Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/500

 

 

Ц.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л, түүний өмгөөлөгч Р.Булгамаа,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ЦШТ/385 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Эт холбогдох эрүүгийн 2203006660615 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Цийн Э, 1990 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/.

            Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн өргөн чөлөө, Оргил худалдааны төвийн хойд замд “Тоёота приус” маркийн - УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоо замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 3.4-т жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ. 3.7-т жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа .... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодох, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Гийг дайрч, түүний амь нас хохирсон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Цийн Эыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Ц.Эыг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт ялыг дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлын нэхэмжлэлээс 4.600.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ц.Эаас 17.243.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л /УК57102606/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Э нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн талаар маргадаггүй. Хохирол төлбөрт өөрийн боломжийн хирээр 13.400.000 төгрөг төлж барагдуулсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулахаа анхан шатны шүүх хурлын үеэр илэрхийлсэн ба үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа мэдэгдэн амь хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л нь Ц.Эт бага ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байсан. Ц.Э өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг хэрэгт холбогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Амь хохирогч С.Гэ шөнө дунд авто машины хөдөлгөөн ихтэй төв замын автомашин зорчих хэсэгт биеэ хянах чадваргүй, согтуурлын хүнд зэрэгтэй явган сууж байсан нь гэмт хэрэг, золгүй явдал болох хамгийн том шалтгаан болсон. Ц.Э нь хувийн байдлын хувьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 5 сартай, 5 настай, 8 настай гурван хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ асардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байх тул оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Т.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ц.Э нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн ар гэрээс уучлал хүсэж, боломж бололцоогоороо эдийн засгийн туслалцаа үзүүлж байгаа. Гэтэл уг хэрэг болсон нөхцөл байдлын тухайд, шүүгдэгч нь танил Т гэх эмэгтэйтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архинаас 2-3 татсан гэсэн мэдүүлэг байдаг. Ттай хамт машинд явж байхад гар, хөлөөс нь татаж чангаан замын хажууд байсан талийгаачийг анзааралгүй мөргөсөн тохиолдол байдаг /хх 70-71/. Хэргийн газар очсон мөрдөгчид “Эхний машин биш, хоёр дахь машиныг жолоодож явсан Э гэх жолооч амь хохирогчийг гүйцээсэн байна” гэж хоорондоо ярилцсан талаар амь хохирогчийн ар гэрийнхэн нь ярилцдаг. Мөрдөгч манай үйлчлүүлэгчид хүч хэрэглэж, дарамтлах байдлаар мэдүүлэг авсан талаар шүүгдэгч мэдүүлдэг. Тухайн үед шокийн байдалтай байхад нь мөрдөгч “Ажилтай байна, хурдан мэдүүлгээ өг, чи хүн алаа биз дээ” гэж айлгаснаас болж мэдүүлгээ буруу өгсөн гэдэг. Уг хэрэг маргаанд өмнө нь өөр өмгөөлөгч ажиллаж байсан. Сүүлд өмгөөлөгч Б.Баттөр бид хоёр оролцсон. Ц.Эаас ийнхүү мэдүүлэг авч хэрэг шүүхээр орсон. Гэтэл анхан шатны шүүх дараах байдлуудыг эргэлзээтэйгээр шийдвэрлэсэн. Үүнд, тухайн Э гэх жолооч амь хохирогчийг араас нь мөргөж дайрсан болох нь камерын бичлэгээс харагддаг. Гэтэл Ц.Эын автомашинаас ямар нэгэн биологийн гаралтай цус, толбо илрээгүй. Харин Эийн автомашинаас илэрсэн. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Мөн Ц.Эын цуснаас ямар нэг спирт илрээгүй. Хэргийн 244 дэх талд “Гэ буюу хохирогч тухайн авто ослыг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн, 10-12 дахь талд “Ц.Эын цусанд спирт илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Мөн Э гэх хүний мэдүүлгүүд, гэрч Бийн “Цагаан өнгийн Приус маркийн автомашин энэ хүнийг дайран явсан” гэсэн, гэрч О.Мийн “Приус маркийн цагаан өнгийн машин дайрсан” /хх 81-82/, гэрч Энхтуулын “Цагаан өнгийн Приус дайрсан” /хх 91/ гэсэн мэдүүлгүүд байдаг. Шүүх үүний ялгааг гаргалгүй анхнаасаа Ц.Эыг буруутгаж хэт өндөр ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн цусанд ямар нэг спирт илрээгүй, хохиролд төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа. Гэтэл Эөөс нэг удаа мэдүүлэг авч, энэ хэргээс холдуулж, ял завшуулсан. Тамхины тухай хуулиар иргэн зөвшөөрөлгүй газар тамхи татсан тохиолдолд 50.000 төгрөгөөр, ах ахуйн нэгж, хуулийн этгээд 500.000 төгрөгөөр тус тус торгуулах зохицуулалттай. Гэтэл хүний дээгүүр дайрч гарсан хүнийг торгож хариуцлага хүлээлгэсэн гэх тайлбарыг улсын яллагч шүүхэд гаргасан. Үүнд өмгөөлөгчийн хувьд харамсаж байна. Э гэх залуу хохирогч талд хохирол төлбөр өгч, уучлалт гуйсан гэсэн зүйл байдаг бөгөөд үүнийг анхаарч үзээгүй. Түүнчлэн өмгөөлөгч нараас энэ хэрэг нь анхнаасаа хоёр шүүгдэгчтэй хэрэг гэсэн саналтай оролцоход улсын яллагч хүлээж аваагүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял, төлж буй хохирол нь хоёр хүний төлөх ёстой төлбөр буюу хоёр хүний хувааж эдлэх ёстой ял байхад зөвхөн Ц.Эт дангаар нь, хүндрүүлж оногдуулсан. Э гэх хүний оролцуулсан бол хэргийн үнэн зөв тайлагдаж, хохирогчийн ар гэрийнхний эргэлзээ гарах байсан. Ц.Э нь элэгний В, С вирусийн хүнд өвчтэй бөгөөд хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн эмч нар хүнд өвчтэй талаар нь хэлж, эмчилгээнд оруулж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож амьдралаа залгуулдаг. Эдийн засгийн хувьд хүнд амьдралтай залуу юм. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нэгтгээд 4 жил хорих ял болгосон. Хорих ял эдэлж дууссаны дараа нэмэгдэл ялыг эдлэх бөгөөд түүнд ар гэрийн амьдралаа залгуулах, үр хүүхдээ зөөх зэрэг асуудал байгааг харгалзаж үзнэ үү. Энэхүү тайлбарыг Э гэх хүн ял завшсан, хохирол төлбөрийг хувааж төлөх, гэм буруугийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж, ял шийтгэл тэнцүү байх ёстой байсан гэдэг үүднээс гаргаж байна. Түүнээс биш шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно. Хохирлын асуудлын тухайд, шүүх тооцоог нарийвчилж судлаагүй. Баримтууд нь бүдэг бөгөөд юунд ашигласан нь тодорхойгүй байхад бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ц.Эын зүгээс өнөөдрийг хүртэл боломж бололцоогоороо хохирол төлбөр төлсөөр ирсэн. Хамгийн сүүлд шүүгдэгчийн эгч нь дансанд байсан 300.000 төгрөгөө шавхаж хохирогчийн ар гэрт өгөөд 20.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хохирлын тооцоог анхаарч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоёр охин, нэг хүүтэй байсан. Миний хүү цахилгааны инженер байсан. Би хүүхдээ харамсалтайгаар алдсандаа одоо хүртэл гомдолтой байна. 2-9 насны хоёр ач хүүтэйгээ хамт үлдсэн. Миний биеийн байдал сайнгүй, 70 нас хүрч байна. Хоёр хүүхдийг харах бүрд зүрх шимширч, дандаа өвдөж байна. Би Ц.Э гэх залуу болон түүний гэр бүлийнхэнд хүнлэг ёсоор хандаж ирсэн. Би 34 жил улсад ажиллаж нэг өрөө орон сууцтай болсон. Хүүгийнхээ ажил явдлыг сайхан болгохын тулд орон сууцаа барьцаанд тавьж оршуулах ёслолыг хийсэн. Мөрдөгч намайг хүлээж авч 3 дахь уулзалт дээрээ “Та оршуулгын зардлын баримтуудаа сайн хадгалаарай, оршуулгын зардал нь олддог юм шүү” гэж хэлсэн учраас баримтуудаа хадгалж байгаад гаргаж өгсөн. Би шүүх хуралдаанд оролцохдоо хүүгээ ямар аймшигтай байдалтай нас барсныг мэдсэн. Түүнээс өмнө тийм аймаар болсон гэж огт бодоогүй явсан. Би энэрэнгүй сэтгэл гаргаж “миний хүүхэд босоод ирэх биш, заавал хүнд ял шийтгэл оногдуулж яах вэ, надад оршуулгын зардал гаргаж өгвөл байраа авна” гэж бодож явсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж бодож байна. Өрөвч сэтгэл гаргаж Ц.Эт 5 жил хорих ял оногдуулах санал гаргасныг хөнгөрүүлж өгөхийг хүсэж, 1 жил багасгуулж байсан. Одоо тэр үйлдэлдээ харамсаж байна. Сүүлд Ц.