| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00676/И |
| Дугаар | 318/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00034
2025 01 14 318/ШШ2025/00034
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Увс аймаг, …..дугаар баг, ……… тоотод оршин суух, ……… онд төрсөн, эрэгтэй, Т овогт Я-ийн Д-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Я.Д-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Д- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ……. онд төрсөн, …. настай. Би 1985 оны 6 дугаар сард сургууль төгсөж ирээд 1985 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Х-гийн тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн билээ. Ингээд үргэлжлүүлэн ажиллаж байгаад цэргийн албанд явах болсон тул 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар цэргээс ирээд 1988 оны 8 дугаар сараас Х-гийн тэжээлийн аж ахуйн Авто засварын газарт үргэлжлүүлэн ажилласан билээ. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд явцад 1985 оны 7 дугаар сарын 24, 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хоёр тушаал архиваас засвартай байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан тракторчин З.Ж-, Ж.Ж- нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Я.Д-ын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 154 дугаартай зөвлөмжийн хуудас, гэрч Ж.Ж-ын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, З.Ж-ын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Х-гийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаар тушаал, 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаартай тушаал, Я.Д-ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Я.Д-ын 141480 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, , Я.Д-ын гэрлэснийг бүртгэх анкет, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын лавлагаа, Я.Д-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн тус шүүхэд ирүүлсэн Я.Д-т холбогдох тушаалын баримтууд, Я.Д-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ж.Ж-, З.Ж- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Я.Д-ын гэрлэснийг бүртгэх анкет, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Я.Д-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас Х-гийн тэжээлийн аж ахуй, Х- хувьцаат компанийн 1985-1995 оны тушаалын болон цалингийн баримтаас Я.Д-д холбогдох баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Я.Д-ын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Я.Д- нь шүүхэд хандаж 1985 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Увс аймгийн Х-гийн тэжээлийн аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Я.Д-ын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Я.Д- нь 1985 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Увс аймгийн Х-гийн тэжээлийн аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Я.Д- нь 1964 онд төрсөн 1985 оны 6 дугаар сард сургууль төгсөөд Х-гийн тэжээлийн аж ахуйд ажиллаж эхэлсэн. Улмаар 1986 оны 7 дугаар сард цэргийн албанд татагдах хүртэл ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1985 онд ажилд томилогдсон болон 1986 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал засвартай байгаа тул дээрх хугацааг өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд оруулж тооцох боломжгүй байна. Иймд шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хүсэлт гаргагч Я.Д- шүүхэд нотлох баримтаар Х-гийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаартай тушаал, 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 126 дугаартай тушаалыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Дээрх тушаалын баримтууд нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байгаа боловч тус тушаалын баримтад үндэслэн хүсэлт гаргагч Я.Д-ын ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох боломжгүй байна.
Тодруулбал, Х-гийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаартай тушаалын 2 дахь заалтад бичгийн машинаар “...Д..” гэж бичсэнийг гараар Д- болгож зассан, тушаалын 3 дахь заалтад “...З, Д....” гэснийг Д- гэж гараар засвар оруулжээ.
Мөн Х-гийн тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 126 дугаартай тушаалын 1 болон 2 дахь заалтад гараар Я.Д- гэж нэмж засварлажээ.
Иймд бичгийн машинаар бичигдсэн тушаалын баримтад гараар хүний нэрийг засаж бичих, нэмж бичих зэргээр засвар оруулсан байх тул дээрх баримтуудыг үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
4.2. Хэдийгээр хүсэлт гаргагч Я.Д-аас нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх тушаалын баримтууд нь засвартай байх боловч шүүхийн санаачилгаар нотлох баримтаар бүрдүүлсэн хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтын хүрээнд хүсэлт гаргагч Я.Д-ын ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Я.Д- нь Увс аймгаас 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагджээ.
Шүүхийн журмаар Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Я.Д-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг нотлох баримтаар гаргуулсан ба тус анкетын “цэргийн жинхэнэ албанд татагдахаас өмнө хэдэн оноос хаана, ямар ажил хийж байсан” хэсэгт “Х- ТАА-д 1985-1986 онд тэжээлийн үйлдвэрт машинист” гэж тэмдэглэжээ.
Хэдийгээр хүсэлт гаргагч Я.Д- 1985 оны хэдэн сараас Х-гийн тэжээлийн аж ахуйд ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойгүй байгаа боловч Я.Д-ыг 1985 оны 7 дугаар сараас эхлэн тус тэжээлийн аж ахуйд ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, хүсэлт гаргагч Я.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт 1983 онд 10 дугаар анги төгссөн, 1983-1985 онд техник мэргэжлийн сургуульд суралцсан гэх тайлбар гаргасан.
Ямар сургуульд суралцаж байгаагаас үл хамааран хичээл жил нь жил бүрийн 9 дүгээр сард эхэлж, дараа оны хавар 5-6 дугаар сард дуусдаг байдлыг харгалзан үзвэл, хүсэлт гаргагч Я.Д-ыг 1985 оны 6 дугаар сард техник мэргэжлийн сургууль төгсөж, 1985 оны 7 дугаар сараас Х-гийн тэжээлийн аж ахуйд ажилчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх боломжтой байна.
Түүнчлэн, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Х-гийн тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай тушаал, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай тушаал, 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шалгалтын комиссын протокол зэрэг баримтаар Я.Д- нь Х-гийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байгаад байгууллагын дэргэдэх түр курсад суралцаж, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс тус тэжээлийн аж ахуйд машинистаар ажиллаж эхэлсэн үйл баримт тогтоогдож байна.
4.3. Гэрч Ж.Ж-, З.Ж- нар нь хүсэлт гаргагч Я.Д-ын шүүхээс сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1985-1986 оны хооронд Увс аймгийн Х-гийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч Ж.Ж-ын “...Намайг Х-гийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байхад Я.Д- 1985 онд тус тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар ажилд орсон...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Харин гэрч З.Ж- нь шүүхэд “Миний бие 1986-1999 оныг дуустал Увс аймгийн Х-гийн тэжээлийн аж ахуйд.... ажиллаж байсан. Я.Д- намайг инженер механикчаар ажиллаж байхад механикчсан бригадад туслах ажилчнаар ажилд орсон. Тэрээр 1986-1989 оны хооронд цэргийн алба хааж ирээд ажиллаж байсан нь үнэн болно” гэж мэдүүлжээ.
Гэвч гэрч Ж.З-ын дээрх мэдүүлэг нь хүсэлт гаргагч Я.Д-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, гэрч Ж.Ж-ын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул нотолгооны ач холбогдолгүй гэж үзлээ.
4.4. Хэрэгт хүсэлт гаргагч Я.Д-ын .......... дугаартай хөдөлмөрийн дэвтэр эрх хувиар авагдсан боловч тус хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, нэг маягийн бичилттэй, засвартай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Я.Д-ын 1985 оны 7 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Х-гийн тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус тэжээлийн аж ахуйд машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоов.
6. Хүсэлт гаргагч Я.Д-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Т овогт Я-ийн Д-ын 1985 оны 7 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Х-гийн тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус тэжээлийн аж ахуйд машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Я.Д-ын ....... дугаартай хөдөлмөрийн дэвтрийг түүнд буцаан олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА