Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

 

 

 

 

  2023         03       29                                         2023/ДШМ/08

 

   Ц.Нд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Э даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Тогтох,

Шүүгдэгч: Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Г,

Хохирогч: З.Э, түүний өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Нгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Нд холбогдох 2238000000694 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Галуухай овогт Цийн Н, ...... оны ..... дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хам Хөвсгөл аймгийн А сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ........................./.

 Ц.Н нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хажуугийн зам дээр 99-63 УАУ улсын дугаартай Тоёота Ланд-Крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хохирогч З.Эын Даюун маркийн 5 ХӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Галуухай овогт Цийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Цийн Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн А сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ц.Нг Хөвсгөл аймгийн А сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих 9 эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Нд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Н давж заалдах гомдолдоо: .. Миний хувьд өөрийн үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд ч шүүхийн шатанд ч хүлээн зөвшөөрч хохирогч З.Эад мөнгө болон өвлийн идэш өгөхөөр ярьж тохиролцсон байсан ч З.Э уг ярьж тохиролцсоноосоо буцаж надаас их мөнгө нэхэж эхэлсэн. Түүний хүү ч намайг эмнэлгээр битгий хэрээ шиг ирээд бай гэсэн тул хохирогч Э дээр очих боломжгүй болсон.

Би хохирогч З.Эад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмчилгээ, мэс засал хийлгэсэн төлбөр болох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 2,534,300 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан. шүүхийн хэлэлцүүлгийн үед ч хохирогч Эаас уучлалт гуйж, шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлөхөө илэрхийлсэн боловч бодит хохирлыг тогтоох боломжгүй болсон.

Би эрүүл мэндийн даатгалын санд хохирогч З.Эад эмчилгээ, мэс засал хийлгэсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, шүүхээс тогтоосон бодит хохирлыг хохирогчид төлнө гэдгээ илэрхийлсэн байхад надад шүүхээс Хөвсгөл аймгийн А сумаас гадагш зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нь ял хүндэдсэн гэж үзэж уг шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа юм.

Учир нь миний нөхөр Чийн Энь зүүн талын нүд нь бүрэн хараагүй, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөр чадвар алдалтын 50 хувийн группт байдаг. Төрсөн эгч Цийн Цэнд-Аюуш нь сэтгэцийн өвчтэй, миний асаргаанд байдаг төдийгүй эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группт байдаг. Том охин Э.Анардарь нь 2011 оны 10 дугаар сарын 30 -ны өдөр төрсөн, 12 настай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 6 дугаар ангид сурдаг. Бага охин Э.Анаржин нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 3 настай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар цэцэрлэгт хүмүүждэг. Би өөрөө бие даан ар гэр, нөхөр хүүхдийнхээ асуудлыг зохицуулдаг. А сумаас Мөрөн сум руу байнгын нөхөр эгчийг эмчилгээнд авч явах, хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрүүл мэндийн байдалд ганцаараа зохицуулж зүтгэдэг. Мал ахуйндаа ч явах, малаа эрж сурахад заавал залгаа сум руу нэвтрэх шаардлага гардаг. Гэлээ ч миний байнгын оршин суух Хөвсгөл аймгийн А сумын б дугаар багт байх гэр маань сүлжээгүй , дата орох ямар ч боломжгүй газар юм.

Анхан шатны шүүх миний энэ байдлуудад дүгнэлт хийлгүй надад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулснаар миний гэр бүлийнхэн бүгд бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд шийтгэгдэх байдалд хүрч байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх талаар хуульчилсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь миний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байгаа тул дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд миний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/ 06 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Манайх 3 сумын залгаа газар нутагладаг учраас аргагүйн эрхэнд Баянзүрх, Алаг-Эрдэнэ сумын нутаг руу явдаг. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний үйлчлүүлэгч хохирогчтой уулзаж ойлголцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Нэгэнт хохирогч гомдол саналгүй гэж байгаа учраас шүүгдэгчид оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.Н нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хажуугийн зам дээр 99-63 УАУ улсын дугаартай Тоёота Ланд-Крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хохирогч З.Эын Даюун маркийн 5 ХӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг  зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан  нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Нгийн “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь миний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байгаа тул дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд миний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд:

 Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялаас ямар төрөл, хэмжээний ял сонгон оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал учир шүүхийг шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглээгүй гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйл /Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх/, 174 дүгээр зүйл /Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчлөх/-д заасан журмын дагуу өөрчлүүлэх боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Нгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.Э

                                        ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                            Б.СОСОРБАРАМ