Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Баярмаа |
Хэргийн индекс | 116/2022/0027/З |
Дугаар | 127/ШШ2024/0007 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 127/ШШ2024/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 116/2022/0027/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, шүүгч Б.Баярмаа, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ...............,
Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Нэхэмжлэлийн шаардлага: ““Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын ...............-ийн ашигт малтмал ашиглалтын МV-022794 дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...............-ийн гүйцэтгэх захирал ...............түүний өмгөөлөгч ..............., хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч “Оч гүн”ХХК-аас Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
1.2 Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын ...............-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-005036 дугаар тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж тодруулсан.
1.3 Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын ...............-ийн ашигт малтмал ашиглалтын МV-022794 дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай[1] гэж тодруулсан:
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 дугаар тогтоолыг баталсан байна.[2]
2.2. Нэхэмжлэгч ............... нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт “Хоолойн тал-3” нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-005036 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан ба Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8/2498 дугаартай “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 8 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хугацааг 2018 оны 13 дугаар тогтоолоор сунгасан тухай манайд бүртгүүлсэн ... га газрын 225.7гектар талбайтай давхцалтай” гэсэн албан бичгийг ...............-д ирүүлсэн байна.[3]
2.3. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 тогтоолтой бүхэлдээ давхцалтай гэсэн шалтгаанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн NM-026006 дугаартай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ч Эрдэс баялгийн зөвлөл тайланг хэлэлцэхгүй удааширч, манай компанийн Ашигт малтмалын хуулиар олгогдсон эрх зөрчигдөж болзошгүй гэж үзэн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.
2.4. Нэхэмжлэлийг хүлээн авч Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 134 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн.
2.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 240 дугаартай магадлалаар хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::
“....Манай компани Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт “Хоолойн тал-3” нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-005036 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа ба ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NM-026006 дугаартай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалтай гэж Эрдэс баялгийн зөвлөл тайланг хэлэлцэхгүй удааширч, манай компанийн Ашигт малтмалын хуулиар олгогдсон эрх зөрчигдөж болзошгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай компани өдөр ашигт малтмал ашиглалтын МV-022794 дугаартай тусгай зөвшөөрлөө авсан.[4]
Гэхдээ ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх болон явуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл тогтоох, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлах зэргээр хариуцагч дээр очиход тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхацсан гээд дэмжихгүй буцаах учраас “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын 41 дэх хэсгийн ...............-ийн ашигт малтмал ашиглалтын МV-022794 дугаар тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг нь саад болж компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Тус маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7. бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Тогтоолын 1 дэх заалтаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацааг сунгаад байгаа мэт боловч тогтоолын 3 дахь заалтаараа сунгаж буй тогтоолоо хүчингүй болгосон нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээр байна.
Маргаан бүхий актаар хавсралтад заасан газруудын зөвхөн солбицлыг баталсан байх ба энэ солбицолтой газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан зохицуулалтын шинжтэй заалт байхгүй. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс солбицлуудыг хэрхэн яаж тусгай хэрэгцээний газар гэж бүртгэх нь ойлгомжгүй болох нь илт байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
3.2. Хариуцагч хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх 2014 онд дээрх газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, кадастрын системд бүртгүүлэхэд “Цог дэлгэр уул”-ыг хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй тул бүртгэж авсан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 6-4873 дугаартай албан бичгээр[5] мэдэгдсэн байдаг.
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, рашаан, булаг, тахилгат уул, овоо, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт 49 газрын солбицлыг тогтоосон.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий 13 дугаар тогтоолын 3 дахь заалтаар 49 газрыг анх тусгай хэрэгцээнд авсан 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосон боловч 13 дугаар тогтоолын 2 дахь заалтаар тусгай хэрэгцээнд авсан 49 газрын солбицлыг хавсралтаар баталсан байх тул уг актыг Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч ............... нь Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын 41 дэх хэсгийн ...............-ийн ашигт малтмал ашиглалтын МV-022794 дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч нь “Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсэг нь манай компанийн ашигт малтмал ашиглахад саад болж, эрх хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж болзошгүй байгаа. Маргаан бүхий актын 1 дэх заалтаараа 2014 оны 8 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хамгаалалтад байх хугацааг сунгасан боловч тогтоолын 3 дахь заалтаараа сунгаж буй тогтоолоо хүчингүй болгосон нь утга агуулгын илэрхий алдаатай, мөн уг тогтоолд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэсэн зохицуулалтын шинжтэй заалт байхгүй, зөвхөн газрын солбицлуудыг баталсан учраас уг тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт юм” гэж, хариуцагч нь уг маргаан бүхий актаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, солбицлыг тогтоосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актыг илт хууль бус шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргаж байна.
3. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:”, 18.1.2 “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалтаас үзвэл хариуцагч Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд дээрх тогтоолыг гаргасан байна.
4. Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар тогтоолын хавсралтаар нийт 49 газрыг 5 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авч байсан байна.[6]
5. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаар “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор:
“1/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хугацааг 2043 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу 25 жилийн хугацаагаар сунгасугай.
2/ Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа рашаан, булаг, тахилгат уул овоо, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газруудын 2999840.57 га талбай бүхий 49 газрыг хавсралтад заасан солбицлоор баталсугай.
3/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэжээ. [7]
Уг тогтоолын хавсралтад Дорнод аймгийн тусгай хэрэгцээнд авсан газрын жагсаалтын 41 дэх хэсэгт Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын Цогдэлгэр уул нэртэй 8 эргэлтийн цэгийн солбицол бүхий 37675.98 га талбайтай газрыг Тахилгат газар, орон нутгийн хамгаалалт гэсэн үндэслэл зорилгоор тусгай хэрэгцээнд байлгах хугацааг 25 жил байхаар заажээ.[8]
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байхаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох юм.
Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хууль ёсны зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн түүнийг хэрэгжүүлэх ёсгүй, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхыг ойлгоно.
7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай байх гэдгийг хэн ч харсан утга агуулгын илэрхий алдаатай, тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын агуулга нь тодорхой бус, түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд илтэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр нөхцөл үүсгэсэн алдааг ойлгох юм.
8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас захиргааны актыг хэн хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж уг актыг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгоно.[9]
9. Маргаан бүхий актаас харахад, дарааллын хувьд тогтоолын 1 дэх заалтаар 49 газрын орон нутгийн тусгай хамгаалалтад байх хугацааг 2043 он хүртэл сунгасан байна, 2 дахь заалтаараа уг 49 газрынхаа солбицлыг баталсны дараа, 3 дахь заалтад уг 49 газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авч байсан 2014 оны 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь агуулгын хувьд зөрчилдөхгүй, уг актыг биелүүлж хэрэгжүүлэх боломжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх илт хууль бус актын үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Мөн Дорнод аймгийн Засаг даргад, хувийг ...............-д хүргүүлсэн Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8/2498 дугаартай албан бичгээр “...Дээр дурдсан тусгай зөвшөөрлийн талбай нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч улмаар 2018 оны “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 дугаар тогтоолоор хугацааг сунгасан тухай манайд мэдэгдэж бүртгүүлсэн ...”[10] гэх агуулга бүхий албан бичиг, мөн тус шүүхэд Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/429 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай ...............-ийн ашигт малтмалын хайгуулын XV-005036 дугаартай тусгай зөвшөөрлийн 208.53 га талбайгаар давхцалтай гэсэн кадастрын тойм зураг[11] үзэхэд уг маргаан бүхий захиргааны актыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс бодит нөхцөлд биелүүлж, 2018 оны 13 дугаар тогтоолд заасан орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг бүртгэн, тогтоолыг хэрэгжүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх илт хууль бус актын шинжгүй байна.
11. Нэхэмжлэгч ............... нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ашигт малтмал ашиглалтын МV-022794 дугаартай тусгай зөвшөөрлөө авсан байна.
12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүхийн хэлэлцүүлэгт “ тогтоолын хавсралтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нь манай ашиглалтын МV-022794 дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байх нь манай компанийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулахад саад болж, эрх хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж болзошгүй байна” гэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5, 52.5.6-д заасан тохиолдолд зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахаар зохицуулсан. Иймээс зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзлээ.
13. Иймээс ............... нь Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын 41 дэх хэсгийн ...............-ийн ашигт малтмал ашиглалтын МV-022794 дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14. Хэрэг маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, дүгнэлт гаргах бөгөөд ...............-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “... нэхэмжлэгчийн талыг үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргасныг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...............-аас Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын ...............-ийн ашигт малтмал ашиглалтын МV-022794 дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ...............-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[1] 2 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас,
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 48, 70 дугаар хуудас,
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас,
[4] 2 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас,
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 219 дугаар хуудас,
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 29, 39 дүгээр хуудас,
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас,
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас,
[9] УДШ-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Дугаар 001/ХТ2022/0043 тогтоол,
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудас,
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 216 дугаар хуудас,