Эын гэр бүлийнхэн надтай их муухай харьцсан. Шүүх хуралдааны завсарлагаанаар шүүгдэгчийн эх над руу дайрсан тул маш их гомдол тээж явж байна. Би нэг зээгээ цэцэрлэгээс, нөгөөг нь сургуулиас нь авч гэртээ ороод л “Надаас хойш яаж явах билээ, яана аа” гэж бодоод уйлдаг. Би элэгний хорт хавдартай, хэдэн жил амьд явах билээ гэж бодохоос уйлдаг. Би сар тутам эмчид үзүүлж, Япон-Монголын эмнэлэгт шинжилгээ өгдөг боловч 10 дугаар сараас хойш нэг ч удаа уулзаагүй. Энэ их дарамт,стрессээс болж миний элэгний өвчин улам муудсан байх. Тийм учраас эрхэм шүүгч та бүхнийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгчээс хохирол төлбөрт 13.400.000 төгрөг өгсөн. Би өөрөө холбогдож нэхэж байж мөнгөө авсан. Шүүх хуралдаанаас хойш огт мөнгө өгөөгүй явсаар өчигдөр гэнэт 300.000 төгрөг өгсөн. Намайг доромжлоод байгаа юм уу, би огт ойлгохгүй байна. Өөрийгөө болон хоёр хүүхдээ арай хийж болгож байна. Тэтгэвэрт 500.000 төгрөг авдаг. Миний хүү Оюу толгойд ажиллаж байгаад хувиараа төслийн ажил авч хийдэг байсан, нийгмийн даатгал төлөгдөөгүй байсан учраас хоёр ачид минь 280.000 төгрөгийн тэтгэмж тогтоож өгсөн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лгийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүхээс шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримталж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний алтан амийг юугаар ч орлох аргагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулаагүй. Амь хохирогчийн оршуулгатай холбоотой гарсан зардлыг төлснөөр хор уршгийг барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Гэсэн хэдий ч миний үйлчлүүлэгчийн зүгээс гарсан төлбөрийг барагдуулж өгөхийг байнга илэрхийлэхэд боломж бололцоогоороо барагдуулж байна гэж хандаж ирсэн. Амь хохирогчийн тухайд 5-9 насны бага насны хоёр хүүхэдтэй, хүүхдүүдээ асарч хамгаалдаг, өрх толгойлсон эцэг байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийг гэм буруугаа хүлээж, хохирогчийн ар гэрээс уучлал хүсэж байсан гэж байгаа боловч гэм буруугийн талаар маргаж оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Тодруулбал, шүүгдэгч нь “Би ганцаараа биш, миний араас явсан машин хамааралтай” гэдэг байдлаар ханддаг. Гэтэл амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлүүд нь учирсан даруйдаа буюу учирснаас хойш амьд байх боломжгүй гэдгийг мэргэжлийн шинжээч дүгнэж, хэрэгт нотлох баримтууд нь авагдсан. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг зэргээс үзэхэд амь хохирогч нь эхний тээврийн хэрэгслээс болж нас барсан байх магадлалтай гэсэн зүйл тогтоогдож, шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дахь талд тусгайлан тэмдэглэгдсэн. Нөгөөтэйгүүр, амь хохирогч нь энэ хэргийн улмаас хүнд эсхүл хүндэвтэр гэмтэл авч, амьд байсан бол учиртай. Гэтэл алтан амь байхгүй, үр хүүхдүүд нь өнчирч үлдсэн, гэмт хэргийн хор уршиг арилахгүй. Ц.Э нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, жолоо барих эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж осол гаргасан, хэргийн газраас зугтаасан зэрэг хүндрүүлэх нөхцөл байдлууд байсан учраас шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүгдэгч талаас тухайн үед хамт байсан гэх хүн жолоо булаацалдсан гэх зүйл ярьж байгаа ч хэрэгт тийм баримт байхгүй, өгсөн мэдүүлгээс нь харагдана. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хор уршиг арилаагүй, анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтад үндэслэсэн бодитой шийдвэр гаргасан. ...” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нар өөр байр суурьтай оролцож байна. Анхнаасаа энэ хэрэгт зүйлчлэл, зүйл ангийн талаар маргаж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан. Урьдчилсан хэлэлцүүлгээс гэм буруугийн хуралдаанд шилжиж анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан өмгөөлөгч Б.Баттөрийн гомдлоор хэлэлцэгдэж байгаа боловч өмгөөлөгч Т.Хонгор анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байр сууриа дэмжиж байна. Энэ хэргийн хувьд, амь хохирогч нь хавсарсан гэмтлийн улмаас нас барсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Жолооч Ц.Этай хамт явж байсан Тийн хувьд 2022 оны 10 дугаар сараас Ц.Этай дотно харилцаатай, үерхэж нөхөрлөдөг байсан талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэг гардаг өдөр явган зорчигч зам дээр суугаа байдалтай байсан талаар мөн мэдүүлсэн. “Хүн мөргөчихлөө, хоёулаа эргэж явах уу” гэж хэлсэн гэдгээ Т нь анхнаасаа зөрүүгүй мэдүүлдэг. Ц.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдэг боловч цуснаас нь спирт илрээгүй гэж өмгөөлөгч нар ярьж байна. Гэтэл Ц.Этай уулзсан, хамт байсан гэх гэрчүүдийн мэдүүлгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогддог. Зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нь Ц.Э жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос болсон. Зөрчлийн тухай хуулиар эрхээ хасуулсан тохиолдолд дүрмээ биелүүлж тээврийн хэрэгсэл жолоодоогүй бол ий байдал үүсэхгүй байх байсан. Шүүгдэгчийн эхний үйлдэл нь болгоомжгүй үйлдэгдсэн бол хэргийн газраас зориуд зугтаасан үйлдэл нь санаатай юм. Прокурорын зүгээс хэргийн газар очиж тээврийн хэрэгслүүдийг олж илрүүлэхээр камерын бичлэгүүдийг шалган, олон ажиллагаа явуулж эзэн холбогдогчийг тогтоосон. Тэгэхээр зүйлчлэл, зүйл ангийн хувьд хангалттай нотлогдож тогтоогдсон. Эийн хувьд, авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол хариуцлага тооцох үндэслэлтэй. Гэтэл Э нь хохирогч нас барсны дараа Замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүй, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэлтэй явж дүрмийн заалтыг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн явган зорчигч замын голд сууж байсан үйлдлийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн. Өмгөөлөгч Т.Хонгор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан хоёр хүнийг яллагдагчаар татах ёстой байсан гэж байна. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол яллагдагчаар татагдах үндэслэл болно. Гэтэл хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг прокурор шийдвэрлэж байгаа учраас Эийн үйлдлийг Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх гэсэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцсон. Ийм учраас фактыг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн Эийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Ц.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ц.Эын үйлдэл нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон камерын бичлэгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролЦчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн өргөн чөлөө, Оргил худалдааны төвийн хойд замд “Тоёота приус” маркийн - УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоо замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 3.4-т жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ. 3.7-т жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа .... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодох, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Гийг дайрч, түүний амь нас хохирсон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лгийн “...Өмнөговь аймагт цахилгааны ажил хийдэг байсан. Сүүлийн нэг жил барилгын материалын 100 айл төвийн тэнд цахилгааны ажил хийдэг болсон. Гэр бүлийн хувьд эхнэр, хоёр хүүтэй. Том хүүхэд 9 настай, бага хүү 5 настай. С.Гийн гэр бүл сүүлийн нэг жилийн өмнөөс - тоотод надтай хамт амьдардаг. Эхнэр нь ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хардаг. Том хүү 4 дүгээр ангид сурдаг. Бага хүү нь ээжтэйгээ гэртээ байдаг. Осол болдог өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед Офицерын автобусны буудал дээр уулзсан. Тэрнээс хойш өдөр утсаар яриагүй, холбогдоогүй, өмнөх өдөр нь хүү маань “маргааш та хүүхдүүдийг сургуульд нь хүргээд өгөөрэй” гэж утсаар ярьсан. Тэгээд маргааш нь ярьсан цагтаа уулзах газраа иртэл ганцаараа ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өглөө хүү С.Гийг зам тээврийн осолд орж амь насаа алдсан талаар мэдсэн. Цагдаагийн газар ирэхэд 2 тээврийн хэрэгсэл мөргөж, дээгүүр нь гарсан талаар мэдсэн. Маш харамсалтай байна. Миний ганц хүү байгаа юм. ...Машинаар мөргөсөн хүн нь залуу хүүхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж сонссон. Нас барсан хүүг маань эхнэр нь шүүх эмнэлэг дээр очиж таньсан. Бид нас барсан үйл явдалд гарч байгаа баримтыг баримтаар нь цуглуулж байгаа. Мөн баримтгүй лам болон бусад гарсан зардлыг цаасан дээр тэмдэглээд яваад байгаа юм. Гарсан зардлыг нэгтгээд баримтаар нь авч ирнэ. Мөн цаашид гарах зардал нэхэмжлэх зүйлийг тухайн үед ярьж хэлэх болно. ...” /1хх 42-43/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Бы “... “Тоёота приус” маркийн - УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Уг машин 2008 онд үйлдвэрлэгдсэн. 2017 онд Монгол Улсад орж ирээд худалдаж авсан. Худалдаж аваад ОТ гэж найздаа өрөндөө өгсөн. Бид хоёрын дунд өр авлага байсан учир машинаа өрөндөө өгсөн. Одоо ямар нэг өр авлага байхгүй. Үндсэндээ худалдаж аваад өгчихсөн. Нэрээ албан ёсоор шилжүүлээгүй байсан. Осол гаргасан Ц.Э нь Ц.ОТийн төрсөн дүү бөгөөд дүү нь машиныг унадаг байсан. Миний хувьд машины эвдэрсэн, хэмхэрсэн зүйлийг хариуцах шаардлага байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нэр дээр бүртгэлтэй боловч Ц.ОТийн машин байгаа юм. Ц.Эт машин унах зөвшөөрлийг Ц.ОТ өгсөн байх. ...” /1хх 59, 62/,

гэрч Б.Тийн “...Би Ц.Этай анх 2022 оны 01 дүгээр сарын эхээр фейсбүүк, чатаар танилцаж байсан. Хоёр сарын хугацаанд харилцан чат бичсэн. Анх 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ... уулзаж байсан. Ц.Э надтай уулзахдаа - УБЦ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота приус” маркийн автомашин унадаг байсан. ...Ц.Э бид нар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн офицеруудын автобусны буудал дээр уулзахаар тохирсон байсан. Тэгээд хар өнгийн “Тоёота приус” маркийн - УБЦ улсын дугаартай машинтай ирээд намайг аваад явсан. Бид хоёр Ганбаяр гэж найзындаа очоод түүнийг аваад явсан. Ботаникийн эцэс дээр хоолонд орсон. Тэгээд тэндээсээ Мтай уулзаад Шархадны эцсийн тэнд очоод тэр айлын гадна машинаа тавиад М болон түүний үл таних найзтай нь 2 шил 0.75 граммын архи хувааж уусан. Энэ үед 23 цаг өнгөрч байсан. Цуг архи уусан үл таних найз нь гэр рүүгээ орсон. М цагдаагийн академи хүргүүлээд буусан. Цаашаа Э бид 2 үлдээд Амгалан руу явахаар болоод Э машинаа бариад явсан. Э цааш машинаа бариад цагдаагийн академиас хөдөлсөн. Төв зам руу ороод зүүн гар тийш эргээд чигээрээ баруунаас зүүн чиглэлд явж байгаад Ботаникийн эцсийн автобусны буудлын харалдаа хоёрдугаар эгнээний зорчих хэсэг дээр хажуу тийшээ хараад хөлөө жийгээд суучихсан эрэгтэй хүн гэнэт гараад ирсэн. Тухайн үед олон автомашин явж байсан болохоор гэрэл гялбаад сайн харагдахгүй байсан. Тэгээд Э тоормос гишгэж амжаагүй шууд хаазаа гишгээд дээгүүр нь дайраад гарсан чинь машины урд хэсгээр “түг” гэж чанга чимээ гараад чимээгүй болчихсон. Эргээд хартал нүдэнд ил харагдах зүйл байхгүй байхаар нь “хоёулаа хүн дайрчихсан уу, юу байсан бэ” гэж асуухад Э “нохой байсан байх аа” гэж хэлээд зогсохгүйгээр хаазаа нэмээд цаашаа явсан. Тэгээд замын хажуу талын дугуй засварын зогсоол руу эргээд зогссон. Би Эыг “машинаа зогсоо, буцаад очъё, яалт ч үгүй хүн байсан” гэж хэлсэн чинь Э “хүн биш” гээд байсан. Хэсэг байж байснаа Э “хоёулаа жолоогоо солиод суучихъя, чи архи уугаагүй байсан юм чинь машинаа бариад буцаж очоод цагдаа дуудъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би яахаараа машин барьдаг юм” гэж хэлсэн чинь цаашаа Э өөрөө бариад буцаад Ботаникийн эцэс рүү очоод хүн байгаа эсэхийг харах гээд явтал замын эсрэг талд хүн байхгүй, харагдахгүй байх шиг байсан. Ботаникийн эцсийн тэнд нөгөө хүн мөргөсөн газарт хүний өрөөсөн гутал хэвтэж байгаа харагдсан. Өөр зүйл олж чадаагүй. Тэгээд тэндээсээ Амгалан руу Эын гэр рүү нь явсан. Гэрт нь очоод хашааны хаалгаа онгойлгоод машинаа оруулж тавиад гэр рүү нь ороод ярилцсан. Гэрт нь хүн байхгүй байсан. Би Эт хандан “одоо хоёулаа цагдаа дээр өөрсдөө очъё” гэж хэлсэн чинь Э “эрүүл байснаараа чамайг машин барьсан гээд хэлчихье, би архи уусан, дээрээс нь машин барих эрхгүй болохоор чамайг тэгж хэлнэ гэвэл цагдаа руу явъя” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “үгүй, наадах чинь тоглоом биш, хүн дайрч алаад хүний амь нас хохироосон бол яах юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Э “энэ хавьд ямар ч камер байхгүй, тэгээд ч өмнө нь өөр хүн дайрсан юм бил үү” гээд байсан. Тэгэхээр нь би “эргэн тойронд зөндөө машин байсан, чи бид хоёрыг зөндөө хүмүүс харсан байх, баригдахгүй байхын үндэс байхгүй” гэж хэлсэн чинь “миний машины арын номер бараг арилсан, хүн анзаарахгүй” гээд байсан. Тэгээд уусан архиа яаж гаргах вэ гээд сууж байтал удалгүй Эын утас руу цагдаагаас залгаад түүний гэрийн хаягийг заалгуулаад цагдаа нар ирээд бид хоёрыг бариад аваад явсан. Ботаникийн эцсийн баруун урд талын автобусны замд хоёрдугаар эгнээн дээр сууж байсан эрэгтэй хүн нь нэлээн ахимаг насны эрэгтэй хүн харагдсан. Урагшаа автобусны буудал руу харсан чигтээ хөлөө жийгээд зам дээр сууж байсан. Машинаар мөргөөд дээгүүр нь гарах үед жолоочийн тал хэсгээр нэлээн чанга хүчтэй мөргөх чимээ гараад чимээгүй болсон. Бид хоёр эргээд харсан чинь хүн харагдахгүй байсан. Тэгэхээр нь чигээрээ явсан. ...” /1хх 70-71/,

гэрч О.Мийн “...Би ботаникийн эцсийн уулзвар буюу гэрлэн дохио дээр ирэхэд улаан гэрэл ассан байхаар нь зогсоод ногоон асах үед хөдлөхөд нэг ширхэг өрөөсөн гутал замын гол хэсэгт байсан. Би хажуугаар нь тойрч хоёрдугаар эгнээгээр гартал зам дээр улаан хүрэн өнгийн зураасан мөр гарчихсан байхаар нь дотроо машин нэг амьтан мөргөсөн юм шиг байна гэж бодоод явж байтал 12-ын буудлын баруун талд нэгдүгээр эгнээн дээр хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би хоёрдугаар эгнээ рүү дарж зүүн талд нь гарч зогсоод цагдаад дуудлага өгөөд эхнэрийгээ “түргэн дуудаарай” гэж хэлсэн. Бид хоёрыг тэнд байж байхад машинууд хажуугаар тойрч гараад байхаар нь замын хажуу талд өөрийнхөө унаж явсан машиныг гаргаж зогсооход түргэний эмч залгаж эхнэрээс нөгөө хүний биеийн байдлыг асуухад нь бид хоёр зам дээр хэвтэж байсан хүний хажууд очиход “Пробокс маркийн машин унасан залуу ирээд цагдаа дуудсан юм уу” гэж асуухад нь “бид хоёр эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн хүлээгээд байж байна” гэж хэлсэн. Тэгээд дээгүүр нь машин гараад ирэх вий дээ гээд миний машинд гурвалжин байж магадгүй гээд замын хажуу тал руу гарч зогсоод машинаас нь ослын гурвалжин авахаар зогсож байтал цагаан өнгийн “Тоёота приус 20” маркийн машин нөгөө хүний дээгүүр гараад явчихсан. ...” /1хх 81-82/,

гэрч Ж.Мын “...Утсаа аваад ярьсан чинь Э “би ботаникийн эцсийн хойшоо эргэдэг буудал дээр хүн мөргөчих шиг боллоо” гэж ярьсан. Тэгээд нөхөр маань “юу яриад байгаа юм чи машинаа барьсан юм уу” гэхэд “тиймээ” гэж байсан. Тэгээд бид хувцсаа өмсөөд ботаникийн эцсийн буудал дээр яваад очтол Э болон найз охин нь байгаагүй. Түүний машин ч байгаагүй. Тэгэхээр нь нөхөр Мягмарсүрэнг “за гэртээ оръё, наадах чинь архи уух гээд худлаа яриад байна” гээд явах гэтэл Э найз охин Тийг дагуулаад цайны газрын завсраар гараад ирсэн. Манай нөхөр “юу яриад байгаа юм” гэсэн чинь Э “яг энэ орчим хүн дайрах шиг болсон” гэж хэлсэн. Тэгээд очоод үзсэн чинь ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд би Эыг загнаад “чи одоо юу гэж худлаа яриад хүнийг шөнө гаргаж ирээд байгаа юм, хүүхдээ ганцааранг нь үлдээсэн байгаа” гээд нөхөр Мягмарсүрэнг дагуулаад гэртээ харьсан. ...” /2хх 89/,

шинжээч Г.Энхбаатарын “...Шинжээчийн дүгнэлтэд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд дайрагдах чирэгдэх үед үүсэх боломжтой. Талийгаач С.Гийн биед үүссэн гэмтэл нь хэвтээ байрлалаас үүссэн гэмтэл. Талийгаачийн биед гавлын суурь яс, дагз ясны олон үйрсэн ил хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун талын 1-12 дугаар хавирга, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, зүүн бөөрний өөхлөгийн цус хуралт, элэгний задрал, бяцрал, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт зэрэг гэмтлүүд тогтоогдож энэ гэмтлээсээ болж үхэлд хүрсэн байна. Энэ гэмтлүүд нь эхний машины мөргөлтөөс үүссэн гэмтлүүд. ...” /1хх 113/,

Ц.Эын яллагдагчаар өгсөн “...Би хохирогч С.Гийн хууль ёсны төлөөлөгч Л гэх хүнд нийт 7.700.000 төгрөгийг өгсөн байгаа. Цаашид гарсан зардал мөнгийг бүрэн төлж барагдуулна. ...” /2хх 84-85/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Амь хохирогчийн Ццост хийсэн шинжилгээгээр гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, гавлын суурь яс, дагз ясны олон үйрсэн ил хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, зүүн бөөрний өөхлөгийн цус хуралт, элэгний задрал, бяцрал, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, сээрний 3 дугаар нугалмын босоо сэртэнгийн хугарал, баруун нүдний гадна булан, баруун хөмсөг, баруун чихний дэлбэн, зүүн дээд, доод зовхи, зүүн чихний ар хэсэг, зүүн шанаа, зүүн хацар, дээд уруул, эрүү. баруун, зүүн дал, зүүн мөр, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, баруун гуя, өвдөг, тахим, шилбэ, зүүн өвдөг, шилбэ, шагайн үе, зүүн хөлийн 1,2,3, 4-р хурууны зулгаралтууд, баруун хонгонд цус хуралт, баруун талын сүүж ясны ил хугарал, баруун дунд чөмгийн ясны далд хугарал, баруун шагайн үений гадна талын шарх, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, мултрал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун, зүүн эгэм, хэвлийн урд хана, хэвлийн баруун хажуу хана, хэвлийн зүүн доод хажуу хэсэг, баруун ташаа, баруун мөрөнд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу авто ослын үед автомашинд дайрагдах, чирэгдэх үед үүсгэгдэх боломжтой. Гавлын суурь яс, дагз ясны олон үйрсэн ил хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, зүүн бөөрний өөхлөгийн цус хуралт, элэгний задрал, бяцрал, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, сээрний гуравдугаар нугалмын босоо сэртэнгийн хугарал, баруун шагайн үений гадна талын шарх, зулгаралт, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, мултрал, баруун ташаа ясны хугарал, баруун нүдний гадна булан, баруун хөмсөг, баруун чихний дэлбэн, зүүн дээд, доод зовхи, зүүн чихний ар хэсэг, зүүн шанаа, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун, зүүн дал, зүүн мөр, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, баруун эгэм, баруун ташаа, хэвлийн урд хана, хэвлийн баруун хажуу хана, хэвлийн зүүн доод хажуу хэсэг, баруун мөр, баруун гуя, өвдөг тахим, шилбэ, зүүн өвдөг, шилбэ, шагайн үе, зүүн хөлийн 1, 2, 3, 4-р хурууны зулгаралтууд, баруун хонгонд цус хуралт гэмтлүүд нь амьдадаа буюу амь хохирогчийг нас барахаас өмнө үүсгэгдсэн байна. Баруун атгаал ясны далд хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн эгэм, зүүн ташааны зулгаралт гэмтлүүд нь амь хохирогчийг нас барсны дараа үүсгэгдсэн байна. Амь хохирогч нь гавлын суурь яс, дагз ясны олон үйрсэн ил хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун талын 1-12 дугаар хавирга, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, зүүн бөөрний өөхлөгийн цус хуралт, элэгний задрал, бяцрал, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт зэрэг амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Химийн шинжилгээгээр амь хохирогчийн цусанд 4.5 промилл, ходоодны шингэнд 5.4 промилл, шээсэнд 5.4 промилл спиртийн зүйл илэрсэн бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Амь хохирогч нь О 1-р бүлгийн цустай байна. Амь хохирогчийн ходоод 5 мл орчим бор шаргал өнгийн шингэн агууламжтай байна. ...” гэсэн 2727 дугаар /1хх 116-123/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн куртиканд 180х120мм, 40мм, 600х700мм хэмжээтэй цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцанд 61 мм, 370мм хэмжээтэй саарал өнгийн оймсонд 150 мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр үүссэн шинэ урагдалтууд, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцанд 25 мм хэмжээтэй хар өнгийн тэлээнд 88мм, 90мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед шинэ зулгаралтууд, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд 235x180мм, 160х120мм, 190х70мм, 90мм, 378мм хэмжээтэй, хар өнгийн дотоожинд 16мм, 130х50мм, 15мм хэмжээтэй хатуу мохоо зүйлд гологдон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогдолтууд, цэнхэр өнгийн өмдөнд 380мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, хар өнгийн гуталд 175х53мм, 73х70мм, 2 35 мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед шинэ халцралууд үүссэн байна. Шаргал өнгийн малгай гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүд нь тээврийн хэрэгслээр мөргөгдөх, дайрагдах үед үүссэн байх боломжтой. ...” гэсэг 2951 дүгээр /1хх 156-165/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн “...Тоёота приус маркийн - УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Урд оврын гэрэл баруун, зүүн тал асахгүй, копуд эмблемийн зүүн талд бага зэрэг хонхойсон, урд буфер хормой гол хэсэгтээ цуурсан, зүүн булан будаг нь халцарч зурагдсан, баруун урд крыло хонхойсон, баруун хойд хаалга шилний доод хэсэгт хонхойсон, зүүн хойд хаалга доод хэсэг нь халцарч зурагдсан, хойд буфер баруун талын түгжээ салсан, хойд улсын дугаар будаг нь арилсан, зүүн ойрын гэрлийн хүч 8700 cd байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Дээрх эвдрэл, гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Зүүн ойрын гэрлийн тусгалын хүч 8700 cd байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой. Уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгатай цахилгаа ABS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Тоормосны систем нь хийн хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд замын гадаргуугаас хамаарч мөр үүснэ. ...” гэсэн 999516 дугаар /1хх 219-222/,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн “...Тоёота приүс маркийн - УБЦ улсын дугаартай автомашины жолооч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)” мөн дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Ц.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар заалтыг зөрчсөнөөр ослоос үүдэн гарах хохирлын хэмжээг /хүний амь нас хохироох/ ихэсгэсэн гэж үзэж байна. Тоёота приүс маркийн 61-51 ДГС улсын дугаартай автомашины жолооч Э.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Гэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. Явган зорчигч С.Гэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.6 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. ...” гэсэн 22/220 дугаар /1хх 242-245/ шинжээчийн дүгнэлтүүд,

шуурхай удирдлагын хэлтэс дуудлагын лавлагааны хуудас /1хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-5, 8-13/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт “Ц Э ШЯ90030893 /эр/ биеийн байдал /согтуу, хэт ядарсан, өвчтэй г.м/ ДР:1,25 %” гэсэн тэмдэглэл /1хх 7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах /1хх 13-14/, Ццост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 34-39/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, эхнэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ерөнхий боловсролын 137 дугаар сургуульд сурдаг гэх тодорхойлолт, С.Гийн нас барсны гэрчилгээ, хорооны тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх 45-53/, “Би Зэт И” ХХК-ийн тодорхойлолт /1хх 55/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лгийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /2хх 27-73/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитой хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Эт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, яллагдагч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Мөн анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Эыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Эын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт ялыг дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ц.Э нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заажээ.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож” гэж буруу бичсэн байх бөгөөд техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэн “согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хайнга хариуцлагагүй алдааг цаашид гаргахгүй байх талаар хатуу анхаарвал зохино.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Эаас хохирол төлбөрт 300.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Лд төлснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ЦШТ/385 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Х овогт Цийн Эыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг

“...Шүүгдэгч Х овогт Цийн Эыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