Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00020

 

 

 

 

 

 

  

 

                                                                          

М.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 518 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: М.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн “ХДС” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн “ХДС” Төрийн өмчит хувьцаат компанид нярваар ажиллаж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад үргэлжлүүлэн Улаанбаатар хот явсан. Тухайн үед би гүйцэтгэх захирал Ч.Цогоод учир байдлаа хэлж утсаар ярьсан. Мөн манай гэр бүлийн хүн актыг маань захиралд аваачиж өгсөн. Гэтэл намайг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын тушаал гарч ажлаас халсан байсан. Би үүнийг мэдээд захирлаас тушаалаа авахаар уулзахад чамайг буруу халсан байна гээд өөр ажил санал болгосон. Тухайн ажил нь жирэмсний амралттай хүний ажлын байр байсан тул би зөвшөөрөөгүй. Ингээд ажлаас халсан тушаалыг маань надад өгөхгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Уг тушаалыг миний бие зөвшөөрөхгүй байна. Иймд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.

... Шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нөхөн олговор гаргуулах шаардлагатай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул дээрх шаардлагаа дараа баримтаа бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргахаар татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн “ХДС” ТӨХК-ийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр М.А эмнэлэгт хэвтсэн байдаг. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр захирал тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгчийг 5 хоног ямар нэгэн хэл чимээгүй ажил тасалсан гэж байна. Алтансүхийн хувьд 6-нд ажилдаа очсон. Харин 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эмнэлэгт хэвтээд ажилдаа очоогүй ба энэ тухайгаа захиралдаа утсаар хэлж эхнэрээрээ акт явуулсан байдаг. Мөн тухайн байгууллагад цагийн бүртгэл гэж байхгүй. Ажлаас чөлөөлсөн мөртлөө өөр ажил санал болгосон байдаг. Үүнээс үзвэл ажил олгогч ажилтныг буруу халсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж болохоор байна. Захирлын гаргасан тушаал ойлгомжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг аль аль талаас гаргаж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж тушаалд барьсан нь ойлгомжгүй. Ноцтой зөрчил гаргасан нь баримтаар харагдахгүй байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн “ХДС” Төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компанид нярваар ажиллаж байсан М.А нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан Хөвсгөл аймгийн “ХДС” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх заалт “Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн ажлын 1-2 өдрийн чөлөөг албаны дарга, 3 ба түүнээс дээш хоногийн чөлөөг захирлын тушаал гаргаж чөлөө олгоно,” 8.3.10 дахь заалт “Компанийн захирлын тушаалаар цалингүй чөлөө олгох дээд хязгаар 30 хоног байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж чөлөө болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа албан ёсоор Захиргаа удирдлагын албанд мэдэгдээгүй байна. Мөн Хөвсөл аймгийн ХДС ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт “Хөдөлмөрийн сахилга бат, байгууллагын дотоод журмыг чанд сахин ажиллах,” 5.2.4 дэх заалт “Хөдөлмөрийн хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журам, цаг ашиглалтын журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах” зэрэг зөрчлүүдийг гаргасан. М.А нь нярваар ажиллаж байхдаа 2019 онд 2 удаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл ногдуулж байсан ба энэ нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан Хөвсгөл аймгийн “ХДС” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12 дахь заалтанд заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тухай заасан. М.А нь дээрх хууль, дүрэмд заасан ноцтой зөрчлийг удаа дараа давтан гаргасан бөгөөд энэ байдалдаа дүгнэлт хийж засаагүй. ... Тухайн үед халаалт эхлэх гээд байгууллага дээр ажил ихтэй байсан ба нярав байхгүй болохоор складнаас бараа материал авах боломжгүй байдал үүссэн тул захирлын зөвлөл хуралдаж 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр М.Аийг ажлаас чөлөөлсөн. ... Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Аийг Хөвсгөл аймгийн “ХДС” ТӨХК-ийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн “ХДС” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн “ХДС” ТӨХК давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан /40 дүгээр зүйл/ нотлох баримтыг үнэлэх шаардлагыг хангаагүй хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Тухайлбал ... М.А нь нярваар ажиллаж байхдаа 2019 онд 2 удаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл ногдуулж байсан ба энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12 дахь заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил”-д дараах тохиолдлуудыг тооцож, захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасны дагуу дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12.1 дэх заалт “Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан бол”, 6 дугаар зүйлийн 6.12.2 дахь заалт “Ажилтан нь хүндэтгэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан. Ажлаа орхисон, чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаа хамаарна” гэсэн заалтуудыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулж байсан ба энэ зөрчил дутагдалдаа үнэлэлт дүгнэлт хийж зөрчлөө арилгахгүй, дахин давтан гаргасан асуудлыг хянаж үзээгүй. М.Аийн эхнэр Уранхүү нь шүүх хуралд гэрчээр оролцохдоо худал мэдүүлэг өгсөн ба энэ нь М.Аийг тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, эмнэлгийн магадлагааг эх хувиар нь гүйцэтгэх захирал Ч.Цогоод гардуулж өгсөн гэж мэдүүлсэн, эмнэлгийн магадалгааг нь эх хувиараа шүүхийн хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа нь гүйцэтгэх захирал Ч.Цогоод өгөөгүй нь нотлогдож байна. Мөн манай тооцооны нягтлан бодогч Д.Лхагвадулам Уранхүүтэй утсаар яриад М.Аийг хаана байгааг нь мэдэхгүй гэсэн хариу өгсөн нь М.Аийг эмнэлэгт хэвтээгүйг нотолж байгааг үнэлээгүй. М.Аийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх амбулаторийн карт дээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх эмчийн бичиг нь сар, өдөр засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг харгалзан үзээгүй. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх ямар нэгэн эмнэлгийн карт, лист байхгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчтөний түүх, листийг хөтлөх ёстой тул тэр нь хавтаст хэрэгт байхгүй. М.А нь ажлаа тасалж гар утсаа авахгүй, гэр орондоо байхгүй байсан шалтгаанаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, гар утсаар ярих боломжгүй байсан, гар утас ашиглуулдаггүй гэж тайлбарласан боловч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа гүйцэтгэх захирал Ч.Цогоотой утсаар ярьсан гэж мэдүүлсэн нь гар утас ашиглаж байсныг нотолж байгааг харгалзан үзээгүй. М.А нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн Б/100 тоот ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардан авахгүй 2019 оны 12 дугаар сарын 17-нд гардан авсан нь гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байгааг анхаараагүй. М.А тушаал гарсныг мэдсэн ба ажлаас чөлөөлсөн тухай тушаалаа авахаар хандахад гүйцэтгэх захирал би чамайг буруу халчихсан байна, түр хүлээж бай гэсэн гэж тайлбарласан нь худал болно. М.Аийг анх ажилд орох тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай заагдсан ба тус компанид өмнө хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Хулганаагаас тодруулахад М.Атэй хөдөлмөрийн гэрээ байгуулж нэг хувийг нь өөрт нь өгсөн байгаа, гүйцэтгэх захирал Ч.Цогоо шинээр томилогдож ирээд надад бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуул гэсэн үүрэг өгсний дагуу бүх ажилчидтай нэг бүрчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна гэж байхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол ажиллуулах боломжгүй талаар хариу өгсөн болно. Иймд хөдөлмөрийн гэрээний нэг хувь нь М.Аэд байгаа болно. Гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Лхагвадулам, Э.Ууганцэцэг нарын мэдүүлгийг үнэлээгүй. Манай компани нь шүүхэд холбогдох М.Аийн өмнө авагдаж байсан сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалууд, бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч анхаараагүй үнэлээгүй шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн нэг талыг хэт барьсан үндэслэл болж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 518 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч М.А нь Хөвсгөл аймгийн “ХДС” төрийн өмчит хувьцаат компанийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн “ХДС” төрийн өмчит хувьцаат компани нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “М.А нь ...чөлөө болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа албан ёсоор мэдэгдээгүй, зөрчил дутагдалдаа үнэлэлт, дүгнэлт хийж зөрчлөө арилгахгүй давтан гаргасан” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч М.А нь 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс Хөвсгөл аймгийн “ХДС” Төрийн өмчит хувьцаат компанийн нярваар ажиллаж эхэлсэн байх ба компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч М.А нь “...ажлаас чөлөөлөх үед өвчтэй байсан” гэж тайлбарлаж,  эмнэлгийн магадлагаа ирүүлсэн /хэргийн 2-р тал/ байх ба уг магадлагааг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй учир түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Ажил олгогч нь М.Аийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн гэрээний 4.5.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх боловч ажилтан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” аль нь болох талаар тушаалд тодорхой тусгаагүй байна.

