Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 127/ШШ2024/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2024/0010/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...............,

Хариуцагч: Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нарын хоорондын орон нутгийн Сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...............ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............../цахимаар/, хариуцагч Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага:

 Аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох.

 

2.Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

 

2.1. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн ...............ны 2024 оны 09 дүгээр сарын 09-нийн өдрийн 06 дугаартай тогтоол гарсан байна.

2.2. ...............ноос 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоол гаргаж, Жаргалтхаан сумын Монгол Ардын намаас Жаргалтхаан сумын гуравдугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн Хэнчбишийн Уранчимэг, дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн Цэгмэдийн Цогбат нарыг “Ардчилсан намын гишүүнчлэлээс гарсан, гарах хүсэл зоригоо илэрхийлсэн тухай баримтыг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчдийн бүртгэлээс хассан байна.

2.3. Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай тогтоолоороо, ...............ны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Сумын сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17.3-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд мөн хуулийн 14.10-д зааснаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хувьд дээд шатны сонгуулийн байгууллага юм. Гэтэл Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 26 дугаар тогтоол гаргаснаар сумын сонгуулийн хорооны бүрэн эрхэд халдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17.3-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа тул шүүхээр чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг сэргээлгэхээр хандаж байна.

... 2024 оны Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар сумын Сонгуулийн хороо ажиллаж байна.

............... нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглогдсон буюу нэр дэвшигчээр бүртгэгдэх боломжгүй зөрчил хожим илэрснээр тус зөрчил бүхий нэр дэвшигчийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох агуулгаар 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол гаргасан.

Гэтэл Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 25-ны 26 дугаар тогтоолоор манай гаргасан тус 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2 дахь заалтуудын дагуу илт хууль бус захиргааны акт байна. Учир нь

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.12-д “аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасныг үндэслэсэн нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хувьд өөрийн байгууллагыг сумын сонгуулийн хорооны дээд шат гэж үзсэн нь үндэслэлгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 14.10-д “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна” гэж заасан. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны хувьд сумын сонгуулийн хороо өөрөө дээд шатны сонгуулийн хороо юм. Өөрөөр хэлбэл сумын хурлын сонгуулийн хувьд аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хорооны дээд шатны байгууллага биш.

Аймгийн сонгуулийн хорооны шийдвэртээ үндэслэл болгосон тус заалт нь аймгийн хурлын сонгууль зохион байгуулахтай холбоотой зохицуулалт байх бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудалд л хамааралтай юм. Сумын хурлын сонгууль зохион байгуулах, нэр дэвшигч бүртгэхтэй холбоотой сумын сонгуулийн хорооны шийдвэрийг аймгийн ИТХ-ын сонгууль зохион байгуулахтай холбоотой чиг үүрэг олгосон хуулийн заалтыг үндэслэн хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3.10 дахь заалтуудад зааснаар Сумын сонгуулийн хороо нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, түүнчлэн өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон харилцаанд сумын сонгуулийн хороо нь аймгийн сонгуулийн хорооны доод шатны нэгж бөгөөд харин сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон харилцаанд сумын сонгуулийн хорооны дээд шатны байгууллага биш юм.

Өөрөөр хэлбэл Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон харилцааны үед сумын сонгуулийн хорооноос өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 14.10 дахь хэсгийг илтэд зөрчсөн байна.

Иймд Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 26 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гомдол дээр дурдагдсан нэр дэвшигчээс хасагдсан 2 иргэнд сумын сонгуулийн хорооноос 3 удаа албан бичиг явуулсан. Хүсэл зоригоо илэрхийлсэн талаарх баримтаа сумын сонгуулийн хороонд ирүүлнэ үү, энэ талаар Ардчилсан намаас гомдол ирсэн, бид хянан шийдвэрлэх гэж байна, сонгуулийн хуваарийн дагуу ажил явагдаж байгаа учраас нэр дэвшигчийнхээ бүртгэлтэй холбоотой асуудлыг яаравчлан шийдвэрлэх хэрэгтэй байна гээд 3 удаа албан бичиг явуулсан. Гэвч тухайн албан бичгүүдэд хүсэл зоригоо илэрхийлсэн өргөдлөө өгсөн талаар ямар ч нотлох баримтуудыг ирүүлээгүй. Зөвхөн Ардчилсан намын гишүүнчлэл биш гэсэн тайлбаруудыг ирүүлж байсан.

