Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Н.А, 

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Э-д холбогдох эрүүгийн 1720000910055 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 1-14 насны 5 хүүхдийн хамт  Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын зорчих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан Ховор ургамлын жагсаалтанд багтсан, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гадаадад гаргахыг хориглосон дэрэвгэр жиргэрүү гэх 27,3 кг ургамлыг 4 хэсэг жижиг цүнхэнд хийж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр намайг БНХАУлс руу эмийн ургамал гаргаад өг 1 кг-ыг нь 30 юаниар гаргуулахаар тохиролцсон. Тэгээд тэр өдрөө жижиг тэрэгтэй танихгүй залуу ирээд 2 ширхэг цаасан хайрцагтай юм өгчихөөд яваад өгсөн. Тэгээд би түүнийг 4 хэсэг жижиг цүнхэнд хувааж хийгээд ганцаараа Монголын хил рүү машинд сууж очоод гартаа бариад хилийн рентгений ремен дээр нь шууд тавиад шалгуулсан чинь дэрэвгэр жиргэрүү байна гээд бичиг баримт хураагаад авчихсан. Би тэр хүмүүсийг мэдэхгүй. Би Наран төвөөс чихэр, сүү гээд хүнсний бүтээгдэхүүн авч зардаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Бага охин маань өвчтэй Америк руу хагалгаанд орох гээд виз нь гарчихсан. Улсаад зардлыг дааж байгаа тул охиноо эмчлүүлмээр байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 3-4/,

- Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тухайн өдөр ажил үүргийн хуваарийн дагуу Замын-Үүд дэх Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн суудлын автомашины гарах хэсэг буюу экспортын талд гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Уг хяналтын бүсээр Б.Э гэх эмэгтэй 4 ширхэг цүнхэнд хийсэн эд зүйлийг рентгенээр оруулан шалгахад Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал байж болзошгүй нөхцөл байдал үүсэж би тээврийн хэрэгслийг түр саатуулж, Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хураан авсан бөгөөд үзлэгийг цааш үргэлжүүлэн хийхэд өөр ямар нэгэн зүйл илрээгүй болно ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,

- Иргэний нэхэмжлэгч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд: Тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалаар экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг... Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр нь улсын орлогод авах саналтай байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

- Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтэнд:

1. Гадаргуу нь хүрэн бор, махлаг эд цайвар шаргал өнгөтэй ургамлын үндэс нь хатаасан дэрэвгэр жиргэрүү мөн болно.

2. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/ ургамлыг уламжлалт эмийн түүхий эд болгон ашигладаг. Ховор ургамлын жагсаалтад багтдаг гэсэн дүгнэлт /хх-ийн 28/,

- Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/,

- В ХХК-ийн Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-91/,

- Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А/282 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ баталсан тушаал, хавсралт /хх-ийн 92-93/, 

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтыг судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хориглосон бараа болох дэрэвгэр жиргэрүү нэртэй 27,3 кг ховор ургамлыг хууль бусаар хил нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын зорчих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан Ховор ургамлын жагсаалтанд багтсан, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гадаадад гаргахыг хориглосон дэрэвгэр жиргэрүү гэх 27,3 кг ургамлыг 4 хэсэг жижиг цүнхэнд хийж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын хилээр хориглосон бараа болох дэрэвгэр жиргэрүү нэртэй ховор ургамлыг хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Э-н мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Мөн шүүгдэгч Б.Э нь 1-14 насны 5 хүүхэдтэй, бага охин Ш.Энххүслэн нь төрөлхийн зүрхний ховдол нь цоорхой өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27,3 кг дэрэвгэр жиргэрүү нэртэй ховор ургамлыг улсын орлого болгох нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-н авч явсан хориглосон бараа болох дэрэвгэр жиргэрүү нэртэй ховор ургамал нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 кг 50,000 төгрөг байх ба 27,3 кг ургамал нь 1,365,000 төгрөг болох тул шүүгдэгчээс хуульд заасны дагуу 1,365,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... бага охин Э байнгын эмчийн хяналтанд байдаг. Зүрхний ховдол нь цоорхой өвчтэй. Улсаас хагалгааны зардлыг дааж Америкийн Нэгдсэн Улсад хагалгаанд орох болсон энэ боломжийг би алдмааргүй байна. Иймд хэргийг хурдан шийдвэрлэж, хязгаарлалт тогтоосон арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-н 2017 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн охин Ш.Э нь зүрхний ховдол нь цоорхой өвчтэй байх ба 2018 оны 02 дугаар сарын 26-наас 04 сарын 04-ний хооронд Америкийн Нэгдсэн Улсад зүрхний цоорхой нөхөх хагалгаанд орохоор болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд тус шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Э-г хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27,3 кг дэрэвгэр жиргэрүү нэртэй ховор ургамлыг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-с 1,365,000 /нэг сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.Н