| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2024/0008/З |
| Дугаар | 127/ШШ2024/0011 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 127/ШШ2024/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2024/0008/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
...............ийн дүгнэлттэй,
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэг нарын хоорондын төрийн хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..............., Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэг /цахимаар/, гуравдагч этгээд ............... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэг нь ............... ХХК-ийг “тусгай зөвшөөрөлгүйгээр шүдний эмнэлгийн үйл ажиллагааг явуулсан” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч ............... ХХК-ийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 054914 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого болох 900.000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.
2.2. ............... нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай прокурорын дүгнэлтийг шүүхэд гаргасан.
3. ............... шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Тус аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэгийн ............... ХХК нь шүдний эмнэлгийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан” гэх бүртгэлийн 10-34-01/126/05 дугаартай зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч ...............-д 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 054914 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг шалгалтаар татаж хяналаа.
“...............-" ХХК-ийн захирал ...............- нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт орших Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетад гэрээгээр ажиллах хугацаандаа тусгай зөвшөөрөлгүй төлбөртэй үйлчилгээ явуулсан зөрчилд холбогдсон.
Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх ... үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас материалыг дутуу шалгаж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Зөрчилд холбогдогч ...............-, Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч ...............- нар 2024 оны 03 дугаар дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Мөн уг Эрүүл мэндийн төвийн эрхлэгч ...............- нь ...............-тай хамтран ажиллах болсон шалтгааны талаар тайлбарыг ирүүлснээс дүгнэж үзэхэд уг үйл ажиллагааг явуулахыг санал болгосон буюу захиалагч тал нь Биндэр сумын Эрүүл мэндийн төв байхад ...............-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр ...............- нь ............... ХХК-ийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн этгээдээр бүртгүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бөгөөд уг ХХК-иас Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 04 дугаартай албан бичиг хүргүүлж шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн байхад одоог хүртэл уг хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байгаа нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг" ... Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана: 5.1.тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор; ... гэж, 8 дахь заалтад “Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн байхад эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар шалгах ажиллагаа явуулаагүй атлаа шууд шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхээргүй төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалтад заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан хүний үндсэн эрхийг төрийн байгууллага буюу Хэнтий аймгийн эрүүл мэндийн газар ноцтойгоор зөрчсөн байхад уг зөрчил гарах болсон шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ аваагүй атлаа тухайн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхээргүй шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Нөгөөтэйгүүр хэрэгт ...............-, ...............- нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ байгаа боловч энэ гэрээнд зөвхөн ...............- гарын үсэг зурж баталгаажуулсан, захиалагч тал болох Биндэр сумын Эрүүл мэндийн төв гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь нотлох баримтыг шаардлагыг хангахгүй байхад уг гэрээг эрх бүхий байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргаагүй нь холбогдогч ...............-, ...............- нарын хооронд ямар харилцаа үүссэн болох, уг гэрээнд Эрүүл мэндийн төвд гарсан зөрчлийг хэний эрхээ хэрэгжүүлээгүй, эсхүл үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаанаас болж үүссэнийг тогтоох гол нотлох баримт байхад хаанаас хэрхэн, ямар хуулийн шаардлагад нийцүүлэн гаргаж авсан нь ойлгомжгүй, нотлох баримтын шаардлага хангахааргүй байна.
Үүнээс гадна 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 2024 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ...............-ын олсон орлого, учруулсан хохирлыг бүрэн гүйцэт тогтоох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, холбогдогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй байхад хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч ...............-д Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож” гэснийг зөрчсөн буюу учруулсан хохирол, хууль бусаар олсон орлогыг бүрэн тогтоогоогүй атлаа шийдвэр гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна. 1.5 дахь заалт “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэсний тус тус зөрчсөн байна.