... Бид аль болох аймгийн Ардчилсан нам, сумын Ардчилсан нам, сумын Монгол Ардын намуудаас холбогдох бүх баримтуудыг авсны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан.

... Аймгийн Сонгуулийн хороонд гаргасан гомдлын агуулга нь шийдвэрийг хүчингүй болгоно уу гэсэн утгатай биш, сумын сонгуулийн хороо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байна гэсэн агуулгатай байсан ... гомдлынхоо агуулгаас давсан ажиллагаа явуулаад сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон гэж харж байна.

... Аймгийн Засаг дарга сумдад ажиллаж байх үеэр аймгийн Тамгын газрынхан сумдад очоод үйлчилгээ үзүүлээд явж байсан. Энэ хүрээнд Ч.Баярцолмон дарга шууд цахимаар энэ ажлын чиг үүрэг аваад бид нарын үйл ажиллагаатай биечлэн танилцаад ажилласан гэж ойлгосон. Гэхдээ бид гомдлын агуулгатай холбоотой ямар ажиллагаа явуулсан гэдгээ албан бичгээр ирүүлээд өгөөч, албан бичигтэй нь судалж танилцаад ажиллагаа явуулсан баримтуудаа албан бичиг тоотоор хүргүүлье гэсэн шаардлага тавьсан. Намайг гараараа тайлбар өг гэх мэтээр ажлын цаг дууссан үед иймэрхүү нөхцөл байдал үүсэж байсан. Бид сумын сонгуулийн хороонд ирсэн гомдол болон ямар ямар баримт ирсэн талаар танилцаагүй, ямар шийдвэр баримтуудыг үндэслэж аймгийн сонгуулийн хороо хүчингүй болгосон 26 дугаар тогтоол гаргасныг төдийлөн сайн мэдээгүй байгаа. Зөвхөн бид танай сумын сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгосон шүү гээд мэйлээр тогтоолыг ирүүлсэн. Түүнтэй танилцаад шүүхэд хандаж байна” гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...............шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль гээд зэрэгцээ 2 сонгууль явж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-д зааснаар сум, дүүргийн сонгуулийн тухай, сум, дүүргийн сонгуулийн хороо дээд шатны сонгуулийн хороо байна гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн хувьд аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хорооны дээд шатны байгууллага биш. Сумын сонгуулийн хороо сумынхаа сонгуулийн хувьд дээд шатны байгууллага юм. ... 2 нэр дэвшигч нь сумын сонгуульд нэр дэвшигч юм. Сумын сонгуульд нэр дэвшигчийн хувьд дээрх хуулийн 16.2.12-т заасан үндэслэл хамааралгүй. Ийм эрх хэмжээ аймгийн сонгуулийн хороонд байхгүй.

Эрх нь зөрчигдөж байгаа гэж гомдол гаргасан нэр дэвшигч нар харьяалал зөрчиж аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан. Хамгийн ноцтой нь аймгийн Сонгуулийн хороо түүнийг хүлээж авч шийдвэрлэсэн.

Аймгийн сонгуулийн хороо сумын сонгуулийн хорооны хувьд дээд шатны байгууллага биш зөвхөн мэргэжил арга зүйн туслалцаагаар хангана. Мөн Сонгуулийн ерөнхий хороо аймгийн сонгуулийн хорооны дээд шатны байгууллага биш, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангадаг зарчимтай. ... Арга зүйн удирдлага хангана, түүнээс үйл ажиллагаанд саад учруулах, шийдвэрийг хүчингүй болгох эрх байхгүй.

Хэрэв хасагдсан нэр дэвшигчид эрх нь зөрчигдөж байна гэж үзвэл дээд шатны байгууллага байхгүй учраас шууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Зүй нь аймгийн Сонгуулийн хороо иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийнхаа дагуу тус гомдлыг буцаах ёстой байсан. Гэтэл шийдвэрлээд, шийдвэрлэхдээ хүчингүй болгож шийдвэрлэсэн.

... Аймгийн сонгуулийн хороо хуулийнхаа тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж, сумын сонгуулийн хорооны хуулиар хүлээсэн бүрэн эрхэд эрх олгогдоогүй атлаа халдаж, мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх гэдэг үндсэн зарчмыг зөрчсөн.

Аймгийн сонгуулийн хороо хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, эрх олгоогүй этгээдээс гаргасан шийдвэр учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасны дагуу тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гарсан захиргааны акт буюу илт хууль бус захиргааны акт болохыг шүүх тогтоож, сумын сонгуулийн хорооны эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож, чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаж өгнө үү. Шүүхийн шийдвэрээр тухайн зааг ялгааг салган өгч, засаж, зарчмыг нь тогтоосон жишиг шийдвэр болоосой гэж өмгөөлөгчийн хувьд хүсэж байна.” гэв.

 

6. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Жаргалтхаан сумын Монгол Ардын намаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр тус сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай гомдол гаргасан. Үүний хүрээнд аймгийн Сонгуулийн хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэг, 14.9 дэх хэсэгт заасанчлан доод шатны Сонгуулийн хороо буюу ...............ны уг тогтоолоор гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Жаргалтхаан сумын Монгол Ардын намын хорооноос аймгийн сонгуулийн хороонд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл, гомдол ирсэн. Гомдлыг Аймаг, нийслэлийн сонгуулийг зохион байгуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.12-т заасан бүрэн эрхийн дагуу авч хэлэлцсэн. Өргөдлийг аймгийн сонгуулийн хорооны дарга чиг үүргийн хувьд над руу намайг хариуцуулан цохож өргөдөл гомдлыг газар дээр нь шалгасан.

... Үүнийг газар дээр нь очиж холбогдох баримтуудыг шалгах үйл ажиллагааг миний бие зохион байгуулсан. Гомдол шалгах үйл ажиллагаанд ...............ны дарга болон нарийн бичгийн дарга нарыг байлцуулж гомдол гаргагч болон эсэргүүцэгч хоёр талын нотлох баримтуудыг судалж үзсэн. Ингэхдээ ямар алдаа гаргаж, ямар нотлох баримтуудыг үнэлээгүй байх зэргээр бичиг баримтаа шалгасан. Жаргалтхаан сумын Ардчилсан намын эхний ирүүлсэн тайлбар дээр манай нэр дэвшигч нар 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд ухуулагчаар ажиллаж байсан улсууд байгаа гээд эхний байдлаар тайлбар хүргүүлсэн.

... Өөрөөр хэлбэл 2 талын эрх ашгийг хангаж ажиллах ёстой, мөн бичиг баримт дээр тулгуурлаж сумын сонгуулийн хороо шийдвэрээ гаргах ёстой байсан.

... гомдлыг газар дээр нь очиж шалгах үед тухайн Монгол Ардын намын хорооноос нэр дэвшигч хасагдсан иргэд тайлбараа гаргаж өгсөн. Тайлбар дээр бид 2 хоёулаа 2024 оны 3 сард Жаргалтхаан сумын Ардчилсан намаас гарах хүсэл зоригоо илэрхийлсэн. Үүнийг сумын намын хорооны дэд даргад гардуулж өгсөн. Гэтэл 20 хоногийн дараа буюу 4 сарын эхээр та 2-ын өргөдлийг авлаа гэж загнаад байна гээд өргөдлийг маань буцаагаад өгчихсөн. 2 нэр дэвшигч тухайн тайлбар дээрээ буцааж өгсөн өргөдлөө аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, Жаргалтхаан сумын Засаг даргын орлогч н.Ганбат гэдэг хүнд өгсөн. н.Ганбат гэдэг хүн тухайн үед өргөдлийг маань авахгүй гэж уурласан. Бид 2 хоёулаа Жаргалтхаан сумын Ардчилсан намаас гарч байгаагаа илэрхийлж байна гэсэн албан бичиг өргөдлөө өгсөн. Үүнийг утсан дээрээ баримтжуулж авсан ... Монгол Ардын намд ухуулагчаар ажиллаж байснаа нотолж байна гээд нотлох баримтаа гаргасан. Үүний дагуу өргөдөл шалгаж өргөдөл шалгасан тухайгаа аймгийн сонгуулийн хорооны хуралдаанд танилцуулж аймгийн сонгуулийн хороо Аймаг, нийслэлийн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.12-т заасан бүрэн эрхийн дагуу харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн заалтыг барьж ...............ны 10 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тогтоол гаргаж ажилласан.

... Хуульд заасан шатлан захирагдах зарчмаар ажиллана, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрх давхар олгогдсон. Хуульд нийцээгүй шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо хүчингүй болгож таслан зогсоох үүргийг хүлээсэн. Үүний дагуу хяналт тавиагүй, ямар нэгэн сонгуульд оролцогчоос гаргасан хүсэлт, өргөдлийн дагуу шийдэж ажлаа явуулсан. Түүнээс аймгийн сонгуулийн хороо доод шатныхаа сонгуулийн хорооны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж оролцоогүй, гаргасан шийдвэрийг нь өөрийн санаачилгаар хүчингүй болгоогүй. Сонгуульд оролцогчдоос өргөдөл гомдол ирсний дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ............... нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 14.10-д зааснаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хувьд дээд шатны сонгуулийн байгууллага ба сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл хожим илэрсэн тул бүртгэлээс хасах асуудлыг хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэсэн байхад уг тогтоолыг Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 26 дугаар хүчингүй болгож, сумын Сонгуулийн хороог хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэлээ” гэхэд хариуцагч Хэнтий аймгийн сонгуулийн хороо нь “хуульд заасан Сонгуулийн хорооны шатлан захирагдах зарчмынхаа дагуу доод шатны сонгуулийн байгууллагын хуульд нийцээгүй  шийдвэрийг хүчингүй болгох эрх дээд шатны сонгуулийн байгууллагад байгаа учраас хууль зөрчөөгүй” гэж маргаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 17.3.2-т “сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, 74 дүгээр зүйлийн 74.1-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн харилцааны хувьд сонгуулийн дээд шатны байгууллага нь сумын Сонгуулийн хороо байх ба тус хороо нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгох бүрэн эрхтэй буюу уг асуудлаа хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргахаар байна.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хороо нь дээрх хуулийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10 дугаартай шийдвэрийг гаргажээ.

Харин уг тогтоолыг аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор хүчингүй болгох бүрэн эрх Хэнтий аймгийн Сонгуулийн хороонд хуулиар  олгогдсон эсэх талаарх хэргийн оролцогчдын маргасан хүрээнд дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:.

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна.” гэж зааснаас үзэхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн харилцаанд аймгийн Сонгуулийн хороо нь дээд шатны, сумын Сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хороо болно. Харин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн харилцаатай холбоотой асуудлын хувьд дээд шатны сонгуулийн байгууллага нь сумын Сонгуулийн хороо байхаар байна.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.2.12 ”аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох;” гэж зааснаас үзэхэд аймгийн Сонгуулийн хороо нь аймгийн хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгохоор байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэр дэвшигчийн  бүртгэлээс хасах асуудлыг шийдвэрлэсэн сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхийг аймгийн Сонгуулийн хороонд хуулиар олгоогүй байна. Харин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаарх сумын Сонгуулийн хорооны шийдвэртэй холбоотой маргааныг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3-т зааснаар захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр байна.

Иймээс хариуцагч нь хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан байх ба маргаан бүхий захиргааны акт болох Хэнтий аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт захиргааны шүүхийн гаргах шийдвэрийн төрлүүдийг тодорхой заасан байх ба уг хэсгийн 106.3.9 дэх заалтад захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгохоор тусгайлан заасан.

Хэнтий аймгийн сонгуулийн хорооны хорооны 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай тогтоол нь ...............ны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх, үнэмлэх олгох эсэх, нэр дэвшигчийн  бүртгэлээс хасах эсэх асуудлыг шийдвэрлэх, улмаар хэргийн оролцогчдын тайлбарласнаар сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх асуудал хүлээлтийн байдалтай байгаа зэргээс үзэхэд  нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, Хэнтий аймгийн Сонгуулийн хороо  нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална: 7.4.1-д хууль дээдлэх;” 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Иймээс Хэнтий аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “...Аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий ...............ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь маргаан бүхий захиргааны актыг эрх зүйн үйлчлэлгүй болгуулах байна. Нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан хугацаанд аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Улсын дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг тайлбарласнаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй болохыг дурьдаж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 14 дүгээр зүйлийн 14.10, 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.1,  74 дүгээр зүйлийн 74.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч ...............ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ...............нд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАЯРМАА