Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 127/ШШ2024/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2024/0011/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...............-,

Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороо нарын хоорондын орон нутгийн Сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...............-, хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., хариуцагчийн өмгөөлөгч .............../цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан.

1.2. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө нэхэмжлэлийн шаардлагаа “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолын ...............ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

 

  1. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-нийн өдрийн 06 дугаартай тогтоол гарсан байна.[1]

2.2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Ардчилсан намаас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай “Нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой гомдол гаргах нь” албан бичгээр, сумын Хуралд 4 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч ............... нь Ардчилсан намын гишүүн бөгөөд намаас татгалзах хүсэлтээ өгөөгүй учраас Ардчилсан намын гишүүний бүртгэлтэй хэвээр байгаа тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.5, 32.1.3-д заасныг зөрчсөн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-нийн өдрийн 06 дугаартай тогтоолын ...............-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах гомдлыг[2] ирүүлжээ.

2.3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороо гомдлын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж, сумын Сонгуулийн хорооны гишүүдийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолыг 100 хувийн саналаар батласан ба Жаргалтхаан сумын Монгол Ардын намаас тус сумын дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлсэн ...............ыг “Ардчилсан намын гишүүнчлэлээс гарсан, гарах хүсэл зоригоо илэрхийлсэн тухай баримтыг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Жаргалтхаан сумын ИТХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихэд сумын Сонгуулийн хорооноос тус сумын АН-аас ирүүлсэн “2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Жаргалтхаан сумын Ардчилсан намын хорооны гишүүдийн нэгдсэн бүртгэл” гэх бичгийг үндэслэсэн МАН-аас нэр дэвшигч ............... намайг Жаргалтхаан Сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 10 дугаар тогтоолоор ИТХ-ын орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлээс хассан шийдвэр гаргасан.

            Гэтэл миний бие 2024 оны 5 болон 6 дугаар сард Ардчилсан намаас гарах хүсэлтээ бичгээр гаргаж хүсэл зоригоо илэрхийлсэн. Ардчилсан намаас гарсан даруй өөрийн хүсэлтээр Монгол Ардын намын хороонд элссэн.

            Иймд 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 10 дугаар тогтоол нь үндэслэлгүй нотлох баримтын дагуу бүртгэлээс хассан хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасанчлан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож сонгогдох эрхээр хангаж өгнө үү” гэжээ.

 

            4. Нэхэмжлэгч ............... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сумын намын хороо цоожтой, намын дарга байхгүй байсан учраас миний мэдэхийн Ардчилсан намд ажиллаж байсан залуу Чинбатад Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзах өргөдлөө өгсөн. 20 гаруй хоногийн дараа асууж очиход Чинбат намайг авлаа гээд дарга загнаад байна гээд надад өргөдлийг маань буцааж өгсөн. Үүний өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Цогт-Орших гэх хүнтэй уулзаж өргөдлөө өгөх гээд 2, 3 удаа очсон. Сумын Засаг даргын орлогч ...............- байсан, өрөөнд нь ороод татгалзсан өргөдлөө өгөхөд хугацаа нь өнгөрсөн гэдэг байдлаар өргөдлийг маань буцааж өгсөн. Өргөдлөө дахиж бичээд ширээн дээр нь орхиод гарсан. Үүнээс хойш Ардчилсан намын дүрмийн дагуу Ардчилсан намын хорооны гишүүн ...............-ад татгалзах тухай өргөдлөө өгснөөр болсон гэж ойлгосон. Ингээд би Улсын Их Хуралд нэр дэвшигчийн ухуулагчаар ажилласан.

            Ухуулагчаар ажиллах хүсэлтээ сумын Сонгуулийн хороонд өгч сумын Сонгуулийн хорооноос надад үнэмлэх олгосон. Ингээд Ганхүлэг гэж хүний ухуулагчаар ажилласан. Энэ үед Ардчилсан намаас надад ямар ч манай намын гишүүн гэсэн зүйл тавиагүй. Сумын сонгуулийн хороонд өгсөн бүртгэлийг энд хүргүүлсэн байгаа. Би Ардчилсан намаас гарах хүсэл, зорилгоо илэрхийлсэн гэж ойлгосон. Энэ утгаараа сумын Ардчилсан намаас сумын Сонгуулийн хороонд манай намын гишүүн тул нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах саналыг гаргасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ардчилсан намын гишүүдийн нэрсийн жагсаалтыг үндэслэж хасах шийдвэр гаргасан байдаг. Би хүсэл зорилгоо илэрхийлээд бичгээр өгөөд нэр бүхий албан тушаалтанд хандсаар байтал Ардчилсан намаас өргөдөл өгөөгүй мэтээр гомдол гаргаж сонгогчдын нэрсийн жагсаалтаас хассан шийдвэрт нь гомдол гаргасан” гэв.

 

5. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Жаргалтхаан сумын Ардчилсан намын хорооноос 2024 оны 09 сарын 17-ны өдөр 16 тоот албан бичгээр тус намын гишүүнчлэлтэй ..............., ............... нар Монгол Ардын Намын хорооноос нэр дэвшигчээр бүртгүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.3 дэх хэсгүүдэд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл үүссэн талаар гомдол ирүүлсэн бөгөөд Сумын сонгуулийн хороо нь дээрх сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.10 дахь заалтын дагуу гомдлыг хүлээн авч, 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Хэнтий аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 04-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн Ардчилсан намын гишүүнчлэлээс гарах талаар өргөдөл өгсөн эсэхийг тодруулах зорилгоор Монгол Ардын намын хороо руу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 04, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот албан бичгүүдээр нийт 3 удаа нэхэмжлэгч ...............ыг Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзан гарсан талаар тайлбар, нотлох баримтыг ирүүлэхийг шаардаж, албан бичгүүдийг хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч ...............- нь Ардчилсан намын гишүүнчлэлээс гарсан, гарах хүсэл зоригоо илэрхийлсэн талаар тайлбар, нотлох баримтыг огт ирүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, Монгол Ардын намын хорооноос "...............- нь Ардчилсан намын гишүүнчлэлгүй болно" гэсэн тодорхой бус тайлбарыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 25, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 тоот албан бичгүүд болон нэхэмжлэгчийн гар бичмэл тайлбараар ирүүлсэн.

Мөн сонгуулийн хороо нь Хэнтий аймгийн болон Жаргалтхаан сумын Ардчилсан намын хорооноос нэхэмжлэгч ...............-ын гишүүнээр элссэн болон гишүүнчлэлээс гарсан талаар нэмэлт нотлох баримтуудыг гаргуулсан бөгөөд дээрх баримтуудаар ...............- нь 1996 онд Жаргалтхаан сумын Ардчилсан намд элсэж, 2008-2020 он хүртэл хугацаанд Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаад тус намаас гарсан талаар өргөдлөө сумын болон Хэнтий аймгийн Ардчилсан намын хороонд ирүүлээгүй болох нь тогтоогдсон. Иймд сумын Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч ...............- болон Ардчилсан намын хорооноос ирүүлсэн нотлох баримтад үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч ...............- нь сумын Сонгуулийн хороо 3 удаа албан бичиг хүргүүлж байхад намаас гарах өргөдлөө өгсөн талаар баримтыг огт ирүүлээгүй атлаа одоо буюу 12 хоногийн дараа холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж ирж байгаа нотлох баримтуудыг нөхөж бүрдүүлсэн байх боломжтой гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр ...............-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Сонгуулийн хороонд гомдол гарсны дагуу Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор сумын Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

... Нэхэмжлэгч нь гомдол гарган хянуулж хүчингүй болгуулсан акттай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д заасан шүүхийн харьяаллыг зөрчиж тус хуулийн 1.1 -д заасан шүүхийн зорилготой нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-д заасныг журамлан тус хуулийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

 

6. Хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гомдлыг сумын сонгуулийн хороо нь өгсөн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.

... Тухайн үед сумын сонгуулийн хороо хуралдаж байхад эдгээр баримтууд сумын Сонгуулийн хороонд ирээгүй. Бид нар эдгээр баримтуудыг шүүх дээр маргаан үүсээд л өргөдөл өгсөн 5, 6 дугаар сарын үйл явдлыг нь сонсож байгаа юм. Өөрөө тухайн үедээ нотлох баримуудаа гаргаж өгөөгүй. Бид нар боломжит байдлаар 3 удаа сумын Монгол Ардын нам руу албан бичиг өгсөн. Сумын Ардчилсан нам, аймгийн Ардчилсан нам гээд холбогдох намуудаас хангалттай баримтууд бүрдсэн гэж үзээд сумын Сонгуулийн хороо 7 гишүүнтэй, 100 хувийн ирцтэйгээр хуралдаад энэ асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Тухайн үед өөрийнх нь асуудлыг шийдвэрлэж байхад огт баримтуудаа ирүүлээгүй. Өгсөн баримт нь өөрийнх нь гараар бичсэн, намаас гишүүнчлэлтэй, гишүүнчлэлгүй гэсэн тодорхойлолт байсан” гэв.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч ...............шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхой заасан байдаг. Сумын Сонгуулийн хорооны хувьд намуудаас нэр дэвшүүлсэн материалуудыг хүлээж аваад нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг авъя гээд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ардчилсан намаас сумын сонгуулийн хороонд хүсэлт ирүүлсэн байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороо Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Ардчилсан намын хороонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшигчдийн жагсаалтыг хүргүүлсэн. Улмаар тус жагсаалтыг хүлээж авсан Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гомдол ирүүлсэн. Гомдолд дурдахдаа тус шийдвэрийн жагсаалтад дурдагдсан Хэнчбишийн Оюунчимэг, Цэгмэдийн Цогтбат нар нь манай намын гишүүн байсан байгаа. Манай намын гишүүдийг бүртгээд авчихжээ. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасан “өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн” гэдэг зөрчил байна. Ийм учраас татгалзах үндэслэл бүрдсэн байна гэх гомдлыг ирүүлсэн байдаг.

Улмаар сумын Сонгуулийн хороо тус гомдлыг хүлээж гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Ингэхдээ сумын Монгол Ардын намаас болон нэр дэвшигчдээс тайлбар ирүүлэх албан бичгийг хүргүүлсэн байдаг. Цогбатын хувьд тайлбар ирүүлэхдээ би намын дүрэмд заасан үйл ажиллагаа явуулаагүй тул би намын гишүүн гэж үзэхгүй байна гэдэг. Сумын Монгол ардын намаас манай намын гишүүний бүртгэлтэй гэж тайлбар ирүүлдэг. Улмаар сумын Сонгуулийн хорооноос Хэнтий аймгийн намын хороо руу албан бичиг явуулаад энэ талаар лавлахад Оюунчимэг, Цогбат нар нь намын гишүүнчлэлийн бүртгэлтэй байна гэдэг мэдээллийг ирүүлдэг. Эдгээр баримтуудыг хүлээж аваад сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хурлаар хэлэлцээд энэ бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасны дагуу нэр дэвших ажиллагаа буруу явагдсан байна. Нэр дэвшигчийг хасах үндэслэл нэр дэвшигчийг бүртгэснээс хойш дээрх баримтуудаар нотлогдсон тул нэр дэвшигч Цогбат, Оюунчимэг нарыг бүртгэсэн сонгуулийн хорооны тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгосон байдаг. Энэ утгаараа сумын Сонгуулийн хороо захиргааны байгууллагын хувьд гаргасан гомдлын дагуу өөрийнхөө шийдвэрийг эргэж хараад хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож байгаа процесс. Энд холбогдох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байгаа.

Аймгийн сонгуулийн хороонд Цогбат гомдол гаргаад сумын Сонгуулийн хорооны тус шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гарсан байгаа. Тус шийдвэр гарсантай холбогдуулаад сумын сонгуулийн хороо шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа. Хариуцагч гардаж аваад давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй байгаа.

... Ардчилсан намын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5.1-д гишүүн намаас гарах хүсэлтээ аймгийн төв болон дунд шатны байгууллагад гаргана гэсэн байдаг. Аймгийн дунд шатны байгууллага гэдэг ойлголт нь Ардчилсан намын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.9–д аймаг, дүүргийн намын хороо нь дунд шатны байгууллагад тооцогдоно. Ардчилсан намын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.9-д сумын намын хороо анхан шатны байгууллага гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Цогбат нь намаас гарах хүсэлтээ Жаргалтхаан сумын Ардчилсан намын хороонд гэсэн толгойтой өргөдлийг би эрх бүхий байгууллагад өгсөн гэж тайлбарлаад байгаа.

Чинбат нь сумын намд албан тушаал эрхэлдэггүй хүнд өгөх гэж оролдсон гэдэг тайлбар өгдөг. Ганбатын хувьд сумын намд албан тушаал эрхэлдэггүй сумын Засаг даргын орлогч буюу төрийн албан хаагч. Ганбатад намаас гарах өргөдлийг өгөх гэж оролдоход би авах ёстой хүн биш гээд буцаагаад өгсөн байгаа.

Эндээс нэгдүгээрт аймгийн намын хороонд гаргах өргөдлийг суманд өгч байна. Хоёрдугаарт сумын намд ажил албан тушаал эрхэлдэггүй хүнд өргөдөл өгөх гэж байсан нь харагдаж байна. Хэрвээ Цогбат нь үндсэн дүрмийн дагуу дунд шатны байгууллага буюу аймгийн намын хороо өргөдлөө өгсөн бол аймгийн намын хороо өргөдлийг авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэр гаргаагүй бол намаас гарсанд тооцно гэсэн дүрмийн заалт байдаг юм байна. Аймгийн намын хороог төлөөлөх эрх бүхий этгээд бол аймгийн намын хорооны дарга. Гэтэл сумын албан тушаалтнууд, сумын захиргааны буюу төрийн албан хаагч нарт өгсөн байгаа. Энийг намд хүсэлтээ өгсөн. Тэр тусмаа дунд шатны байгууллагад хүсэлтээ өгсөн гэж тайлбарлаад байна.

...Тэгэхээр холбогдох баримтуудаар Хэнтий аймгийн Ардчилсан намын гишүүн Цогбат нь Хэнтий аймгийн Монгол ардын намаас нэр дэвшсэн болох нь нотлогдож байгаа. Иймд  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасны дагуу нэр дэвшигчээс хасах үндэслэл бүртгүүлснээс хойш бий болсон учраас уг тогтоолын тодорхой хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байгаа. Энэ шийдвэр нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуульд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна.  Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ...............- нь “Ардчилсан намын гишүүнээс татгалзах өргөдлөө 2024 оны 6 дугаар сард аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн ...............-ад өгсөн байхад Ардчилсан намын 2024 оны 4 дүгээр сарын гишүүдийн бүртгэл үндэслэн Ардчилсан намын гишүүн гэж үзэн миний Монгол ардын намаас Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож нэр дэвшигчийн бүртгэлээс хассан нь хууль бус” гэж, хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороо нь “нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахад Ардчилсан намаас гарах өргөдлөө өгсөн эсэх, тус намын гишүүн биш гэх нотлох баримтыг ирүүлээгүй, Ардчилсан намаас манай намын гишүүнчлэлтэй хэвээр байгаа гэх баримтыг ирүүлсэн учраас өөр намын гишүүн Монгол ардын намаас нэр дэвшсэн байна гэж үзэн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж маргаж байна.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 06 дугаартай тогтоолын хавсралтын 15-д ...............ыг нэр дэвшигчээр бүртгэсэн ба сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолоор Жаргалтхаан сумын Монгол Ардын намаас тус сумын дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлсэн ...............ыг “Ардчилсан намын гишүүнчлэлээс гарсан, гарах хүсэл зоригоо илэрхийлсэн тухай баримтыг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэжээ.

   Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 19 дүгээр зүйлийн 19.5, 32 дугаар зүйлийн 32.1.3, 28 дугаар зүйлийн 28.5-д  заасныг тус тус үндэслэн гаргасан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “сум дүүргийн Сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 17.3.2-т “сум, дүүргийн  Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.”Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”, 32.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;” 74 дүгээр зүйлийн 74.1.”Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байх тул хариуцагч Жаргалтхаан сумын Сонгуулийн хороо нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нэр дэвшигчээс хасах шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:  10 дахь хэсэгт иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн  нэгдэх эрхтэй, 16  дахь хэсэгт итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй” гэж заасан.

 Нэхэмжлэгч ...............- нь Ардчилсан намд 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гишүүнээр элссэн[3] нь намын гишүүний батлахын хуулбар болон намын гишүүний анкетаар, тогтоогдож байна.

Улс төрийн намын хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно”, Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.5.1-д “Гишүүн  намаас  татгалзах  хүсэлтээ  намын  төв  болон  дунд  шатны байгууллагад мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасуулахыг тухайн шатны намын байгууллага хариуцна. Энэ заалтад заасан хугацаанд намын байгууллага шийдвэр гаргаагүй тохиолдолд гишүүнийг чөлөөлөгдсөнд тооцно.”, мөн дүрмийн 3.7. “Гишүүний үүрэг: 3.7.1..., Үндсэн дүрэм, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх;” 5.10.1-д “... Аймаг, Дүүргийн намын хороог Дунд шатны намын байгууллага гэнэ”, 5.10.31-д “Аймаг, Дүүргийн намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь намын Хэрэг эрхлэх газар мөн” гэж заажээ.

Хуульд намын гишүүнээс гарах өргөдлөө өгснөөр намаас гарсанд тооцохоор зохицуулсан ч намаас татгалзах хүсэлтээ хэрхэн өгөх журмыг намын дүрмээрээ нарийвчлан зохицуулсан байх ба Ардчилсан намын гишүүн намаас татгалзах хүсэлтээ намын дунд шатны байгууллага буюу аймгийн намын хороондоо, аймгийн намын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг Хэрэг эрхлэх газартаа гаргахаар байна.

Нэхэмжлэгч ...............- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ардчилсан намаас татгалзах өргөдлөө сумын намын дарга хотод ажилтай гээд эзгүй байсан учраас аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн ...............-ад 2024 оны 6 дугаар сард өгсөн, намаас гарах хүсэл зоригоо илэрхийлсэн учраас би Ардчилсан намын гишүүн биш” гэж байгаа ч намаас татгалзах хүсэлтээ сумын Ардчилсан намын хороо эсхүл аймгийн Ардчилсан намын хороонд өгсөн гэдэг үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч намаас татгалзах хүсэлтээ аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн ...............-ад өгсөн учраас аймгийн Намын хороонд өгсөн гэж үзэж байна гэж тайлбарлаж байгаа боловч,  гэрч ...............- нь “...нэг бичиг өгсөн, ...намын хороонд гэсэн хаягтай байсан, бодвол Ардчилсан намын хороонд гэсэн байсан байх, сайн санахгүй байна. 2024 оны зун 6 сарын үед байсан байх, ...миний шийдвэрлэх асуудал биш наадхыг чинь хүлээж авахгүй гэж хэлсэн, надад бичиж өгсөн зүйл байхгүй, би авсан зүйл байхгүй” гэж  шүүхэд мэдүүлсэн[4] байна.

Нөгөө талаас аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн нь сумын болон аймгийн намын хороог төлөөлөх, өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх, намын гишүүнээс гаргасан аливаа өргөдөл, хүсэлтийг аймгийн намын Хорооны өмнөөс хүлээн авах, дамжуулах, уламжлах үүрэгтэй эсэх талаар тус намын Үндсэн дүрэмд[5] тодорхой зохицуулалт байхгүй байна.

 Тус шүүхээс  Хэнтий аймгийн Ардчилсан намд “нэхэмжлэгч ...............- нь тус намын гишүүн мөн эсэх, гишүүнээс татгалзах өргөдөл хүсэлтээ ирүүлсэн эсэх” талаарх лавлагааг ирүүлэхийг хүсэхэд, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/75 дугаартай албан бичгээр“.. Ардчилсан намын гишүүн ...............- нь намын гишүүнээс татгалзах хүсэлтээ намын дунд шатны байгууллага болох Хэнтий аймгийн Ардчилсан намын хороонд ирүүлээгүй гишүүнчлэлтэй хэвээр байна” [6] гэж хариу ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн огноотой “Хэнтий аймаг Жаргалтхаан сумын Ардчилсан намын хороонд” гэж хаягласан, “...............миний бие Ардчилсан намын гишүүнээс татгалзаж байна ...............-” гэсэн хүсэлтийн эх хувийг намд өгсөн учраас шаардлага хангаж өгөх боломжгүй байна гэж хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч нь Ардчилсан намын гишүүн биш гэдгээ “цахим үнэмлэх олгоогүй”, “УИХ-ын сонгуульд Монгол ардын намын нэр дэвшигчийн ухуулагчаар ажилласан учраас”, “намын үйл ажиллагаанд 2020 оноос хойш огт оролцож байгаагүй” гэх үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байсан ч эдгээр үндэслэлээр маргаагүй, зөвхөн “хүсэлтээ аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн ...............-ад өгсөн учраас намын гишүүн биш” гэдэг үндэслэлээр маргаж байгаа гэснийг тэмдэглэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ...............- нь Ардчилсан намаас татгалзах хүсэлтээ намдаа гаргасан нь, Ардчилсан намын гишүүнээс гарсан нь тогтоогдохгүй байх тул Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2024 оны ээлжит Хурлын сонгуульд Ардчилсан намын гишүүн ...............-ыг Монгол ардын намаас нэр дэвшүүлснийг бүртгэсэн шийдвэрийг сумын Сонгуулийн хороо хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт үндэслэл бүхий болж, хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Сумын Сонгуулийн хороо нь Монгол ардын намаас нэр дэвшсэн ...............-ыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахын өмнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Монгол ардын намын хороонд, Хэнтий аймгийн Ардчилсан намд мэдэгдэн зохих нотлох баримтуудыг цуглуулсан байх ба нэхэмжлэгч ...............- нь Монгол ардын намаар дамжуулан сумын Сонгуулийн хороонд 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ардчилсан намын гишүүнчлэлгүй тухай тайлбарыг[7] гаргаж өгсөн байх тул хариуцагч нь хуульд заасан эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, тайлбар нотлох баримт гаргаж өгөх боломжоор зохих ёсоор хангасан байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн хувьд нэр дэвшигчээр бүртгэсэн Жаргалтхаан сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоол нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1-т ”хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.”Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан байх тул дээрх эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн “энэхүү маргаан бүхий захиргааны актыг Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гадагш чиглэсэн, эрх зүйн үйлчлэл бүхий байхыг шаардана. Хүчингүй байгаа захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш учраас энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь ”Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т ”Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, 98 дугаар зүйлийн 98.1-т “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана: 98.1.2.гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;”, Аймаг , нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна” гэж заасан. Иймд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэлээс хасах асуудлыг шийдвэрлэсэн сумын Сонгуулийн хорооны шийдвэр нь дээд шатны байгууллагын шийдвэр байх тул хариуцагчийн “маргаан бүхий захиргааны актыг Хэнтий аймгийн Сонгуулийн ерөнхий хороо хүчингүй болгосонтой холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбарыг шүүх хүлээн аваагүй болохыг дурьдаж байна.

 Иймээс Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч ...............-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч ...............-аас хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай “Нэр дэвшигчдийг хасах тухай” тогтоолын ...............-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАЯРМАА

 

[1] Хавтаст хэргийн 108, 109 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 127 дугаар хуудас

 

[3] Хавтаст хэргийн 84 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 148, 149 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 27-58 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас