| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00418/И |
| Дугаар | 318/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 318/ШШ2025/00038
2025 01 16 318/ШШ2025/00038
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж, Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Я.У нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ....................... сумын ... дугаар баг, .................. хотхон ........байрны 12 тоотод оршин суух, эрэгтэй, Б овогт Ч-ын Г-ийн,
Хариуцагч: Увс аймгийн ....................... сумын .... дугаар баг, .................. хотхон ......... байрны .... тоотод оршин суух, ...... онд төрсөн, эрэгтэй, Ц овогт Б-ы Ц-,
Хариуцагч: Увс аймгийн ....................... сумын 7 дугаар баг, .................. хотхон ..... байрны ... тоотод оршин суух, ..... онд төрсөн, эмэгтэй, З овогт А-ын Ц- нарт холбогдох,
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,641,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц-,
Хариуцагч Б.Ц-, А.Ц- (цахим),
Гэрч С.Б-, Г.С-, Н.Л-, М.Э-,
Иргэдийн төлөөлөгч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2024 оны 6 дугаар сарын 14-ний орой дээд давхарын 17 тоот айлаас ус алдаж манай 12 тоот байрны таазны шохой, эмульс, урсан обой ховхорч хуурсан, паркетан шал усанд норж овойж хотойсноос 1,641,100 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай бэр, ээж хоёр манайд очоод ус алдсан байна гэж ярьсан. Тухайн үед нөхөр бид хоёр Улаанбаатар хот руу 3 сартай нялх хүүхдээ аваад, нөхрөө эмчлүүлэхээр эмчилгээнд явсан. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан ба бэр над руу ярьж танай тог тасарсан, гэрийн хана тааз хууларсан байдалтай байгаа талаар надад мэдэгдсэн. Тэр даруй би Б.Ц-той холбогдсон. Би Улаанбаатар хот явахаасаа өмнө тогны мөнгөө төлсөн учраас эрчим рүү залгаж тог тасарсан талаар лавлахад манайхаас амралтын өдөр тог тасалдаггүй, танайд цахилгааны асуудал гарсан байна гэх хариуг өгсөн. Дээд айлаас ус алдаж манай таазны гэрэл рүү ус орж тог тасарсан талаар бэр, ээж хоёр мэдэгдсэн. Миний зүгээс М.Э- буюу А.Ц-гийн ээжтэй хамт ажилладаг байсан учраас холбогдож, шүүхээр явахгүй ярилцаад манай таазыг засаж өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед байрны танилаасаа Б.Ц-гийн дугаар авч холбогдоход 2024 оны 4 дүгээр сараас эхлээд гэртээ байхгүй байгаа, эхнэр гэрт байгаа гэж ярихад Б.Ц-, А.Ц- нарыг гэр бүлийн маргаантай байгаа талаар мэдсэн. А.Ц-гийн ээжтэй танилын хүрээгээр хохирлоо барагдуулах талаар ярилцсан ч шийдэлд хүрээгүй учраас шүүхэд хандсан. Уг хэрэг удаа дараа хойшилж байгаа. Миний зүгээс олон нялх хүүхэдтэй учраас энэ шүүх хуралдаанаар хэргээ шийдүүлэх хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Б.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2024 оны 4 дүгээр сараас би гэрээсээ яваад аавынхаа гэрт амьдарч байгаа. 2024 оны 6 дугаар сард манай найз А над руу залгаж танай байрнаас ус алдаж байна, ус алдалтыг зогсоомоор байна гэж хэлсэн. Тухайн үед би аав руугаа залгаж манайд ус алдаж доод айл руу орсон байна гэж хэлсэн. Аав А.Ц-гийн ээжийн ажил руу очиход ус алдаагүй гэсэн, доод айлтай холбогдсон ус алдаагүй гэж хэлсэн гэсэн. Тухайн үед аав доод айл руу орж зураг дарсан байсан. Аавын утаснаас тухайн нөхцөл байдлын зургийг харсан учраас ус алдсан талаар мэдсэн. Миний зүгээс А.Ц-тай гэрлэлтийн маргаантай шүүх хуралтай байгаа. Тухайн үед гэртээ амьдарч байгаагүй учраас би хариуцахгүй” гэв.
Хариуцагч А.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тухайн үед би Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Манай гэрийн түлхүүр ээжид байсан учраас ээжийг гэрт очиж ус алдсан эсэхийг хараарай гэж хэлснээр ээж гэр лүү ороход манайхаас ус алдсан нөхцөл байдал байгаагүй гэсэн. Би явахаасаа өмнө усаа хаагаад явсан. Доод айл руу орж харахад ус алдсан шинж тэмдэг байхгүй байгаа талаар мэдэгдсэн. Миний зүгээс нэхэмжлэгч талтай холбогдоогүй. Хадам аав С.Б- манайх руу орж харсан гэж тайлбарлаад байна. Манай гэр лүү манай ээжээс өөр хүн орох боломжгүй. Шинжээч томилуулж манайхаас ус алдсан эсэхийг дүгнүүлэх ёстой байсан байх” гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 41,208 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн нэхэмжлэх, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 254 дугаартай, хохирол үнэлсэн тухай дүгнэлт, гэрэл зургийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.Б-, Г.С-, Н.Л-, М.Э- нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч Б.Ц-, А.Ц- нарт холбогдох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,641,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн ....................... сум, 7 дугаар баг, .................. хотхон ............... байрны .......тоот хаягт байрлах орон сууцнаас ус алдаж, манай гэрийн хана, таазны шохой, эмульс хууларч, паркетан шал хөөх зэрэг хохирол учирсан. Иймд .................. хотхон ......... байрны .... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч Б.Ц-, А.Ц- нараас учирсан хохирлоо гаргуулна гэв.
3. Хариуцагч Б.Ц- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
3.1. Миний бие эхнэр А.Ц-тай хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 4 дүгээр сараас хойш хамт амьдраагүй. Ус алдсан гэх цаг хугацаанд эхнэр А.Ц- гэрийн хаалганы цоожны голыг сольчихсон, миний бие гэртээ амьдрахгүй байсан. Ус алдсан үйл явдалд буруугүй учраас гэм хорын хохирлыг хариуцахгүй гэв.
4. Хариуцагч А.Ц- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
4.1. Хэрэв манай гэрээс ус алдсан бол манай гэрт ч мөн ус нэвчиж, мэдэгдэх ёстой байсан. Гэтэл тийм зүйл байхгүй. Мөн манай ээж нэхэмжлэгч нарын гэрт орж үзэхэд ус алдсан шинж тэмдэг байхгүй байна гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Б.Ц- гэм хорын хохирлын тал хувийг хариуцах ёстой гэж үзэж байна гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Ч.Г-ийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин нэхэмжлэгчийн гэрт буюу Увс аймгийн ....................... сумын ... дугаар баг, .................. хотхоны .... дүгээр байрны .... тоот хаягт байрлах орон сууцанд 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийж, тухайн орон сууцны тааз, ханаар ус нэвчсэний улмаас таазны замаска, эмульс урсаж, ханын цаас хууларсан, паркетан шал хөөж овойсон болохыг гэрэл зургаар бэхжүүлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 1,491,100 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ.
Зохигчид шинжээчийн дүгнэлтийн талаар болон хариуцагч нар нь .................. хотхоны ..... байрны ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч, эзэмшигч мөн эсэх талаар буюу жинхэнэ хариуцагч мөн эсэх талаар маргаагүй.
Харин хариуцагч А.Ц- 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн ....................... сум, ... дугаар баг, .................. хотхон ... байрны .... тоот хаягт байрлах орон сууцанд ус алдаагүй гэж маргаж байгаа бол хариуцагч Б.Ц- тухайн цаг хугацаанд гэртээ амьдрахгүй байсан учраас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заажээ.
Хариуцагч А.Ц- нь “...доод давхрын айлд буюу Увс аймгийн ....................... сум, 7 дугаар баг, .................. хотхон ..... байрны ... тоот хаягт байрлах орон сууцанд ороход ус алдсан гэх шинж тэмдэг байгаагүй гэсэн...” гэх тайлбар гаргасан боловч түүний тайлбар хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэрч С.Б-, Г.С-, Н.Л- нарын гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байна.
Тодруулбал, гэрч С.Б-ы “...Хүү болох Б.Ц- байрнаас нь ус алдаж байгаа талаар хэлсэн. Надад хүүгийн байрны түлхүүр байхгүй байсан учраас доод айл руу нь ороход дүүжин тааз, гэрэл рүү ус орсон харагдсан. Доод айлд нь нэг настай эмэгтэй, залуу эмэгтэй хоёр байсан. А.Ц-гийн ээж М.Э-гийн ажил руу очиж ус алдаж байгаа талаар хэлээд янзалмаар байна байрны түлхүүр өгчих гэхэд надад түлхүүр байхгүй. А.Ц- руу ярь гэж хэлсэн. А.Ц- руу залгахад утсаа аваагүй...” гэх мэдүүлэг,
гэрч Н.Л-гийн “...Хүргэний гэрийг эргэхээр очиход таазнаас цагаан зүйл унасан байсан. Бэр охин зургийг нь авсан. Би хэсгийг нь түүж хаяад үлдсэн хэсгийг орхисон. Гэтэл таазны гэрлийн нэг нь ус орсноос болоод асахгүй байсан. Дээд айлаас ус алдан байх гэж бодоод очтол хаалга нь цоожтой байсан. Хэсэг хугацааны дараа очиход нэг эмэгтэй бас нэг эмэгтэй хүүхэд байсан. Доод айлын тааз руу ус орсон байна. Танайхаас ус алдсан уу? гэхэд үгүй гэсэн. Гарч яваад буцаж ороод угаалтуурын шүүгээг нээхэд усны хоолойг скочоор зузаан ороосон байсан. Энэ хоолойноос ус алдсан юм байна гэхэд дээд айлд байсан эмэгтэй үгүй, алдаагүй гэж хэлсэн. Гэтэл жаахан эмэгтэй хүүхэд ус алдсан, орой ус алдсан ш дээ гэж хэлсэн. Миний зүгээс танайхаас ус алдсан юм байна гэж хэлээд гараад явсан. Удалгүй нэг эмэгтэй ирээд ус алдаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
гэрч М.Э-гийн “...Намайг ажил дээрээ байхад Б.Ц-гийн ээжээс ус алдаж байгаа талаар ярьсан. Би нөхрийнхөө 3 дүүг дагуулаад байранд очиж харахад ус алдаагүй байсан. Би яагаад ус алдаагүй байхад доод айл ярьдаг байна гэж бодоод доод айл руу ороход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ээж, бэр хоёр байсан. Хаанаас хэзээ ус алдсан бэ? гэхэд мэдэхгүй дээрээс ус алдсан гэж хариулсан. Миний зүгээс дээрээс ус алдсан зүйлгүй байгаа талаар хэлэхэд эмээ уурлаад, танайхаас ус алдсан гэж хэлсэн. Манай дүү доод айлтай маргалдаад худлаа ярьсан байна, эрт алдсан ус байна гэсэн. Би дүү нараа аваад гарсан. Тухайн явдлаас хэд хоногийн дараа Я.Ц- над руу залгаж танай хүргэний байрнаас ус алдсан байна. Яах вэ? гэж хэлсэн. Би очиж харахад манай хүргэний байрнаас ус алдаагүй байсан. Ямар ч байсан Я.Ц-гийн байрны тааз ус алдаж хууларсан шинжтэй харагдсан гэхдээ хэзээ алдсаныг мэдэхгүй. Би хүргэнийхээ гэрт өдөр бүр очдоггүй, хааяа очдог...” гэх мэдүүлэг,
гэрч Г.С-ийн “...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 17:00 цагийн үед Ч.Г-ийн гэрт хүн байхгүй байсан ба бидэнд түлхүүр нь байсан. Гэрт нь ороод гэрлийг нь асаахад гэрэл нь асахгүй байсан. Гал тогооны өрөө рүү очиход таазнаас ус гойжиж, таазны эмульс унасан байсан талаар Я.Ц- рүү залгаж мэдэгдэхэд эгч дээд айлын хүмүүс рүүгээ яриад удаагүй С.Б- ирээд ус алдсан байдлын зургийг дараад явсан. Үүний дараагаар М.Э- ирээд манайхаас ус алдаагүй гэж хэлсэн. Ээж Н.Л- нь М.Э-г дагаад дээд айл руу ороод гал тогооны угаалтуурын доод шүүгээг онгойлгоход хоолойг скочоор ороосон байсан гэсэн. Дээд айлд байсан хүүхэд ус алдсан гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлгээр Увс аймгийн ....................... сумын ... дугаар баг, .................. хотхоны ..... дүгээр байрны ... тоот хаягт байрлах орон сууцанд ус алдсан, үүний улмаас нэхэмжлэгчийн орон сууцны таазны шохой, эмульс хууларсан, цахилгааны гэмтэл үүсэж нүдэн гэрэл шатсан, ханын цаас хуулрах, паркетан шал овойж хөөх зэрэг хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч А.Ц-гийн зүгээс манай гэрт ус алдсан шинж тэмдэг байхгүй, хэрэв манай гэрээс ус алдсан бол манай орон сууцанд мөн хохирол учрах ёстой байсан гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан нь хариуцагч А.Ц-гийн буруугаас болоогүй, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэл, гэмтлээс шалтгаалж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар орон сууц өмчлөгч нь сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй байна.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 дахь заалтад орон сууц өмчлөгч нь “гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах” үүрэгтэй гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Ч.Г-ийн эд хөрөнгөд буюу орон сууцанд учирсан гэм хорын хохирлыг Увс аймгийн ....................... сумын ... дугаар багт байрлах .... дүгээр байрны ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй.
5.3. Хэдийгээр хариуцагч Б.Ц- өөрийгөө Увс аймгийн ....................... сумын ... дугаар баг, ..... дүгээр байрны ... тоот хаягт байрлах орон сууцынг өмчлөх эрхгүй гэж маргаагүй боловч энэ тохиолдолд хариуцагч Б.Ц-гийн тухайд бусдын эд хөрөнгөд учиран гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж дүгнэлээ.
Тодруулбал, хариуцагч А.Ц-гийн зүгээс Б.Ц- нь тухайн орон сууцанд 2024 оны 6 дугаар сарыг хүртэл амьдарсан, өмчлөгч нь учраас гэм хорын хохирлыг хамтран хариуцах ёстой гэж тайлбарласан бол хариуцагч Б.Ц- “...А.Ц- нь орон сууцны хаалганы гол цоожийг сольсны улмаас би гэртээ орох боломжгүй байсан...” гэх тайлбар гаргасан.
Хариуцагч А.Ц-гийн зүгээс хариуцагч Б.Ц-гийн тайлбарыг үгүйсгэж мэтгэлцээгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч А.Ц-гийн зүгээс тухайн үед гэр бүлийн харилцаатай байсан нөхөр Б.Ц-гийн тухайн орон сууцыг эзэмших, өмчлөх эрхийг хязгаарласан, А.Ц-гийн үйлдлийн улмаас хариуцагч Б.Ц- тухайн цаг хугацаанд Увс аймгийн ....................... сумын ... дугаар баг, .................. хотхоны ..... дүгээр байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг бодитоор эзэмших боломжгүй байсан үйл баримт тогтоогдож байх тул Увс аймгийн ....................... сумын ... дугаар баг, .................. хотхоны .... дүгээр байрны ... тоот хаягт байрлах орон сууцнаас ус алдсаны улмаас бусдын орон сууцанд учирсан гэм хорыг хариуцагч Б.Ц- хариуцах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хохирол учирсан цаг хугацаанд Увс аймгийн ....................... сумын ... дугаар баг, ...... дүгээр байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг бодитойгоор эзэмшиж, өмчилж байсан этгээд болох хариуцагч А.Ц- хариуцан арилгах үүрэгтэй байна.
6. Иргэдийн төлөөлөгч Б.Г-ийн “хариуцагч А.Ц-гаар дээрх мөнгөн дүнг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,641,100 төгрөг гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 1,491,100 төгрөгийн бодит хохирол учирсан, хохирлын үнэлгээ тогтоолгоход 150,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохилол 1,491,100 төгрөгийг хариуцагч А.Ц-гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээчийн хөлс 150,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 41,208 төгрөгийг тус тус хариуцагч А.Ц-гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ц-гаас 1,491,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээчийн хөлс 150,000 төгрөгийг хариуцагч А.Ц-гаас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,208 (дөчин нэгэн мянга хоёр зуун найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц-гаас 41,208 (дөчин нэгэн мянга хоёр зуун найм) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
ШҮҮГЧ Я.УРНАА