Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00019

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Б.Игийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч М.Эрдэнэбаатар, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 458 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Б.Игийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Эт холбогдох зээлийн үлдэгдэл 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015 онд өөрийн нөхрийн дүү болох М.Эт 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба бид хамаатан садан хүмүүс учир боломжтой үедээ буцааж өгөөрэй гэсэн боловч ямар нэг байдлаар буцаан төлөлт хийхгүй байсан тул 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нотариат дээр очиж, зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцэл хийж тодорхой хуваарийн дагуу зээлээ төлөх, буцаан авах талаар харилцан тохиролцсон. Анх 2014 онд М.Э болон түүний эхнэр н.Эрдэнэтуул нар манай хашаа байшинг барьцаалуулж, манай нөхөр М.Эрдэнэ-Очир бид хоёроор 20,000,000 төгрөгийн зээл авахуулсан. Тус зээлээс манай өмнөх зээлийн үлдэгдэл 1,700,000 төгрөгийг төлж, мөн Бат-Эрдэнэд 3,000,000 төгрөг өгсөн. Тэгээд авсан зээлээ төлөхгүй байсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад н.Эрдэнэтуулаас 14,630,000 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл гэрээгээр тохиролцсон хугацаанд 2,000,000 төгрөгийн зээл төлж, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Гэсэн ч хэлцлээр тохиролцсон хугацаанд эргэн төлөлтөө хийхгүй байгаа тул үлдэгдэл 3,000,000 төгрөгийг М.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Игоос бэлэн 5,000,000 төгрөг зээлж аваагүй. Би Солонгос яваад ирэхээрээ чадах ядахаараа л тусална гэж хэлсэн болохоос 5,000,000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Гэтэл нэг өдөр ажил дээр байхад Б.И над руу манай хашаа байшинг хурааж авах гээд байна. Нэг баримт дээр чамаар гарын үсэг зуруулах шаардлагатай байна, н.Чанцалдулам гэдэг хүн хэлсэн гэж ярихаар нь нотариат дээр очиж бичигтэй цаасан дээр гарын үсэг зурсан. Би Солонгос явж ажил хийгээд ирэхдээ ах, эгч хоёртоо туслах зорилгоор 2,000,000 төгрөг өгсөн. Гэтэл намайг Б.И бэлэн 5,000,000 төгрөг зээлж авсан гэж худлаа ярьж, миний нэр хүндэд халдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Намайг залилан мэхэлж байгаад бүрдүүлж авсан баримт болох өөрөөс нь зээлсэн мөнгийг гурав хувааж төлөх тухай хэлцэлд гарын үсэг зурсан баримтыг нотлох баримтаар хавсаргажээ. ... Иймд Б.Игийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Эаас зээлийн үлдэгдэл 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Игийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 458 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Иргэний хуулийг буруу хэрэглэсэн

Анхан шатны шүүхээс “...зохигчийн хооронд байгуулсан хэлцэлд “хэлцлийн агуулга: 1. Төлбөр төлөгч М.Э нь төлбөр авагч Б.Игоос 2015 оны 11-р сард 5,000,000 төгрөгийг зээлдэн авсан... дээрх төлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн дотор доорхи хуваарийн дагуу ... хийж дууссан байна...” гэж тохиролцсон учир Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан байх тул зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг М.Эт зээлээгүй буюу хүлээлгэж өгөөгүй болохыг зохигчид тайлбарлаж байна. ... нэхэмжлэгч Б.И зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас уг хэлцлийн дагуу мөнгө шаардах эрхгүй...” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэвч анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг Иргэний хуулийн 41.1-д зааснаар буюу үгийн шууд утгаар тайлбарлахдаа дараах алдааг гаргасан байна. Үүнд: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан бол уг хэлцлийн үгийн шууд утга нь “Зээлийн гэрээ, зээлдэгч, зээлдүүлэгч” гэж тайлбарлагдах байсан. Гэтэл энэхүү хэлцэлд “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл, төлбөр авагч, төлбөр төлөгч” гэсэн нэр томъёогоор орсон учир үгийг шууд утгаар тайлбарлавал энэ хэлцлийн үр дүнд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

Хоёр: Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг тайлбарлахад эргэлзээ үүсэх, ойлгомжгүй байдал бий болсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа бусдын зөвлөсний дагуу нэхэмжлэлийн агуулгаа зээлийн гэрээ гэж худлаа тайлбарласан бөгөөд энэ гэрээг байгуулах болсон бодит нөхцөл байдал нь хариуцагч М.Эын эхнэр Д.Эрдэнэтуул нь Б.И, Б.Эрдэнэ-Очир нарын нэрээр ХАС банкнаас 20 сая төгрөгийн зээлийг хууран мэхлэх замаар авхуулснаас үүдэн Эрүүгийн хэргийг 2015 онд шийдвэрлэх үед 14,630,000 төгрөгийн хохирол учирсан байсан боловч түүнээс хойш зээлийг төлөхгүй, хохирлоо төлөхгүй хугацаа хэтрүүлснээс үүдэн 10 гаруй сая төгрөгийн зээлийн хүү, алданги Д.Эрдэнэтуулийн өмнөөс ХАС банкинд төлж хохирч байгаа тухай баримтанд үндэслэн Д.Эрдэнэтуулын нөхрийн хувьд хариуцагч М.Э нь 2018 оны 9-р сарын 07-ны өдөр дээрх хүү, алдангийн зөрүү болох 10 сая төгрөгийн талыг төлөх хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл байна. Талууд үүнийг шүүх хурал дээр тайлбарласан бөгөөд ийм хэлбэрээр байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн. Шүүх хуралдаанд хариуцагч М.Э амаар өгсөн тайлбартаа “би төрсөн ах М.Эрдэнэ-Очиртой өмнө нь ярилцаж, зээл төлбөрийнх нь талыг нь ядаж төлж өгье, боломж бололцоогоороо гэж байсан, дараа нь Б.Итой гэрээ байгуулсан” гэдгээ хэлж байсан. Иймээс энэхүү хэлбэрийн агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2- т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл” -ийн талуудын хүсэл зоригийг тайлбарлах боломжтой байсан. ... Мөн хариуцагч тал ч үүнийгээ хүлээн зөвшөөрч 2 сая төгрөгийг нь 2019 оны 1-р сард төлсөн үйлдэл нь энэхүү хэлцлийн агуулгыг “зээлийн гэрээ” биш “зээлийн төлбөр барагдуулах хэлцэл” байгуулагдсан гэж дүгнэхэд хүргэж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хэлцлийг зээлийн гэрээ гэж дүгнэн, талуудын хүсэлт зоригийг Иргэний хуулийн 41.1-д зааснаар тайлбарласан нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь утга, агуулгын хувьд ойлгомжгүй байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2018 оны 09-р сарын 07-ны өдөр байгуулсан “Зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцэл”-ийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна” гэж дүгнэсэн боловч мөн хэсэгт “.. тус зохигчийн хооронд байгуулсан хэлцэлд ...” гэж тохиролцсон учир Иргэний хуулийн 41.... заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ..." гэж дүгнэсэн нь энэхүү хэлцлийг анхан шатны шүүх нотлох баримтын хувьд хамааралгүй, ач холбогдохгүй гээд байгаа юм уу? эсхүл үнэлээд зээлийн гэрээ гэж дүгнэсэн үү гэх эргэлзээг төрүүлж, шүүхийн шийдвэрийг ойлгомжгүй болгож байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02-р сарын 28-ны өдрийн 458 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.И давж заалдах гомдолдоо: ... Миний хувьд хадам дүү М.Э болон түүний эхнэр Д.Эрдэнэтуул нарын зээлсэн мөнгөнөөс болж бие, сэтгэл, санхүүгийн хувьд маш их хохирсон хүн. Анх М.Эын эхнэр Д.Эрдэнэтуул нь намайг болон миний ээж Цэрмаасүрэн, дүү нарыг гуйж бидний хашаа байшинг ХАС банкны барьцаанд тавьж 2014 онд ХАС банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авахуулж залилан мэхэлсэн бөгөөд энэ үед бид бүгд л ах дүү гэж итгэж, итгэл хүлээлгэж өөрсдийн нэрээр банкнаас зээл авч, байгаа эд хөрөнгө, орох оронгоо хүртэл барьцаанд тавьж байж зээл авч өгсөн боловч итгэлийг маань алдаж зээлийг эргүүлэн төлөхгүй, залилан мэхэлсэн болох нь цагдаагийн байгууллагаар тогтоогдож тухайн үеийн төлөгдөөгүй зээл, хүү нь 14,630,000 төгрөгөөр тооцож хохирол төлөх болсон. Гэвч 2015 онд шийдвэрлэснээс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байснаас үүдэн ХАС банкны зээлийн төлбөр хугацаа хэтэрч, хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэмэгдсээр байгаад 22,605,808 төгрөгийг 2016 оны 11-р сарын 29-нд төлөх шүүхийн шийдвэр гарсан. Ингээд би нөхөр ээжийн хамт бүгд шүүхийн шийдвэр дээр төлбөртэй гэж данс, орлогоо хаалгаж, барьцаалуулж энэ цагаас хойш өөрийн гэсэн мөнгө төгрөгөө захиран зарцуулах эрхгүй болж, сэтгэл санааны гүн дарамтанд байсан. Харин Эрдэнэтуул өөрийн төлөх 14 сая төгрөгийн төлбөрийг увуулж, цувуулж 2018 оны 12-р сарын 05-ны өдөр дууссан боловч ХАС банкинд төлж байгаа зээлийн зөрүүг төлөөгүй. Иймээс нөхөр өөрийн төрсөн дүү М.Этай /Д.Эрдэнэтуулын нөхөр/ ярилцаж Эрдэнэтуулаас болж бидний төлж байгаа 10 сая төгрөгийн хүүний зөрүүний ядаж талыг нь болтугай төлүүлэх аман хэлцэл хийж байсан ч удаа дараа ах эгч хоёртоо төлж өгнө, хохиролгүй болгоно гээд төлдөггүй байсан учир би арга буюу 2018 оны 9-р сарын 07-ний өдөр 5 сая төгрөгийг Д.Эрдэнэтуулийн өмнөөс төлнө гэсэн ам өчиг болгож М.Этай “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг хийж нотариатаар батлуулсан. Үүний төлбөр болгож М.Э ч өөрөө 2 сая төгрөгийг 2019 оны 1-р сард Солонгос явж ирээд өгсөн. Харин үлдсэн 3 сая төгрөгийг нь М.Э өгөхгүй удаад, сүүлдээ бүүр уурлаад байсан бөгөөд тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөрөө төлж дуусахыг шахаж шаардаад аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл өмгөөлөгчөөс зөвлөгөө автал бидний хооронд байгуулсан хэлцэл нь үг үсгийн /техникийн/ алдаатай хийснээс үүдээд энэ хэлцэл нь “Зээлийн гэрээ” шиг болсон байна. Иймээс зээлийн гэрээний төлбөр гэж нэхэмжлэх боломжтой гэсний дагуу би нэхэмжлэлийн агуулгаа зээлийн гэрээ гэж нэхэмжилсэн боловч сүүлд өмгөөлөгчөөсөө хууль зүйн туслалцааг авч нэхэмжлэлийн агуулгаа шүүх хуралдаан дээр зөвтгөж зээлийн гэрээ биш, мөнгө зээлээгүй, өмнө залилуулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол дээрээ хохирол төлбөрөө барагдуулах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тайлбарлаж энэ тухай банкны дансны хуулга, зээлийн гэрээ, эргэн төлөлт, шүүхийн шийдвэрийн тогтоолууд зэрэг баримтыг гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүхээс зээлийн гэрээ гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэрвээ М.Э нь эхнэрийнхээ нэрийн өмнөөс түүний төлөх ёстой гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг өөрөө төлж барагдуулахыг зөвшөөрч “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл” байгуулаагүй байсан бол би Д.Эрдэнэтуулаас шууд бүх хохирлоо нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл тохиролцоод байгуулсан хэлцлийг нотлох баримтаар үнэлэхгүй, миний тайлбарыг бусад нотлох баримттай шинжлэн судлахгүйгээр зөвхөн хариуцагчийн “би зээлийн гэрээ байгуулж Ичинхорлоогоос мөнгө зээлж аваагүй” гэх тайлбарыг үндэслэж зээлийн гэрээ гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаар Эрдэнэбаатар ч өөрөө тайлбартаа хэлж “би ахдаа өөрийн боломж бололцоогоор туслана гэсэн, энэ гэрээнд гарын үсэг зурсан” гэдгээ хэлсэн. Иймээс М.Эаас 3 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч М.Эт холбогдуулан зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцлийг үндэслэн 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцлээр “Төлбөр төлөгч М.Э нь төлбөр авагч Б.Игоос 2015 оны 11 дүгээр сард 5 000 000 төгрөгийг зээлж авсан. Төлбөр төлөгч М.Э нь дээрх зээлийн төлбөрийг 2019 оны 01 сарын 20-ны өдрийн дотор доорх хуваарийн дагуу төлбөр авагч Б.Игийн Хаан банкны 5890321976 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож байна” гэжээ.

Гэтэл энэхүү хэлцлийн үндсэн дээр нэхэмжилж буй 3 000 000 төгрөг нь  бэлнээр зээлдүүлсэн 5 000 000 төгрөгөөс үлдсэн 3 000 000 төгрөг бус “М.Э түүний эхнэр н.Эрдэнэтуул нарын авсан зээлийн төлбөрт банкинд 10 000 000 төгрөгийн зээлийн хүү, алданги төлж хохирсон. Энэ тухайгаа М.Эт хэлж 5 000 000 төгрөг өгөхөөр тохирч “Зээлийн төлбөр барагдуулсан тухай хэлцэл”-ийг байгуулсан, тус гэрээнд зааснаар 2 000 000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 3 000 000 төгрөгийг гаргуулж авна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодотгожээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Иг хариуцагч М.Эт 5 000 000 төгрөгийг зээлээгүй, хүлээлгэж өгөөгүй тул хэлцлийн дагуу мөнгө шаардах эрхгүй гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох” гэж заасантай нийцсэн байна.

Зохигчийн хооронд гэрээний болон гэрээний бус үүрэг үүссэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 3 000 000 төгрөг шаардах эрхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.И нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хангалттай биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2020/00458 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Игийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                 Н.БАЯРХҮҮ