Иймд улсын байцаагч Л.Эрдэнэчимэг ............... ХХК-д холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн нь түүний шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч хуулийн этгээд ............... ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
4. ............... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Эрх бүхий албан тушаалтнаас ...............- болон ...............- ХХК-нд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан үндэслэлийг зөрчсөн гэж үзсэн. 6.6 дугаар зүйлийн 1.2-т учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулдаг. Тус хэрэг дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан боловч тухайн заалтад заасан учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоогоогүй гэж үзсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг нь бүрэн шалгаагүй байна. Зөрчлийн хэрэг дээр ...............- ХХК-д шийтгэл оногдуулсан боловч тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээд мөн эсэхийг бүрэн тогтоогоогүй. Эрх бүхий албан тушаалтны цуглуулсан нотлох баримт дээр холбогдогчоос мэдүүлэг авсан байсан. Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч н.Өсөхбаяр гэх хүний тайлбар дээр ...............- гэх хүнд Биндэр сумын Эрүүл мэндийн төв санал тавьсан атал тухайн зөрчлийг Биндэр сумын Эрүүл мэндийн төв хамтран үйлдсэн эсэхийг тогтоогоогүй. Гэрээгээр эсвэл амаар харилцан тохиролцож ажил хийлгэсэн хүн нь Эрүүл мэндийн төвийн эрхлэгч н.Өсөхбаяр байх магадлалтай гэж үзэж байгаа. Учир нь нотлох баримт хангалтгүй учраас магадлалтай гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан ...............- гэх хүнийг дангаараа үйлдээд байна уу? хамтран үйлдээд байна уу? Эрүүл мэндийн төв ямар оролцоотой байна гэдгийг тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна. 7.1 дүгээр зүйлийн 1.5-д Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэж заасан. ...............- ХХК-д эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Шийтгэл оногдуулсан гэх 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна гээд 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагууд тавигдсан. Энэ хэрэг дээр хохирол учирсан уу? учраагүй юу гэдгээ тогтоох ёстой.
Прокурорын зүгээс дүгнэлт гаргаж байгаа гол үндэслэл нь ...............-ын шийтгэл үндэслэлтэй эсэхээс илүү шийтгэл оногдуулах хүн нь мөн эсэх дээр асуудал тавьж байгаа юм. ...............-ын эмчилгээ хийсэн 100 гаруй хүмүүсийн баримт байгаа тул энэ хүмүүс дээр хохирол учирсан гэдгийг заавал тогтоох ёстой. Шийтгэл оногдуулж байгаа зүйл заалт нь энийг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна. Хялбаршуулах үндэслэлээ зөрчсөн. Хялбаршуулах үндэслэл тогтоогдохгүй байна, зөрчлийн хэрэг нээгээд бүрэн шалгах боломжтой байсан. Иймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзээд дүгнэлт гаргасан” гэв.
5. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэг талаас Супердент шүдний эмнэлгийн их эмч ...............- гэж гарын үсэг зурж, эмчийн хувийн тамгаа дарсан боловч нөгөө талаас Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга ...............- болон гуравдагч тал болох Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр нар уг гэрээний нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажаагүй. Мөн уг гэрээний 8.1.-д Энэхүү гэрээ болон гэрээний баримт бичиг нь талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж тусгасан.
Иймээс уг гэрээний талууд болох ...............- гарын үсэг зурсан ч Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга ...............- гарын үсэг зураагүй тул талуудын хооронд хийсэн хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээ гэж үзэх, Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга ...............-ыг прокурорын дүгнэлтэд тусгасан “захиалагч тал” гэж үзэх үндэслэлгүй.
... Биндэр сумын ЭМТөвийн дарга ...............- нь ...............-д хамтран ажиллах тухай саналыг аман хэлбэрээр тавьсан үед ...............- нь тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулдаг үйл ажиллагааг “тусгай зөвшөөрөлгүй” байж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт ”Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн тул ...............-д Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу арга хэмжээ тооцох нөхцөл бий болсон.
... 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсныг төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцдаа илрүүлсэн.
... ...............- нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 04 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрөл олгож өгөх” талаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт хандсан.
Мөн ...............- нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ өгөхөөс өмнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс өмнө, мөн дараа нь тусгай зөвшөөрөлгүйгээр шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан нь ...............-ын өөрийн мэдүүлэг, эмчийн үзлэгийн дэвтэр дэх тэмдэглэгээгээр нотлогдож байна.
...............- нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт хандаж ...............- ХХК дээрээ “эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” хүссэн, гэвч эрх бүхий байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг шийдвэрлэж, хариу өгөөгүй гэдэг шалтгаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна” гэсэн заалтыг зөрчиж мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т “Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх хуульд заасны дагуу тухайн зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ” гэж заасныг зөрчиж эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах эрхгүй.
...............-д Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13 ”Энэ хуулийн 19.2-т заасан байгууллага нь үүсгэн байгуулагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж зааснаар тусгай зөвшөөрөл нь 2024 оны 05 сарын 30-ны дотор буюу хуулийн хугацаанд олгогдоогүй, холбогдох эрх бүхий байгууллага хариу өгөөгүй байхад “тухай асуудлын” талаар холбогдох газарт өргөдөл гаргаж, шийдвэрлүүлэх эрх нээлттэй байсан.
Тусгай зөвшөөрөл олгох тухай Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.12 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтад тус тус заасан.
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/383 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох комиссын ажиллах журам”-ын дагуу Хэнтий аймгийн “тусгай зөвшөөрлийн комисс”-ын бүрэлдэхүүнийг уг журмын 1.9 дэх заалтыг үндэслэн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга баталдаг.
Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих талаар Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/383 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох комиссын ажиллах журам”-ын 2.13-д аймгийн тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагаанд дээд шатны буюу “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл олгох комисс хяналт үнэлгээ тавина” гэж заасан байдаг.
Холбогдогч ...............- өгсөн мэдүүлэгтээ 54 иргэнд төлбөртэй үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчээс 900 000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн бэлэн мөнгө хэлбэрээр авдаг байсан, орлого хүлээн авснаа нотолж ямар нэгэн санхүүгийн анхан шатны баримт үйлдэж байгаагүй гэдгээ мэдүүлсэн. Мөн бэлэн мөнгөний орлогын баримт, е-баримт зэргийг үйлдээгүй, зөвхөн эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэдэг байсан.
... Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн бүртгэлийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 тоот “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан
Улсын ерөнхий Прокурорын 2021 оны А/94 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 2.2 д ”хохирол” гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хүн хуулийн этгээдийн нэр хүнд, эдийн болон эдийн бус хөрөнгө, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа, төр нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг” гэж заасан байдаг.
Энэ тусгай зөвшөөрөлгүй явуулсан эрүүл мэндийн үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэндэд(эрүүл мэндээр хохирсон өргөдөл, гомдол иргэдээс ирээгүй) шууд учирсан үр дагавар байхгүй тул прокурорын дүгнэлтэд: ”Үүнээс гадна 2024 оны 04 сарын 01-с 2024 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ...............-ын олсон орлого, учруулсан хохирлыг бүрэн гүйцэт тогтоох ажиллагааг хийж гүйцэтгээгүй” гэсэнтэй санал нийлэхгүй байна.
... Гаргасан зөрчил тодорхой, холбогдогч өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байхад прокурорын зүгээс 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 0549154 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч хуулийн этгээд ...............- ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн энэ заалтыг цаашид “ийм ижил төрлийн буюу тусгай зөвшөөрөл шаардсан, цаашилбал олон хүний амь нас эрүүл, мэндэд хохирол учруулж болох үйл ажиллагаа явуулсан” зөрчилд арга хэмжээ тооцох боломжгүй болгож байна ... прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
6. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтэд ...............- болон Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч н.Өсөхбаяр хоорондоо гэрээгүй гэж дүгнэлтэд тусгасан байсан. Нэг талаас Супер дент ХХК-ийн шүдний эмч Хонгорзул гарын үсэг зурсан, эмчийн хувийн тэмдгээ дарсан байгаа боловч нөгөө талаас Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулаагүй байгаа. Гэрээ баталгаажаагүй байхад ...............- эмчийг гэрээт эмч гэж үзэхгүй. Гэрээт эмч биш болохоор тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг явуулах ёстой байтал тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан учраас Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэл болсон. Прокурор Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тодруулаагүй буюу энэ үйл ажиллагааг үлдээсэн гэж үзэж байна. ...............- эмч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хүний эрүүл мэнд хохироогоогүй, иргэдээс гомдол мэдээлэл ирээгүй байсан учраас учруулсан хохирол, нөхөн төлбөр гарахгүй гэж үзсэн.
