| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00193/и |
| Дугаар | 150/шш2024/00018 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 150/шш2024/00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч * хот * дүүрэг *-р хороо * хаягт байрлах, * ХК (РД:*)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч * аймгийн * сумын *-р баг * тоот хаягт байрлах “*” ХХК-д (РД:*) холбогдох,
* ХХК-аас 2 давхар байшингийн үнэ 43,270,000 төгрөг гаргуулах, нэмэгдүүлсэн шаардлага: Барилга ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.* /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.* /цахимаар/, хариуцагч С.*, хариуцагчийн өмгөөлөгч М.* /цахимаар/, гэрч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...* ХК * ХХК нарын хооронд 2006.11.10-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу *ийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өндөр худаг гэх * ХХК-ийн газар дээр бригадын хашаанд 2 давхар байшинг * ХХК-аар бариулсан байдаг. Энэ барилгыг барьсан шалтгаан нь Гүйцэтгэх захирал С.* нь *ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал *гийн төрсөн хүү бөгөөд одоог үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмшиж ашиглаж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө * ХХК-ийн эзэмшилд байдаг. Үл хөдлөх хөрөнгийг газраас салгамагц зориулалт нь алдагдахаар байх тул байшинг үлдээж түүний үнийг нэхэмжилж байгаа. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ гаргуулж 43,270,000 төгрөг гэж тогтоогдсон байдаг. Нэмэгдүүлсэн шаардлага дээрээ тухайн барилгыг 2007 оны Төрийн өмчийн хорооны тогтоол, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 49 дугаар тогтоолуудын дагуу 1 мкв-ыг 2016 оны 04 сар дуустал 3300 төгрөг, 2017 оноос 2024 он хүртэл 3000 төгрөгөөр тооцоолон 31,494,672 төгрөгийг барилга ашигласны төлбөрт гаргуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасан...” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011.06.27-ны өдрийн шүүхийн шийдвэрээр * ХХК *ид Сэлх зусланд барилга бариулахаар гэрээ байгуулж үүрэг хүлээсэн боловч тухайн үеийн гүйцэтгэх захирал * гэж хүн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт энэ барилгыг бариулахаар болсон. Өөрөөр хэлбэл Сэлх зусланд болон Сэлэнгэ аймагт 2 барилга бариулж Сэлхэд баригдсан барилга нь дутуу гүйцэтгэлтэй байсан учраас * ХК нь * ХХК-иас төлбөрийн үлдэгдлээ буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тухайн үед шүүхээс шинжээч томилоод Сэлэнгэ аймагт болон Улаанбаатар хотын Сэлхэд баригдсан байшингууд дээр үнэлгээ гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг харахад * ХХК-ийн удирдлагууд болон * ХК-ийн төлөөлөгч нарыг байлцуулан барилгуудын үнэлгээг гаргахад Сэлэнгэ аймагт баригдсан барилга 43,270,000 төгрөгийн үнэлгээтэй барилга баригдсан гэж дүгнэлт гарсан. СХДИХАШШ-ээс * ХХК-ийг Сэлэнгэ аймагт 43,270,000 төгрөгийн үнэлгээтэй барилга барьсан гэдэг дүгнэлт гаргаад *ийн нэхэмжилсэн энэ төлбөрийг салгасан. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэрээр Сэлэнгэ аймагт * ХК-ийн хөрөнгөөр 43,270,000 төгрөгийн үнэлгээтэй * ХХК-ийн энэ барилга баригдсан юм байна гэдэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.
Хоёрдугаарт: * ХХК-ийн захирал болон өмгөөлөгчийн байр суурь тодорхойгүй тайлбар нь зөрүүтэй харагдаж байна гэж дүгнэлээ. Эхлээд *ийн хөрөнгөөр байшин баригдаагүй 100 хувь манай барьсан барилга гэж мэтгэлцэж байгаа гэж ойлгож байсан боловч сая байшин баригдсан боловч дутуу баригдаж бид нар гүйцээж барилга барьсан гэж тайлбар хэллээ. Өмгөөлөгчийн зүгээс байшин баригдсан боловч нэгэнт байшингаа нэхэмжлэх эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг 2 агуулгатай тайлбар гаргаж байна.
* ХК-ийн байр суурь бол өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр байшин баригдсан гэдэг дүгнэлт гарчихсан. 2006,2007 оны үед * ХХК * ХК-д байшин барьж өгөхдөө тухайн газар хэний ч эзэмшлийн биш * ХК-ийн эзэмшлийн газрын яг хажууд баригдсан барилга байгаа юм. Гэтэл энэ байшингийн доорх газрыг * ХХК Сэлэнгэ аймгийн газрын албанд хүсэлт гаргаад өөрийн нэр дээр гаргуулчихсан байгаа юм. Ингэснээр *ийн эзэмшиж байгаа газар болон * ХХК-ийн газар хоорондоо хөрш залгаа бөөрөөр нийлчихсэн газар үүсэж байгаа юм. Хоёрдугаарт * ХК-ийн хөрөнгөөр барьсан барилгын доорх газрыг эзэмшиж энэ барилгыг * ХХК өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Улмаас 2021 онд * ХК-ийн өмчлөлийн байшин дээр * ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан үйл баримт байгаа. Тэгэхээр 2021 онд * ХХК-ийн өмчлөлийн байшин дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан нөхцөл байдлыг сая буюу энэ хэрэг хянан шийдвэрлэх явцад Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа өнөөдрөөр буюу 2025 оноор тоологдоно.
* ХК-ийн өмч хөрөнгөөр баригдсан барилгын доорх газрыг * ХХК 2008 онд хүсэлт гаргаад авчихсан байгаа гэдгийг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэж * ХК-ийн эрх ашиг зөрчигдсөн байна гэж одоо мэдэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа эрх ашиг нь хөндөгдсөн өдрөөс тоолдог хуулийн зохицуулалттай учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл Иргэний хуулийн 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг үүсгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгөө буцааж шаардах эрхтэй гэдэг хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр * ХХК болон * ХК-ийн хооронд ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй талуудын хооронд ямар ч үүрэг үүсээгүй. Гэтэл үүрэг үүсээгүй байхад * ХХК-ийн өмч хөрөнгөөр баригдсан барилгын доорх газрыг хүсэлт гаргаад нэр дээрээ улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулчихсан учраас *ийн хөрөнгийг гэрээ хэлцэлгүй олж авсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан. Тэгэхээр * ХК-ийн барилгын доорх газрыг * ХХК олж эзэмшсэнээр энэ байшинг мөн эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 85.2-т заасны дагуу * ХХК-ийн эзэмшлийн газар дээрх барилга хэдийгээр *ийн барилга боловч * ХХК-д шилжээд 2021 онд гэрчилгээ гарчихсан байна. Иймд ИХ-ийн 492.1-д заасны дагуу тухайн байшингийн үнийг * ХК шаардах эрхтэй. Шаардахдаа 2011 оны шинжээчийн дүгнэлтийн гаргасан үнэлгээний дагуу шаардаж байгаа. Харин *ийн зүгээс нэмэгдүүлсэн шаардлагыг тухайн барилгыг эзэмшиж ашиглуулсны төлбөрийг төрийн өмчийн хорооноос тогтоосон үнэлгээгээр нэхэмжилж байгаа бөгөөд энэ шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.
Хариуцагч С.* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдгийг хэлье. Манай * ХХК, * ХК-тай харилцан тохиролцож байшин бариулсан зүйл байхгүй. * ХХК-д төлбөр мөнгийг нь 100 хувь төлж дуусгаад барилгаа бариулсан. * ХХК энэ 2 барилгыг хоёуланг нь барьж дуусгаагүй үлдсэн ажлуудыг би өөрийн биеэр барьж дуусгасан. Барьж байх явцад * ХХК-ийн захирал * гэж хүн архи дарс ууж ажлаа хийхгүй байхаар нь энэ компани ажлаа хийхгүй юм байна гэж бодоод хийсэн ажлынх нь төлбөрийг төлөөд үлдсэн ажлыг нь миний бие өөрөө хийж гүйцэтгэсэн. Нэмэлт 31 сая төгрөг ашиглалтын зардалд нэхэмжлээд байгаад тайлбар хэлэхэд манайх өөрсдийн хөрөнгөөр өөрсдөө барьсан барилгаа түрээс төлж байна гэсэн ойлголт байхгүй. Иймд түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанийн зүгээс хариу тайлбараа бичгээр маш тодорхой бичиж өгсөн. Нэхэмжилж байгаа 42 сая төгрөг болон ашиглалтын зардал 31 сая төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл энэ барилгыг өөрсдийн хөрөнгөөр өөрсдийн хөлс хүчээр өөрсдийн газар дээрээ барьсан. * ХХК-тай гэрээ байгуулж барилга бариулсны ажлын хөлсийг өгсөн талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгсөн байгаа. Дээрээс нь үнэхээр авах ёстой байсан бол 2011 оноос бүхэл бүтэн 13 жилийн дараа * ХХК-д нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ? Энэ нь Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй 2 ангиллын алинд нь ч орохгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй анзаарч үзэлгүй хэрэг тусгаарлаад явж байгаад хуульч хүний хувьд харамсалтай байна. ....2011.06.27-ны өдөр * ХК оролцож тухайн барилгын үнийг * ХХК-аас гаргуулахаа мэджээ. Гэтэл Иргэний хуульд зааснаар гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцвол 2014 оны 06 сарын 27-ны өдөр дуусчихсан байна. Өнөөдөр энэ хэрэгт баримтуудыг авч үзэхэд 14 жилийн хугацаанд ямар ч шаардлага гаргаж байсан баримт байхгүй. 14 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. ...Ердийн богино хугацаанд манай компаниас шаардах эрхтэй байсан. Тухайн шаардах эрхээ гаргаагүй бол шаардах эрхээ алдах зохицуулалт байгаа. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон түр зогсох үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.
Шүүх хуралдаанд:
Гэрч *гийн өгсөн: “...2006 онд Сүхбаатар дүүргийн Салхит гэдэг газар 16 ширхэг зуслангийн * ХХК-тай гэрээ байгуулсан. Тэр ажлыг гүйцэтгээд явж байхад *ийн туслах аж ахуй Сэлэнгэ аймгийн Хөтөлд яаралтай ажил хийнэ гээд энд ирж ажил эхлүүлсэн. Би одоо хүртэл *ийн туслах аж ахуй гэж ойлгож явж байсан. Тэр ажлыг хийж дуусгачхаад *ийн захирал байсан *, *ийн ажилчдад гардуулж өгсөн байгаа..., Тухайн үеийн *ийн захирал * *ийн туслах аж ахуй нэрээр яаралтай барь гэж хэлэхээр нь Салхитад байгаа ажлаа зогсоож авч ирээд 2 сар гаруй хугацаанд барьж дуусгасан..., *ийн туслах аж ахуйн барилгыг удирдлагууд буюу *д түлхүүрийг нь гардуулж өгсөн..., * ХХК-ийн барилга гэдгийг хэзээ хойно мэдсэн. *гийн хүүхэд юм байна гэж сүүлд мэдсэн. Түүнээс *гийн өгсөн үүрэг даалгаврын дагуу *ийн санхүүжилтээр барьсан..., Төлбөр тооцоо хийх гээд очиход * надад 6 билүү 8 сая төгрөг аав өгүүлсэн гэж хэлээд гарын үсэг зуруулсан. *ээс цалингийн урьдчилгаа гэж гарын үсэг зурсан болохоос биш * ХХК-тай гэрээ хийгээгүй. Аваарын улмаас олон удаа хагалгаанд ороод мартаж санах юм байгаа...” гэв.
Гэрч *гийн өгсөн: “...Энэ барилгын компанитай байгуулсан гэрээ бол *ийн ажилчдын орон сууцыг бариулахаар авсан. *ийн архивд байгаа гэж бодож байна. Цагдаагийн зуслангийн наад талд хөөцөлдөж байж газар аваад 10 ажилтандаа Улаанбаатар хотод орон сууц бариулахаар гэрээ байгуулсан. Сэлэнгэ аймгийн * ХХК-ийн бригадын 2 том барилга бариулах хүсэлтийг * ХХК-д би тавиагүй..., Би хүүгийнхээ компани дээр барилга бариулах асуудлыг хэзээ ч тавиагүй. Энэ гэрээ бол Улаанбаатар хотод ажилчдадаа зориулж барилга бариулах гэрээ байгуулсан. Яагаад энэ асуудлыг ингэж яриад байна гэдэг тайлбарыг хэлэхийг хүсэж байна. Энхтайван гэдэг хүн над дээр орж ирээд нэг нутгийн хүн гэж гуйж гувшсаар байгаад гэрээ байгуулахаар болсон. Сэлэнгийн хүн харж үзээч гэсээр байгаад энэ гэрээг байгуулсан. Би ч биржийнхээ ажилчдын эрх ашгийг хамгаалж барилга бариулъя гэж ярьсан. Энэ хүний гар дээр мөнгө тавьсан хүн бол би өөрөө. Энэ гэрээний урьдчилгаа болгож мөнгө өгөөд 2 байшин нь эхэлсэн байхад би газар дээр нь очиж үзсэн. Сүүлд нь танил тал гэж энэ барилгын ажлыг тусад нь эхлүүлсэн. Би *ийн компанийн охин компанийг * ХХК дээр байгуулсан. Хүүгийнхээ газраас гуйж авч үхэр авч, газар авч *ийн хөдөө аж ахуйг эхлүүлж байсан юм. Тэгээд танил тал гэж *ын компани дээр барилга бариулахаар ганцхан тэр барилга биш гарааш хүртэл барьж өгсөн. Тэр бол манай * ХК-тай огт хамаагүй. * 1 ч удаа оролцоогүй. * өөрөө санхүүжилтээ гаргаж өөрийн хөрөнгөөрөө барилга бариулсан.... гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч * ХК нь хариуцагч * ХХК-нд холбогдуулан * ХХК-ын эзэмшлийн газар дээр баригдсан 2 давхар байшингийн үнэ 43,270,000 төгрөг, барилга ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид: “..* ХК * ХХК нарын хооронд 2006.11.10-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу *ийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өндөр худаг гэх * ХХК-ийн газар дээр бригадын хашаанд 2 давхар байшинг * ХХК-аар бариулсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1097 дугаартай шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ гаргуулж * ХХК-ын эзэмшлийн газар дээр барьсан байшинг 43,270,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоогдсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул 43,270,000 төгрөгийг, мөн 2007 оноос 2024 он хүртэл барилга ашигласны төлбөрийг 31,494,672 төгрөгийг Иргэний хуулийн 492.1, 85.2-т заасны дагуу тухайн байшингийн үнийг * ХК шаардах эрхтэй. ...Тэгэхээр 2021 онд * ХХК-ийн өмчлөлийн байшин дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан нөхцөл байдлыг сая буюу энэ хэрэг хянан шийдвэрлэх явцад Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа өнөөдрөөр буюу 2025 оноор тоологдоно. Шаардах эрхийн хөөнө хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэх тайлбарыг гаргаж,
Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч тал болох хариуцагч С.*, түүний өмгөөлөгч М.* нар: ...* ХХК, * ХК-тай харилцан тохиролцож байшин бариулсан зүйл байхгүй. * ХХК-д төлбөр мөнгийг нь 100 хувь төлж барилгаа бариулсан. ...Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй 2 ангиллын алинд нь ч орохгүй байгаа. ...2011.06.27-ны өдөр * ХК оролцож тухайн барилгын үнийг * ХХК-аас гаргуулахаа мэджээ. Гэтэл Иргэний хуульд зааснаар гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцвол 2014 оны 06 сарын 27-ны өдөр дуусчихсан байна. Өнөөдөр энэ хэрэгт баримтуудыг авч үзэхэд 14 жилийн хугацаанд ямар ч шаардлага гаргаж байсан баримт байхгүй. 14 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. ...Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон түр зогсох үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна. Иймд энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэж байна.
* ХК нь 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 36 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г “*” ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр Улаанбаатар хотын Бэлхийн зусланд баригдах 7х8м /гадна/ харьцаа бүхий 94 м² талбайтай, мансардын давхартай, 16 айлын угсармал модон сууц, 7х10м харьцаа бүхий 140 м² талбайтай мансардын давхартай амралт чөлөөт цагийн төвийн барилга мөн 800 м² төмөр хашааны угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр харилцах тохиролцож гэрээ байгуулсан байна.
“*” ХХК нь барилын ажил гүйцэтгэж байхад “*” ХК-ны тухайн үеийн захирал * нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд барилгын ажил хийлгэхээр Улаанбаатар хотын Бэлхийн зусланд баригдах 16 айлын угсармал модон сууцны ажлыг зогсоож “*” ХХК-ний эзэмшлийн газар дээр 2 давхар байшинг *ийн хөрөнгөөр барьж босгосон үйл баримт нь зохигчдын тайлбар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1097 дугаартай шийдвэр,
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдсан:
...*ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...Манайхаас гэрээний 171,500,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. 2006 оны 10 сарын 02-нд 10 сая, 2007 оны 03 сарын 20-нд 1 сая, 2007 оны 03 сарын 26-нд 30 сая, 2007 оны 05 сарын 25-нд 20 сая, 2007 оны 08 сарын 07-нд 1 сая, 2007 оны 08 сарын 29-нд 3 сая, 2007 оны 10 сарын 16-нд 45 сая, 2008 оны 03 сарын 12-нд 50 сая, 2008 оны 06 сарын 10-нд 10 сая төгрөгүүдийг хүлээлгэж өгсөн... гэх тайлбар,
* ХХК-ын захирал *гийн: ...2006 онд *тэй гэрээ хийж 2006 онд мөнгөө шилжүүлж авсан. 2007 оны хагас хүртэл мөнгөө авсан Гэтэл биднийг барилгын ажлаа хийж байхад * захирал ирээд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны цаана байрлах *ийн туслах аж ахуй болох үр тарианы бригад дээр очиж * ХХК-ийн дээрх барилгыг барь гэсэн хэлсэн. Ингээд бид Сэлхэд барьж байсан барилгаа зогсоогоод Сэлэнгэ аймагт очиж ажилласан... гэх тайлбар,
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан:
...Мөн тус шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4166 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Зараагийн хөндий өндөр худаг, * ХХК-ийн фермд байрлах давхар байшин, засварын газрын карказад * ХХК-ын хийж гүйцэтгэсэн ажлыг 2010 оны 11 дүгээр сарын 12-ны байдлаар 43,270,000 төгрөг болохыг тус тус тогтоосон байна... гэх хэсэг,
...Иймд Сэлхийн зуслан болон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өндөр худагт * ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлын үнэ цэнийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас тогтоосон нийт 104,370,000 төгрөгийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн 171,500,000 төгрөгөөс хасаж үлдэх 67,130,000 төгрөгийг * ХХК-аас гаргуулж *ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,099,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр,
Мөн дээрх шийдвэрийн үндэслэл болсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ын 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 418 дугаартай дүгнэлтэд “2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар “*” ХХК-ийн фермд байрлах 2 давхар байшин, засварын газрын карказад “*” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил 43,270,000 төгрөг болохыг тодорхойлов, 12*12 хэмжээтэй засварын газрыг барихад * ХХК-аас 8,110,000 төгрөгийг гаргасан ба энэ нь 2 давхар байшингийн үнэлгээнд хамааралгүй /43,270,000 төгрөгт/ болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
* ХХК-ын гүйцэтгэх захирал С.* нь шүүх хуралдаанд: ...Манай * ХХК, * ХК-тай харилцан тохиролцож байшин бариулсан зүйл байхгүй. * ХХК-д төлбөр мөнгийг нь 100 хувь төлж дуусгаад барилгаа бариулсан... гэж тайлбар гаргаж, уг тайлбараа нотолж “Төв байрны барилга барихад ашигласан ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг өгч байсан болно...” гэсэн он, сар, өдөр тодорхойгүй 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн баримт /хх-ийн 65 хуудас/, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Барилга хүлээн авсан акт” зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн /хх-ийн 66 хуудас/ боловч * ХХК, * ХХК-ын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, төлбөр мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байх тул * ХХК-ийн гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн *, * нарын мэдүүлэг нь нэг үйл баримтын талаар мэдүүлж байх хэдий ч хоорондоо эрс зөрүүтэй, гэрчүүдийн мэдүүлэг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй болно.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р баг Өндөр хутагт байрлах Баруунбүрэн сумын эзэмшлийн газар дээр баригдсан 2 давхар байшин нь *ийн хөрөнгөөр баригдсан, нэхэмжлэгч тал түүний үнийг болон барилга ашигласны түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй байна.
Гэсэн хэдий нь шүүх хуралдааны шатанд талууд хөөн хэлэлцэх хугацаан дээр маргасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч М.*ийн:
...Нэхэмжлэгч тал нь дээрх нэхэмжилсэн мөнгийг үнэхээр авах ёстой байсан бол 2011 оноос бүхэл бүтэн 13 жилийн дараа * ХХК-д нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ? Энэ нь Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй 2 ангиллын алинд нь ч орохгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй анзаарч үзэлгүй хэрэг тусгаарлаад явж байгаад хуульч хүний хувьд харамсалтай байна. ....2011.06.27-ны өдөр * ХК оролцож тухайн барилгын үнийг * ХХК-аас гаргуулахаа мэджээ. Гэтэл Иргэний хуульд зааснаар гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцвол 2014 оны 06 сарын 27-ны өдөр дуусчихсан байна. Өнөөдөр энэ хэрэгт баримтуудыг авч үзэхэд 14 жилийн хугацаанд ямар ч шаардлага гаргаж байсан баримт байхгүй. 14 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. ...Ердийн богино хугацаанд манай компаниас шаардах эрхтэй байсан. Тухайн шаардах эрхээ гаргаагүй бол шаардах эрхээ алдах зохицуулалт байгаа. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон түр зогсох үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэсэн тайлбарыг гаргаж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.* хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг няцааж:
...2021 онд * ХХК-ийн өмчлөлийн байшин дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан нөхцөл байдлыг сая буюу энэ хэрэг хянан шийдвэрлэх явцад Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа өнөөдрөөр буюу 2025 оноор тоологдоно. ...* ХК-ийн өмч хөрөнгөөр баригдсан барилгын доорх газрыг * ХХК 2008 онд хүсэлт гаргаад авчихсан байгаа гэдгийг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэж * ХК-ийн эрх ашиг зөрчигдсөн байна гэж одоо мэдэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа эрх ашиг нь хөндөгдсөн өдрөөс тоолдог хуулийн зохицуулалттай учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна... гэх тайлбарыг гаргаж тус тус мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ…. гэж хуульчилжээ.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзсэн болно. Хэдийгээр 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр * ХХК-ын нэр дээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн Бургалтай Өндөр худагт байрлалтай 1180 мкв талбайтай газар тариалангийн бригад, фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан /хх-ийн 110 хуудас/ байх боловч тухайн маргаан бүхий 2 давхар барилга нь *ийн хөрөнгөөр барьж, 43,270,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан үеэс буюу эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс тоолохоор байна.
Талуудын хооронд ямар нэгэн гэрээнээс үүдэлтэй харилцаа үүсээгүй боловч ойролцоо төрлийн буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил,
75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил,
75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна... гэсэн хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй.
Эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн үеэс буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2011 оноос хөөн хэлэлцэх ерөнхий хугацаагаар тоолбол 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон үйл баримт тогтоогоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж хуульд заасны дагуу * ХК-ийн гаргасан * ХХК-ын эзэмшлийн газар дээр *ийн хөрөнгөөр барьсан 2 давхар байшингийн үнэ 43,270,000 төгрөг, 2007-2024 онд байр ашигласны төлбөрт 31,494,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1-т зааснаар нэхэмжлэгч *” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,723.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “*” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “*” ХХК-д холбогдох 2 давхар байшингийн үнэ 43,270,000 төгрөг, Барилга ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1-т зааснаар нэхэмжлэгч *” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,723.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН