| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2017/0135/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2017-09-27 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Г С холбогдох эрүүгийн 201711000240 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ховогт Г С, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1967 оны 03 сарын 17-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД- /, бүрэн бус дунд боловсролтой, төнөг төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн ....дугаар гудамжны..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.
Шүүгдэгч Г.С нь 2017 оны 06 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 05 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Дан байр”-ны 10-01 тоотод оршин суух иргэн Г.Төмөрбаатарын гэрт арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 16 настай насанд хүрээгүй хохирогч Т.Г-ыг унтаж байхад нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед Ганхуягтай архи уугаад гэрийнх нь хойд талын өрөөнд унтаж амрахаар болсон. Би нэлээд согтуу байсан. Би юм санахгүй, орж гараад байсан. Бэлхүүсээр нь тэвэрсэн нь үнэн. Согтуугийн гай болсон, согтуудаа ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна. Миний буруу, хүлээн зөвшөөрч байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө би өөрийн гэртээ урд өрөөнд эгч Төмөрсувд түүний 3 хүүхдийн хамтаар унтаж байсан. Харин хойд талын өрөөнд манай ээж Уранчимэг, ахын хүүхэд Хүслэнгийн хамтаар унтаж байхад шөнийн 02 цаг өнгөрөөд аавын ах Ганхуяг нь найз гэх 50 орчим насны танихгүй ахтай хамт манай гэрт орж ирсэн байсан...ээж Уранчимэг тэр хоёрт хандаж “байшингаас гараад хойд талын хаалгаар ордог ажлын өрөөнд орж унтаарай” гэж хэлсэн.Би тэр хоёрт хөнжил гудас гаргаж өгөөд гэрээс гаргаж хаалгаа түгжих гээд зогсож байхад Ганхуяг ахтай хамт ирсэн ах үүдээр гарч байхдаа миний бүсэлхий хэсгээр тэвэрсэн. Тэгэхээр нь би “наад балиар гараа аваач” гэхэд Ганхуяг ах тэр ахад хандан “яагаад байгаа юм бэ, зүгээр байгаач” гэж хэлэхээр нь би хаалгаа түгжээд унтаж амарсан. Ингээд өглөө 05 цаг өнгөрч байхад Төмөрсувд эгч намайг сэрээж “чиний дээрээс энэ хүн бууж байна” гэж хэлэхэд нь харсан чинь Ганхуяг ахтай ирсэн ах миний орон дээр сууж байсан. Миний дотоож өвдөгний дээд хэсэг хүртэл тайлагдсан байхаар нь би дотоожоо татаад тэр ахыг хөлөөрөө жийж орон дээрээс босгоход тэр ах ямар нэгэн зүйл ярилгүй гэрээс гараад явсан... Би спортоор хичээллэж бэлтгэл хийж байгаа болохоор ядраад нам унтчихсан байна билээ...Төмөрсувд эгч хэлэхдээ “би унтаж байгаад сэрсэн чинь тэр ах чиний дээр гарчихсан сууж байсан. Тэгээд би тэр ахад хандаж та насанд хүрээгүй хүүхэд хүчиндэх гээ юу гэж хэлсэн чинь чиний дээрээс буусан. Тэгээд би чамайг сэрээсэн юм” гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн газар дуудлага өгсөн юм...Энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд ийм хэрэг үйлдсэн хүнийг ямар шийтгэлээр шийтгэдэг юм, тэр шийтгэлийг нь оноож өгөхийг хүсэж байна...” гэжээ. /хх 19/
Насанд хүрээгүй хохирогч Т.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Өсвөр насны хүүхэд надад сэтгэл санааны хохирол учирсан тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох хүсэлгүй байна...” гэжээ. /задгай/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 06 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай нөхрийн хамаатан ах Ганхуяг нь 50 орчим насны ахын хамтаар хашаа даваад гэрт орж ирээд хоол унд идсэн. Тэгээд би тэр хоёрыг “гэрээс гараад гэрийн хойд талын хаалгаар ордог өрөөнд орж унтаарай” гэж хэлсэн. Өглөө 05 цагийн үед Төмөрсувд, манай охин Ганболор нар хашгиралдаад байхаар нь очиход Ганхуяг ахтай хамт ирсэн 50 орчим насны ах манай охин Ганболорыг хүчиндэхийг завдсан гэдгийг мэдсэн. Тэгээд би хойд талын өрөө рүү орж Ганхуяг ах, хамт явсан ах нарыг загнаж уурласан чинь тэр ах “би ус уух гэж явсан” гэж худлаа хэлээд байсан...Манай охин цагдаад дуудлага өгсөн...Миний хувьд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 16-17/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 339 тоот дүгнэлтэд: “1.Т.Ганболорын биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.Т.Г-ын охин хальс бүтэн, гэмтэл үгүй байна. 3.Т.Г нь ийлдэс судлал, ХДХВ-ийн илрүүлэг болон нян судлалын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин үгүй байна” гэжээ. /хх 33/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: “1.Г.С нь хэрэг үйлдэгдсэн үед сэтгэцийн хувьд эрүүл байсан байна. 2.Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. 3.Г.С-ын одоогийн сэтгэцийн байдал эрүүл байна. 4.Г.С нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.Г.С нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 68/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч Б.Ганхуяг /хх 21-22/, Г.Төмөрсувд /хх 23-25/, Г.Мажигсүрэн /хх 26-27/, Д.Уртнасан /хх 28-29/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 40-45, 51-54/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/, Эд хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/, Нас тоолсон тэмдэглэл /хх 55/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 60/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Г.С нь 2017 оны 06 сарын 15-ны өглөө 05 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Дан байр”-ны 10-01 тоотод оршин суух иргэн Г.Төмөрбаатарын гэрт арван дөрвөөс дээш арван найман /16 настай/ насанд хүрээгүй хохирогч Т.Г-ыг унтаж байхад нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэсэг хугацааны дараа би даараад сэрчихсэн. Тэгээд бие засах гээд явж байтал...орон дээр нэг охин унтаж байхаар нь дотоожийг нь гуя хүртэл нь доошлуулаад би өөрийнхөө өмдний тэлээг тайлж байтал хажуу талд унтаж байсан тэр охины эгч нь...сэрээд намайг хараад “хөөе та яаж байгаа юм бэ” гэж хэлсэн...тэр охин сэрсэн, тэгээд л би больсон юм...Архи уусан гайгаар ийм зүйл болчихсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх /хх 41-45, 51-52, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх, насанд хүрээгүй хохирогч Т.Г-ын “...Ганхуяг ахтай хамт ирсэн ах үүдээр гарч байхдаа миний бүсэлхий хэсгээр тэвэрсэн. Тэгэхээр нь би “наад балиар гараа аваач” гэхэд, Ганхуяг ах тэр ахад хандан “яагаад байгаа юм бэ, зүгээр байгаач” гэж хэлэхээр нь би хаалгаа түгжээд унтаж амарсан. Ингээд өглөө 05 цаг өнгөрч байхад Төмөрсувд эгч намайг сэрээж “чиний дээрээс энэ хүн бууж байна” гэж хэлэхэд нь харсан чинь Ганхуяг ахтай ирсэн ах миний орон дээр сууж байсан. Миний дотоож өвдөгний дээд хэсэг хүртэл тайлагдсан байхаар нь би дотоожоо татаад тэр ахыг хөлөөрөө жийж орон дээрээс босгоход тэр ах ямар нэгэн зүйл ярилгүй гэрээс гараад явсан...” гэх /хх 19/ мэдүүлгийг давхар нотолсон үйл баримтыг нүдээр үзсэн гэрч Г.Төмөрсувдын “...Ганхуяг ахтай хамт ирсэн танихгүй ах Г-ын дээр гарчихсан...өмднийхөө тэлээг тайлж өмдөө хагас доошлуулсан байдалтай байхыг хараад би тэр ахад хандаж, “хүүе та чинь яаж байна, бага насны охин хүчиндэх гээ юу, наад орон дээрээсээ буу” гэж хэлсэн...Би сэрээгүй бол тэр танихгүй ах Ганболорыг хүчиндэх байсан...” гэх /хх 23-25/, тухайн цаг хугацаанд ийм асуудал болсон талаар өгсөн гэрч Б.Ганхуягийн “...Нэг мэдсэн чинь манай дүүгийн хүүхэд болох Г маш ууртай намайг сэрээгээд “наад хүн чинь намайг оролдсон” гэж хэлсэн. Тэгээд Г тэр дороо шууд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх /хх 21-22/ мэдүүлгүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн даруй Цагдаагийн газарт мэдэгдсэн тухай Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 06 сарын 15-ний өглөө үйлдэгдсэн боловч гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Иймд шүүгдэгч Г.С-ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын дээд хэмжээг тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байх боловч Ялын доод хэмжээг заагаагүй байна.
Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд “гэмтэл тогтоогдоогүй, охин хальс бүтэн” гэх шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч Г.С-ын насанд хүрээгүй хохирогчийг хүчиндэхийг завдсан гэх үйлдэлтэй нийцэж байх ба энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Хэрэгт шүүгдэгч Г.С-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж энэ гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЮ67031714 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хатигин овогт Г С-ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Г.С-ын ЖЮ67031714 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 09 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