргээр миний ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл “У*******” ХХК-аас гадна одоогийн байдлаар хэрэг гүйцэтгэгч А.Э******* надад шүүхээс дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн 42 ширхэг хуулийн этгээдийг /2018 оноос өнөөг хүртэл/ улсын бүртгэлээс хасуулахаар хүлээгдэж байгаа ба мөн бусад хэрэг гүйцэтгэгч нарт ийм хэмжээний шүүхийн шийдвэр биелэлтээ хүлээгээд байж байна.

Шүүх нь аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, Монгол Улсын нэрийн өмнөөс хууль ёсны шийдвэрээ гаргадаг бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай байдаг нь ч эрх зүйт төрийн хууль дээдлэх үндсэн зарчим мөн билээ. Дампуурлын хуулиар зохицуулагдаж буй харилцаагаар хүлээгдэж буй мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэж, хууль болон санхүүгийн дээд боловсролтой, хуульд заасан шаардлагыг хангасан этгээдийг шүүх хэрэг гүйцэтгэгчээр томилон дүгнэлт гаргуулах, тухайн этгээдийн хөрөнгийг тогтоох ажиллагааг явуулах ба шүүхээс дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах үүргийг хэрэг гүйцэтгэгчид даалган шийдвэрлэдэг болно. Энэ нь Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан сайн дураараа татан буугдаж буй процесс ажиллагаа биш бөгөөд шүүхийн зүгээс албадан татан буулгаж буй процесс байх бөгөөд хэрэг гүйцэтгэгч нь ч сайн дураар татан буугдаж буй хуулийн этгээдийн татан буулгах комиссоос өөр субъект юм. Тэгээд ч үүргийн эрх зүйн зохицуулалтаар татварын өр төлбөр, нийгмийн Даатгалын шимтгэлийн ер, банкны зээл, гэрээний төлбөр зэрэг нь үүрэг гэсэн нэгдсэн ухагдахуун байх бөгөөд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсэг болон Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмаар үүрэг дуусгавар болж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд татан буугдсаныг хэрэг гүйцэтгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэхээр зохицуулжээ.

Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хэрэг гүйцэтгэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангахыг шаардах, татварын байгууллагын улсын бүртгэлд тавьсан хоригийг цуцлуулах зэрэг шаардлага тавьж байгаа нь хууль бус шаардлага гэж үзэж байна. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, татан буулгасан шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ гэж заасан байх ба хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хуульчлан зохицуулсан байна.