Мөн ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг зохигч гаргаагүй байна. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гэрээний гол болон бусад нөхцлийн талаар  тохирох  үндсэн баримт бөгөөд ийм гэрээ байхгүй, талуудын тохиролцоо тодорхойгүй  тохиолдолд ажилтныг гэрээний зөрчил гаргасан гэж дүгнэх  боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь шаардлага ба  татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй.

Хариуцагч Хөвсгөл аймгийн “ХДС” төрийн өмчит хувьцаат компанийн  гүйцэтгэх захирлын тушаалд нэхэмжлэгч М.А хөдөлмөрийн гэрээ цуцлах ямар зөрчил гаргасан талаар тодорхой тусгаагүй,  “...нэхэмжлэгч ажил тасалсан учир ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж байх боловч ямар хугацаанд ажил тасалсныг баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагааг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

2. Хариуцагч нь “ ...нэхэмжлэгч Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх ямар нэгэн эмнэлгийн карт, лист байхгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчтөний түүх, листийг хөтлөх ёстой тул тэр нь хавтаст хэрэгт байхгүй” гэсэн гомдол гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд үндэслэн явагдах бөгөөд зохигч нь хэргийн үйл баримт, гэм буруу  байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг учир шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэггүй.

3. Нэхэмжлэгч нь  ажил олгогчийн шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан нь бичиг тараах дэвтрээр нотлогдож байх тул түүнийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор”  буюу хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч дээрх үүргийг биелүүлснээ баримтаар нотлоогүй.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”  тул хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нотлох үүргийг ажил олгогч хүлээх бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

5.Хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал учир нотлох баримтыг хэрхэн үнэлснээр шүүгчийг буруутгах боломжгүйн дээр шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “ХДС” ТӨХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

                                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                            Б.СОСОРБАРАМ