Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00014

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Д.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёл нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 374 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч:  Д.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр анх ажилд орж, 7 жил үйлчлэгчээр тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2018 оны 3 дугаар сард эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж, эмнэлэгт хэвтэх гэсэн боловч оргүй гээд хойшилсон, энэ хугацаанд сургуулийн захирал Ц.Мөнхсоёлтой очиж уулзахад “Та эмнэлгийн ажлаа дуусгаад ир” гэсэн. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд 2018 оны 5 дугаар сарын 10-ны орчим ажилдаа орохоор очиход захирал “сургууль амрах гэж байхад ороод яахав нэг мөр намар ир” гэсэн юм. Намар 2018 оны 8 дугаар сарын сүүлээр ажилдаа орохоор очиход захирал байгаагүй ба харин бичээч “таныг өөрийн тань хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна” гэж хэлсэн. Ингээд намайг яасан нь мэдэгдэхгүй байгаад байхаар нь захирал Ц.Мөнхсоёлтой ажилдаа оръё гэж уулзсан. Тэгсэн захирал “та шүүх, хуулийн байгууллагаар янз бүр болов дэмий байх шүү” гэсэн. Тэгэхээр нь би ажлын нөхцөл өөрчилж, өөр ажлаар хангах байх гэж хий горьдон хүлээсэн. 2018 оны 11 дүгээр сард дахин захиралтай уулзахаар очиход захирал өөрчлөгдсөн байсан бөгөөд шинэ захирал нь “би өмнөх захирлын ажлыг мэдэхгүй, таныг ажлаар хангах боломжгүй шүүхээр яваад таныг ав гэсэн шийдвэр гарвал авна” гэсэн хариу өгсөн.

... Ажлаас чөлөөлснийг сургуулийн бичээчээс анх 2018 оны намар мэдсэн бөгөөд тушаалаа 2019 оны 12 дугаар сард архиваас хуулбарлан авсан тул шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлсөн хоёр утга найруулгатай ижил тушаал байгаа юм. Энэ хүн хэзээ нь халагдсан гэдгээ мэдэхгүй байгаа юм. Сургуулийн зүгээс ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээлгэж өгөөгүй байдаг. Нэхэмжлэгч нь олон жил ажилласан учраас арай халахгүй байх гэж хүлээж хугацаа алдсан байна. Миний хувьд ажлаас чөлөөлсөн тушаалыг харахад нөхөж гаргасан юм уу гэж харагдаж байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж хариулсан. Ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлсөн бол ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр байх ёстой байсан. Гэтэл амаар тэгж хэлж байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байгаа юм. Миний үйлчлүүлэгч ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгч байгаагүй юм. Ажлаас чөлөөлсөн тушаалыг харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан. Тэгэхээр хуульд нийцэхгүй буруу тушаал гарсан байна гэж харагдаж байна. Хэрвээ ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болгон барьж ажлаас чөлөөлөх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн тушаалыг тухайн өдөрт нь ажилтанд хүлээлгэн өгөх ёстой байсан. Энэ хүн тэр үүргээ биелүүлээгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёл шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  ...Д.Х нь 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн ба ажиллаж байх хугацаандаа саван, вокны харшил хөдөллөө, самранд явлаа гэх мэтээр цалинтай, цалингүй чөлөөг удаа дараа авч, тогтвор сууршил муутай ажилладаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сард эмчилгээ хийлгэнэ гэж чөлөө авсан боловч акт авчирч өгөөгүй. Мөн эмнэлэгт ч хэвтээгүй байсан. Өөртэй нь утсаар ярьж холбогдоход цаашид ажиллах боломжгүй байгаа тул өөрийн хамаатан болох хүнийг ажилд аваач гэж хэлсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Д.Хыг ажлаас чөлөөлж, оронд нь хамаатных нь хүнийг ажилд авсан. ... Д.Х нь ажлаасаа гарна гэж надад болоод ах дүүгийнхээ хүмүүсээр дамжуулан удаа дараа хэлж байсан тул тушаал өөрийнх нь хүсэлтээр гэж гарсан. Уг тушаалыг бичиг хэргийн ажилтан Д.Хд гардуулах гэтэл самар, жимсэнд явсан гээд олдоогүй тул төрлийнх нь Нансаа гэдэг хүнд тушаалыг өгсөн бөгөөд уг хүн Д.Хд тушаалыг өгсөн гэсэн. Д.Х ажлаас чөлөөлөгдсөнөө эрт мэдсэн. Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээд Ану худалдаа үйлчилгээний төвд ажилласан байдаг. Гэтэл 2019 оны 12 дугаар сард тушаалаа алга болгочихлоо хуулбарлаад өгөөч гэж архиваас хуулбарлуулж аваад шүүхэд уг хугацаанаас тооцон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй ба нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 374 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч талаас нэхэмжлэгч Д.Хд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгсөн гэж тайлбарлаж байх боловч тушаалыг гардуулан өгсөн болохоо нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул тушаалыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёл нь нэхэмжлэгч Д.Хыг ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдсэн гэж тайлбарласныг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Учир нь: Нэхэмжлэгч Д.Хд ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй тул шүүхэд хандахаар түүнийг архиваас чөлөөлсөн тушаалын хуулбарыг архиваас гаргуулж авсан байдаг. Хэрэгт Д.Хыг ажлаас чөлөөлсөн 2 өөр тушаал авагдсан ба аль тушаалаар хэзээ ажлаасаа чөлөөлөгдсөнөө ч мэдээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулж 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болохоо анх удаа мэдсэн. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдсэн, мэдэх боломжтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

Шүүхийн шийдвэрт “...хуулиар тогтоосон шаардах эрхийн үндэслэл нь хэн нэгэн буруутай этгээдийн улмаас өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж, ашиггүй байдал үүсэх талаар мэдсэн, мэдэх боломжтой үеэс эхлэх ба нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой шүүхэд өргөдөл, нэхэмжлэлийг цаг тухайд нь гаргаж шийдвэрлүүлээгүй орхисноос гадна хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй...” гэсэн нь ойлгомжгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажлаас хэзээ чөлөөлөгдсөнөө мэдсэн байхад ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “...ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана...” гэсэн заалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь тухайн заалтыг буруу тайлбарлаж, ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн гэж тайлбарласан нь буруу болсон байна. Тухайн заалт нь ажил олгогчийн шийдвэрийг мэдэж, сонссоноор бус шийдвэрийг хүлээн авснаар гомдол гаргах хугацааг тоолж эхлэхээр зохицуулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдлыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасныг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/224 дугаартай...танай сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан Д.Хыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргалгүй, ямар нэгэн шийдвэргүйгээр 2018 оны 12 дугаар сараас хойш ажилгүй хүлээлгэж байгаа гэсэн гомдол удаа дараа ирж байна. Д.Хыг өмнө гүйцэтгүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож манайд мэдэгдэнэ үү... гэх хариу ирүүлснийг гардан авсан талаар мэдүүлсэн бөгөөд уг албан бичгийг авснаас хойш 8 сарын дараа шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байх ба энэ талаар маргаагүй...” гэсэн нь ойлгомжгүй. Мэргэжлийн хяналтын газрын уг албан тоот нь нэхэмжлэгчид ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөө мэдээгүй болохыг нотолж байна. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээс үзэхэд уг албан бичгийг үйлдэгдэх үед ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал, шийдвэр албан ёсоор гаргаагүй байсан байна гэж үзэж болохоор байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй ба ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандах боломжгүй байсан болно. Иймд нэхэмжлэгч Д.Хыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлгүй.

2. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёлоос нэхэмжлэгч Д.Хын хөдөлмөрийн гэрээг хэний санаачилгаар цуцалсан талаар тодруулахад “....Ажил олгогчийн санаачилгаар цуцалсан...” гэх хариултыг өгсөн ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Ингээд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Д.Х 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болохыг мэдсэн байдаг. Ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1, 43.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд ажлаас халагдсан шийдвэрийг халагдсан өдөрт нь хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад албан үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас ажилтны эрх ноцтой зөрчигдөж хохирсон байхад ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа нь ёс зүйн хувьд ч зохимжгүй юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хирнээ шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 дугаартай тушаалд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. Нөгөө талаар тушаалд эрх зүйн дүгнэлт хийснээс үзэхэд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэдгийг шүүх хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдохоор байна. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс ажилтны эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 374 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хуульд заасны дагуу үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Монгол Улсын бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7-р хавсралтуудыг үндэслэн биеийн байдал, өөрийн хүсэлт өргөдлийн дагуу үйлчлэгч Д.Хыг 2018.04.10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Д.Хыг дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтыг зөрчсөн, мөн хуулиар тусгайлан тогтоосон шаардах эрхийн үндэслэл нь хэн нэгэн буруутай этгээдийн улмаас өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж, ашиггүй байдал үүсэх талаар мэдсэн, мэдэх боломжтой үеэс эхлэх ба нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой шүүхэд өргөдөл, нэхэмжлэлийг цаг тухайд нь гаргаж шийдвэрлүүлээгүй орхисноос гадна хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй” гэж заасан ба ажил олгогч энэхүү үүргээ биелүүлээгүй буюу ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч Д.Хд гардуулж өгсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр ажил олгогчийн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал нь хуулийн шаардлага хангахгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлийг Д.Х бичгээр гаргасан эсэх нь тогтоогдоогүй байхад түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёлийн хүсэлтээр хариуцагч С.Бат-Эрдэнийг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу юм.

Зохигч нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу тайлбар гаргах эрхтэйгээр оролцохоор хууль тогтоогч хуульчилсан бөгөөд гэрч гэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг хэлэхээс биш зохигчийг гэрчээр оролцуулах нь зохимжгүй. Анхан шатны шүүх энэхүү асуудлыг цаашид анхаарах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Хыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нөхөн гаргуулж шүүхийн шийдвэрт  зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 155ШШ2020/00374 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Хыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтын “дурьдсугай” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                   ШҮҮГЧИД                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                                 Н.БАЯРХҮҮ