Иймд шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У*******” /РД:5*******/ ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““У*******” ХХК-ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00120 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 484 дугаартай магадлалаар тус тус татан буулгахаар шийдвэрлэж, “У*******” ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг явуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э******* надад даалган шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу миний бие Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг тус компанийн гэрчилгээ, тамгатай улсын бүртгэгч нарт өгөх гэсэн боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байна гэсэн шалтгаанаар хүлээж авахаас татгалзсан. Нэхэмжлэгч компани дээр л бус бусад бүхий л компани дээр тийм шаардлага тавьдаг. Тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргад хүсэлт гаргасан бөгөөд Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хамтран ажиллаж, шүүхийн шийдвэрийн дагуу татан буугдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахад холбогдох хуульд заасан үндэслэлийг баримтлахыг хүссэн. Хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хүлээж аваад маргаан бүхий захиргааны шийдвэрийг гаргасан буюу бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь өөрөө хууль бус гэж үзэж байна” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар хэрэг гүйцэтгэгч гэж хариуцагчийг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд хяналт тавих, хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах эрхтэйгээр нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шүүхийн томилсон этгээдийг хэлнэ. Дампуурлын тухай хуулиар хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулж өгсөн байхад төрийн захиргааны байгууллага нь хуульд заагаагүй үүргийг нэхэмжлэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн асуусан асуултад хариулахдаа тухайн харилцааг зохицуулсан хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй гэж тайлбарласан. 2018 оны Хууль зүйн дотоод хэргийн сайдын А/208 тоот тушаалд шүүхийн шийдвэрээр татан буугдаж байгаа хуулийн талаар нарийвчлан зохицуулагдаагүй байна. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүйн улмаас сайн дураараа татан буугдаж байгаа татан буулгах комиссын үйл ажиллагаатай адилтган үзэж, татан буулгах комиссын бүрдүүлэх баримт бичгийг нэхэмжлэгчээс шаардаж байна. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татан буугдаж байгаа тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр буюу хувьцаа эзэмшигчдийн хурал нь татан буулгах комиссыг томилдог. Татан буулгах комисс нь гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж тухайн хуулийн этгээдийг татан буугдсан талаар нийтэд мэдэгдэж, төлбөр барагдуулах авлагатай иргэд 2-6 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг сануулж өр төлбөрийг нь барагдуулдаг байна. Өр төлбөрийг төлж дууссаны дараа шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас өр төлбөргүй, татварын байгууллагад татварын өр төлбөргүй, нийгмийн даатгалд өр төлбөргүй гэсэн лавлагааг гаргуулдаг. Татан буулгах комисс нь мэргэжлийн нягтлан бодогч мэргэжилтнээр дуусгалтын тайланг гаргуулж төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг харилцааг шүүхийн шийдвэрээр татан буугдаж байгаа харилцаатай төсөөтэй хэрэглэж байгаа нь төрийн захиргааны байгууллага хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд хууль хэрэглэх гэх ойлголтыг тусгасан. Шүүх нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль байхгүй гэх үндэслэлээр тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхээс татгалзах зохицуулалт хуульд байхгүй. Монгол улсын Үндсэн хууль, зарчим, агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх зарчмыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль дээр тодорхой тайлбарласан байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2018 оны хуулийн агуулга нь 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д татан буулгах комиссын үйл ажиллагаа, чиг үүрэг тодорхой байгаа бөгөөд сайн дурын үндсэн дээр татан буулгах ажиллагааг хийгддэг. Эрх хүлээн авагч нь сайн дурын бус буюу тухайн хуулийн этгээдийн хүсэл зоригоос гадуур арилжааны банканд хяналт тавих чиг үүрэг бүхий Монголбанкы ерөнхийлөгчийн тушаалаар эрх хүлээн авагч томилогддог бөгөөд тухайн харилцагчдын өр төлбөрийг нэн тэргүүнд барагдуулах байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй тохиолдолд ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан хуулийн зохицуулалтыг удирдлага болгоод Дампуурлын тухай хуулийн шүүхийн шийдвэрийн агуулгыг хуульд нийцүүлэн хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу “У*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа томьёолсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/268, А/1345 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Татвар төлөгчийн хасалтын журмын 4.1.2-т “татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч, татвар төлөх үүрэг дуусгавар болсон, улсын бүртгэлээс хасагдсан”, 4.2-т “Энэ журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан нөхцөл үүссэн хуулийн этгээд, байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цахим, эсхүл цаасан хэлбэрээр гаргах бөгөөд татварын алба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:”, 4.2.4-т “харьяалах татварын албаны бүртгэлийн асуудал хариуцсан нэгж нь “Татвар төлөгчийн хасалтын карт”-ыг хөтлөн, уг шийдвэрийг хянан баталгаажуулж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх”, 4.5-д “Шүүхийн шийдвэрийн дагуу татан буугдсан, дампуурсан татвар төлөгчийн хувьд уг шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс хасах ажлыг харьяалах татварын алба зохион байгуулна” гэж заажээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:”,

24.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

24.1.2. татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/;

24.1.3.дуусгалтын тайлан;

24.1.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

24.1.5. татвар төлөгчийн хасалтын карт;

24.1.6. өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

24.1.7. татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар;

24.1.8. хуульд заасан бусад.

Хуулийн этгээдийг шүүхийн шийдвэрээр татан буулгахад дээрх баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д татан буулгахад бүрдүүлэх баримт бичгийг тодорхой заасан байна. Харин шүүхийн шийдвэрээр татан буулгаж буй нөхцөлд бүрдүүлэх баримт бичгийг хуульд зохицуулаагүй байна. Дампуурлын тухай хуулийн 36.3-т “Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна” гэж заасны дагуу энэхүү асуудал нь хэрэг гүйцэтгэгчийн үүрэг байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гэж заасны дагуу татан буулгах комисс, эрх хүлээн авагч гэсэн 2 этгээдийг тодорхойлсон байна. Гэвч компанийг татан буулгахдаа татан буулгах комисс томилдог компани, хуулийн этгээд цөөхөн бөгөөд ихэвчлэн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь манай байгууллагад ханддаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талаас хэрэг гүйцэтгэгчид үүрэг байхгүй гэж тайлбарлаж болохгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хуульд заасан баримт бичгүүдийг цуглуулсны үндсэн дээр татан буулгах ажиллагааг буюу улсын бүртгэлээс хасах ажиллагааг хийдэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар татан буулгах тухай шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг гаргасан байгууллага ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдсэнээс хойш хуулийн этгээдийн бүртгэл нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажиллагаануудыг хийж болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Тус хэлтсийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “У*******” ХХК /РД:5*******/ нь өнөөдрийн байдлаар татварын удирдлагын нэгдсэн системд үүссэн өр төлбөргүй болно. Дампуурсанд тооцож татан буугдсан, хасалтын картыг гаргаж шүүхэд хүргүүлсэн тул 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд татварын хэлтсээс оролцохгүй байхад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э*******оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, татварын төлөх үүргийг дуусгавар болгож хасуулан дахин хандах нь зүйтэй гэх агуулгаар хариу ирүүлсэн нь хууль бус, татвар төлөх үүргийг дуусгавар болгох нь миний ажил үүргийн хуваарьт хамаарахгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00120 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “У*******” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай” гэж, 2 дахь заалтаар “Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу “У*******” ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э*******од даалгасугай” гэж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 484 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн,

3.2. Хэрэг гүйцэтгэгч А.Э*******оос Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргад 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот албан бичгээр шүүхийн журмаар татан буугдаж буй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргаж, хавсралтаар нэрсийг хүргүүлсэн байх ба шүүхээс албадан татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийн жагсаалтын 16-д “У*******” ХХК багтсан,  

3.3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 тоот албан бичгээр “... татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд харьяа татварын албанд хандаж татвар төлөх үүргийг нь дуусгавар болгож хасуулан хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн хандах нь зүйтэй байна” гэсэн,

3.4. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар “У*******” ХХК /РД:5*******/-ийн ... татварын өрийг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас хасч, татвар төлөх үүргийг дуусгавар болгосугай” гэсэн,

3.5. 2409******* дугаартай татвар төлөгчийн хасалтын картад “нэр: У******* ХХК, ... Төлөв: Бүртгэлээс хасагдсан, Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан он, сар: 2024 оны 09 сарын 05 өдөр” гэж тэмдэглэгдсэн,

3.6. Татварын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06/2018 тоот албан бичигт “... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/34 дугаартай тушаалыг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4/1493 дугаар албан бичгээр тус газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газарт ирүүлсэн ба холбогдох эрх зүйн баримт бичиг, нотлох баримтыг үндэслэн “У*******” ХХК-ийн 73,587,066.6 төгрөгийн татварын өрийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас хассан” байна.

 

4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, дуусгалтын тайлан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татвар төлөгчийн хасалтын карт, өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар, хуульд заасан бусад баримт бичгүүдийг бүрдүүлэхээр, 24.2-т “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах”-аар заажээ.

5. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э******* нь нэр бүхий хуулийн этгээдүүдийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргахдаа хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтуудаас дээр 3.2, 3.3 дахь хэсэгт дурьдсан шүүхийн шийдвэр, хуулийн этгээдийг татан буулгасан тухай сонинд зарлуулсан зарыг хавсаргасан хүргүүлсэн, улсын тэмдэгтийн хураам төлсөн баримт, татвар төлөгчийн хасалтын карт, өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагааг хавсаргаагүй тухайдаа маргаагүй.

6. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд ... татан буулгасныг ... дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заасныг хэрэгжүүлж, “У*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх боломжгүй.

7. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нь хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд хуульд бүрдүүлэхээр заасан баримтуудыг ирүүлэхийг шаардах, баримтуудыг бүрдүүлж ирүүлээгүй бол бүртгэхээс татгалзах үүрэгтэй тул нэхэмжлэгч талын “хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь “Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ” гэсэн зохицуулалт нь хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай, холбогдох шийдвэр гарсныг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх агуулгатай байна.

8. Нэхэмжлэгч талаас “...шүүхээс дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах үүргийг хэрэг гүйцэтгэгчид даалган шийдвэрлэдэг болно. Энэ нь Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан сайн дураараа татан буугдаж буй процесс ажиллагаа биш бөгөөд шүүхийн зүгээс албадан татан буулгаж буй процесс байх бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн “сайн дураар татан буугдаж буй хуулийн этгээдийн татан буулгах комиссоос өөр субъект тухайн хуулийн этгээдийн татварын өр төлбөр, нийгмийн Даатгалын шимтгэлийн өр, банкны зээл, гэрээний төлбөрийн үүргийг дуусгавар болгох нь миний ажил үүргийн хуваарьт хамаарахгүй” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

9. Учир нь Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “хэрэг гүйцэтгэгч” нь хариуцагчийг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд хяналт тавих, хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах эрхтэйгээр нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шүүхийн томилсон этгээд” байх ба 36 дугаар зүйлийн 36.3-т “Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”, 15.1.5-д “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” гэж тус тус зааснаас үзвэл, хэрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээдийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсныг нотлох баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгөхөөр байна.

10. Тухайн тохиолдолд “У*******” ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсон гэж үзэхээр, тус хуулийн этгээдийн “өр төлбөр”-ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр ““У*******” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай” гэж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч нь хуулийн этгээдийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсныг нотлох баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй байх тул “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хэрэг гүйцэтгэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангах шаардлага тавьж байгаа нь хууль бус” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.

11. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хуулийн этгээд татан  буугдсан  тохиолдолд  татан  буулгах  комисс,  дампуурсан  тохиолдолд  хэрэг

гүйцэтгэгч төлөөгүй татварыг хуулийн этгээдийн хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж холбогдох төсөвт төлнө” гэж заасны зэрэгцээ Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/268, А/1345 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын 4.1-д “татварын алба нь татвар төлөгчийг дараах үндэслэлээр татвар төлөгчийн бүртгэлээс хасна:”, 4.1.2-т “татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч, татвар төлөх үүрэг дуусгавар болсон, улсын бүртгэлээс хасагдсан”, 4.2-т “Энэ журмын 4.1.2-т заасан нөхцөл үүссэн хуулийн этгээд, байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цахим, эсхүл цаасан хэлбэрээр гаргах ...”-аар зохицуулсан байх тул дампуурсанд тооцогдсон хуулийн этгээдийн татварын өр төлбөрийг гаргуулах, мөн татварын төлөгчийн бүртгэлээс хасуулах нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн хуулийн этгээдийн татан буулгах ажиллагааны нэг хэсэг гэж үзнэ.

12. Гэтэл хэрэг гүйцэтгэгч нь “У*******” ХХК-ийн тухайд гарсан шүүхийн шийдвэрийг татварын байгууллагад хүргүүлээгүй, татвар төлөгчийн бүртгэлээс хасуулахтай холбоотой ажиллагаа хийлгүйгээр “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/34 дүгээр тушаал гарсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн” хэмээн тайлбарласан.

13. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 120 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар “Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу “У*******” ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э*******од даалгасугай” гэж шийдвэрлэсэн болон Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлд хариуцагчийн эд хөрөнгийг худалдах, 34 дүгээр зүйлд хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх, тоолох, 35 дугаар зүйлд мөнгөн хөрөнгийг хуваарилах харилцааг тус тус зохицуулснаас үзвэл, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна” гэсэн нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгчийн “...шүүхээс дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдэд улсын бүртгэгч нар татварын байгууллагаас улсын бүртгэлд хориг тавигдсан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь хэсэгт заасан татвар төлөгчөөс хасуулах шалтгаанаар хүлээн авахгүй байх шаардлагын улмаас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна...” гэсэн тайлбар үндэслэлгүй.

14. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн этгээдийг дампуурсанд тооцож татан буулгасан, татан буулгах ажиллагааг дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгасан агуулгатай байх бөгөөд шүүхээс томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээдийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсныг нотлох баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх, тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах харилцаанд хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах” шаардлага бүхий А.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах” шаардлага бүхий дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