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх буюу үйл ажиллагааг дутуу явуулсан гэж үзэж байх шиг байна. ...............- нь өөрийн мэдүүлэг болон эмчийн үзлэгийн дэвтрээр нотлох баримтуудыг дурдаж оруулсан. Нотлох баримтуудыг хангалттай гэж үзээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. ...............- эмч нь хүмүүст төлбөртэй үзлэг үзүүлээд мөнгөө авахдаа бэлнээр авдаг, иргэд үйлчлүүлэгч нартаа и-баримт гаргаж өгдөггүй гэдэг нь өөрийнх нь мэдүүлэгт байгаа учраас үүнийг нотлох баримтаар татсан. Тиймээс зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гээд Зөрчлийн тухай хуульд хохирол нөхөн төлүүлэх гээд хамгийн сүүлд прокурор дурдсан. Хохирол нөхөн төлбөр гаргуулах үндэслэл байхгүй буюу хохирогч байхгүй гэдгээр үзэж байгаа. Нэмэлтээр хэлэхэд тусгай зөвшөөрлийг авч байж үйл ажиллагаа явах явуулах ёстой байтал тухайн эмч маань тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсныг зөрчил гэж үзсэн.
...Тусгай зөвшөөрөл гараагүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна” гэв.
7. Гуравдагч этгээд ............... ХХК-ийн захирал ...............- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хэнтий аймгийн Биндэр суманд 2024.07.18-ны өдөр Агаби хритсийн нэгдсэн эмнэлгээс Солонгос эмч нар ирсэн. Тус эмч нар нь үзлэг хийж байхдаа маш их эмнэлгийн тусламж үйлчилгээний болоод ёс зүйн алдаа их гаргаж байсан. Тухайлбал хүүхдийн ломбыг том хүний шүдэнд тавих, эмчилгээний багажуудыг ариутгах ноцтой алдаа гаргаж багажаа авто калабт хийхгүйгээр зөвхөн уусмалд хийгээд дахин хэрэглэж байсан.
Энэ нь Биндэр сумын маш олон хүнийг хохироосон. Энэ талаар сумынхаа захиргаанд холбогдох хүмүүст нь хандаж хэлсэн боловч шийдвэр нь гараагүй. Ингээд би яаралтай Эрүүл мэндийн яаманд хандсан. Эрүүл мэндийн яамнаас тус Солонгос эмч нарын үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд, Халдварт өвчин судлалын үндэсний төв, яамны дэргэдэх салбар хяналтын газар, Хэнтий аймгийн эрүүл мэндийн газраас шалгалт хийгээд тэр Солонгос эмч нар эмчилгээний ноцтой алдаа гаргаж байгаа болох нь нотлогдсон. Тухайн Солонгос эмч нар нь алдаатай үйл ажиллагаа явуулсан нь хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж, тухайн эмч нарыг оруулж ирсэн байгууллага нь тусгай зөвшөөрлөө цуцлуулж, Солонгос эмч нар нь Монгол Улсад нэвтрэх эрхгүй болж хар тамга даруулсан. Энэхүү эмч нарын алдааг би илрүүлж мэдээлсэн юм.
Харин эдгээр эмч нарыг миний мэдээллээр шалгах явцдаа Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас намайг давхар шалгасан. Би Хэнтий аймгийн Биндэр суманд гэрээт эмчээр ажиллаж байсан.
Эмчээр ажиллаж байх хугацаандаа Биндэр сумын 168 хүүхдэд, хүүхэд бүрийн 3 шүдийг, нийтдээ 504 шүдийг үнэгүй эмчилсэн. 2-6 насны хүүхдүүд болон том хүмүүс нийлээд 380 хүний урьдчилан сэргийлэх үзлэг, эмнэлгийн ажилчдын шүдийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр эмчлэх зэргийг хийсэн юм.
Анх Хэнтий аймгийн Биндэр суманд шүдний эмчээр ажиллах саналыг Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга Өсөхбаяр нь тавьсан бөгөөд надад, манай сум дээр хамтарч ажиллаад, хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчлээд дараа нь даатгалын гэрээгээр төлбөрийг төлөх нөхцөлийг тохиролцсон байсан.
Би Хэнтий аймгийн Биндэр суманд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажиллахаар ирсэн бөгөөд өөрийн амьдарч буй байр, эмчилгээний байрандаа хувиасаа 5 сая төгрөгийн засвар, тохижилт хийсэн.
Ингээд намайг 2024 оны 07 дугаар сарын 18-нд Эрүүл мэндийн газраас Солонгос эмч нарыг шалгахдаа давхар шалгаж тусгай зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан гээд 3 сая төгрөгөөр торгоод олсон 900.000 төгрөгийг хурааж авсан.
... Ингээд би 2024 оны 08 дугаар сарын 12-нд уг асуудлаар Эрүүл мэндийн сайдтай өөрийн биеэр уулзсан. Эрүүл мэндийн сайд “алдааг илрүүлсэн эмчийг хохироож торгох ёсгүй”, Эрүүл мэндийн сайдын А/112 тушаал байдаг. Алдаа дутагдлыг илрүүлсэн хүнийг зэмлэн буруутгахгүй гэсэн дүрэм байдаг тул үндэслэлгүй торгосон байна. Мөн аль 4 сард тусгай зөвшөөрлийг хүссэн бичгээ өгчхөөд байхад тусгай зөвшөөрлийг гаргаагүй эс үйлдэхүй хийсэн, мөн Эрүүл мэндийн газрын дарга, Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь амаар үйл ажиллагаагаа явуулж байх зөвшөөрөл өгсөн байж өөрсдөө чамайг торгох нь буруу гэж надад хэлсэн. Миний гадаадын эмч нарын Монгол Улсад хийсэн бусармаг үйл ажиллагааг илрүүлснийг дэмжин сайшаасан. Мөн Биндэр суманд даатгалаар шүд эмчлэх болсон таатай мэдээг дуулгасан.
Би ............... гэдэг байгууллагын нэрээр биш эмч хүнийхээ нэрээр үйл ажиллагаа явуулж, залуу эмчийн хувьд алслагдсан нутагт нарийн мэргэжлийн үзлэг, эмчилгээг сумын иргэдэд газар дээр нь үнэгүй үзүүлж, үүрэг хариуцлагатай ажилласан. Эдгээр үйлчилгээгээ үзүүлсэн гэж одоог хүртэл надад ямар нэгэн мөнгөн төлбөр орж ирээгүй.
Гэтэл намайг торгосонд маш их харамсаж байна. Шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа намайг огт үйл ажиллагаа явуулж болохгүй гээд би 2 сар ажиллаагүй. Би торгуулийн мөнгөө ээжээрээ тэтгэврийн зээл авхуулж төлсөн.
Энэ асуудлын талаар намайг гадаадын эмч нарын алдааг илрүүлсэн мөн ингэж илрүүлэхдээ өөрөө хохирсон гээд “Зулаа эмч хохирсон уу” гээд тухайн үед сэтгүүлч нар яриа авахыг маш их хүссэн боловч би салбарынхаа сум орон нутгийнхаа нэр хүндийг бодоод ганц ч сэтгүүлчид яриа өгөөгүй.
Миний хувьд прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул “...............-" ХХК-д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
8. Гуравдагч этгээд ............... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай зүгээс прокурорын дүгнэлтийг дэмжиж, прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэсэн байр сууриас оролцож гуравдагч этгээдийн эрх үүргийнхээ дагуу тайлбар хэлж оролцож байгаа. Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар оногдуулсан хуулийн заалт, үндэслэл нь юу гэж уншигдаж байгаа вэ гэхээр 6.7 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн этгээд, үүний үндэслэл Зөвшөөрлийн тухай хуулийн 13.12, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14.1-д заасан үндэслэлээр шийтгэлийн хуудас гарч байгаа гэж тайлбарласан байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийн 13.12-д эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээ гэж байгууллага хэлбэрээр үг хэллэг нь орж ирсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14.1-д заасан үндэслэл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага гээд хоёулаа байгууллага гэсэн утгаар орж ирсэн. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтооно, тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг шалгана. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд 9 дүгээр хуудаснаас авхуулаад цаашаагаа тухайн эрх бүхий албан тушаалтны зөрчлийг нотолсон баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 9-10 дугаар хуудсанд хохирогч мэдүүлэхдээ би 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажилласан.
...............- эхлээд Супер дент гэдэг эмнэлэгт эмчээр ажиллаж байхдаа Биндэр сумын эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад эмчийнхээ хувьд Биндэр суманд маш эрэлт хэрэгцээтэй байсан. Шүдний эмчгүй болчихсон алслагдмал нутагт шүдний эмчийн үйлчилгээг үзүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулаад очсон. Гэхдээ хамтран ажиллах гэрээг шийтгэл хүлээгээд байгаа ...............- биш супер дент гэсэн эмнэлгийн эмчийн хувиар хийгдэж байсан. Супер дент гэх анх ажиллаж байсан эмнэлгээсээ чөлөөлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн сумын эмч Өсөхбаярын тайлбар 15 дугаар хуудсанд авагдсан. Өсөхбаярын тайлбарт дээр ...............- эмчтэй гэрээ байгуулсан гэж хэлсэн. ...............- эмнэлэг зөрчил үйлдсэн эсэх нь нотлогдохгүй байхад ...............- ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль бус болохыг харуулж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар эрүүл мэндийн төрийн онцгой анхаарал ивээлд авах, хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх гэх зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан. Эрүүл мэндийн сайдын А/112 дугаар тушаал байдаг. Эдгээр тушаал, хууль зүйн үндэслэлийн хүрээнд алслагдмал сумд шүдний эмч хэрэг болохоор сайдын тушаалаар мөн тухайн бүс нутгийн эрүүл мэндийн санаачилгаар шүдний эмчтэй гэрээ хийж ажиллуулах тохиолдлууд байдаг. ...............- гэдэг эмч Биндэр суманд очиж ажилласан тохиолдол байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс харж байгаа.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэтэл байгууллагад оногдуулсан 3 сая төгрөгөөр торгосон шийдвэрийнхээ үндэслэлийг нотолсон зүйл байхгүй. Прокурорын зүгээс хэлээд байсан ...............- шийтгэл хүлээх этгээд юм уу, Биндэр сум шийтгэл хүлээх этгээд юм уу, эсвэл ...............- гэдэг эмч шийтгэл хүлээх этгээд юм уу гэдэг зүйлээ нотлоогүй гэдгийг энэ үндэслэлээр дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол гаргагч прокурорын дүгнэлт бүхий гомдлын шаардлага, үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, үнэлж дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч прокурор нь “тусгай зөвшөөрөлгүй шүдний эмчилгээ үйлчилгээ явуулсан үйл баримттай маргахгүй ч зөрчил үйлдсэн этгээд нь ...............ХХК хариуцлага хүлээх этгээд мөн эсэх, хамтран ажиллах санал тавьсан гэх Биндэр сумын Эрүүл мэндийн төв нь уг зөрчил үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг шалгаагүй, төлбөртэй 54 хүнд шүдний тусламж үйлчилгээ үзүүлснээс олсон орлогыг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй холбогдогчийн мэдүүлснээр тогтоосон, Хонгорзул нь хувийн болон компанийн дансаар орлого авсан эсэх, тухайн үйлчилгээ авсан этгээдүүдэд хохирол учирсан эсэхийг шалгаагүй, хохирол учраагүй гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй учраас тухайн зөрчлийн хэргийг бүрэн шалгаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй” гэж, хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэг нь ...............ХХК-ийн захирал ...............- нь зөвшөөрөлгүй шүдний эмчилгээ үйлчилгээ явуулсан зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүдний эмчилгээ үйлчилгээ авсан хүмүүсээс хохирол төлбөр нэхэж гомдол гараагүй учраас хүний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй тул нөхөн төлбөр байхгүй. Хамтран ажиллах гэрээнд Супердент шүдний эмнэлгийн эмч ...............- гэж гарын үсэг зурж, хувийн тамгаа дарсан боловч Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дарж баталгаажаагүй, Биндэр сумын Эрүүл мэндийн төвийг прокурорын дүгнэлтэд заасан “Захиалагч тал” гэж үзэхгүй учраас Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14.1 “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй байна”, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж маргаж байна.
Харин бие даасан шаардлага гаргаагүй Гуравдагч этгээдээр ...............- ХХК-ийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд шүүхэд гаргасан тайлбартаа Биндэр суманд шүдний эмчилгээ үйлчилгээг ...............- ХХК-иараа биш ...............- нь хувь эмчээрээ үйл ажиллагаа явуулсан тул Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ”Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна”, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:” 1.2 дахь заалтад “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;” мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна.”, 1 дэх заалтад “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус заасан байна.
Холбогдогч ...............- ХХК-ийн захирал ...............- нь “шүдний эмчилгээ үйлчилгээг Биндэр суманд 2024 оны 3 дугаар сарын 28-аас эхлэн үзүүлж эхэлсэн” гэж мэдүүлсэн[1], мөн гараар бичсэн тайлбартаа “Биндэр сум гэрээгээр хамтарч ажиллах санал тавьсныг хүлээн авч Биндэр суманд ажиллаж эхэлсэн”[2] гэж, ...............- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар тус компани 2024 оны 04 дүгээр сарын 24-нд байгуулагдсан[3], тус компани нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг[4] авсан байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тусгай зөвшөөрөлгүй шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээг эрхэлсэн зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдож байгаа ч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэг нь хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэхдээ уг зөрчлийг иргэн ...............- үйлдсэн үү, ...............- ХХК нь үйлдсэн үү, эсхүл хүн, хуулийн этгээд цаг хугацааны хувьд компанийг үүсгэн байгуулахаас өмнө иргэн ...............-, компанийг байгуулснаас хойш тус ...............- ХХК нь зөвшөөрөлгүй шүдний оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаа эрхэлсэн үү, эсхүл Биндэр сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран уг зөрчлийг үйлдсэн үү гэдгийг шалган тогтоолгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж үзлээ.
...............- ХХК нь баталсан үнэ тарифаар үйлчилгээ үзүүлж байсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс уг баримтыг үнэлээгүй болно.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг нотлох баримтад үндэслэн зөв тогтоож шийтгэл оногдуулах нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зорилготой нийцэх юм.
Гомдол гаргагч Прокурор түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “төлбөртэй 54 хүнд шүдний тусламж үйлчилгээ үзүүлсэнээс олсон орлогыг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй холбогдогчийн мэдүүлсэнээр тогтоосон, ...............- нь хувийн болон компанийн дансаар орлого авсан эсэх, тухайн үйлчилгээ авсан этгээдүүдэд хохирол учирсан эсэхийг шалгаагүй, хохирол учраагүй гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй учраас тухайн зөрчлийн хэргийг бүрэн шалгаагүй. Оногдуулсан шийтгэл нь үндэслэлтэй эсэхээс илүүтэй шийтгэл оногдуулах хүн нь мөн эсэх, хялбаршуулан шийдвэрлэх журам зөрчсөн, зөрчлийн хэрэг нээж бүрэн шалгах боломжтой” гэх тайлбар нь үндэслэлтэй байна. Харин Прокурорын дүгнэлтэд дурьдсан “...............- нь ............... ХХК-ийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн этгээдээр бүртгүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бөгөөд уг ХХК-иас Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 04 дугаартай албан бичиг хүргүүлж шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн байхад одоог хүртэл уг хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байгаа нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг " ... Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана: 5.1.тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор; ... гэж, 8 дахь заалтад “Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн байхад эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар шалгах ажиллагаа явуулаагүй атлаа шууд шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэх үндэслэл нь уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болохыг дурьдаж байна.
Иргэн ...............- эсхүл ...............- ХХК-ийн аль этгээд нь тусгай зөвшөөрөлгүй шүдний оношилгоо, эмчилгээ хийж зөрчил үйлдсэн, ...............-, ...............- ХХК нь аль аль нь зөвшөөрөлгүй шүдний эмчилгээ үйлчилгээ явуулсан уу, эсхүл аль нэг этгээд нь Биндэр сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран үйлдсэн үү, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол ямар хугацаанд аль этгээд нь хэдэн хүнд төлбөртэй, төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн, уг үйлчилгээ авсан иргэдэд хохирол учирсан эсэхийг шүүх тогтоох боломжгүй байна.
Иймээс уг зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг болон хууль бусаар олсон орлогыг бүрэн шалгах, хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоох ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх үүрэггүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэчимэгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0549154 дугаартай шийтгэлийн хуудсын хэрэгжилтийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болж, Төрийн сангийн 100900000602 тоот дансанд төлсөн торгууль 3,000,000/гурван сая/ төгрөг, хууль бусаар олсон орлого 900,000/есөн зуун мянга/ төгрөгийг буцаан олгох үр дагавар үүсэхийг мэдэгдсүгэй.
3. ...............ийн дүгнэлтэд улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА