Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 150/ШШ2025/00012

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: * аймгийн *ын дарга, * аймгийн * сумын * дугаар баг * тоотод оршин суух хаягтай, * овогт * /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймаг * сумын * дугаар баг * тоотод оршин суух, * овогт * *д /РД:*/ холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *ын дарга *, хариуцагч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *ын дарга * нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие * сумын *-ын дарга *. 2010 оны сумын *-ын тогтоолоор 28 дугаар тогтоолоор тус сумын * тоот 2 өрөө 28 мкв байрыг орон нутгийн өмчөөр бүртгэсэн тогтоол гарсан. Энэ тогтоолоор орон нутгийн өмчид бүртгэсэн байрыг * 2 дугаар багийн иргэн * сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд миний өмнө *-ын даргаар ажиллаж байсан *гэж хүнтэй өмчлөлийн маргаантай, аль нэг тал нь ашиглаагүй тоногдсон байдалтай байсаар ирснийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс энэ талаар мэдээлэл авахад тогтоолыг гаргаж байсан * дарга нь бурхан болчихсон. Тухайн үед сумын тамгын газар төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан * гэдэг хүнээс мэдээлэл авахад тухайн үед сумын * *ийн * гэж хүн ажиллаж байхдаа 0,4 буюу цахилгаан сумын мэдэлд байсан юм байна. Энэ байрнууд сангийн аж ахуйн мэдэлд аль ч талд хувьчлагдаагүй байсан. Тухайн үед тус 11 дүгээр байрны 10 тоотод * гэж  нутгийн иргэд ярьдаг * гэж хүн амьдардаг байсан. Энэ хүн амьдарч байгаад цахилгааны төлбөрийн үлдэгдэл 180,000 төгрөгийн тогны өртэй байсан гэж ярьсан. 2002 онд төрийн сангийн төлөөлөгчөөр ажилд ороход тогны өрөндөө өгөөд явсныг сумаас төлбөрийг төлж аваад тоногдоод байгаа учраас сумын *-ын тогтоолоор орон нутгийн өмчөөр бүртгэж авсан гэдэг. Сумын *-ын 2010 оны 29 дүгээр тогтоолоор 73 айлын орон сууцыг хувьчилж шийдвэрлэснийг нотлох баримтаар өгсөн. Энэ тогтоол дээр 11 дүгээр байрны 10 тоотыг хувьд өмчлөлийн маргаан үүсгэж буй * гэж хүнд шилжүүлсэн асуудал байхгүй.

Иймд 10 гаруй жилийн хугацаанд өмчлөлийн маргаантай байгаа тус байрыг аль нэг талд шүүхийн шийдвэр гаргуулж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Миний хувьд уг байрыг төрийн албан хаагчийн байр болгох зориулалтаар ашиглах сонирхолтой байгаа. Манай суманд төрийн албан хаагчид байр маш дутагдалтай байгаа. Эмнэлэгт 3, сургуульд 5 албан хаагч ирчихсэн байрны хэрэгцээ шаардлага маш их байгаа. Бусад аймаг, сумдаас төрийн албан хаагч ирж ажиллахад байр байхгүй байна. Хэрвээ энэ байрыг орон нутгийн өмчлөлд шийдвэрлэвэл засаж төрийн албан хаагч 1 ч гэсэн айлыг орон байртай болгож тогтвор суурьшилтай ажиллуулах нийгмийн баталгаагаар хангах зорилгоор нэхэмжлэл гаргасан.  Миний хувьд энэ ажилд томилогдоод 1 жил болж байна. Тухайн үед сумын *аар ажиллаж байсан * гэж хүнээс утсаар асуухад Сангийн аж ахуйн үед бүгд орон сууцыг ашиглаж байгаад өмч хувьчлалын үед бүгд хаяад орхиод явчихсан миний мэдэхийн 5 байр тоногдож нурсан. Тэргүүлэгчийн тогтоолыг гаргасан * гэж хүн 2008 онд манай суманд * томилогдож ирээд манай сумын нурсан байрнуудыг цэгцэлж, тоногдсон байрыг нь хувьчилж, заримыг нь орон нутгийн өмчлөлд шилжүүлж өөд нь татаж авсан. Ингэж авахдаа мэдээж хууль зүйн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг судалж цахилгааны өр төлбөрийг харгалзан үзсэний үндсэн дээр Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Иймд тухайн байрыг орон нутгийн өмчид шилжүүлж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ байрны анхны үнэ 500,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Дахин үнэлгээгээр 2008 онд ороод 4,414,300 төгрөгийн үнэлгээтэй болсон. Одоо хүн орох ямар ч боломжгүй бүрэн тоногдчихсон байр байгаа. Хэрвээ энэ байрыг орон нутгийн өмчөөр тогтоовол орон нутгийн хөрөнгөөр засаж дахин ашиглах сонирхолтой байна...” гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сумын өмчөөр бүртгээд өрөнд авчихсан гэдгийг ойлгохгүй байгаа юм. Өрний бичиг баримтыг тушаасан юм юу ч байхгүй. Өөрсдөө хоорондоо ярилцаад авчихсан харагдаад байгаа юм. Залуу байхдаа ажлын байраа дагаад гадагшаа дотогшоо ажил хийгээд явж байсан. Нэг ирэхэд ийм болчихсон байсан. Тамгын газрын даргад  хэлэхээр өрөнд авчихсан гээд байгаа боловч бичиг баримт байхгүй. Хэдэн төгрөгийн өрөнд авсан гэж байгаа бол мөнгийг нь төлөөд авъя гэж хэлэхээр бичиг баримт байхгүй. Тэр хүн манай Сэлэнгийн хүн бол лав биш. Дуртай нэг нь хүний байранд суучхаад тонуулаад байхгүй биз дээ. Хүний газар байгаа хүн гээд л байрандаа оруулчихсан. Сүүлдээ тамгын газрын даргыг нь дийлэхгүй бичиг баримтаа гаргаж өгөхгүй байгаа юм.

Сум орон нутагт ажил байхгүй амьдрахын төлөө л гадагшаа явж л  ажил хийж мөнгө төгрөг олох гэж насаараа явж байна шүү дээ. Одоо нас тогтчихсон сум орон нутагтаа байна. Манай эцэг эх энэ байранд амьдардаг байсан. Намайг бага байхад манай аав, ээж өнгөрчихсөн. Би өөрөө тэр байранд амьдарч байгаад насанд хүрээд өөрөө байр авч тусдаа гараад байраа түгжээд хэдэн дүү нартаа янзлаад өгчихдөг юм уу гэж бодож байсан юм. Тэгээд нэг хүн гуйгаад орсон байсан. Гол нь өрөнд авсан гээд байгаа боловч өрөнд авсан талаарх бичиг баримт байхгүй байгаад байгаа юм. Нягтлан дээр нь очоод хэдэн онд хэдэн төгрөгийн өрөнд орсон талаар баримтыг гаргаад өгчих төлөөд авчихъя тийм бичиг баримт гарч ирэхгүй байгаа юм. Өрөнд авсан гээд байгаа боловч хэдэн төгрөгийн өрөнд авсан гэдгээ ч мэдэхгүй байгаа юм. Би ямар ч хамаагүй аргаар олоод өрийг нь төлөөд авчихъя гээд байгаа юм. Нэг тамгын газраас нөгөө тамгын газар луу хөөлгөөд байдаг. Миний асуудлыг авч хэлэлцэхгүй бараг хэдэн төгрөгийн өрөнд авснаа өөрөө ч мэдэхгүй байгаа байх. Надад хэдэн төгрөгийн өрөнд авснаа ч хэлээгүй. Би бичиг үсэг мэдэхгүй ч амаар тайлбарлаад өгч болно биз дээ. Надад тайлбарласан бол би тухайн үед нь л төлөөд авах байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би уг байранд эцэг эх, дүү нарын хамт амьдарч байсан тул сум орон нутаг авах эрх байхгүй... ” гэв.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ҮНДЭСЛЭХ нь:

           

           Нэхэмжлэгч * аймгийн *ын дарга * нь хариуцагч *д холбогдуулан * аймгийн * сумын * 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн 2 давхар орон сууц хорооллын *дүгээр байрны *тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч * аймгийн *ын дарга * нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2010 оны сумын *-ын тогтоолоор 28 дугаар тогтоолоор тус сумын * тоот 2 өрөө 28 мкв байрыг орон нутгийн өмчөөр бүртгэсэн тогтоол гарсан. Энэ байрнууд сангийн аж ахуйн мэдэлд аль ч талд хувьчлагдаагүй байсан... Миний хувьд энэ ажилд томилогдоод 1 жил болж байна. Тухайн үед сумын * ажиллаж байсан * гэж хүнээс утсаар асуухад Сангийн аж ахуйн үед бүгд орон сууцыг ашиглаж байгаад өмч хувьчлалын үед бүгд хаяад орхиод явчихсан миний мэдэхийн 5 байр тоногдож нурсан. Тэргүүлэгчийн тогтоолыг гаргасан *гэж хүн 2008 онд манай суманд Засаг даргаар томилогдож ирээд манай сумын нурсан байрнуудыг цэгцэлж, тоногдсон байрыг нь хувьчилж, заримыг нь орон нутгийн өмчлөлд шилжүүлж өөд нь татаж авсан байдаг. Энэ тогтоолоор орон нутгийн өмчид бүртгэсэн байрыг * 2 дугаар багийн иргэн * нь өмчлөлийн маргаантай, аль нэг тал нь ашиглаагүй тоногдсон байдалтай байсаар ирснийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тухайн байрыг орон нутгийн өмчид шилжүүлж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэж,

 

Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...Залуу байхдаа ажлын байраа дагаад гадагшаа дотогшоо ажил хийгээд явж байсан. Нэг ирэхэд ийм болчихсон байсан. Тамгын газрын даргад  хэлэхээр өрөнд авчихсан гээд байгаа боловч бичиг баримт байхгүй. Хэдэн төгрөгийн өрөнд авсан гэж байгаа бол мөнгийг нь төлөөд авъя гэж хэлэхээр бичиг баримт байхгүй..., Манай эцэг эх энэ байранд амьдардаг байсан. Намайг бага байхад манай аав, ээж өнгөрчихсөн. Би өөрөө тэр байранд амьдарч байгаад насанд хүрээд өөрөө байр авч тусдаа гараад байраа түгжээд хэдэн дүү нартаа янзлаад өгчихдөг юм уу гэж бодож байсан юм. Энэ хүмүүс дураараа шийдвэр гаргаж орон нутгийн өмчид авсан гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй....” гэж тус тус тайлбарлаж маргаж мэтгэлцэж байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

*сумын * 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн 2 давхар орон сууц нь 1970-д онд баригдаж, ашиглалтад орсон бөгөөд 11 дүгээр байрны 10 тоотод * нь аав, ээж, дүү нарын хамт амьдарч байсан гэх ба 2010 онд уг байр нь хэн нэгний эзэмшилд байгаагүй өөрөөр хэлбэл тоногдсон байдалтай эзэнгүй байсан тул *сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай тогтоол гарч 11 дүгээр байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг орон нутгийн өмчид бүртгэж авсан байна.

Хариуцагч * нь “Би 11 дүгээр байрны 10 тоотод бага байхдаа эцэг эх, дүү нарын хамт амьдардаг байсан. Эцэг, эх маань өнгөрөөд дүү нартайгаа байж байгаад өрх тусгаарлаж тусдаа гараад тэрнээс хойш дүү нар маань бас тусдаа гарч би агуулах маягаар ашигладаг байсан тул миний байр” гэж байрны өмчлөлийн маргаан үүсгэж одоогоор 11 дүгээр байрны 10 тоот байр нь хэн нэгэн эзэмшиж ашиглаагүй, цоожтой байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь хэдийгээр аав, ээж, дүү нарын хамт тухайн маргаан бүхий байранд амьдарч байсан нь гэрч *гийн мэдүүлэг, хариуцагчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх боловч тухайн байр нь 2010 онд * сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Орон нутгийн өмчид шинээр хөрөнгө бүртгэн авах” ажлыг зохион байгуулж шийдвэрлэхэд 11 дүгээр байрны 10 тоот байр нь хэн нэгний өмчлөлд шилжээгүй, өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлээгүй байсан болох нь

  

*сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай “* сумын төвийн орон сууцны хорооллын инженерийн хийцтэй барилга байгууламжууд нь 1996 онд улсын хэмжээнд орон сууц хувьчлах ажлын хүрээнд хувьчлагдсан гэх боловч хувьчлалын тухай ямар нэгэн шийдвэр, эрхий акт гараагүй өнөөг хүрсэн нь Аймаг, сумын архивын лавлагаагаар нотлогдож байх тул хавсралтад дурдсан 1, 4, 5, 10, 11, 12, 13 дугаар байруудын нийт 104 айлын орон сууцны барилгыг 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон нутгийн өмчид бүртгэн авахаар шийдвэрлэсүгэй... гэх тогтоол, /хх-ийн 03/

*сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай тогтоолын хавсралтын 82-т 11-10 тоот байрыг Орон нутгийн өмчид бүртгэсэн бүртгэл /хх-ийн 4-7 хуудас/

 *сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай “орон сууц хувьчлах  асуудлыг шийдвэрлүүлэх тухай” тогтоол, тогтоолын хавсралт /хх-ийн 8-9 хуудас /

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *ын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч * нь маргаан бүхий байр болох 11 дүгээр байрны 10 тоотод ээж, аав, дүү нарын хамт амьдарч  гэх боловч тухайн байранд хэдээс хэдэн оны хооронд хэн хэн амьдарч эзэмшиж байсан талаараа тодорхой мэдүүлээгүй, хариуцагч 2004 онд өөрөө өрх тусгаарласан /5 дугаар байрны 15 тоот/, дүү нар нь бас тус тусдаа гарсан,  2010 оноос өөр газар ажиллаж амьдарч байсан, байрны өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэхэд тухайн байрыг эзэмшиж байгаагүй нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар,  байрны өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэсэн, орон нутгийн өмчийн хөрөнгөнд бүртгэсэн *сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28, 29 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт зэргээр нотлогдож байгаа болно.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй... гэж заасан байна.

 

Иймд *сумын төвд байрлалтай нийтийн 2 давхар орон сууц хорооллын 11 дүгээр байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг орон нутгийн өмчийн хөрөнгөнд бүртгэсэн шийдвэр хууль зөрчөөгүй, бусдын өмчлөх эрхэд халдаагүй гэж үзсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар *сумын * 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн 2 давхар орон сууц хорооллын 11 дүгээр байрны 10 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр  * болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар *сумын * тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр * аймгийн * болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурд

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 4 дэхь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН